Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00485

 

   Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02092 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2488 дугаар магадлалтай,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү 15.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Болор-Эрдэнэ, Д.Сэрдамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 09 болон 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хансвилл Их Монгол улс гудамж, 101 дүгээр байрны 1501 тоот 72.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 2.300.000 төгрөг буюу нийт 166.520.000 төгрөгөөр захиалан авсан. Орон сууцны талбайд Гандирс-Од ХХК-аар хэмжилт хийлгэхэд 65.8 м.кв буюу 6.6 м.кв талбай дутуу гарсан тул 2015 оны 04 дүгээр сард шүүхэд хандсан. Хариуцагч нь MNS6058:2009 стандартын холбогдох заалт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан гэсэн үндэслэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13466 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг маргаан Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 594 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн тул энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас орон сууцны талбайн зөрүү үнэ 15.180.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б- нь “Г” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хансвилл Их Монгол улс гудамж, 101 дүгээр байрны 1501 тоот 72.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 166.520.000 төгрөгөөр захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Талууд харилцан тохирч, дээрх гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цуцалсан боловч нэхэмжлэгч нь 2 давхар шилтэй  тагтны хаалт хийлгүүлэхээр тохирч, гэрээг  мөн өдөр дахин байгуулж, байраа хүлээн авсан. Манай компани тохиролцооны дагуу уг орон сууцанд 2 давхар шилтэй тагтны хаалт хийж өгсөн. Д.Б- эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэж байсан тул шаардах эрхээ алдсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02092 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Г ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүүд 15.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.850 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-гаас шинжээчийн ажлын хөлс буюу шүүхийн зардалд 192.500 төгрөг гаргуулан шинжээч “Харандаа” ХХК-ийн Голомт банкны 1601001311 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2488 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “255 дугаар зүйлийн 255.1.1” гэснийг “254 дүгээр зүйлийн 254.4” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.850 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 4-ний өдрийн 183/ШШ2017/02092 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.08-ны өдрийн 2488 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхны 2013 оны 9-р сарын 9-ний өдөр хийсэн гэрээнд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын А1 байрны 2-р орц 1501 тоот 72.4 мкв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ийг 2,300,000 төгрөгөөр бодож 166,520,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Барилгын зураг төсөлд тусгагдсаны дагуу тэнхлэгээс тооцсон гэрээ хийгдсэн. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 101 байрны 2-р орцны 1501 тоот хоёр дахь гэрээг 2013 оны 11-р сарын 2-ний өдөр хийсэн. Энэ гэрээг хийхдээ Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдах 101-р байрны 2-р орцны 1501 тоотод орших 2 өрөө орон сууцанд 166,520,000 төгрөгөөр хөрөнгө оруулах, бариулахаар гэрээ хийгдсэн. Энэ хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр, үнийн дүн адил 166,520,000 төгрөг. Сүүлийн гэрээ буюу 2013 оны 11-р сарын 2- ний өдрийн гэрээнд хэдэн м.кв болохыг бичээгүй. Орон сууцны талбайн хөндлөнгийн хэмжилтийн байгууллагаар хийлгэхэд 6.6 м.кв болох нь батлагдсан. Миний эрх зөрчигдөж байгаа нь хөндлөнгийн дүгнэлтээр батлагдаж 72.4 м.кв байрыг 166,520,000 төгрөгөөр худалдан авах бариулах гэрээ хийчхээд 65.8 м.кв байр хүлээн аваад 6.6 м.кв-аар давж заалдах шатны шүүх илтэд нэг талыг баримтлан хийлээ гэж үзэж байна. Учир нь 166,520,000 төгрөгийг м.кв-аар бодож гаргасан тоо. Давж заалдах шатны шүүх уг орон сууцны талбайн зөрүү 6.6 м.кв гарсныг үгүйсгэж чадаагүй. Энэ нь намайг хохирсныг хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр баталсан ба үүнийг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин “Г” ХХК балконы хаалт хийсэн нь үнэн, энэ балконы хаалтын бодит үнэнийг тогтоолгохоор хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-гийн 15.180.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч “Г” ХХК эс зөвшөөрөхдөө “...талбайн хэмжээ зөрүүтэй болохыг мэдэгдсэн, нэхэмжлэгчтэй тохирсны дагуу талбайн зөрүүд 2 давхар шилтэй тагтны хаалт хийж өгсөн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчийн хооронд 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах А1 дүгээр байрны 1501 тоот 72.40 м.кв талбай бүхий орон сууцыг /1 м.кв 2.300.000/ нийт 166.520.000 төгрөгөөр захиалан бариулж, төлбөрийг хэсэгчлэн төлөх, хариуцагч нь барилгыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан барихаар харилцан тохиролцжээ.

Талууд дээрх гэрээг цуцалж, 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг дахин байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 101 дүгээр байрны 1501 тоот 2 өрөө орон сууцанд 166.520.000 төгрөгийн хөрөнгө оруулах, хариуцагч орон сууцыг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцжээ /хэргийн 10-12, 38, 42-45 дугаар тал/.

Нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрийг төлж, орон сууцаа хүлээн авч, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нь гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй орон сууц шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх талаар талууд маргажээ.  

Д.Б- орон сууцыг өмчлөлдөө авсны дараа талбайн хэмжилт хийлгэхэд “Гандирс-од” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 65.8 м.кв болохыг тогтоосон, энэ нь гэрээнд зааснаас 6.6 мкв-аар дутуу гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчийн тайлбар, гэрээний агуулгаас үзвэл гэрээ байгуулагдах үед маргааны зүйл болох орон сууц бий болсон байсан тул талууд гэрээг орон сууц захиалгын гэж нэрлэснээс үл хамааран Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.3.-т “үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж тус тус зохицуулжээ.  

Орон сууцны талбай гэрээнд зааснаас бага байгаа талаар маргаан гарч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан боловч тэрээр талбайн зөрүүд 2 давхар шилтэй тагтны  хаалт хийлгэхээр тохирсон тул 2013 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр гэрээг дахин байгуулж, улмаар тагтыг хийж өгсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Нөгөө талаар талбайн хэмжээ бага байсан нь тухайн орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй тул орон сууцыг биет байдлын доголдолтой гэж үзэх нь учир дутагдалтай.

Гэвч худалдан авсан талбайн хэмжээ бага байгаа нь худалдагчид төлөх төлбөрт нөлөөлөх тул нэхэмжлэгч гэрээнд зааснаас дутуу талбай бүхий орон сууц шилжүүлсэн гэж үзэж, илүү төлсөн мөнгийг буцаан авахаар  шаардлагаа тодорхойлжээ.  

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх, үүргийг зохицуулсан ба мөн зүйлийн 254.3.-т “энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй” 254.4.-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж тус тус заасан.

Орон сууцны талбайн хэмжээний зөрүү нь тоо, хэмжээний доголдолд хамаарах бөгөөд энэхүү доголдлыг худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ илрүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасантай тохирч байгаа эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр эд хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдана.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй  байна.

Талууд 2013 оны 11 дүгээр сарын 2-ний өдрийн гэрээнд 2 өрөө орон сууцыг  166.520.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон, энэ тохиолдолд   хариуцагчийг дутуу талбай бүхий орон сууцыг нийлүүлсэн гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т  нийцжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2488 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 233.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Г.ЦАГААНЦООЖ