Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00003

 

                                  Г.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01177 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Н-д холбогдох,

“3.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Н.Нийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч З.Баттулга нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 4 дүгээр сард Орхон аймгийн Эрдэнэт-Ус ДТС ОНӨК-иас МОН 23-01 төслөөр гэр хорооллын гудамжны дундуур тавигдсан бохир усны шугамд өрх, иргэдийг шаардлага хангасан тохиолдолд холбуулах боломжтой гэж иргэдийн дунд яриа танилцуулга хийсэн юм. Тэр үед тус байгууллагын ажилтан Н.Н нь тухайн үед Уртын гол багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчээр ажилладаг байсан юм. Тэрээр дээрх яриа танилцуулгыг иргэдийн дунд хийж байсан болохоор нь зөвлөгөө авах гэж уулзахад надтай л ярь гээд тэр даруй 5 сард 2 машинтай 2 хүн дагуулан 3-лаа манай гадаа ирж газрыг минь хэмжиж үзчихээд тооцоо хийж үзнэ эргээд ярина гээд явсан. Удалгүй манай гадаа ирчихээд 3.200.000 төгрөг болж байна гэсэн. Би тэр үед яасан их үнэтэй юм ядаж 200.000 төгрөг хас гэж байж 200.000 төгрөг хасуулсан юм. Тэгээд шууд 5 дугаар сардаа багтаан 3.000.000 төгрөгийг 3 хувааж аваад газар ухаж 2 ширхэг кольцо, 1 ширхэг бохирын хоолой газарт нь суулгаад дээрээс нь ухсан шороогоо буцааж хийлгүйгээр мөнгөө л авсан хойно болоо гэсэн шиг 5 сараас 9 сар хүртэл 4 сар алга болсон. Тэр 4 сарын хугацаанд үер усны аюул болж, ойр орчмын айлууд овоолсон шороо нь үерийн усыг боогдуулснаас үерт автан маш их хэл ам гарч байсан. Би Н.Н-ийг удаа дараа шаардахад удахгүй хийнэ гэсээр 4 сар болсон. Иймд би ус сувгийн удирдлагад болсон процессийг бүгдийг нь тодорхой бичиж 2015 оны 08 дугаар сард өгсөн. Эрдэнэт-Ус ДТС ОНӨК Н.Н-д хариуцлага тооцохоор болсон тул 4 сарын дараа 2015 оны 9 сард ухсан шороогоо булсан. Би тухайн үед байшингаа барьж дуусаагүй хаалга үүдийг нь ч хийж амжихгүй байсан тус ус сувгийн газартай гэрээ хийгээгүй байсаар 2017 оны хавар худаг руу нь ус хийж үзэхэд хоолой нь аль хэдийнэ хөлдчихсөн, хөлдүү, ус нь явахгүй байсаар 7 сар хүргэсэн юм. Түүнээс хойш удалгүй 2017 оны 07 дугаар сарын дундуур Эрдэнэт-Ус ДТС ОНӨК ариутгал, татварын албаны дарга Б.Уламбаяр манай гадаа ирж Н.Н-ийн бохиртой холбосон гэх шугамын холболтыг зохих журмын дагуу хэмжилт хийн шалгаж үзэж зохих журмаар нь хийгээгүй байна гэж гар зургийг нь гаргасан юм. Би Азийн хөгжлийн хөрөнгө оруулалтын орон сууцны нөхцөл сайжруулах төсөлд хамрагдаж Капитал банкнаас 15.000.000 төгрөг зээлж аваад Н.Н-ийн үнэлснээр 3.000.000 төгрөгийг нь бохирын шугамд холбуулахаар Н.Н-т өгсөн боловч уг холболт нь стандартаараа хийгдээгүй цаашид ашиглах боломжгүй байгаа тул надад ямар ч ашиггүй харин ч банкинд үр дүнгүй хүүтэй мөнгө төлж хохирсоор байна. Иймд Н.Н-өөс миний хохирол 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.Н миний бие нэхэмжлэгч Г.Б-гийн Уртын гол багт байрлах гэрийн ариутгал татуургын шугамыг холбох ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн бөгөөд ном журмын дагуу мэргэжлийн хүнээр гүйцэтгэсэн болно. Ингэж ажил гүйцэтгэхдээ аливаа хурлын тэргүүлэгчийн болоод Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн нэр төрийг барьж ганцхан надаар хийлгэ гэж шахаж шаардаагүй бөгөөд аль аль нь таньдаг хүмүүс мөн хэн хэнийхээ эрх ашгаар тохиролцож ажил гүйцэтгэсэн. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн ариутгал татуургын албаны дарга Б.Уламбаяр очиж шалгаад горим зөрсөн, угаалга ажиллуулах зөвшөөрөл авчихаад тэрийгээ ашиглахгүй, даралтгүй гэрийнхээ бохир угаадсыг хувингаар зөөж хийсэн гэж санал нэгтэй хэлсэн. 2015-2016 оны өвөл шугам ашиглахгүй гэрээ хийж мөнгө төлж чадахгүй нь эгч нь хавар гэрээ хийе хэлээд өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Гэтэл 2016-2017 оны өвөл мөн л угаадасаа хувингаар зөөсөөр байсан. Энэ хугацаандаа 2 өвөл намайг дуудаж шугам хөлдсөн чамаас болж ийм боллоо гэхэд нь өөрт нь хэлж байсан. Энэ бол таны буруугаас шугам ашиглалт буруу байна гэж хэлж байсан. Мөн 2015 оны 09 дүгээр сард бүх ажил дуудсан, гомдолгүй гэсэн өөрийн хүсэлтээ өгсөн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд зөвшөөрөл хүссэн техникийн нөхцөлийн дагуу бус энгийн гэрийн хог хаягдлыг хийж энэ хугацааг өнгөрүүлсэн. Ийм учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүс хийгээд шугамыг шалгаад хүлээлгэж өгсөн болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2016/01177 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,343.3,350 дугаар зүйлийн 350.1.6,355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Н-ээс 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Н.Н-ээс 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Н давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2015 онд Уртын гол багийн 12-19б оршин суух Г.Б-гийн хүсэлтээр харилцан тохиролцож мөн 23-01 ариутгах татуургын шугамд № 15/А/072 техникийн нөхцөлийн дагуу “Авто угаалга” ажиллуулах зорилгоор ариутгах татуургын шугамыг мэргэжлийн ажилчдаар стандарт, норм, дүрмийн дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэн өгч Г.Б-гээр ажлаа дуусаж хүлээлгэн өгсөн талаар бичиг бичүүлж хүлээлгэн өгсөн талаар бичиг бичүүлэн гарын үсэг зуруулан авсан болно. / Үүнийг “ЭУДТС” ХК-ий нарийн бичиг гэрчилнэ./

Техникийн нөхцөл нь 2 жилийн хугацаатай олгогддог бөгөөд хэрэглэгч техникийн нөхцөл гарсан дариуд гэрээ хийж төлбөр тушаах үүрэгтэй юм. Гэтэл Г.Б нь гэрээ хийж төлбөр хийгээгүй бөгөөд эгч нь энэ жил авто угаалгынхаа газрыг дуусгаж чадахгүй нь хүмүүстээ хэлээд өгөөч хавар байраа дуусгаад гэрээ хийе гэж гуйхаар нь заавар зөвлөгөө өгөөд хавар болж угаалгаа ажиллуултал шугамыг ашиглаж болохгүй гэж хэлээд салсан. Гэтэл Г.Б 2016 оны өвөл надад утсаар нөгөө шугам чинь хөлдчихлөө ирж үз гэсэн. Би юу яриад байгаа юм бэ? яагаад хөлдсөн юм гэж асуухад эгч нь угаадас хийсэн юм гэж хэлсэн. Би уурлаад таньд зөндөө хэлсэн ашиглаж болохгүй гэж хэлэхэд за за гээд тэр жилээ угаалгыг ажиллуулалгүй чимээгүй алга болсон.

Тэгж байгаад дахиад 2017 оны өвөл утсаар ярьсан нөгөөх чинь дахиад хөлдсөн гэсэн. Би нөгөө л хариугаа хэлсэн. Яагаад авто угаалгаа ажиллуулаагүй байж угаадас хийж хөлдөөгөөд байгаа юм бэ? би хариуцахгүй, норм дүрмийн дагуу хийгээд заавар зөвлөгөө өгөөд хүлээлгээд өгсөн. Гэтэл та ашиглалтын дүрм зөрчөөд өчнөөн жил угаалгыг ашиглахгүй таны буруу гэсэн. Мөн л чимээгүй алга болж байгаад 2017 оны 08 дугаар сард миний ажилладаг компанид өргөдөл бичиж өгсөн байсан. Энэ асуудлаар гүйцэтгэх захирал Ерөнхий инженер 2 дуудаж тодруулсан би энэ болсон процессыг хэлсэн тэд ойлгоод хувийн асуудлаа өөрсдөө зохицуул гэсэн. Ариутгах татуургын шугам бол бүхэл бүтэн систем зүгээр нэг даралт байхгүй гэрээсээ хувингаар угаадас хийдэг цооног биш гэдгийг сайн ойлгуулж хэлсэн.

Г.Б намайг зүгээр байхад нь мөнгийг нь аваад залилсан юм шиг ярьж ажил албан газар шүүхийн туслахуудын өрөө, шүүх танхимд хүртэл гүтгэж загнаж зандардаг муйхар хүн. Энэ хугацаанд болоод шүүх танхимд намайг байгууллагын дарга нь энэ асуудлаас болоод арга хэмжээ авсан. Мөн энэ шалтгаанаар ажлаас нь хүртэл халсан.  Эцэст нь хэлэхэд шүүх хуралдаан дээр хэт нэг талыг барьсан. Миний хэлж тайлбарлаж байгааг ойшоохгүй /аль эсвэл ойлгохгүй байсан байх / надаас шүүгч асуулт асууж хариулах гэхээр Г.Б хашгирч, загнаад шүүгчийн үгэнд ч орохгүй байсан.

Мөн түүнчлэн иргэний хуулийн 343.1, 143.3, 350.1.6, 355.1 дэх заалтууд үндэслэлгүй байна гэж би үзэж байна. Нэхэмжлэгч Г.Б нь: 1.Авто угаалга барьж ашиглалтанд оруулж чадахгүйгээ мэдсэн. 2.Техникийн нөхцлийн 2 жилийн хугацаа дууссан болохоор авсан зээлээ надаас мөнгө авч төлүүлэх санаатай байна. 3.Н.Н би шүүхийн өмнө ахин хэлэхэд ариутгах татуургын шугамыг мэргэжилийн хүнээр стандартын дагуу хийж дуусгаад хүлээлгэн өгсөн Одоо ч ямар эвдрэл гэмтэлгүй хэвийн ашиглах боломжтойг баталж байна.

Миний бие эхнэр 3 хүүхдээ /гэр бүлээ/ авч яваа жирийн инженер залуу бөгөөд энэ хүний буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч үр хүүхдийнхээ хоолноос хасах мөнгө байхгүй учир шүүхийн өмнө болсон зүйлийг бичиж байгааг минь нягтлан үзээд зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Н.Н-ээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Н.Н шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Н.Н нар 2015 оны 05 дугаар сард ариутгах татуургын ажил гүйцэтгүүлэхээр амаар ярилцан тохиролцож хөлсөнд нь 3.000.000 төгрөг өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Н.Н-ээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажил нь стандартын дагуу хийгдээгүй ашиглах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр ажлын хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөгийг буцаан авахаар шаардлага гаргасан ба хариуцагч ариутгах татуургын ажлыг мэргэжлийн хүмүүсийн хамтаар стандартын дагуу хийсэн өөрөө ашиглалтын журам зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Г.Б хийлгэсэн ажлын үр дүн гараагүй гэж холбогдох байгууллагад гомдол гарган хандаж байсан Б.Уламбаяр гэх хүнийг аваачиж үзүүлсэн, стандартын дагуу хийгдээгүй байна гэж амаар хэлсэн учир нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах үүднээс Уламбаярыг гэрчээр байцааж мэдүүлэг авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байхад шүүх юу тодруулах, хэрэгт ямар ач холбогдолтой талаар дурдаагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.

Энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлуулах нотлох баримтууд гаргуулахаар шүүхэд хандсан агуулгатай байхад үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Г.Б-гийн  “Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн ариутгал халдваржүүлэлтийн дарга Б.Уламбаяр нь  шугамыг  зохих журмаараа хийгдээгүй гэсэн боловч  дүгнэлт гаргаагүй байгаа тул зохих дүгнэлтийг гаргуулах” гэх  хүсэлтийг шүүх хүлээн авч   2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн № 4557 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “...хүсэлт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул хангаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн атлаа захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтанд “...дарга Б.Уламбаярын гаргасан дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргасугай гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. /хх-ийн 20 тал/

Иймд шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ