Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00707

 

Д.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01191 дүгээр шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр магадлалтай,

            Д.Х-гийн нэхэмжлэлтэй,

            Ч.Ч-д холбогдох

            Гэм хорын хохиролд 11,037,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Х-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Х- нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатараас Дархан явж байгаад Баруунтурууны даваанд авто тээврийн осолд орж, дээд эрүүний 1 соёо араа хугарч, 2 шүд эрүүнээс мултарч, 3 шүд суларч хөдөлгөөнтэй болсон. Улаанбаатар хотод эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж гадуур шүдний эмнэлгээр 2017 оны 2 дугаар сар хүртэл эмчилгээ хийлгэсэн. Миний бие шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгохоор 3 удаа хүсэлт гаргасан боловч санал нийлэхгүй дүгнэлт гаргасан. Авто тээврийн прокуророос “шүүх эмнэлгийн дүгнэлт ингэж гараад байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй байна. Та хариуцагчийн харъяаллын дагуу шүүхэд гомдол гаргаж болно” гэж хэлсэн. Одоо болтол юм хазаж чадахгүй, үе үе зовиуртай, толгой маш их өвддөг, даралт ихсэж багасдаг болсон. Сэтгэл санааны тогтворгүй байдал үүссэн, хүссэн хоол ундаа идэж чадахгүй явж байна. Хүүхдүүд 2017 оны 4 дүгээр сард БНСУ-д эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх гэсэн боловч Монгол мөнгөөр 6 шүд 52,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод имплант хийдэг шүдний эмнэлэг орж үнэ ханш, чанар зэргийг судалсан. Хамгийн хямд, чанартай олон жил имплант хийсэн эмнэлэг олон шүд учир нэг шүдийг 1,800,000 х 6 шүд нийт 10,800,000 төгрөг болж байна гэсэн. 2016 оны 12 дугаар 27-ны өдөр БНСУлс руу нисэх онгоцны тийз 1,152,300 төгрөгөөр захиалсан байсан. Ослын улмаас билетээ буцаасан шимтгэл 50 ам.доллар тухайн үеийн ханш 2400 төгрөгөөр бодохоор 120,000 төгрөг, 2017 оны 3 сараас Улаанбаатар, Дархан хооронд автобусаар 8 удаа явсан. 80,000 төгрөг авто тээврийн прокуророос материалын хуулбар авахад 20,000 төгрөг, Улаанбаатараас Эрдэнэт рүү вагоноор 17,200 төгрөг нийт 11,037,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ч.Ч-гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.Х- нь осолд орсноос болж дээд соёо араа хугарч, 2 шүд эрүүнээс мултарч, 3 шүд хөдөлсөн гэжээ. Бүтэн 10 сар шахуу толгой өвддөг, даралт ихсэж, багасдаг гэжээ. 40-50 насныханд илэрдэг өвчнийг осолтой холбожээ. Энэ насныханд шүдний асуудалгүй хүн ховор. Энэ хүн өмнө өвчилсөн гэмтсэн, суларсан шүдээ осолтой холбоотой гэжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр дээд зүүн 3 дугаар шүд, доод хэсгээр ташуу хугаралтай дээд баруун 1,2,3 дугаар шүдэнд бэхэлгээтэй. 6 шүд сулралтай, 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэлтэй гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Манай улсад ийм өндөр үнээр шүдээ эмчлүүлдэг хүн хэд байх уу, амьдралаас хол тасархай юм ярьж шүүхэд хандаж их хэмжээний мөнгө нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би жолоо барьж явах үед халтиргаа гулгааны улмаас санамсаргүй тохиолдлоор гулгаж баруун талын бөгсөө шидэж эсрэг урсгалд орж замын хашлагад тулж зогссон. Тэгээд ослын гэрлээ татсан байхад Улаанбаатарын зүгээс өгсөж ирж явсан Приус-11 маркийн машин баруун талаас орж ирж замын хашлагатай хавсарч мөргөсөн. Үүнийг нотлох зураг байгаа. Энэ үед би гүн шоконд орсон. Миний марк 2 авто машин ямарч засвар авахгүй, сэлбэгэнд 1,200,000 төгрөгөөр өгсөн. Замын машин зогсоож Приус-11 53-04 ДАХ машины 2 зорчигчийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Замын цагдаа ирж урсгал сөрсөн таны буруу хохирлыг барагдуул гэсэн. Тэгээд жолоочийн хариуцлагын даатгал болох АРД даатгалаас 5,000,000 төгрөгийг авч Приус машины жолооч н.Хосбаярт 3,400,000 төгрөг, зорчигч Д.Х-д 1,600,000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед Приус-11 машиныг хурд хэтрүүлсэн, бүрэн бус техниктэй явсан гэж бодож байна. Хэрэв Приус-11 машин хурдаа сааруулж зогсоох арга хэмжээ авсан бол би ч энд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Х-гийн шүд гэмтэж, миний машин их эвдрэл авахгүй байсан. Тухайн осол болсон үед би зорчигчгүй ганцаараа явж байсан. Нэхэмжлэгч нь Приус-11 53-04 ДАХ машинд зорчиж явсан. Уг машины жолооч н.Хосбаяр тендерийн бус хулгайн тээвэр хийж 2 зорчигчтой зорчиж явсан. Зорчигч нар нь аюулгүйн бүсээ зүүгээгүй зөрчилтэй зорчиж явсан. Намайг урсгал сөрж зогссон гэж байцаагч буруутгасан. Одоо иргэн Д.Х-гийн нэхэмжилж буй 11,037,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэлийг ослын үед авсан фото зургаас харсан ч н.Хосбаярын машин ирж миний машиныг мөргөсөн мөргөлтийн хүч ямар байсныг харж болно. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01191 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-гээс 8,829,760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,207,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч-гээс 156,226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Х-д олгож шийдвэрлэжээ.                       

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01191 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-гээс 237,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-д олгож, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 10,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтад “...хариуцагч Ч.Ч-гээс 156,226 төгрөг гаргуулж...” гэснийг “...хариуцагч Ч.Ч-гээс 7766 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэдхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг алдаа гаргасан гэж үзэж байна.

1. Нэхэмжлэгч Д.Х- нь хариуцагч Ч.Ч-гийн гэм буруутай үйлдлийн улмаас бие махбодиор хохирч үүдэн дээд 1 шүдний хугарал, үүдэн дээд 6 шүдний сулрал гэсэн гэмтэл учирсан болох нь Тээврийн прокурорын газрын 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 103 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 797 дугаартай дүгнэлт болон 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 336 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдсон байдаг. Нэхэмжлэгч суларсан шүднүүддээ эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнд хүрээгүй бөгөөд цаашид дээрх шүднүүдэд имплант суулгах шаардлагатай болсон нь “Би Си Медикал” ХХК-ийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 316 дугаартай тодорхойлолтоор тогтоогдсон байдаг. Нэхэмжлэгч Д.Х- нь эмнэлэгт үзүүлэн, эмчилгээнд хамрагдан цаашид зайлшгүй хийгдэх эмчилгээний үнийг тухайн эмнэлгийн үнэ тарифын дагуу нэхэмжилсэн болно. Гэтэл магадлалын хянавал хэсэгт “..Д.Х-гийн гэмтсэн үүдэн дээд 6 шүдэнд имплант суулгах эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн эсэх, нэхэмжилж буй 10,800,000 төгрөг эмчилгээний зайлшгүй зардал болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч Д.Х- гэмтсэн шүдний эмчилгээ хийлгэхээр үзүүлж байсан, өмнө эмчилгээ хийлгэсэн ч шүдний сулрал засагдаагүй, имплант 1 шүдний үнэ 1,800,000 төгрөг болохыг нотолж чадаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэсэн байдаг. “Би Си Медикал” ХХК-ийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 316 дугаартай тодорхойлолтод “Хуягаа нь 11,12,13, 21,22, 23 шүднүүдэд чиг тавиулах эмчилгээ хийлгэж байсан боловч эмчилгээний үр дүн муу байгаа тул дараагийн шатны эмчилгээ болох имплант шүд суулгах шаардлагатай, эмчилгээний нийт зардал 10,800,000 төгрөг болно, нэг имплант шүдний үнэ 1,800,000 төгрөг болно” гэж тодорхой тусгасан байдаг. “Би Си Медикал” ХХК-ийн гаргасан тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 болон 44 дүгээр зуйлийн 44.1-т заасан бичгэн хэлбэрийн бичмэл нотлох баримт байхад давж заалдах шатны шүүх энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс ч “Би Си Медикал” ХХК-ийн тодорхойлолтыг хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй хэмээн маргаагүй байхад давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

Магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч Д.Х- нь үүдэн шүдний сулрал, гэмтлийг засах эмчилгээг дахин хийлгэсний улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх үед энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Х- нь одоогоор ажил эрхэлдэггүй, ач зээгээ хардаг бөгөөд үүдэн 6 шүдний имплант хийлгэхэд шаардагдах 10,800,000 төгрөгийг өөрийн зардлаар гаргаад дараа нь хариуцагчаас нэхэмжлэх боломжгүй тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасны дагуу эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжилж байгааг анхааран үзэх нь зүйтэй. Хуулийн дагуу нэхэмжлэгч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх эрхтэй байхад дээрх зохицуулалтыг хэрэглээгүй явдал нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Хариуцагчийн хувьд өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан болох нь прокурорын 103 дугаартай тогтоолд “12-29 ОРА тээврийн хэрэгслийг Ч.Ч- нь жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас С.Хосбаярын жолоодож явсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Алтан гадасын хишиг ХХК-д 3,448,000 төгрөгний шууд, зорчигч Д.Цэцэгдарь, Д.Х- нарын биед хөнгөн гэмтэл учруулан зам тээврийн осол гаргасан байна” гэж заасан болон хариуцагчийн зүгээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчдод нөхөн төлбөрийн урьдчилгаа төлсөн зэргээс харагдаж байдаг. Хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын биед гэм хор учруулсан нь нэгэнт тогтоогдсон, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байхад хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй нь мөн л шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Магадлалд"... имплант 1 шүдний үнэ 1,800,000 төгрөг болохыг нотолж чадаагүй” гэсэн байдаг. Гэтэл имплант шүд хийлгэх нь өөрөө өндөр өртөгтэй, нэг шүдэнд имплант хийлгэхэд 2,000,000             төгрөг байдаг. Харин нэхэмжлэгчийн хувьд зах зээлийн үнээс арай хямдаар имплант хийдэг эмнэлэг олсон бөгөөд 1 шүдний имплантыг 1,800,000 төгрөгөөр хийнэ гэж тодорхойлсон байдаг. Имплант хийлгэх үнийг аль ч дурын эмнэлгээс асуухад ойролцоогоор хэдэн төгрөгийн үнэ хөлстэй болохыг мэдэх боломжтой. Түүнчлэн “Би Си Медикал” эмнэлгийн лавлах утаснаас асуухад уг эмнэлэг дээр хийгдэх имплант 1 ширхэг шүдний үнэ хөлсийг мэдэх боломжтой. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцнэ. Давж заалдах шатны шүүх хуулийн энэхүү заалтыг анхаарч үзээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас 10,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                       

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ

          Нэхэмжлэгч Д.Х- хариуцагч Ч.Ч-д холбогдуулан гэм хорын хохирлыг арилгуулахаар эмчилгээний зардал гэж 11,037,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэмтлийн улмаас хохирогчийн шүд суларч, 1 шүд хугарч түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч тухайн үед ослын бүсээ зүүгээгүй зөрчилтэй явж байсан, хугарсан болон суларсан шүдний эмчилгээний зардлыг бэлнээр өгсөн байхад дахин хэтэрхий их хэмжээний мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ч.Ч- нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тоёото Марк-2 12-29 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ С.Хосбаярын жолоодон явсан Тоёото Приус-11 53-04 ДАХ машинтай мөргөлдөж, Приус-11 машины зорчигч Д.Х-, Д.Цэцэгдарь нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон ба жолооч С.Хосбаярын гэм буруутай эсэх талаар ямар нэг гомдол гаргаагүй байна.

            Нэхэмжлэгч Д.Х- дээрх  ослын дараа үүдэн дээд 1 шүдний хугарал, үүдэн дээд 6 шүдний сулрал гэмтлийг “Од” шүдний эмнэлэгт эмчлүүлсэн, хариуцагч эмчилгээний зардал 1,600,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар талууд маргаагүй.

        Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Х-гийн гэмтсэн үүдэн дээд 6 шүдэнд имплант шүд суулгах эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн эсэх, нэхэмжилж буй 10,800,000 төгрөг эмчилгээний зайлшгүй зардал болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад “Би Си Медикал” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  тодорхойлолтыг үндэслэж,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруу гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хуульд заасны дагуу биелүүлээгүй, “Би Си Медикал” ХХК нь шүдний эмчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, нэхэмжлэгч Д.Х-д гэмтсэн үүдэн шүдний эмчилгээ хийсэн ч шүдний сулрал засагдах боломжтой эсэх, имплант 1 шүдний үнэ 1,800,000 төгрөг болохыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

         Нэхэмжлэгч нь эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан замын зардал, бусад зардал, онгоцны билетийг буцаалгасны төлбөр гэсэн зардалд нийт 237,200 төгрөгийн хохирол учирсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан замын хуудас, билетний хуулбар гэсэн баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн, хариуцагч Ч.Чойжилсүрэн уг хохирлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөрчөөгүй байна.          

       Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хор арилгах эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй байхаар зохицуулагдсан хэдий ч нэхэмжлэгч үүдэн дээд 6 шүдний сулрал гэмтлийг эмчлүүлсэн боловч зохих үр дүн гараагүй, шүдний сулрал засагдаагүй, цаашид имплант шүд суулгах эмчилгээг хийх шаардлага үүссэн, тухайн эмчилгээг хийлгэхэд гарах зардлын хэмжээ тодорхой тогтоогдсон тохиолдолд хариуцагч Ч.Чойжилсүрэнгээс хуульд заасны дагуу эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэх боломжтой бөгөөд тэрээр үүдэн шүдний сулрал гэмтлийг засах эмчилгээг дахин хийлгэсний улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН