Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00989

 

Ж.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03477 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 494 дүгээр магадлалтай,

Ж.П-ийн нэхэмжлэлтэй,

“МОХННУБТЗ”-д  холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-1-253 тоот тушаалаар тус нийгэмлэгийн Дотоод аудит хяналтын албаны даргаар томилогдсон. Хөндлөнгийн зүй бус шаардлага, нөлөөгөөр тухайн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болж, нийгэмлэгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Албан тушаал бууруулах үндэслэлгүй байхад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дотоод аудит хяналтын албаны Дотоод хяналтын хэлтсийн даргаар томилсон. Ингээд уг ажлыг хийж гүйцэтгэж байтал нийгэмлэгийн даргын Б-1-449 тоот тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2017 оны 03 дугаар сарын 23, 07 дугаар сарын 31-ний өдөр Авлигатай тэмцэх газраас ирсэн албан тоотыг үндэслэж тушаал бууруулан хэлтсийн дарга болгосон. Би төрийн тусгай албанд 14 гаруй жил ажилласан, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байх хугацаа дуусаагүй гэдгийг ажил олгогч үндэслэсэн боловч ажлын байрны тодорхойлолтод ялтай байдлын талаар ямар ч зүйл байхгүй. Хэлтсийн даргын албан тушаал нь бие даан шийдвэр гаргадаггүй, ажлаа Дотоод аудит хяналтын албаны даргад тайлагнадаг. Иймд намайг Дотоод аудит хяналтын албаны Дотоод аудит хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МОХННУБТЗ” шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.П нь 2016 оны 10 дугаар сарын 24-нөөс Дотоод аудит, хяналтын албаны даргаар, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар  томилогдон ажиллаж байсан. Ж.П- нь Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын албаны даргын болон хэлтсийн даргын ажилд томилогдон ажиллах болсонтой холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зөрчил арилгуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хуулийн хэрэгжилт хангах тухай албан тоот ирүүлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасныг хэрэгжүүлэх, дээрх албан бичгүүдийн дагуу зөрчил арилгах, хуулийн хэрэгжилт хангаж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Дээрх албан тоотуудад Авлигатай тэмцэх газар нь хуульд заасны дагуу шалгалт явуулахад Ж.П-ийг байгууллагын дотоод аудит хяналтын албаны даргаар томилсны дараа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг, мөн хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй байгаа нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нөхцөл байдал бий болохоор байгааг дурдсан. Авлигатай тэмцэх газраас ирүүлж байсан удаа дараагийн албан тоот, мэдэгдэл, зөвлөмжийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар Ж.П-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03477 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.П-ийг “МОХННУБТЗ”-ын Дотоод аудит, хяналтын албаны Дотоод аудит хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар “МОХННУБТЗ”-аас 7.545.974 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.П-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.П-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “МОХННУБТЗ”-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 494 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 14-ний өдрийн 494 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч байгууллага Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу ямар нэг арга хэмжээ аваагүй байх үед Ж.П- өөрөө хүсэлт гаргасны улмаас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, улмаар 2017 оны 09 сарын 01-ний өдрийн Б-1-418 тоот тушаалаар Дотоод аудит, хяналтын албаны Дотоод хяналтын хэлтсийн даргаар томилсон. Гэвч Ж.П-ийг Дотоод аудит, хяналтын албаны даргын албан тушаалаас чөлөөлж Дотоод хяналтын хэлтсийн даргаар томилсноор Авлигатай тэмцэх газрын албан тоотод дурдсан “зөрчил” арилаагүй, өөрөөр хэлбэл, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн байсан этгээд, байгууллагын хяналт шалгалт хийх дотоод хяналтын хэлтсийн “удирдах” албан тушаалд 1 томилогдсон нь мөн л албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал арилаагүй гэж үзэн зөрчил арилгахыг Авлигатай тэмцэх газраас сануулсаар байсан. Дээрх шалтгаанаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан шаардлагыг хэрэгжүүлэн Дотоод хяналтын хэлтсийн дарга Ж.П-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 сарын 03-ны өдрөөс дуусгавар болгож, энэ тухай 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 18/1863 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн болно. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор тооцон олгохдоо түүнд олгосон хоол, унааны хөнгөлөлтийг хасч тооцох байсан. Шүүх нэхэмжлэгч Ж.П-ийг “хэлтсийн дарга”-ын ажилд эгүүлэн тогтоох бол ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг дээр дурдсан журмын 6-д заасны дагуу хэлтсийн даргын албан тушаалд ажилласан хугацааны буюу 9 дүгээр сард олгосон цалин хөлснөөс тооцож гаргах ёстой байсан. Тухайлбал, хэрэгт авагдсан цалингийн картнаас тооцоход 9 дүгээр сард Ж.П-т 2,126,875 төгрөгийн цалингийн тооцоо гарсан байгаагаас хоол, унааны хөнгөлөлт болох 83,500 төгрөгийг хасахад 2,043,375 төгрөг болох ба ажилласан 21 хоногт хуваахад 97,303 төгрөг, ажилгүй байсан 58 хоногоор тооцоход 5,643,574 төгрөг гарч байхад шүүх 7,545,974 төгрөг буюу нэг өдрийн 130,103 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03477 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 14-ний өдрийн 494 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.П нь “МОХННУБТЗ”д холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Авлигатай тэмцэх газрын шаардлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн тайлбар гаргажээ.

“МОХННУБТЗ”ын дарга 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б-1-449 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгч Ж.П-ийг Дотоод аудит, хяналтын албаны дотоод аудит хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ /хавтаст хэргийн 6 дугаар тал/.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Дотоод аудит хяналтын албан даргаар томилогдон ажиллаж байсан ба ажил олгогч нь түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр уг ажлаас чөлөөлж, Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар томилж, сарын дараа уг ажлаас халсан үйл баримт тогтоогджээ.    

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.-т “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ”, 23.6.-т  “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ”, 23.7.-т ”нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар ажил олгогч нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийг ажилд томилохдоо түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг тодруулсны дараа тухайн албанд томилох эсэхийг шийдвэрлэх ёстой бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Авлигатай тэмцэх газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 05/2768, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03/5861 дүгээр албан бичигт “...Ж.П-ийг Дотоод аудит, хяналтын албаны даргаар  томилсны дараа ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн нь ...хууль зөрчсөн, ...ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй нь ...албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон...” талаар дурдсан, уг албан бичигт заасан зөвлөмжийн дагуу ажил олгогч нэхэмжлэгчийг Дотоод аудит, хяналтын албаны даргын ажлаас чөлөөлж, тус албаны хяналтын хэлтсийн даргаар томилсон, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн 09/1407 тоот албан бичигт дурджээ /хэргийн 15-18 дугаар тал/.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авлигын эсрэг хуулийн 18.4.16-т зааснаар Авлигатай тэмцэх газар нь хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих, бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах бүрэн эрхтэй.

Нэхэмжлэгчийг Дотоод аудит, хяналтын албаны хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон ажил олгогчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2.-г зөрчөөгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03477 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 494 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 135.686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ