Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00991

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00087 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00445 дугаар магадлалтай,

Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

“МОХННУБТЗ”-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3.120.849 төгрөг, цалин хөлсний зөрүү гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуягийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 2015 оноос 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Дохиолол холбоо эрчим хүчний албаны дарга, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарыг хүртэл Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар тасралтгүй 31 жил ажилласан. Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-239 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцлан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Би хөдөлмөрийн сахилгын зөрчил болон түүнийг давтан гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал байхгүй, онцгой тооцоот гологдол гарсан үндсэн шалтгаан аянга сарниулагчийг шинээр нэмж суурилуулан холболт хийх үедээ сумын удирдлага нь хяналтын угсралтын утсыг зөрүүлэн сольж холболт хийснээс замнал буруу бэлтгэгдэж, галт тэрэг яаралтай зогсолт хийсэн. Энэ үйл явцыг албаны даргын буруутай үйл ажиллагаанаас буюу удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэж үзсэн нь алдаатай. Иймд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай “МОХННУБТЗ” нийгэмлэгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-239 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолж, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү 3.120.849 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МОХННУБТЗ” шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б-ыг Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний даргаар ажиллаж байхад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Шаргын-Овоо зөрлөгт 2809 дүгээр галт тэргийг шууд өнгөрүүлэхээр оруулах дохио нээсэн үед замнал буруу байснаас яаралтай тормос хийж зогссон онцгой тооцоот гологдол гарсан. Энэ нь түүний удирдаж байсан Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны харьяа Дохиолол холбооны 3 дугаар ангийн ажилтнуудын буруугаас болсон нь нотлогдсон тул Замын даргын Б-2-239 дугаарын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3, 4.1, 4.3 дахь заалтууд, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан Замын орлогч даргын хийсэн хурлаас гаргасан шийдвэр,Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө шуурхай хурал, түүний дараа ч энэ талаар ямар нэгэн эсрэг байр суурь илэрхийлээгүй. Мөн түүний гаргасан өргөдлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  өөр ажилд томилсон, одоо хүртэл уг ажлаа хийж байгаа. Дохиолол холбоо, эрчим хүчний албаны зохион байгуулалт бүтцэд өөрчлөлт орж, зөвхөн нэр дээр сүлжээ гэдэг үг нэмэгдэн, үйл ажиллагаа, үндсэн чиглэл хэвээрээ байгаа тул Ц.Б-тай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өмнөх гэрээгээр ажиллуулж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00087 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Алтайнх овогт Цэвэлсодномын Болдбаатарыг Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү 504.096 төгрөгийг “МОХННУБТЗ”-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.616.753 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг “МОХННУБТЗ”-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15773 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00445 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00087 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ”МОХННУБТЗ”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.120.849 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.773 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ц.Б- нь 2017 оны 03 дугаар 02-ны өдрөөс Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг 51 минутад Шаргын-Овоо зөрлөгөөр 2809-р галт тэргийг гол замаар шууд өнгөрүүлэхээр замнал бэлдэж оруулах, гаргах дохионуудыг өртөөний жижүүр нээсэн байдаг. Галт тэрэг өртөөнд орж ирэх үед замнал буруу байснаас яаралтай зогсолт хийж онцгой тооцоот гологдол гаргасан. Тус онцгой тооцоот гологдол гарах болсон үндсэн шалтгаан нь аянга сарниулагчийг шинээр нэмж суурилуулан холболт хийх үедээ сумын удирдлага, хяналтын угсралтын утсыг зөрүүлэн сольж холболт хийснээс замнал буруу бэлтгэгдэн үүний улмаас галт тэрэг яаралтай зогсолт хийсэн. Тухайн аянга сарниулагчийг солих ажил Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны 2017 оны их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд энэ ажлыг хийх талаар албаны зүгээс өгсөн үүрэг даалгаврын талаар шуурхай ажлын дэвтэрт тусгагдаагүй, үүрэг даалгавар өгөгдөөгүй, мөн тус ажлыг хийх зураг төсөл байхгүй байхад Дохиолол холбооны III ангийн ерөнхий инженер тухайн ажлыг хийлгэсэн байдаг. Энэхүү ажлаа хийж гүйцэтгэх гэж байгаа талаар албаны диспетчерт мөн мэдэгдээгүй хийсэн. Энэ бүх үйл явцыг нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн гаргаж тавьсан боловч хариуцагч үгүйсгээгүй, мөн бодит үнэн байдал нь дээр дурдсан үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй. Энэ бүх үйл явцын талаар хурлын тэмдэглэлээс тодорхой харагдахын зэрэгцээ албаны даргын шууд буруутай үйл ажиллагааны талаар хурал дээр нэг ч асуудал яригдаагүй бөгөөд албаны даргын гэм буруугийн талаар шалгаж тогтоосон зүйлгүйгээр шууд ажлаас халах шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь магадлал үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон тул Дохиолол холбоо, эрчим хүчний албаны чиг үүрэг, бүтэц байхгүй болсон бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний Б-1-85 тоот “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажилд авах тухай” тушаалаар тус албаны, албаны даргаас бусад бүх ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан байдаг. Ц.Б нь Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар ажиллаж байсан нь цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтэр зэргээс тогтоогддог. Нэхэмжлэгч Ц.Б нь УБТЗ нийгэмлэгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-Н-239 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бөгөөд шүүхэд энэ тушаал үндэслэлтэй эсэх, ажлаас халагдсан нь үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т “Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх” гэж заасан бөгөөд энэ нь тухайн салбарын онцлогийг харгалзан тусгасан сахилгын шийтгэл юм. Хөдөлгөөнтэй холбоотой шууд холбоотой, төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах ажил албан тушаалын жагсаалтыг Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан байдаг. Гэтэл маргааны зүйл болох Б-II-239 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж буй тушаалд дээрх Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалтыг баримтлаагүй бөгөөд шилжүүлж ажиллуулах талаар шийдвэр гаргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00445 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “МОХННУБТЗ”-д холбогдуулан  “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор,  цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд,  нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...ноцтой зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 2-ний өдөр тушаал гаргаж, нэхэмжлэгчийг Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3. дах заалтыг үндэслэл болгожээ.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг “Шаргын-Овоо зөрлөгт 2809-р галт тэргийг гол замаар шууд өнгөрүүлэхээр оруулах дохиог нээсэн үед замнал буруу байснаас яаралтай зогсолт хийж онцгой тооцоот гологдол гаргаж сүйрэл гаргах нөхцлийг үүсгэсэн нь удирдлага, зохион байгуулалтаар хангаагүйтэй холбоотой,  ноцтой зөрчил гаргасан талаар тайлбартаа дурдсан ба зохигчид энэ талаар мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, дээрх зөрлөгт замнал буруу байснаас шууд өнгөрөх галт тэрэг яаралтай тормос хийн зогсож, онцгой тооцоот гологдол гарсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар Дохиолол холбоо, эрчим хүчний албаны дарга нь дохиолол, холбоо, эрчим хүчний ангиудыг шууд удирдаж, гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

Ц.Б хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, энэ үндэслэлээр ажил олгогч түүнийг ажлаас халсан нь нотлогдсон тул нэхэмжлэлийг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан гэрээг цуцалсан нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх ажилтанд шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж ажил олгогчийг буруутгахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.       

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн тушаалаар Ц.Б-ыг технологич инженерийн ажилд томилсон, тэрээр уг ажлыг гүйцэтгэж байгаа нь тогтоогджээ.

УБ төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар Дохиолол, холбоо, эрчим хүчний албыг Дохиолол, холбоо, сүлжээ, эрчим хүчний алба болгосон, албаны нэршил өөрчлөгдсөн тул нэхэмжлэгчтэй өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх шаардлагагүй байсан талаарх хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй.   

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00445 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуягийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ