Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00445

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00087 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М-д холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 120 849 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оноос Дохиолол холбооны 3 дугаар ангид шугамын хэсэгт механикч, ахлах механикч, 1989 оноос тус холбооны 2 дугаар ангид ахлах механикч, хэсгийн ахлах инженер, 1998 оноос Дохиолол холбоо, эрчим хүчний албанд дохиолол төвлөрүүлэлт, хориглол хариуцсан инженер, 2015 оноос 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Дохиолол холбоо эрчим хүчний албаны дарга, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарыг хүртэл Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар тасралтгүй 31 жил ажилласан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-239 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Уг тушаалд дурдсан заалтуудын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд би сахилгын зөрчил болон түүнийг давтан гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал байхгүй мөн онцгой тооцоот гологдол гарсан үндсэн шалтгаан аянга сарниулагчийг шинээр нэмж суурилуулан холболт хийх үедээ сумын удирдлага, хяналтын угсралтын утсыг зөрүүлэн сольж холболт хийснээс замнал буруу бэлтгэгдэж, галт тэрэг яаралтай зогсолт хийсэн. Энэ үйл явцыг албаны даргын буруутай үйл ажиллагаанаас буюу удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэж үзсэн нь алдаатай. Хариуцагч М-ын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-239 дугаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, М нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ч.Ц-ын удирдан хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийн саналыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Ц.Б-тай 2015 онд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч дараа нь бүтцийн өөрчлөлтөөр Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргаар томилогдоход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Мөн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх боловч арга хэмжээ авагдсан тушаал, шийдвэр хэрэгт байдаггүй. Онцгой тооцоот гологдол гарсаныг даргын буруутай үйл ажиллагаанаас буюу удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ гологдол дээр буруутай ажилтан арга хэмжээ авагдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Мөн цалингийн зөрүүд Ц.Б сүүлийн 3 сарын хугацаанд буюу 9 дүгээр сард 1 574 928 төгрөг, 8 дугаар сард 668 191 төгрөг буюу 7 дугаар сард бодогдсон 7 958 259 төгрөгийн цалингаас ээлжийн амралтын олговор 3 505 105 төгрөг, балансын шагнал 2 068 209 төгрөгийг хасч 2 384 945 төгрөгийг 7 сарын цалин гэж тооцоход нийт 7 958 259 төгрөгөөс 2 068 209 төгрөгийг хасахад 5 890 050 төгрөг болно. Үүнээс сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс 1 сарын дундаж цалин хөлсийг бодоход 8 133 168 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 126 095 төгрөг, 126 095х64 өдөр=8 070 080 төгрөг  болно. Нэхэмжлэгч Ц.Б Техникийн бодлого, зураг төсөл, инженерийн албанд ажиллаж байх хугацаандаа 10 дугаар сард 124 120 төгрөг, 11 дүгээр сард 2 402 163 төгрөг, 12 дугаар сард 2 422 948 төгрөгийн цалин авсан. Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 120 849 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-ыг Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний даргаар ажиллаж байхад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Шаргын-Овоо зөрлөгт 2809 дүгээр галт тэргийг шууд өнгөрүүлэхээр оруулах дохио нээсэн үед замнал буруу байснаас яаралтай тормос хийж зогссон онцгой тооцоот гологдлыг түүний удирдаж байсан Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны харьяа Дохиолол холбооны 3 дугаар ангийн ажилтнуудын буруугаас болсон нь нотлогдсон тул Замын даргын Б-2-239 дугаарын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт ...ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, осол сүйрэл гаргах нөхцлийг бүрдүүлсэн, урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцална, 4.1, 4.3 дахь хэсэгт ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан ажлаа чанартай бүрэн хийж гүйцэтгэнэ, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удирдлагын хууль ёсны тушаал шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ гэсэн заалтууд, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан Замын орлогч даргын хийсэн хурлаас гаргасан шийдвэр,Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө шуурхай хурал, түүний дараа ч энэ талаар эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Мөн өөрийнхөө гаргасан өргөдлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өөр ажилд томилогдон, одоо хүртэл ажлаа хийж байгаа. Дохиолол холбоо, эрчим хүчний албаны зохион байгуулалт бүтцэд өөрчлөлт орж, зөвхөн нэршил дээр сүлжээ гэдэг үг нэмэгдэн, үйл ажиллагаа, үндсэн чиглэл хэвээрээ байгаа тул Ц.Б-тай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өмнөх гэрээгээр ажиллуулж байсан. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар А овогт Ц.Б-ыг Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү 504 096 төгрөгийг М-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 616 753 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг М-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15 773 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх ажил олгогч, зөрчил гаргагч ажилтнуудад гэрээнд заасан арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгчийг ажиллах хугацаандаа ямар сахилгын зөрчил давтан гаргасан талаар дурдаагүй, шалгалт аваагүй, мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 29-д заасантай зөрчилдөж байна.

Шүүх нэхэмжлэгчтэй шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд албаны бүтцийг боловсронгуй болгосноос татан буулгаагүй үндэслэлэээр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2017 оны 4 дүгээр сараас ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байсан тул шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах ажил удааширалттай байсан. Энэ нь зөрчил гаргасан этгээдэд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй бөгөөд нэхэмжлэгчтэй 2015 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу түүнд сахилгын шийтгэл ногдуулахад хууль зөрчих үндэслэл болохгүй юм.

Сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, 504 096 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч М-ын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-ll-239 дүгээр тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, М-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з”,  2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн, нэхэмжлэгч Ц.Б-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дээрхи Б-ll-239 дүгээр тушаалыг үндэслэн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж, ажилтны буруугаас галт тэрэг яаралтай зогсолт хийсэн байхад албаны даргын удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэж үндэслэлгүйгээр буруутгасан гэж маргасан.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлд “Шаргын-Овоо зөрлөгт 2809-р галт тэргийг гол замаар шууд өнгөрүүлэхээр оруулах дохиог нээсэн үед замнал буруу байснаас яаралтай зогсолт хийж онцгой тооцоот гологдол гаргаж сүйрэл гаргах нөхцлийг үүсгэж удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж заасан. Уг асуудлыг хэлэлцэж, осол гарсан нөхцөл байдлыг тогтоож, холбогдох хүмүүст сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар /хх 18-22/ тогтоогдсон байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй орхигдуулжээ.

Хариуцагч байгууллагын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-l-459 дүгээр тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Техникийн бодлого, зураг төсөл инженерийн албаны үл эвдэх сорилтын чанарын ахлах инженерийн ажилд, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б-1-473 дугаар тушаалаар Машин механизм, тоног төхөөрөмж хариуцсан технологич инженерийн ажилд нэхэмжлэгчийг шилжүүлэн ажилуулсан байдлуудыг зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэхэд, Төмөр замын байгууллагын захиргаа хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актууд буюу Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, М-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалтыг үндэслэн баталсан У-ын удирдах газрын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх агуулгатай нийцэж байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй  байна. Иймд нэхэмжлэгчийг албаны даргын үүрэгт ажлаас өөрчилсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн “ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргээ биелүүлээгүй”, хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан “ноцтой зөрчил” гаргасан  үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж хариуцагч тайлбарласан байхад шүүх сахилгын зөрчлийг давтан гаргасан болон мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэж дүгнэлт гаргаагүй, сахилгын шийтгэлийн шат дараалсан арга хэмжээг аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00087 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 120 849 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 773 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                                          ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН                     

                                                                                                               Д.БАЙГАЛМАА