Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00910

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01303 дугаар шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

            Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

            “А” ХХК-д холбогдох

            Татварын өр 31,567,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

          Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлд: “А” ХХК нь Татварын хэлтэст 4379934 тоот регистрийн дугаартайгаар 2009 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу “А” ХХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1 албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана гэж заасны дагуу 2016 оны жилийн эцсийн байдлаар НӨАТ-н тайлангаар 583,112 төгрөгийн тодорхойлсон татварын өр төлбөр, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байдаг. Татвар төлөгч нь хувь хүний орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-11/ 2,155,400 төгрөг ногдуулан тайлан гарган татварын хэлтэст ирүүлсэн боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйл 43.5 дахь хэсэгт Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасан байдаг бөгөөд татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Татварын улсын байцаагчийн 200015500 тоот актаар “А” ХХК-д холбогдуулан 28,828,890 төгрөгийн төлбөр бүхий актыг хариуцуулж татвар төлөгчид гардуулан өгсөн байна. Захирал Б.Оюунгэрэл нь хуулиар хүлээлгэсэн актаар тогтоогдсон төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Татварын ерөнхий хуульд хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг хураан барагдуулахаар тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай байдаг бөгөөд хуулийн дагуу мэдэгдэх хуудас гардуулах, харилцах дансыг хаах, албан шаардлага хүргүүлэх, ногдол ашиг, хувьцаанаас өрийг гаргуулах зорилгоор үнэт цаасны газраас лавлагаа авсан, татвар төлөгчийн эд хөрөнгийн лавлагаа авах зэргээр хуульд заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн боловч татварын өр төлбөр өнөөг хүртэл барагдахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 31,567,402 төгрөгийг “А” ХХК захирал Б.Оюунгэрэлээс гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Хариуцагч “А” ХХК-ийн захирал Б.Оюунгэрэлийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компанийн 2010-2012 оны санхүүгийн тайлан тооцоог Татварын албанаас шалгаж 28,828,890 төгрөгний нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй байна гэх асуудлыг татварын албанаас мэдэгдэж байсан. Уг асуудлыг яригдаж байх үед татварын албанд төлөхөөр манай компаниас уг татварыг суутган авсан байсан “Саммит” ХХК нь төлсөн, төлөөгүй гэх маргаан гарч уг асуудлаар цагдаагийн газарт шалгагдаж байсан. “Саммит” ХХК-аас бараа худалдан авах үед уг компани нь НӨАТ суутгасан тухай 4 ширхэг падааныг манай компанид өгсөн бөгөөд уг НӨАТ-ын падаан хуурамч эсэхийг шалгаж бидэнд өгсөн падаан, суутгасан мөнгийг татварын албанд өгсөн өгөөгүй гэх асуудлаар цагдаагийн газарт шалгуулсан. Улаанбаатар хотын Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2016.04.30-ны өдрийн 1174 тоот прокурорын тогтоол гарсан. Энэ хэргийг шалгаж байх үед Цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Билгүүн надаас тайлбар авах үедээ “Саммит” ХХК-аас олгосон баримтын эхийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж судлуулна гээд 4 НӨАТ-ын падаан болон зарлагын падааныг хураан авсан. Ингээд “Саммит” ХХК нь уг мөнгийг төлсөн байна гэж асуудлыг тухайн үед хэлж байсан. Энэ асуудал дууссаны дараа 2016 онд манай компанийг уг татварыг төлөх ёстой гэсэн татварын байцаагчийн акт гарч танилцуулсан. Энэ талаар холбогдох баримтыг “Саммит” ХХК-аас асуулгахад “Саммит” ХХК нь 2789655 борлуулалтын НӨАТ-ын дугаартай авсан падааны 9141511 дугаартай, 9,805,000 төгрөгний НӨАТ, 2011.12 сарын төлөлтөд 2789655 борлуулалтын НӨАТ-ын дугаартай 9141515 дугаартай падаанаар 2012.03 сард 19,022,986 төгрөгний НӨАТ татварыг төлсөн баримт байгаа гэж хэлсэн. “Саммит” ХХК нь тухайн үед НӨАТ-ыг суутгаад надад 4 падаан өгч байсан учир уг татварыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Саммит” ХХК-д уг НӨАТ-ын татварыг суутгуулж байснаа нотлох 4 падааньг эрүүгийн хэргээс судлуулах хүсэлтэй байна гэжээ.

             Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01303 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас татварын өр 31,567,402 төгрөг гаргуулж Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 315,787 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.20 ны өдрийн 142/ШШ2017/01303 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.06-ны өдрийн 15 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2 заалтыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Улсын    байцаагчийн актад гомдол гаргаагүй гэх үндэслэлээр 28,828,890 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Акт хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл нь тухайн актад маргаан үүсгэх боломжгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ анхан шатны шүүх үндэслэх хэсэгт дурдаагүй. Харин давж заалдах шатны шүүх гомдол гаргаагүй нь төлбөр төлөгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл гэсэн дүгнэлтийг хийсэн. Актад гомдол гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох тухай хууль зүйн үндэслэлийг аль аль шатны шүүх нь дурдсангүй. Актад гомдол гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тухай татварын хууль тогтоомжид байхгүй бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байсан талаарх хэрэгт нотлох баримт ирүүлсэн. /11 хх/ Уг татварыг төлөх тухай акт нь ямар баримтыг үндэслэн гарсан акт болох, татвар ногдуулах бараа байсан эсэх талаар нэхэмжлэгч нотлоогүй байдлыг шүүх анхаарч үзээгүй нь ИХШХШ тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан ба хариуцагч төлөхгүй гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн. Хэрэгт татварын ерөнхий газраас ирүүлсэн баримтад “Саммит” компьютер технологи ХХК-ийн татварын тайлангийн хуулбарыг нотлох баримтаар ирүүлэх хүсэлт тавьсны дагуу нотлох баримт ирсэн. Уг баримтаас Саммит компьютер технологи ХХК нь 2011 оны 12 сарын төлөлтөд 2789655 борлуулалтын НӨАТ дугаартай авсан падааны 9141511 дугаартай, 9,805,000 төгрөгний НӨАТ төлсөн баримт, 2012.03 сард 9141515 дугаартай 19,022,986 төгрөгний НӨАТ төлсөн баримтыг татварын байгууллагад мэдүүлээгүй. “А” ХХК компанид олгосон гэх дээрх НӨАТ-ын падаан баримтын дагуу НӨАТ-ын татвараа татварын байгууллагад төлөөгүй болохыг нотолсон. /Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2017.12.12-ны 5/2380 тоот албан бичиг 77хх-118 хх/ Мөн уг асуудалтай холбоотой “А” ХХК буруутай хэмээн дүгнэсэн татварын байцаагчийн 200015500 тоот актын хавсралт 2 дурдсан Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2014.04.30-ны өдрийн 1174 тогтоол бүхий баримт нь “А” ХХК хамааралтай болох түүнийг үндэслэн акт тогтоож байгаагаа дурдсан энэхүү актын үндэс болсон тухайн эрүүгийн хэрэг “А” ХХК-д хамааралгүй хууль бус болохыг нотолсон баримт уг тоот хэргээс ирсэн. /Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2017.11.23-ны өдрийн б/4410 тоот албан бичиг 44хх /. Харин энэхүү хэрэгсэхгүй болгосон тогтоолын агуулгаас харахад Саммит компьютер технологи ХХК нь бусдаас авсан НӨАТ-ын татвараа мэдүүлдэггүй талаар шалгагдсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, уг хэрэг “Оюу толгой” ХХК /45хх-52 хх/ холбогдох падааныг шалгасан болох нь нотлогдсон. Энэхүү баримтыг ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 заалтыг үндэслэн шүүх бүрдүүлсэн боловч хэрэгт канондсан хуулбар ирүүлсэн баримтыг үнэлсэн байдалд давж заалдах шатны шүүх хариуцагч өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй. Хэргийн бодит байдал, тухайн акт гаргах болсон үндэслэл бүхий холбогдох баримт “А” ХХК хамааралгүй, “А” ХХК-ийн захирал Б.Оюунгэрэл нь холбогдох баримтыг авах гэхэд холбогдох байгууллагад байхгүй гээд өгөөгүй, гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэгт хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Хэзээ хаана, ямар тоот падааныг хий бичүүлэн авсан байдал хэрэгт нотлогдохгүй, ямар орлого, зарлага бүхий НӨАТ-ын падаанд үндэслэн улсын байцаагч акт гаргасан баримт хэрэгт байгаагүй зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

2011 оны 12 сарын төлөлтөд Саммит компьютер технологи ХХК нь 2789655 борлуулалтын НӨАТ дугаартай авсан падааны 9141511 дугаартай /татварын байгууллагаас олгосон/, 9,805,000 төгрөгний НӨАТ төлсөн баримт, 2012.03 сард 9141515 дугаартай /татварын байгууллагаас олгосон/ 19,022,986 төгрөгний НӨАТ төлсөн баримт хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн гэх татварын байцаагчийн 200015500 актад дурдсан үйл баримтын “хий бичсэн падаан” гэх байдлыг нэхэмжлэгч нотлоогүй байхад шүүх буруу дүгнэлт хийж, хариуцагч холбогдох газруудад хүсэлт тавьж эдгээр “хий бичсэн гэх падаан” ыг олох гэж зорьсон боловч “хий бичсэн гэх падаан”ууд холбогдох байгууллага буюу Эрүүгийн гэх хэрэг, Саммит компьютер технологи ХХК холбогдох баримтуудаас гарч ирээгүй болохыг хариуцагч нотолсон. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын дээрх 9141511, 9141515 дугаартай падааныг Саммит Технологи ХХК нь Татварын албанаас дугаар авч, авсан талаар нэхэмжлэгч маргадаггүй ба ямар падаан байсан, уг падааныг үндэслэн актад бичигдсэн үнийн дүн зөв эсэх, хаанаас гарч ирсэн падаан болох зэргийг хэрэгт нотлогдоогүй. Мөн татварын улсын байцаагчийн хүсэлтийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэх хэрэгт “А” ХХК нь “хий падаан бичүүлсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй, уг шалгасан хэрэгт “хий бичүүлсэн гэх падаан” байхгүй гэх нотлох баримт хэрэгт ирсэн байхад ямар баримтыг үндэслэн акт тогтоосон болох нь нотлогдоогүй татварын байцаагчийн акт хууль бус болохыг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотолсон байдлыг анхаарч үзээгүй. НӨАТ-ын дээрх 9141511, 9141515 дугаартай падааныг Саммит компьютер технологи ХХК нь өгсөн, нэхэмжлэгч байгууллагаас ийм дугаартай баримт гарсан гэх атал “хий бичүүлсэн” гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд Саммит компьютер технологи ХХК нь хий бичиж өгсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтыг зөрчиж хэргийн бодит байдалд үнэлж, хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.20-ны өдрийн 142/ШШ2017/01303 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.06-ны өдрийн 15 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

        Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 200015500 дугаар актаар тогтоогдсон 28,828,890 төгрөг, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын өр 583,112 төгрөг, хувь хүний орлогын албан татварын өр 2,155,400 төгрөг нийт 31,567,402 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...28,828,890 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй байна гэх асуудлыг татварын албанаас мэдэгдэж байсан үед манай компаниас уг татварыг суутган авсан байсан “Саммит” ХХК нь төлсөн, төлөөгүй гэх маргаан гарсан, “Саммит” ХХК нь тухайн үед НӨАТ-ыг суутгаад 4 падаан өгч байсан учир уг татварыг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

              Татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 200015500 дугаар актаар татварын хяналт шалгалтаар нийт 288,288,900 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд, Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн нийт 28,828,890 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэх тухай заасан байна.

            Хариуцагч “А” ХХК нь дээрх актын талаар гомдол гаргаагүйг уг актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд улсын байцаагчийн 200015500 дугаар актаар тогтоогдсон 28,828,890 төгрөг болон 2016 оны жилийн эцсийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар 583,112 төгрөгийн тайлангаар тодорхойлсон татварын өр төлбөр, хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2,155,400 төгрөг ногдуулан тайлан гаргасан бөгөөд дээрх өр, төлбөрөө төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

           Татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвараа тайлагнан улсын төсөвт төлөх үүрэгтэй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул хариуцагч “А” ХХК-аас татварын өр 31,567,402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.  

             Хариуцагч “А” ХХК нь 28,828,890 төгрөгийг төлөхгүй гэсэн үндэслэлээ “Саммит” ХХК-тай  холбон тайлбарлах боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзнэ.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн татварын өр төлбөртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шйидвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01303 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 315,787 /гурван зуун арван таван мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН