| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2017/0133/Э |
| Дугаар | 788 |
| Огноо | 2017-11-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 788
Б.Э, Б.Б, Б.Ч нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Ширэндэв,
шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Бурмаа,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Даваа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Б.Э, Б.Б, Б.Ч нарт холбогдох 201601000241 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Я овогт Б-н Э, 1987 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт түр оршин суух,
- 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн /РД:/,
2. С овогт Б-н Б, 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт оршин суух,
- 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД:/,
3. С овогт Б-н Ч, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт оршин суух,
- 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан /РД:/,
Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Б-т 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан,
мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Компьютер Лэнд” төвийн урдаас Б.Насанхүү гэгчээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 10,8 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Э-аас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан,
мөн өдөр тухайн бодисыг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-оос 3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Чд хууль бусаар борлуулахыг завдсан,
Б.Ч нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-оос 3 давхарт гарах шатны дунд хэсэгт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2,0 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар Б.Б-ээс олж авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, Б.Ч-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Ч-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос Б.Э-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож, прокуророос Б.Б-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж, Б.Э-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Б.Б-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар, Б.Б-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Б.Б нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-гийн цагдан хоригдсон 131 хоног, Б.Б-ийн цагдан хоригдсон 300 хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-гаас 600.000 төгрөг, Б.Б-ээс 800.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Б.Ч нь 86 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий 7х4 см хэмжээтэй гялгар ууттай цагаан талстлаг “мөс” мэт зүйл 9,4 гр жинтэй, №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй “мөс” мэт зүйл уутны хамт 0,5 гр жинтэй, №6 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй “мөс” мэт зүйл уутны хамт 0,7 гр жинтэй, №7 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 1х0,5 см хэмжээтэй шавар, №3 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 0,8х0,8 см хэмжээтэй шавар, хар өнгийн жин хэмжүүр, шар өнгийн асаагуур, 8,5х5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутнууд, №4 гэж дугаарласан улаан өнгийн лентээр дээд доод хэсгийг нь ороосон шилэн хийцтэй “бонго” мэт зүйл, №5 гэж дугаарласан 4,5 см урттай ёроол хэсэг нь харласан хагархай тарианы усны шил, №8 гэж дугаарласан ногоон өнгийн шилэн “бонго” мэт зүйл, цагаан өнгийн эвдэрхий асаагуур, “Xiagshan” гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №10 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй “мөс” мэт зүйл 1,5 гр жинтэй, №3 гэж дугаарласан “гамба натрихлорид 0,9% 2 мл” гэсэн бичиглэлтэй тарианы усны шил, №5 гэж дугаарласан АН8783733 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, АР3686277 гэсэн серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт, дарах хэсэг нь эвдэрсэн шар өнгийн асаагуур, жижиг хуванцар лонх хэлбэртэй сав, 10 см урттай ногоон өнгийн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь хуванцар гуурс угласан шилэн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь тугалган цаас ороосон шилэн соруул мэт зүйл, үзүүр хэсэг нь хагарсан шилэн гаанс зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Б.Э-ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, Б.Э Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг Нэгдүгээр төрөх эмнэлгийн хашаан дотор Б.Насанхүүгээс 600.000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Анх баривчлагдаад энэ тухайгаа мэдүүлсэн боловч огт авч хэлэлцээгүй. Харин энгийн хувцастай цагдаа гэмээр хүмүүс намайг зодож дарамтлаад “Чи Э-гаас “мөс” гэх бодис худалдаж авсан, Чинсанд зарахийг завдсан, өөр мэдүүлэх зүйл байхгүй шүү” гэж гүжирдэн хүчээр мэдүүлэг авсан. Миний анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв. Цагдаагийн болон бусад ажилтны буруутай үйл ажиллагаанаас Б.Э, Б.Ч нарын талаар худал мэдүүлэг өгч ийм байдалд оруулсандаа туйлын их харамсаж байна. Б.Ч-д “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдах зорилго байгаагүй. Хэрэглэхийг завдсан үйлдлийг маань худалдахыг завдсан гэж үзэж намайг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан, олж авсан, хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний гэмт үйлдлийг үнэн зөвөөр шалгаж, ар гэрт ганц бие эцэг маань үлдсэнийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие хийсэн хэрэгтээ туйлын их гэмшиж байна. Би хэн нэгэнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдан борлуулж байгаагүй. Харин өөрөө хэрэглэхийн тулд хадгалж байсан нь үнэн. Б.Б нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн, би Б.Э-аас сэтгэцэд нөлөөлөх бодис буюу “мөс” худалдаж аваагүй” гэж үнэн зөвөөр мэдүүлдэг. Иймд надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Д.Даваа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Э нь “...Б.Б-т “мөс” гэх бодисыг худалдан борлуулаагүй. Б.Б надаас Б.Насанхүүгийн утасны дугаарыг ирж авсан. Бидний дунд мөнгө өгч авалцсан асуудал байхгүй тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж мэдүүлдэг. Б.Э-ы энэхүү мэдүүлгийг Б.Б нь мөн баталж мэдүүлдэг. Б.Э-ыг Б.Б-т “мөс” гэх бодисыг 600.000 төгрөгөөр худалдсан болохыг харсан гэрч байдаггүй. Мөнгө өгч авалцсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Б.Б нь Мобикомд өртэй учраас өрөө төлөхөөр Б.Ч-гаас 800.000 төгрөгийг дансаараа дамжуулан авсныг нь “дээрх бодисыг авах мөнгө байсан” гэж баримтгүйгээр нотлох гэсэн асуудлыг шүүх анхаарч үзээгүйд, тодорхой хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Мөн шийтгэх тогтоолд Б.Э-ыг Б.Б-т “мөс” гэх бодисыг худалдан борлуулсан нь ямар нотлох баримтаар нотлогдож байгааг зааж бичээгүй атлаа тогтоох хэсгийн 11 дэх заалтад “Б.Э-гаас 600.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор” заасан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд Б.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн “Б.Э нь Б.Б-т сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар 600.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон” гэж дурдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байна. Мэдүүлгээс өөрөөр Б.Э-ы үйлдлийг нотолсон баримтгүй тул түүнийг сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Б.Э-д холбогдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн ял оногдуулах боломжтой болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Б.Б нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Э-гаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, ... Б.Ч-д хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон...” гэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан, шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудаар Б.Б-ийн дээрх гэмт үйлдэл хангалттай тогтоогдоогүй. Харин хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр өөртөө хадгалсан, өөрөө хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн шийтгэх тогтоолд Б.Б-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг дурдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй юм. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Б.Б нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан нь тогтоогдож байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна...” гэв.
Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: “...дан ганц шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлгээр түүнийг ялласан зүйл байхгүй. Тухайн цаг үед Б.Б нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Ч-д өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг бөгөөд энэ нь хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээс харагддаг. Мөн Б.Ч нь тухайн өдөр 800.000 төгрөгийг Б.Б-ийн эцгийн Хаан банкны дансаар шилжүүлсэн тухай дансны хуулга хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд Б.Б-ийг “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Б.Ч нь дээрх бодисыг худалдан авах зорилгоор Б.Б-т мөнгө шилжүүлсэн байдал тогтоогддог. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээдэггүй учир Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжгүй. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд Б.Э, Б.Б, Б.Ч нарт холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Б.Э-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Б-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Э-г Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Б.Б-ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг тус бүр тогтоожээ.
Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э, Б.Б нарт дээрх байдлаар ял шийтгэл оногдуулахдаа, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан дүгнэлт хийлгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахдаа хамгийн доод хэмжээгээр оногдуулах болсон шалтгаан үндэслэлээ бичээгүй, гэмт хэргийг үйлдэхээр завдсан болон төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт ижил хэмжээний ял оногдуулсан зэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шаардлагад нийцээгүй байна.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ.
Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Б.Э, Б.Б, Б.Ч нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан гэм буруу, хууль хэрэглээний талаар гаргасан шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Даваа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцээгүй болно.