Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00631

 

 Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01177 дугаар шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлалтай,

            Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

            Н.Н-өд холбогдох

           3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Г.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2015 оны 4 сард Орхон аймгийн Эрдэнэт-Ус ДТС ОНӨК-иас МОН 23-01 төслөөр гэр хорооллын гудамжны дундуур тавигдсан бохир усны шугамд өрх, иргэдийг шаардлага хангасан тохиолдолд холбуулах боломжтой гэж иргэдийн дунд яриа танилцуулга хийсэн. Тэр үед тус байгууллагын ажилтан Н.Н- нь тухайн үед Уртын гол багийн ИНХ-ын тэргүүлэгчээр ажилладаг байсан. Тэрээр дээрх яриа танилцуулгыг иргэдийн дунд хийж байсан болохоор нь зөвлөгөө авах гэж уулзахад надтай л ярь гээд тэр даруй 5 сард 2 машинтай 2 хүн дагуулан 3-лаа манай гадаа ирж газрыг минь хэмжиж үзчихээд тооцоо хийж үзнэ эргээд ярина гээд явсан. Удалгүй манай гадаа ирж 3,200,000 төгрөг болж байна гэсэн. Би тэр үед яасан их үнэтэй юм бэ, ядаж 200,000 төгрөг хас гэж байж 200,000 төгрөг хасуулсан. Тэгээд шууд 5 сардаа багтаан 3,000,000 төгрөгийг 3 хувааж аваад газар ухаж 2 ширхэг кольцо, 1 ширхэг бохирын хоолой газарт нь суулгаад дээрээс нь ухсан шороогоо буцааж хийлгүйгээр мөнгөө л авсан хойно болоо гэсэн шиг 5 сараас 9 сар хүртэл 4 сар алга болсон. Тэр 4 сарын хугацаанд үер усны аюул болж, ойр орчмын айлууд овоолсон шороо нь үерийн усыг боогдуулснаас үерт автан маш их хэл ам гарч байсан. Би Н.Н-ийг удаа дараа шаардахад удахгүй хийнэ гэсээр 4 сар болсон. Иймд би ус сувгийн удирдлагад болсон процессийг бүгдийг нь тодорхой бичиж 2015 оны 8 сард өгсөн. Эрдэнэт-Ус ДТС ОНӨК Н.Н-өд хариуцлага тооцохоор болсон тул 4 сарын дараа 2015 оны 9 сард ухсан шороогоо булсан. Би тухайн үед байшингаа барьж дуусаагүй хаалга үүдийг нь ч хийж амжихгүй байсан тул ус сувгийн газартай гэрээ хийгээгүй байсаар 2017 оны хавар худаг руу нь ус хийж үзэхэд хоолой нь аль хэдийнэ хөлдчихсөн, хөлдүү, ус нь явахгүй байсаар 7 сар хүргэсэн. Энэ байдлыг нь ус сувгийн удирдлагуудад 2017 оны 7 сард өргөдөл бичиж өгсөн. Тус байгууллагын дарга н.Бүүвэйбаатар болон ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн нартай биечлэн уулзахад тэд Н.Н-ийг өрөөндөө дуудан ирүүлж нүүрэн дээр нь миний өргөдлийн дагуу ярьсан бүхнийг биечлэн сонссон. Би Н.Н- үйл явдлыг үнэн гэж хүлээн зөвшөөрч байсан. Түүнээс хойш удалгүй 2017 оны 7 сарын дундуур Эрдэнэт-Ус ДТС ОНӨК ариутгал, татварын албаны дарга Б.Уламбаяр манай гадаа ирж Н.Н-ийн бохиртой холбосон гэх шугамын холболтыг зохих журмын дагуу хэмжилт хийн шалгаж үзэж зохих журмаар нь хийгээгүй байна гэж гар зургийг нь гаргасан. Би Азийн хөгжлийн хөрөнгө оруулалтын орон сууцны нөхцөл сайжруулах төсөлд хамрагдаж Капитал банкнаас 15,000,000 төгрөг зээлж авч Н.Н-ийн үнэлснээр 3,000,000 төгрөгийг нь бохирын шугамд холбуулахаар Н.Н-т өгсөн боловч уг холболт нь стандартаараа хийгдээгүй цаашид ашиглах боломжгүй байгаа тул надад ямар ч ашиггүй харин ч банкинд үр дүнгүй хүүтэй мөнгө төлж хохирсоор байна. Ийм учраас Н.Н-өөс хохирол 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Н.Н-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нэхэмжлэгч Г.Б-гийн Уртын гол багт байрлах гэрийн ариутгал татуургын шугамыг холбох ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн бөгөөд ном журмын дагуу мэргэжлийн хүнээр гүйцэтгэсэн болно. Ингэж ажил гүйцэтгэхдээ аливаа хурлын тэргүүлэгчийн болоод Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн нэр төрийг барьж ганцхан надаар хийлгэ гэж шахаж шаардаагүй бөгөөд аль аль нь таньдаг хүмүүсийн мөн хэн хэнийхээ эрх ашгаар тохиролцож ажил гүйцэтгэсэн. Аливаа зүйл хуулийн өмнө үнэн байх ёстой зарим зүйлд Г.Б- намайг “би л хийнээ” гэсэн мэтээр бичсэн нь худал бөгөөд бүх зүйлийг хоорондоо зөвшөөрч, тохиролцож хийгээд ажлаа дуусгасан. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК надад энэ асуудлаар хариуцлага тооцсон гэж худал бичсэн мөн захирал, ерөнхий инженер хоёрын хажууд үнэн зүйлийг үнэн гэж хүлээн зөвшөөрснөөс худал зүйлийг тайлбарлаж ойлгуулсан. Мөн Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн ариутгал татуургын албаны дарга Б.Уламбаяр очиж шалгаад “горим зөрсөн, угаалга ажиллуулах зөвшөөрөл авчихаад тэрийгээ ашиглахгүй, даралтгүй гэрийнхээ бохир угаадсыг хувингаар зөөж хийсэн” гэж санал нэгтэй хэлсэн. 2015-2016 оны өвөл шугам ашиглахгүй, гэрээ хийж мөнгө төлж чадахгүй нь эгч нь хавар гэрээ хийе хэлээд өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Гэтэл 2016-2017 оны өвөл мөн л угаадасаа хувингаар зөөсөөр байсан. Энэ хугацаандаа 2 өвөл намайг дуудаж шугам хөлдсөн чамаас болж ийм боллоо гэхэд нь өөрт нь хэлж байсан. Энэ бол таны буруугаас шугам ашиглалт буруу байна гэж хэлж байсан. Мөн 2015 оны 9 сард бүх ажил дууссан, гомдолгүй гэсэн өөрийн хүсэлтээ өгсөн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд зөвшөөрөл хүссэн техникийн нөхцлийн дагуу бус энгийн гэрийн хог хаягдлыг хийж энэ хугацааг өнгөрүүлсэн. Ийм учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүс хийгээд шугамыг шалгаад хүлээлгэж өгсөн болно гэжээ.

             Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01177 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Н-өөс 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Н.Н-өөс 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                 

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.09-ний өдрийн 03 тоот магадлалыг хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Б-гийн хариуцагч Н.Н-өөс 3 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийг хянан шийдвэрлэх явцад Г.Б- нь "Эрдэнэт- Ус ДТС” ОНӨХК-иас 2016 оны 9 сард, 2017 оны 7 сард бичиж өгсөн өргөдлийн хуулбар, тус компанийн ариутгах татуургын албаны дарга Б.Уламбаяр нь Н.Н-ийн гүйцэтгэсэн ажлыг стандартын дагуу хийгдээгүй гэж амаар хэлсэн боловч дүгнэлт гаргаагүй тул дүгнэлтийг гаргуулах, гэрчээр Ч.Мягмарсүрэн, Б.Уламбаяр нарыг асуулгах хүсэлт гаргасан. 2017.10.03-ны 4557 тоот шүүгчийн захирамжаар Ч.Мягмарсүрэн, Б.Уламбаяр нарыг гэрчээр оролцуулж юу тодруулах, хэрэгт ямар ач холбогдолтой болох талаар тодорхой дурдаагүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэвч нэхэмжлэгч шүүгчийн захирамжийг хүлээн аваад үндэслэлтэй гэж үзсэнээс гэрчээс юу тодруулах, хэрэгт ямар ач холбогдолтой зэргийг дахин тодруулаагүй. Үндсэндээ цаашид дээрх хүсэлтээ дэмжээгүй нь тодорхой байна. Дээрх шүүгчийн захирамжаар Б.Уламбаярын дүгнэлт, Г.Б-гийн хүсэлтэд дурдсан 2 өргөдөл зэргийг “Эрдэнэт-ус ДТС” ОНӨХК-иас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг, ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан заалтыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. “Эрдэнэт-ус ДТС” ОНӨХК нь Г.Б-гийн тус компанид гаргасан өргөдлийг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлсэн нь хэргийн 22-31 дэх талд авагдсан байна. Харин "Эрдэнэт-ус ДТС” ОНӨХК-ийн 2017.10.24-ний өдрийн 769 тоот албан бичигт ариутгах татуургын албаны дарга Б.Уламбаяр нь инженерийн шугам сүлжээнд ямар нэгэн дүгнэлт гаргах эрхгүйгээс дүгнэлт гаргаагүй байна гэж дурьдаж шүүхэд ирүүлсэн нь хэргийн 30 дахь талд авагдсан. Нэхэмжлэгч энэхүү албан бичигтэй танилцаад ойлгож зөвшөөрсөн, дахин хөндлөнгийн шинжээч томилуулахаар, тодруулахаар ямар нэгэн хүсэлтийг шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд гаргаагүй, шүүх нэхэмжлэгчийн “Уламбаярын дүгнэлтийг гаргуулах” хүсэлтийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6 заалтыг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Хариуцагч Н.Н- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөггүй гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлалын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрт ажлын гүйцэтгэл, чанар, бусад байдлыг шинжээч томилуулах, мэргэжпийн байгууллагын дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад санаачилгаараа шүүх гүйцэтгэж тогтоох эрхгүй болохыг дурьдаж, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг зөв үнэлснээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, баримталсан хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

             Нэхэмжлэгч Г.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие 2015 оны 5 сард Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн төслөөр гэр хорооллын гудамжны дундуур тавигдсан бохир усны шугамд айл, өрхийн байр орон сууцыг холбох танилцуулга хийсэн.  Ингээд тус компанийн ажилтан Н.Н-тэй амаар тохиролцож 3,000,000 төгрөг өгч бохир усанд холбуулах ажил хийлгэсэн. Н.Н- нь газар ухаж 2 ширхэг кольцо, 1 ширхэг бохирын хоолой газарт суулгаад ухаж гаргасан шороогоо буцаж булалгүй 4 сар алга болж их хэмжээний үерт автаж байсан тул 2015-2017 онд 2 удаа Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК өргөдөл өгч, дарга нь зохих арга хэмжээг авах цохолттой өргөдөл нь хэрэгт авагдсан. Н.Н- нь надад бохирын холболт ажиллуулах заавар өгөөгүй, хүлээлгэн өгөөгүй. Би 2017 оны өвөл ус явуулж үзэхэд ус нь хөлдчихөөд явахгүй байсан. Би шүүхэд гэрчээр Ч.Мягмарсүрэн, Б.Уламбаяр нарыг асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан захирамж гаргасан. Шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах танилцуулж, дахин хүсэлт гаргаж болохыг тайлбарласан. Гэвч би шүүгчийн захирамжтай танилцаад шаардлагагүй гэж үзэж дахин хүсэлт гаргаагүй төдийгүй хүсэлтээ дэмжээгүй. Б.Уламбаяр газар дээр нь үзээд амаар “бохирын холболтын уналт нь байх хэмжээнээсээ зөрүүтэй байна” гэж хэлсэн боловч дүгнэлт бичгээр өгөөгүй, компани нь шүүхэд Б.Уламбаярыг инженерийн дүгнэлт гаргах эрхгүйгээс дүгнэлт гаргаагүй гэсэн хариу өгснийг танилцаад дахин хүсэлт гаргаагүй, шаардлагагүй гэж ойлгосон. Нэгэнт Б.Уламбаяр нь бичгээр дүгнэлт гаргаагүй бол шүүх хаанаас энэ дүгнэлтийг гаргуулах вэ. Би Капитал банкнаас зээл авч дэмий хүү төлж хохирч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний эрхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзснийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүгчийн захирамжийг би хүлээн зөвшөөрсөн. Гэрч асуулгах хүсэлтээ дэмжээгүй, хэргийн материалтай бүрэн танилцаж гарын үсэг зурсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.            

                                                                  ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

          Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Н.Н-өд холбогдуулан ажил гүйцэтгэх  гэрээний дагуу шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлыг мэргэжлийн хүмүүс, стандартын дагуу хийсэн, өөрөө ашиглалтын журам зөрчсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

          Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

        Г.Б-, Н.Н- нар 2015 оны 5 дугаар сард ариутгах татуургын ажил гүйцэтгүүлэхээр амаар ярилцан тохиролцож хөлсөнд 3,000,000 төгрөг өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

         Нэхэмжлэгч Г.Б- нь н.Уламбаяраас гэрчийн мэдүүлэг авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

       Түүнчлэн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4557 дугаар захирамжаар дүгнэлт гаргуулах хүсэлтийн талаар шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, эргэлзээтэй дүгнэлт хийсэн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч Г.Б-гийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга, есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН