Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 137

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Боржигин овогт Д.М,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, түүний өмгөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М болон түүний өмгөөлөгч Ө.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “Миний бие 2012 оноос МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар МУБИС-ийн захирлаар томилогдон ажиллаж байна.

Захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2014-2016 онуудад Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, хагас, бүтэн жилээр үр дүнг тайлагнаж, салбарын сайдаас тухай бүр “Маш сайн” гэж дүгнэгдэж ирсэн. Гэтэл 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд үр дүнгийн гэрээ байгуулж, түүнийг дүгнээгүй атлаа миний биеийг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн.

Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн тухай. Миний биеийг ажлаас халсан тухай шийдвэрийг албажсаны дараа олж мэдсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд ажлаас халах тухай шийдвэрийг гаргахаас өмнө надад ажлаас чөлөөлж байгаа тухай мэдэгдээгүй, шийдвэр гарах ажиллагаанд намайг оролцуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн.

Ээлжийн амралтаа эдэлж байхад чөлөөлсөн тухай. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” А/230 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, МУБИС-ийн захирлын 2017 оны Б/38 дугаар тушаалын дагуу миний бие 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралтаа биечлэн эдэлж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар ээлжийн амралттай хугацаанд тухайн ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдахаас гадна уг хугацаанд ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон. 

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. 

Аудитын шалгалтын дүнг танилцуулаагүй тухай: Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны “МУБИС-ийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шинжилгээний ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн тухай” 03 дугаар тогтоол байх бөгөөд энэ нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3.3-т заасны дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах” үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлэхгүйгээр гүйцэтгэсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнг Аудитын хороогоор хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсан нь хууль бус байна.

Миний бие ажил хүлээлцэх үед буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халагдсан талаарх үндэслэл, баримт бичгийг гаргаж өгөхийг шаардаж байж, гаргуулан авсан “Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн шалгалтын тэмдэглэл” хэмээх баримт бичигт шалгалтын ажлын хэсгийн 5 гишүүнээс зөвхөн 2 нь гарын үсэг зурсан байсан тул энэхүү баримт бичгийг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй бөгөөд уг баримт бичгийг хэлэлцсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол нь мөн хүчин төгөлдөр бус юм.

Дээрх хүчин төгөлдөр бус баримт бичиг, үйлдэл, үйл ажиллагаануудад үндэслэн гарсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаал нь мөн хууль зүйн үндэслэлгүй юм.

Дотоод аудитын үйл ажиллагаанд миний биеийг оролцуулж, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломж, эрхийг олгоогүй, мөн түүний үр дүн, дүгнэлтийг танилцуулаагүй атлаа миний биеийг захирлын албан тушаалаас халах үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байна.

Монгол Улсын Боловсролын их сургууль нь Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын дагуу гаргаж, Төсвийн тухай хуулиар тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн бөгөөд Үндэсний аудитын газар тухай бүрд нь аудит хийж, зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргаж байсан.

Төсвийн тухай хуульд нийцээгүй тухай: Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн миний бие Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтад зааснаар Их, дээд сургуулийн захирал төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь заалтад зааснаар Төсвийн шууд захирагчийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу төрийн албаны шалгалт өгөн тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах шаардлагуудыг бүрэн хангасны үндсэн дээр томилогдсон. 

Төсвийн тухай хуулийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу миний бие харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд уг гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэх үүрэгтэй. Миний бие 2016 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2016 оны 12 дугаар сард явуулсан боловч үр дүнгийн гэрээг дүгнээгүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд надтай 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-д “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна”, 40.4.2-д “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулал, хариуцлага тооцох” гэж заасныг зөрчиж, төсвийн зөрчил гаргасан гэж дүгнэн хариуцлага тооцож байгаа нь хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн хуульд нийцээгүй тухай: Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтад заасан зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтын дагуу төрийн өмчит их сургуулийн захирлыг чөлөөлөх эрхтэй боловч энэ эрхээ хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлээгүй.

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, өмгөөлөгч П.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн удирдамжийн  дагуу  ажлын  хэсэг  байгуулагдан  Монгол  Улсын  Боловсролын  их сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн. 

Энэхүү ажлын хэсгийн тайланд МУБИС-ийн дотоод үйл ажиллагаанд санхүүгийн зөрчил гарсан болохыг илрүүлсэн тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус сургуулийн төсвийн шууд захирагч, захирал Д.М-д хариуцлага тооцож ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгосон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Д.М-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн МУБИС-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Д.М нь ээлжийн амралтаа эдэлж байхад надад урьдчилан мэдэгдэлгүйгээр чөлөөлсөн” гэж тайлбараж байх боловч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/111 дүгээр тушаалаар их, дээд сургуулийн бүх удирдах албан тушаалтныг хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ажиллах үүрэг өгсний дагуу МУБИС-ийн захирал Д.М нь үүрэгт ажлаа эрхлэн ажиллаж байсан.

Д.М нь санхүүгийн зөрчил гаргаж, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд ажилтанд заавал урьдчилан мэдэгдэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй тул Д.М нь хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. 

Д.М нь “Би санхүүгийн зөрчил гаргаагүй, 2017 онд зөрчилгүй байгууллага болж байсан” гэж байх боловч энэ нь тус сургуульд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дотоод аудитын газрын урьдчилан шийдвэрлэх, дүгнэлт гаргахад шууд нөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь Аудитын тухай хуульд заасан чиг үүргээс төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын асуудал хариуцсан чиг үүрэг огт өөр, Төсвийн тухай хуль Засаг газрын 2015 оны 483 дугаар тогтоол, Сангийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар эрх зүйн үндэслэлийг нь тогтоосон тусгай журам байдаг. Дээрх эрх зүйн хүрээнд дотоод аудитын үйл ажиллагаа явуулж, төсвийг ерөнхийлөн захирагч буюу сайд дотоод аудитын хороонд тус тус танилцуулагдаж, улмаар аудит хамрагдсан байгууллагын удирдлагад танилцуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь дотоод аудитын танилцуулгад бүрэн оролцож, гарын үсэг зурж баталгаажсан. Гэтэл МУБИС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа талаар захирал Д.М нь мэдсээр байж гарсан аудитын дүгнэлттэй танилцсан атлаа “Би огт мэдээгүй, надад танилцуулаагүй” гэж тайлбарлаж байгаа нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Ийм Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Д.М-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/11 дүгээр  тушаалаар  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дугаар зүйлийн 40.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны “МУБИС-ийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шинжилгээний ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн тухай” 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Д.М-ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээлцүүлснээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М  нь энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж маргаж, тус шүүхэд уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  Д.М  нь  нэхэмжлэлийн  шаардлагын  үндэслэлээ “... 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь шийдвэр гаргахаасаа өмнө надад мэдэгдэж, шийдвэр гаргах ажиллагаанд намайг оролцуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгоогүй ... ээлжийн амралт эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн ... аудитын шалгалтын үр дүнг танилцуулаагүй атлаа уг дүгнэлтийг захирлын албан тушаалаас халах үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн ... сайд надтай 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа төсвийн зөрчил гаргасан гэж дүгнэж хариуцлага тооцож байгаа нь хуульд нийцээгүй” гэж, хариуцагч нь “Д.М нь санхүүгийн зөрчил гаргаж, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн ... сайдын тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ.

Нэг: “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Д.М-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/11 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар  Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дуусах хүртэл хугацаанд тус сургуулийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.М-ыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Улмаар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар  Д.М-ыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Боловсролын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрөөс тус их сургуулийн захирлын албан тушаалд жинхлэн томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтад зааснаар төсвийн шууд захирагч буюу Боловсролын их сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах ёстой.

Нэхэмжлэгч Д.М нь төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр тухайн албан тушаалд томилогдсон, хариуцагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн хувьд төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлдэг тул түүний эрх зүйн байдлыг дан ганц Хөдөлмөрийн тухай хуулиар тодорхойлох боломжгүй, харин төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах  үндэслэлийг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны болон Төсвийн тухай хуулийг баримтлах ёстой гэж үзнэ.

Тодруулбал төрийн албан хаагчид төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол ... дараах сахилгын шийтгэлийг ногдуулна”,  26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж, орохгүйгээр ахлах” гэж хуульчилжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь 2017 оны 03 дугаар 30-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамжийг  баталж, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооноос тус сургуулийн 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, 859,5 сая төгрөгний 14 зөрчил илрүүлсэн, улмаар Дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шинжилгээний ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, тус дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор  тус сургуульд ажилласан ажлын хэсгийн тайлан, зөвлөмжийг зөвшөөрч, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.М-д хариуцлага тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгожээ. 

Дээрх маргааны үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий актаар  нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагчийнх нь хувьд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж, байгууллагад хохирол учруулсан гэж үзсэн байх бөгөөд маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.5, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг гол үндэслэлээ болгожээ.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм” -ийн 6.3.6-д “... дотоод аудитор нь    санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх”-ээр, Сангийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Дотоод аудитын хорооны дүрэм”-ийн 4.1.2-т “Дотоод аудитын хороо нь дотоод аудитын нэгжийн гүйцэтгэсэн аудитын үр дүнг хэлэлцэх, шийдвэр гаргах,  зөвлөгөө өгөх”-өөр журамлажээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шалгалтаар илэрсэн гэх санхүүгийн зөрчил бүр нь ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, бусад албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт үйлдээгүй, өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээ дүгнээгүй атлаа санхүүгийн шалгалтаар илэрсэн гэх 14 төрлийн 859,5 сая төгрөгийн зөрчлийг дан ганц нэхэмжлэгчид хамаатуулан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ... ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй болжээ. 

Учир  нь  хариуцагч  Боловсрол,  соёл,  шинжлэх  ухаан,  спортын  сайд  нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг илүү нарийвчилсан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүйгээр дан ганц Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь заалтад заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болно.

Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 02  дугаар сарын 20-ны өдрийн А/57 дугаар тушаалаар  Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирлуудын Боловсрол, Соёл, шинжлэх ухааны Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ хийж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд улмаар уг ажлын хэсгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургууль, коллежийн захирлуудын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцэж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.М-ын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 90 оноогоор дүгнэж байжээ.

Түүнчлэн Үндэсний аудитын газраас Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “зөрчилгүй” хэмээн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан Үр дүнгийн гэрээг дүгнэсэн хуудас , аудитын гэрчилгээ  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй байна. 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “Маш сайн” буюу 90 оноогоор дүгнэсэн, 2017 онд түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа шалгалтын зорилгоосоо хазайсан Дотоод аудитын тогтоолыг үндэслэн түүнд хариуцлага ногдуулсан нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-д заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгч Д.М нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох нэг үндэслэлээ “аудитын шалгалтын үр дүнг танилцуулаагүй атлаа уг дүгнэлтийг захирлын албан тушаалаас халах үндэслэл болгосон” гэж тайлбарлан маргаж байна.   

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тушаалаар батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3.3-т зааснаар дотоод аудитор нь  хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах үүрэгтэй байна. 

Мөн  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн  шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой.  

Гэтэл хариуцагч Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь аудит хийсэн шалгалтын тэмдэглэл, Дотоод аудитын хорооны тогтоолыг түүнд танилцуулаагүй, түүнчлэн маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй болох нь шалгалтын тэмдэглэл  гэрч Б.Д-ийн “... шалгалтын нэгдсэн дүгнэлтээ /дүнг/ албан ёсоор танилцуулаагүй ...” гэсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь энэхүү хэргийн үйл баримтыг үгүйсгэхгүй байна. 

Иймд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох нэг  үндэслэлээ “... ээлжийн амралт эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлан маргаж байна.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/230 дугаар тушаалаар төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирлуудын 2017 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.М-ын амралтын  хугацааг  2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ныг хүртэл ажлын 30 хоногоор тогтоосон байх боловч хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлыг шуурхай зохион байгуулах ажлын  хүрээнд  Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/111 дугаар тушаалаар ээлжийн амралтын хуваарь баталсан өмнөх тушаалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн ээлжийн амралт дуусах хугацааг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр болгон өөрчилсөн, маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан захирлын тушаалууд , төлбөрийн баримт, нэхэмжлэл , албан бичиг, бүртгэл хяналтын карт, өргөдөл  баримтуудаар тогтоогдож байна.  Иймд нэхэмжлэгчийн “... ээлжийн амралт эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.М нь ямар хэмжээний зөрчлийг хэзээ гаргасан, уг зөрчил нь ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байхын нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь Төсвийн болон Төрийн албан тухай хуульд заасан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж, орохгүйгээр халах хэмжээний ноцтой зөрчил гэж үзэхээргүй, түүнчлэн шалгалтын тэмдэглэл, Дотоод аудитын хорооны тогтоол нь дангаараа төрийн албан хаагч Д.М-д сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас халах, өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлагыг хүлээлгэх ёстой байхад илэрсэн зөрчил, дутагдлыг шалгалтын зорилгодоо нийцүүлэн зөвлөмж өгч арилгуулан тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхгүйгээр “зөвлөмж гаргах, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөгөө өгч, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” гэсэн шалгалтын зорилгоосоо хазайж, тэдгээрийг шууд ажлаас халах үндэслэл болгосон нь нэхэмжлэгчийн “ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь халж, хуулиар тогтоосон “төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаа”-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Д.М-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/11 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хоёр: “... ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.М нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ныг  дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч Д.М-ыг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг нэгэнт тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 6 сар 7 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 22.187.805   төгрөг /суутгал тооцоогүй дүн/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу Д.М-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзпээ. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.М-ыг урьд эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 6 сар 7 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 22.187.805 /хорин хоёр сая нэг зуун наян долоон мянга найман зуун тав/ төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нэхэмжлэгч Д.М-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.Б