Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 550

 

 

 

Б.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00036 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тын хариуцагч НЗД С.Бод холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирмжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т улсад 20 жил боловсролын байгууллагад 17 жил тасралтгүй багш, сургалтын менежер, захирлын ажлыг тус тус хийж ирсэн. 2014 оны 04 дүгээр сард СБД-ийн 1 дүгээр сургуулийн захирлаар томилогдож ажилласнаас хойш “НЗДТГ, НБГ-аас 2016 онд шилдэг тохижилттой цэмцгэр байгууллагаар, шилдэг тохижилттой ногоон байгууламжтай шилдэг сургууль, Эрүүл мэндийг дэмжигч сургууль, Боловсролын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэгч шилдэг сургууль, шилдэг өмч эзэмшигч байгууллага”-аар тус тус шалгарч, үр дүнтэй ажилласан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн аудит, НБГ-аас удаа дараагийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гомдлоор хийсэн шалгалтаар ноцтой зөрчил гарч байгаагүй, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө зохион байгуулалттайгаар хамт олны уур амьсгалыг үймүүлсэн нэр бүхий 7 хүн цуу яриа ярьж, намайг сургуулийн спорт заалыг ашиг олох сонирхлоор ашиглаж байна гэх мэт үндэслэлгүйгээр нэр төрд халдаж, гүтгэн доромжилж, мөшгин мөрдөж зохиомол яриа гаргаж ажил хийхэд дарамт учруулсны  улмаас миний ажилд НБГ, СБДБХэлтсээс хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж дүгнэлтийг гарган, дүгнэлтээр үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж 2 сар цалингийн 20 хувиар бууруулж байсан. Цаашлаад орон нутгийн сонгууль болж төрийн үйлчилгээний албан хаагч намайг намын харьяалалтай, улс төрийн томилгоогоор ажилд томилогдсон гэж үзэж НБГ-ын дарга өөрчлөгдөж, бүтэц бүрэлдэхүүнийг шинээр бий болоход дахин ажлын хэсэг байгуулан, уг ажлын хэсэг шалгалтаар ирсэн. Мөн НБГ-аас 2017 оны 03 дугаар сард дахин шалгалтаар н.Д /НБГ-ын дэд дарга/-р ахлуулсан ажлын хэсэг ирсэн бөгөөд урьдчилан мэдэгдээгүй, ямар гомдол гаргасныг танилцуулаагүй, шалгах удирдамжаа танилцуулах хүсэлт гаргахад үзүүлэх боломжгүй, дараа нь өгнө гэж хэлж, удирдамж өгөөгүй. Шалгах явцдаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь ёс зүйн хэм хэмжээг зөрчин багш, ажилчид, суралцагчдаас тулган шаардаж, зандарсан аястай нэг өдөр сургууль дээр ажиллаад явсан. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагт Б.Т намайг ажлаас халах захирамжийг барьж, шууд орж ирэн 2 цагт багтаан ажил хүлээлцэх ажлыг хийсэн. Ажлаас халах захирамжид заагдсан хуулийн үндэслэлүүд нь бодит байдалтай нийцэхгүй, зөвхөн ажлаас үндэслэлгүйгээр халах шалтаг болгосонд туйлын гомдолтой байна. Ажлаас халсан үндэслэл нь боловсрол олгох ажлыг хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн зөрчлийг давтан, ноцтой зөрчил гаргасан гэж халсныг хүлээн зөвшөөрөхгүй тул Нийслэлийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирмжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр 12ё, 11ё ангийн сурагчдаас сургалтын төлбөрт 500 000 төгрөг авсан, сургалтын төлбөрийг сургуулийн төрийн сангийн дансанд байршуулаагүй хувь хүний дансаар дамжуулан бэлнээр хураан зарцуулсан, 2016-2017 оны хичээлийн жилд цэвэрлэгээний материалын мөнгө гэж бага ангийн хүүхдүүдээс нийт 4 214 000 төгрөгийг хураамж, дунд болон ахлах ангийнхнаас цэвэрлэгээний материалыг авсан. Мөн сургуулийн 1 өрөөг зориулалтын бусаар ашиглаж, сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон, сургуулийн захирал багш ажилчидтай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан. Эдгээр үндэслэл нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээр “БСШУ-ны сайдын 2002 оны 333 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ын 3 дугаар хэсгийн 3.12, 3.12.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дах хэсэг, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дах хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт зааснаар захирал нь 20.2.1, 20.2 дах хэсэгт заасныг зөрсөн. Б.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.2.6-д заасан “Ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон”, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасан зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Т нь Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Агийн удирдсан ажлын хэсгийн дүгнэлтээр зөрчил гаргасан нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн, Б.Т нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Сахилгын шийтгэл” авсан байдаг ба 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртэлх 2 жилийн хугацаанд бага ангид дур мэдэн 500 гаруй хүүхдийг элсүүлсэн мөн сургуулийн спорт заал, байр савыг дур мэдэн захиран зарцуулж, олсон орлогыг хувьдаа завшсан болон эцэг эхчүүдээс мөнгө хураасан зэрэг санхүүгийн зөрчлийн талаарх холбогдох нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед шүүхэд гаргаж өгнө.

Гуравдагч этгээд нь өөрийгөө төрийн эрх бүхий байгууллага болон төрийн албанд тавигдах болзол журмыг ханган дээрх ажлыг гүйцэтгэж байгаа нь хууль зөрчсөн зүйлгүй. Иймээс төрийн албаны тасралтгүй байх, төрийн үйлчилгээ иргэнд тогтвортой хүрэх зарчмын үүднээс захирлын ажил үүргээ хэвийн явуулах боломж бололцоогоор хангаж, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулж шийдвэрлэвэл зохих олон асуудлыг зохицуулах нөхцөл боломжоор хангаж дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Нийслэлийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Тын нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Тыг сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэн зөв дүгнэлт хийгээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн маргаж буй гол үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэх үндэслэл бөгөөд хариуцагч "...хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар захирамжид дурьдагдсан дээрх зөрчлүүд нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/101 дугаар тушаал /Б.Тд үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан/-ын үндэслэл болсон Нийслэлийн дотоод аудитын албаны ажлын хэсгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/56 дугаар тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлт зэрэгт дурьдагдсантай давхцаж байх бөгөөд энэ үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Тухайлбал, сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 5 132 000 төгрөгийн орлого олж зарцуулсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /хуучин нэрээр/-ын 2008 оны 98 дугаар тушаалыг зөрчсөн гэх зөрчлийн хувьд Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/56 дугаар тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлтэд БСШУ-ны сайдын 2008 оны 98 дугаар тушаал зөрчигдсөн талаар дүгнэжээ. Түүнчлэн "...гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй хувь хүний дансаар дамжуулан бэлнээр зарцуулсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /хуучин нэрээр/-ын 2002 оны 333 дугаар тушаал болон Хөдөлмөрийн гэрээний 6.2.6, Нийслэлийи өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг" зөрчсөн гэх зөрчлийн хувьд Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/56 дугаар тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлт /Хэргийн 71-85 дугаар хуудас/-ийн "Г-д 2015-2016 оны хичээлийн жилд 11ё, 10ё ангийн нэг хүүхдийн сургалтын төлбөр 500 000 төгрөг байна гээд СЭЗДСургуультай хамтран үйл ажиллагаа явуулсан нь Боловсролын тухай хуулийн 19.2, 22.4 дэх заалтыг зөрчсөн байна /Дүгнэлтийн 9 дүгээр хуудас/ гэж дүгнэсэн байна. 2016-2017 оны хичээлийн жилээс энэхүү хамтарсан гүнзгийрүүлсэн сургалтын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд хариуцагчаас үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар захирамжийн үндэслэл болсон гээд байгаа Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Агийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд давтан гаргасан гэх энэ зөрчлийн цаг хугацааны хамаарлын талаар огтхон ч дурьдаагүй байдаг. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар захирамжид дурьдагдсан сүүлийн зөрчил буюу математикийн шалгалтын хураамж хэмээн 5 дугаар ангийн суралцагчдаас 3 450 000 төгрөг хураасан нь Боловсролын тухай хуулийн 6.2-т заасныг зөрчсөн гэх зөрчлийн хувьд мөн дээр дурьдсан дүгнэлтэд багш А.Алтангэрэл нь 5 дугаар ангийн математикийн шалгалтын хураамж нийт  3  450   000  төгрөгийг  2016   оны   04  дүгээр   сарын   12-ны   өдөр   нярав Ц.Мт хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний орлогын баримт байна. ...Шалгалтын хураамж авсан нь БСШУ-ны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар захирамжид дурьдсан зөрчлүүдэд Нийслэлийн дотоод аудитын албаны ажлын хэсгийн дүгнэлт болон Нийслэлийн боловсролын газрын даргын А/56 дугаар тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/101 дугаар тушаалаар Б.Тын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл өмнө нь ногдуулсан /2016-2017 оны хичээлийн жилд буюу хичээлийн жил эхэлснээс хойш 5 сарын хугацаанд би дээрх зөрчлүүдийг хэрхэн яаж гаргасныг нотлолгүйгээр/ бодит нөхцөл байдал ийм байна. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэлийг Нийслэлийн дотоод аудитын албаны ажлын хэсгийн дүгнэлт, Нийслэлийн боловсролын газрын даргын өдрийн А/56 дугаар тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийи дүгнэлт зэрэг нь Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Агийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэнд заагдсан зөрчилтэй давхардсан байдлаар ижилхэн гэж үзэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад хоёр дахь удаа сахилгын зөрчил гаргасан гэж үзэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтүүдийн цаг хугацааны дараалалд бус, гагцхүү Нийслэлийн Засаг даргын захирамжид тусгагдаж, сахилгын шийтгэл хүлээлгэх болсон зөрчлүүд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/56 дугаар тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлт, Ш.Агийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт зэрэгт хэрхэн дүгнэгдсэнд анхаарал хандуулалгүйгээр шийдвэр гаргасанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс бидний тавьсан дээрх асуудлуудыг анхааралдаа авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч НЗД С.Бид холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/84 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасан гэж маргажээ. /хх.26/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхэд шүүх хуралдааны бэлтгэл ажлыг шүүхээс хуульд заасан журмын дагуу явуулах нь ач холбогдолтой. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарган, шүүх хуралдааныг товлоогүй атлаа хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Уг захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл, товлосон хугацаа тодорхой болно.

 

Шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж хэрэгт авагдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны даргалагчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох нь “шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх” зарчмыг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

 

Хэрэгт дээрх захирамжууд авагдаагүйгээс гадна хэргийн хавтаст буй товьёогт шүүгч гарын үсэг зурсан байх боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж, шүүх хуралдааны даргалагч томилж албажуулсан захирамж хэрэгт авагдсан талаар заагаагүй байна.

                                                

Анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.4-т заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

                                                           

              ШҮҮГЧ                                                          Б.НАРМАНДАХ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ