Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00087

 

 

2018 оны 01 сарын 03 өдөр       Дугаар 102/ШШ2018/00087              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч МОХНУТЗН-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3.120.849 төгрөг, цалин хөлсний зөрүү гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянав.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын дээд сургуулийг дохиололын инженер мэргэжлээр төгссөн. 1986 оноос Дохиолол холбооны 3 дугаар ангид шугамын хэсэгт механикч, ахлах механикч, 1989 оноос Дохиолол холбооны 2 дугаар ангид ахлах механикч, хэсгийн ахлах инженер, 1998 оноос Дохиолол холбоо, эрчим хүчний албанд дохиолол төвлөрүүлэлт, хориглол хариуцсан инженер, 2015 оноос 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Дохиолол холбоо эрчим хүчний албаны дарга, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарыг хүртэл Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар тасралтгүй 31 жил ажилласан.

 

Энэ хугацаанд шинээр нээгдсэн 25 өртөө, зөрлөгийн цахилгаан төвлөрүүлэлт, хориглолын системын зураг төсөл, их барилгын ажлыг удирдан зохион байгуулан, гүйцэтгэж байсныг төр үнэлж, 2001 онд Тэргүүний төмөр замчин, 2009 онд Хүндэт төмөр замчин, 2014 онд Алтангадас одон тэмдэгээр шагнагдан, ажил үүргээ гүйцэтгэхдээ ноцтой алдаа дутагдал гаргалгүй хөдөлмөрлөж ирсэн.

 

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-239 дугаарын тушаалаар үндэслэлгүйгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

 

Тус тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтанд Шаргын-Овоо зөрлөгт 2809 дугаарын галт тэргийг гол замаар шууд өнгөрүүлэхээр оруулах дохиог нээсэн үед замнал буруу байснаас яаралтай зогсолт хийн, онцгой тооцоот гологдол гаргаж сүйрэл гаргах нөхцлийг үүсгэсэн нь удирдлага, зохион байгуулалтаар хангаагүйтэй холбоотой тул Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны дарга Ц.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан.

 

Тушаалын Үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, МОХНУТЗН-н дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ч.Цогтбаярын удирдан хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хурлын шийдвэрийн саналыг үндэслэж буруутгасан.

 

Тэрээр эдгээр тушаалд дурдсан заалтуудын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд би хөдөлмөрийн сахилгын зөрчил болон түүнийг давтан гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал байхгүй мөн онцгой тооцоот гологдол гарсан үндсэн шалтгаан аянга сарниулагчийг шинээр нэмж суурилуулан холболт хийх үедээ сумын удирдлага, хяналтын угсралтын утсыг зөрүүлэн сольж холболт хийснээс замнал буруу бэлтгэгдэж, галт тэрэг яаралтай зогсолт хийсэн. Энэ үйл явцыг албаны даргын буруутай үйл ажиллагаанаас буюу удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэж үзсэн нь алдаатай юм.

 

Иймээс МОХНУТЗН-н даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-239 дугаартай Ц.Б-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Монгол-Оросын хувь нийлүүлсэн МОХНУТЗН-н даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-239 дугаартай Ц.Б-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна.

 

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ч.Цогтбаярын удирдан хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хурлын шийдвэрийн саналыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

 

Ц.Б-тай 2015 онд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч дараа нь бүтцийн өөрчлөлтөөр Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар томилогдоход Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Мөн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх боловч арга хэмжээ авагдсан тушаал, шийдвэр хэрэгт байдаггүй. Онцгой тооцоот гологдол гарсаныг даргын буруутай үйл ажиллагаанаас буюу удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ гологдол дээр буруутай ажилтан арга хэмжээ авагдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

 

Иймээс үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3.120.849 төгрөг, цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Мөн цалин, цалингийн зөрүүд Ц.Б сүүлийн 3 сарын хугацаанд буюу 9 дүгээр сард 1.574.928 төгрөг, 8 дугаар сард 668.191 төгрөг буюу 7 дугаар сард бодогдсон 7.958.259 төгрөгийн цалингаас ээлжийн амралтын олговор 3.505.105 төгрөг, балансын шагнал 2.068.209 төгрөгийг хасаад, нийт 2.384.945 төгрөгийг 7 сарын цалин гэж тооцоход, нийт 7.958.259 төгрөг-2.068.209 төгрөг=5.890.050 төгрөг. Үүнээс сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс 1 сарын дундаж цалин хөлсийг бодож гаргавал 8.133.168 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 126.095 төгрөг, 126.095х64 өдөр=8.070.080 төгрөг авахаар болж байгаа.

 

Ц.Б Техникийн бодлого, зураг төсөл, инженерийн албанд ажиллаж байх хугацаандаа 10 дугаар сард 124.120 төгрөг, 11 дүгээр сард 2.402.163 төгрөг, 12 дугаар сард 2.422.948 төгрөгийн цалин авсан.

 

Иймд ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү 3.120.849 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Б-г Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний даргаар ажиллаж байхад, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Шаргын-Овоо зөрлөгт 2809 дүгээр галт тэргийг шууд өнгөрүүлэхээр оруулах дохио нээсэн үед замнал буруу байснаас яаралтай тормос хийж зогссон онцгой тооцоот гологдлыг түүний удирдаж байсан Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны харъяа Дохиолол холбооны 3 дугаар ангийн ажилтнуудын буруугаас болсон нь нотлогдсон тул Замын даргын Б-2-239 дугаарын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 2.3 дахь хэсэгт ...ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, осол сүйрэл гаргах нөхцлийг бүрдүүлсэн, урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцална, 4.1, 4.3 дахь хэсэгт ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан ажлаа чанартай бүрэн хийж гүйцэтгэнэ, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удирдлагын хууль ёсны тушаал шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ гэсэн заалтууд, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан Замын орлогч даргын хийсэн хурлаас гаргасан шийдвэр,Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө шуурхай хурал, түүний дараа ч энэ талаар ямар нэгэн эсрэг байр суурь илэрхийлээгүй. Мөн өөрийнхөн гаргасан өргөдлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өөр ажилд томилогдон, одоо хүртэл ажлаа хийж байгаа.

 

Дохиолол холбоо, эрчим хүчний албаны зохион байгуулалт бүтцэд өөрчлөлт орж, зөвхөн нэршил дээр сүлжээ гэдэг үг нэмэгдэн, үйл ажиллагаа, үндсэн чиглэл хэвээрээ байгаа тул Ц.Б-тай дахин Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өмнөх гэрээгээр ажиллуулж байсан.

 

Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч МОХНУТЗ-д холбогдуулан, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3.120.849 төгрөг, цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 

 

1.Нэхэмжлэгч Ц.Б 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс МОХНУТЗ-д Дохиолол холбоо, эрчим хүчний албаны даргаар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтөөр Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-гээр тогтоогдож байна.

 

2.Ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, 2015 оны 7 дугаар сард Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан боловч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 дугаартай тушаалаар тус алба Дохиолол холбоо, сүлжээ эрчим хүчний алба гэж нэршил нь өөрчлөгдөн, үйл ажиллагааны үндсэн чиглэл хэвээрээ хадгалагдаж, ажил олгогч нэхэмжлэгчтэй өмнө байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г цуцлаагүй бөгөөд ажилтан тухайн албан тушаал дээрээ үргэлжлүүлэн ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.

 

Гэтэл ажил олгогч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ц.Б-ын удирдан хийсэн Хурлын тэмдэглэл-ийн саналыг үндэслэн, Б-2-239 дугаартай тушаалаа гаргахдаа зөрчил гаргагч Б.Отгон-Эрдэнэ, О.Эрхэмбаяр, Э.Батбаатар болон бусад ажилтануудад гэрээндээ заасан арга хэмжээг авсан боловч нэхэмжлэгчийг ажиллах хугацаандаа ямар сахилгын зөрчлийг давтан гаргасан талаар дурдаагүй, шалгалт аваагүй, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаагүй мөн нэхэмжлэгч энэ ажил 2017 оны Ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албанаас ажлыг хий гэдэг үүрэг чиглэл өгөөгүй тус ажлыг хийх зураг төсөл байхгүй. Тухайн өдөр энэ ажлыг хий гэдэг даалгаврыг Дохиолол холбооны 3 дугаар ангийн ерөнхий инженер өгсөн бөгөөд дээрх ажлыг хийх гэж байгаагаа албанд мэдэгдээгүй... гэж нэхэмжлэлдээ дурдсаныг хариуцагч үгүйсгээгүй атлаа Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам баримталсан нь тодорхойгүй бөгөөд хариуцагч Хөдөлмөрийн хуулинд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой байжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар шүүх хуралдаанд ....Ц.Б-ыг Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар томилогдоход Хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулаагүй, хуучин гэрээгээр ажиллуулж байсан гэх тайлбаруудаас үзэхэд, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасны дагуу өөрчлөлт орсон албан тушаал дээр гэрээ байгуулах үүргээ зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 сануулах, 131.1.2 үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3 ажлаас халах гэж зааснаар шат дараалсан арга хэмжээг аваагүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан болон ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан гомдол үндэслэлтэй учраас ажилд эргүүлэн тогтоох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэснээр нэхэмжлэгч Ц.Бт ажилгүй байсан үеийн олговор, цалингийн зөрүүг тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам-ын дагуу ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлохоор байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Ц.Б-ын Цалингийн тодорхойлолт-оор 2017 оны 7 дугаар сард 7.958.259 төгрөг, 8 дугаар сард 668.191 төгрөг, 9 дүгээр сард 1.574.928 төгрөгийн цалин авснаас 7 дугаар сарын цалингаас балансын шагнал 2.068.209 төгрөг, амралтын олговор 3.505.105 төгрөгийг хасаад тус сарын цалинг 2.384.945 төгрөг гэж тооцон, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 4.628.064:3=1.542.688 төгрөг/ нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад 1.542.688:21.5=71752 төгрөг /нэг өдрийн цалин/.

 

Ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс дахин өөр ажилд томилсон 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа 3 хоног буюу 71752/нэг өдрийн цалин/ х 3 /хоног/ = 215.256 төгрөг ба цалингийн зөрүүг тооцохдоо Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 58 хоног ажилласан гэж үзээд 71752 /нэг өдрийн цалин/х58/хоног/=4.161.616 төгрөгийн цалин олгох буй Ц.Быг байгууллага 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Техникийн бодлого, зураг төсөл, инженерийн албаны үл эвдэх сорилтын чанарын инженерээр, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Техникийн бодлого, зураг төсөл, инженерийн албаны машин механизм, тоног төхөөрөмж хариуцсан технологич инженерээр томилсон тул 10,11,12 дугаар саруудыг дээрх аргачлалаар бодоход нэг өдрийн цалин 76732 төгрөг х 58 /хоног/=4.450.456 төгрөг үүнээс 4.450.456-4.161.616= 288.840 төгрөг /цалингийн зөрүү/, нийт 215.256 төгрөг /ажилгүй байсан хугацааны цалин/+288.840 /цалингийн зөрүү/= 504.096 төгрөгийн олговор олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.616.753 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч МОХНУТЗН-н даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-239 дугаартай Ц.Б-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.

 

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ажлаас халсан тушаалаа хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөөд, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч байгууллагаас 504.096 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15773 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Алтайнх овогт Ц.Б-ыг Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү 504.096 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.616.753 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг МОХНУТЗ-д үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15773 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА