Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00954

 

"Э”

ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

       Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00074 дүгээр шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалтай,

             “Э” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй,

             “Э” ТӨХК-д холбогдох

            Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60% гэснийг, мөн уг журмын 3.2 дахь заалт,

          Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажпын үр дүнгээр шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.                                       

            Нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Э” ТӨХК нь сахилгын зөрчлөөр арга хэмжээ авагдсан ажилчдын сахилгын зөрчилд холбогдох цалингийн суутгал хийсэн саруудын болон жилийн үр дүнгийн шагналыг давхар хасч нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж ажилчдыг хохироосоор ирсэн. Энэ талаар ҮЭ-н гишүүд, ажилчдаас санал гомдол ирснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтаар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Компаний Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан. Компаний хөдөлмөрийн маргаан таслах комиссоос 2 удаа шийдвэр гарсан. Эхнийх нь бидний зүгээс гаргасан гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Дараа нь хууль бус комиссын шийдвэр байсан гэж компаний удирдлагаас үзэж, дахин маргаан таслах комиссыг бүрдүүлэн хуралдаж, манайхаас гаргасан гомдлыг хүлээж авахгүй, авна гэж маргалдан эцсийн шийдвэр тодорхой гараагүй. Орхон аймагт Эрдэнэтийн ДЦС ТӨХК-н үйл ажиллагаанд МХЕГ-с хяналт шалгалт хийгдэх үед дээрх асуудлаар Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагчид хандахад сарын болон жилийн үр дүнгийн шагналт цалинг бууруулах нь өөрөө сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг зөрчиж байна гээд МХЕГ-н Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07/110/50 тоот албан шаардлага ирүүлсэн. Уг шаардлагын дагуу компаний хэмжээнд мөрдөгдөж байгаа сар жилийн ажлын үр дүнгээр шагнал цалин олгох журмын заалтуудыг өөрчлөх асуудлыг тавихаар тус журмаа дагаж мөрдөнө гэдэг хариулт өгч байгаа. Иймд Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ний ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20 хувь, нэг сар цалин бууруулсан бол 30 хувь, хоёр сар цалин бууруулсан бол 40 хувь, гурван сар бууруулсан бол 60 хувь гэснийг, мөн уг журмын 3.2 дахь заалт, Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

              Хариуцагч “Э” ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: ЭДЦС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 1-д заасныг: Тухайн жилд үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагсдын ажлын хариуцлага хяналтыг сайжруулах ажлын бүтээмжийг өсгөх, идэвхи санаачлагыг өрнүүлэх, ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт үр дүнг доор дурдсан үзүүлэлтүүдийг үнэлэн хасаж олгодог. Үүнд:

1. Аттестатчилал, удирдах байгууллагын мэргэжлийн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн.

2. Зөрчил, аваар саатал, ажлын хариуцлага алдаж, албан тушаал, мэргэжлийн зэргийг бууруулсан.

3. Өөрийн буруутай, хууль зөрчсөн ажиллагаанаас болж байгууллагад торгууль, төлбөр, акт тавигдсан тохиолдолд сануулах / сарын шагналт цалин хассан / 20 хувь нэг сар цалин бууруулсан бол 30 хувь, хоёр сар цалин бууруулсан бол 40 хувь, гурван сар бууруулсан бол 60 хувь хасагдах арга хэмжээ авагдсан ажилтны сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд авч байхаар заасан заалт юм.

2. 2014 оны 01 сарын 15-ны А/2 тоот тушаалын 2-р заалтыг хүчингүй болгон баталсан.

3. ЭДЦС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017.05.03-ны Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 11 дэх заалт нь тухайн сардаа компанийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, технологийн горим зөрчсөнөөс тушаалаар арга хэмжээ авагдсан тохиолдолд үр дүнгийн шагналт цалин олгохгүй гэсэн заалт юм. Уг тушаалын 19 дэх заалт нь сахилгын арга хэмжээ авагдсан ажилтны зөвхөн тухайн сарын үр дүнгийн шагналт цалинг олгохгүй гэж заасан. Тухайн аж ахуйн нэгж нь ашигтай ажиллаж түүнийгээ компанийн дүрэм журмаар зохицуулан нэмэлт шагнал болгон олгодог. Үүнийг эрчим хүчний салбарын хэмжээнд авч хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн / сар / ажлыг ажилтанд тус бүрийн ажлын үр дүнгээр дүгнэн шагнал олгож байгаа юм. Тэрнээс авах ёстой цалингаас хасагдуулж авсан арга хэмжээ биш юм. Үүнийг буруу ойлгон нэхэмжлэл гаргаж байгаа тул ЭДЦС" ТӨХК-ийн ҮЭХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                     

             Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00074 дүгээр шийдвэрээр: Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг баримтлан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ 20 хувь, нэг сар цалин бууруулсан бол 30 хувь, хоёр сар цалин бууруулсан бол 40 хувь, гурван сар бууруулсан бол 60 хувь гэснийг, мөн уг журмын 2 дахь заалтыг, Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

             Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.01-ний эдрийн 29 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа: “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь ИХШХШТХ-н заалтыг зөрчсөн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй болно.” гэжээ. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч УБ хотод тайлангийн хуралтай болоод шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул 2018.01.15-ны өдөр Д/3 тоотоор өмгөөлөгч надад итгэмжлэл олгосон болно. /хх-107/. Итгэмжлэл олгосон оныг андуурч 2017 гэж буруу бичсэнийг хэргийн оролцогчдын хэн аль нь анзаараагүй. Хуучин он солигдоод удаагүй нөхцөл байдалтай байсан. Нөгөө талаар ЭДЦС ТӨХК-ийн ҮЭХорооны 2018.01.09-ний өдрийн Д/2 тоотоор өмгөөлөгчөөр Т.Батчимэг намайг оролцуулах хүсэлт гаргасан байгаа. /хх-55/. Дараа нь шүүх хурал болоход хурал шалтгаангүйгээр хойшлуулахгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч хотод тайлангийн хурал давхцсан тул өмгөөлөгч надад 2018 оны 01 сарын 15-нд итгэмжлэл олгох болсон. Гэтэл оныг андууран 2017 гэж бичсэн байна. Дугаар нь өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийн дараа дугаар авсан болох нь харагдаж байгаа. /Д/3 гэж/. Давж заалдах шатны шүүх хурал завсарлахын өмнө шүүгч надаас итгэмжлэлийн талаар асуусан. Би яг тулгамдаад ямар утгаар нь ингэж хугацааг асуугаад байгааг сайн ойлгоогүй, хугацааны талаар сайн санахгүй байна гэсэн. Өмнө нь энэ асуудлаар зөвлөгөө өгч байсан уу гэхэд буцаасан асуудалд нь зөвлөгөө өгөөд шүүхэд нэхэмжлэлийг нь бичиж өгсөн гэдгээ хэлсэн. Харин давж заалдах шатны шүүх хурлаас гарсаны дараа итгэмжлэлээ харж, техникийн шинжтэй алдаа гарч, оныг андуурч бичсэн байсныг ойлгосон. Итгэмжлэлийн огнооны асуудал техникийн шинжтэй алдаа байсан. Үүнээс болоод нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн хэнийх нь хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Иймд ИХШХШТХ-н 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.01-ний өдрийн 29 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.  

            Нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь “Э” ТӨХК-д холбогдуулан тус Станцын гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан “Э” ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, мөн Станцын гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тушаалаар баталсан “Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам”-ын 3 дугаар бүлгийн 11 болон 19 дэх заалтуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гомдлоо гаргах эрхтэй байсан, нэхэмжлэл ганцаарчилсан маргаан биш хамтын маргаан учраас хамтын гэрээг баримтална” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

          Нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тушаал, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан журамд  үндэслэн, ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг зөрчсөн гэж тодорхойлжээ.

            Анхан шатны шүүх ажилтан гаргасан зөрчилдөө Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заагдсан аль нэг хэлбэрээр арга хэмжээ авагдсан байхад дахин ямар нэг зөрчил гаргаагүй байхад ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болж байгаа сарын болон жилийн урамшуулалт цалинг өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлээр бууруулах, хасахаар журам гаргасан нь сахилгын шийтгэлийг давхардуулан олгож буй хэлбэр гэсэн үндэслэлээр тухайн журмын нэхэмжлэлд заагдсан заалтуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн байна.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.2, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 67 дугаар зүйлийн 67.2.6-д заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

             Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                            

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН