Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0497

 

        

“И м о” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Б.Гантулга, өмгөөлөгч И.Чимэдбадам, хариуцагч Я.Хандармаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 495 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И м о” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 495 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “И м о” ХХК-ийн гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х-ийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаартай 10000000 /арван сая/ төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “И м о” ХХК-ийн захирал Б.Гантулга шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “И м о” ХХК-ийн захирал Б.Гантулга намайг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, үг хэлэх, санал хүсэлтээ гаргах, шинээр нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломжоор хангалгүй, намайг оролцуулалгүй хурлыг хийсэн. Би шүүх хуралдаанд очиж чадахгүй болсон шалтгаанаа бичиж, хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй шалтгаан байхгүй. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч намайг оролцуулалгүй хурал хийсэн. Шүүх хуралдаан товлон зарлах журмыг зөрчиж, хангалттай нотлох баримт цуглараагүй буюу нотлох баримт гаргаж өгөх боломжийг хангалгүй хэргийг шийдсэн. Шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилан хэлэлцүүлгийн журмаар товлох байтал шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч талуудаас нэмэлт нотлох баримт гаргаж өгөх хүсэлт, хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг асуугаагүй, энэ талаар урьдчилан хэлэлцүүлээгүй атлаа шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж дүгнэсэн байна. Учир нь миний бие хурал зарлагдахаас өмнө Оросын Холбооны Улсаас импортолж оруулж ирсэн Vitality lux, Perfecto lux нэртэй барааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шилжүүлсэн шинжилгээний дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 121 дугаартай Бараа, бүтээгдэхүүний дээжийг лабораторид өгсөн тэмдэглэл зэргийг шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгөхөөр бэлдсэн байсан. Урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй, мөн шүүх хуралд намайг оролцуулаагүйн улмаас хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой эдгээр нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүх хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдсэн. Шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн нь “И м о” ХХК-ийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг ноцтой зөрчиж, хохироож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “И м о” ХХК нь  “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Я.Х-ийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 8 дугаар зүйлийн 8.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, монгол хэл дээр орчуулаагүй гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Маргаан бүхий улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “И м о” ХХК-ийг “ОХУ-аас Vitality lux, Perfecto lux нэрийн ургамлын баяжмалыг импортлохдоо хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлагыг зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 836 кг ургамлын баяжмалыг хурааж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...2019 оноос 2021 он хүртэл Оросын Холбооны Улсын “Г т” компаниас хүнсний баяжуулсан ундаа импортлох, Монгол Улсад худалдаалах албан ёсны дистрибютерийн эрх авч худалдааны гэрээ байгуулан оруулж ирж зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхий нийтэд үүсээд буй цар тахал Ковид-19 өвчний улмаас цаг хугацаа алдаж тогтоосон хугацаандаа импортолж чадаагүй” гэж маргасан бол хариуцагч нь “...Хүнсний бараа бүтээгдэхүүн ОХУ-аас ямар ч саадгүй чөлөөтэй нэвтэрч байсан, “Глобал тренд” компаниас сүүлийн худалдан авалт хийсэн өдрөөс хойш 11 хоногийн дараа Улаанбаатар хотод  бараа ирсэн зэрэг нь шинэ корона вируст халдварт өвчин, хөл хорио зэрэгтэй ямар ч хамааралгүйгээр хадгалах хугацааны 3/1 хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг импортолж хууль зөрчсөн” гэж тайлбарласан байна.

Ийнхүү маргаж буй үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө “...ОХУ-ын “Г т” компаниас хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авах үед буюу 2021 оны 2 дугаар сарын 19, мөн оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэхэд дээрх хүнсний бүтээгдэхүүний хилээр нэвтрүүлэх үед хүчинтэй байх хугацааны хязгаар хэтэрсэн байсан” гэж гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн.

Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан  “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон...” гэх зөрчил гарсан нь тодорхой тогтоогдож байгаа ч тухайн зөрчлийн бүрэлдэхүүний гол шинж болох зөрчил үйлдсэн этгээдийн “гэм буруу” тогтоогдсон байх шаардлагатай.

Энэхүү гэм буруугийн шинжийг  тогтоохын тулд нэхэмжлэгч нь тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ худалдаж авсан, худалдаж авах үед хүнсний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед хүчинтэй байх хугацааны хязгаар хэтэрсэн байсан эсэх, дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хорио цээр нь олон улсын ачаа тээвэрлэлтийг удаашруулсан эсэх зэрэг нөхцөл байдлыг шалгах нь зөв бөгөөд өөрөөс үл хамаарах шалтгаанаар Хүнсний тухай хууль зөрчигдсөн эсэх нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой байжээ.

Иймд нэхэмжлэгчийн “шүүх хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдсэн” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч нь урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдсэн ч оролцоогүй,  шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй тул түүний хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчээс гаргасан “...өөрийн биеэр оролцож, үг хэлэх, санал хүсэлтээ гаргах, шинээр нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломжоор хангалгүй хурлыг хийсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                               

 

 

 

                 ШҮҮГЧ                                             Э.Лхагвасүрэн  

                 ШҮҮГЧ                                               Э.Зоригтбаатар

                 ШҮҮГЧ                                              О.Номуулин