Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 02092

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан Д.Б нэхэмжлэлтэй, “Г” ХХК-д холбогдох, орон сууцны талбайн зөрүүнд 15.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 233.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б шинжээчийн ажлын хөлс буюу шүүхийн зардалд 192.500 төгрөг гаргуулан шинжээч “Харандаа” ХХК-ийн Голомт банкны 1601001311 тоот дансанд оруулсугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/02092

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Цэрэнжав овогтой, Доржготовын Болормаагийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 47 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЕ84081002/

 

            Хариуцагч: “Голденбүүк” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скуар хотхон, 504 дүгээр байр, 701 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011252069, регистрийн дугаар 5407354/

 

            Орон сууцны талбайн зөрүүнд 15.180.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Болормаа, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, гэрч Ц.Ядамсүрэн, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болормаа би “Голденбүүк” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” А1/1501 тоот гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тухай” 101-2/1501 тоот гэрээг тус тус байгуулж, Хансвилл хотхоны танилцуулгын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хансвилл Их монгол улс гудамж 101 дүгээр байрны 1501 тоот 2 өрөө 72.4 м.кв талбайтай байрыг 1 м.кв-ыг нь 2.300.000 төгрөг, нийт 166.520.000 төгрөгөөр захиалан авсан. Орон сууцанд орсон оршин суугчдын зүгээс м.кв дутуу байна гэдэг мэдээллийн дагуу хэмжилт хийдэг мэргэжлийн байгууллага болох “Гандирс-Од” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 65.8 м.кв буюу захиалсан байрны м.кв-аас 6.6 м.кв дутуу гарсан. Энэ талаар 2015 оны 4 дүгээр сард шүүхэд хандсан боловч хариуцагчийн зүгээс м.кв тооцдог MNS6058:2009 стандартын холбогдох заалт нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр Нийслэл дэхь Захирааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа гэдэг үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2015/13466 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дах хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх шалтгаан Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгэр сарын 14-ний 594 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахин шүүхэд хандсан. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хансвилл Их монгол улс гудамж 101 дүгээр байрны 1501 тоот хоёр өрөө, 72.4 м.кв байрны м.кв-ын зөрүү болох 15.180.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээ байгуулсны дараа буюу 8 хувийн зээл бүтсэний дараагаар “Голденбүүк” ХХК-иас дуудаж, 1 м.кв-ын дутуу байгаа хүсвэл гэрээг цуцлаж болно гэсэн тул палконы хаалт хийлгэхээр болсон гэв.

 

Хариуцагч “Голденбүүк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болормаа нь “Голденбүүк” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо А1-р байрны 2 орцны 1501 тоотыцн 72.40 м.кв талбай бүхий орон сууцны байрыг 166.520.000 төгрөгөөр захилан бариулахаар гэрээ байгуулсан. Уг гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцалж тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэрээг цуцалсан тухай тэмдэглэлд дээрх гэрээг цуцалсан болон ямар нэгэн маргаан байхгүй, блокон хаалга шилтэй хийлгүүлэхээр тохиролцлоо гэж талууд гарын үсэг зуран тамга дарж баталгаажуулсан. Манай компани нь тохиролцсоны дагуу Д.Болормаагийн захиалан бариулсан орон сууцанд 2 давхар шилтэй балконы хаалт нэмж хийж өгсөн. Ийм учраас 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 101-2/1501 тоот гэрээг шинэчлэн байгуулж Д.Болормаа нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 101 дүгээр байр, 2 дугаар орц, 1501 тоотод орших 2 өрөө орон сууцанд 166.520.000 төгрөгөөр хөрөнгө оруулж бариулсан. “Голденбүүк” ХХК-ийн зүгээс уг орон сууцны м.кв-ын зөрүүтэй болохыг Д.Болормаад мэдэгдэж, талууд энэ талаар уулзалт хийсэн. Ингээд Д.Болормаа уг м.кв-ын зөрүүд балконыг хаалга шилтэй хийлгүүлэхээр тохиролцсон. Тухайн үед Д.Болормаад м.кв-ын зөрүүний талаар тохиролцоонд хүрэхгүй бол гэрээг цуцлах санал тавьсан боловч өөрөө гэрээг цуцлахгүй, балконы хаалтыг хийлгэнэ гэсэн. Иймд Д.Болормаа нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэж байсан тул шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Болормаагийн нэхэмжлэлтэй, “Голденбүүк” ХХК-д холбогдох, орон сууцны талбайн зөрүүнд 15.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            “Голденбүүк” ХХК, Д.Болормаа нар 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр А1/1501 дүгээр “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 101-2/1501 дүгээр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, /талуудын гэрээ байгуулах, төлбөрийг төлөх үед орон сууц баригдаж дууссан байсан гэснийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв/ уг гэрээгээр худалдагч “Голденбүүк” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 101 дүгээр байр, 1501 тоот, 72.40 м.кв талбай бүхий орон сууцыг Д.Болормаагийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Д.Болормаа нь уг орон сууцны үнэд 1 м.кв-ыг 2.300.000 төгрөгөөр тооцож, нийт 166.520.000 төгрөгийг “Голденбүүк” ХХК-д төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ болно.

 

            Дээрх гэрээний дагуу худалдагч “Голденбүүк” ХХК нь уг орон сууцыг худалдан авагч Д.Болормаагийн өмчлөл, эзэмшилд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлэн өгсөн, худалдан авагч Д.Болормаа нь орон сууцны үнэ 166.520.000 төгрөгийг худалдагчид төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Уг худалдах-худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 101 дүгээр байр, 1501 тоот орон сууц нь 72.40 м.кв талбайтай байхаас Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт хийлгэхэд 65.88 м.кв талбайтай болох нь хавтаст хэрэгт авагдсан “Гандирс-Од” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14/2013 дугаар Талбай тооцсон хэмжилт хийсэн дүгнэлт, “Харандаа” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар Орон сууцны хэмжилт хийсэн дүгнэлт зэргээр нотлогджээ.

 

            Нэхэмжлэгч Д.Болормаа нь худалдах-худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 101 дүгээр байр, 1501 тоот орон сууцыг биет байдлаар болон өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа уг орон сууц нь 72.40 м.кв талбайтай байхаас дутсан буюу эд хөрөнгийн доголдолтой байсан талаар мэдэж байсан болох нь нэхэмжлэгчийн “...гэрээ байгуулсны дараа 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Голденбүүк” ХХК-ийг төлөөлж Ц.Ядамсүрэн дуудаж уулзахдаа орон сууцны м.кв дутуу байгааг хэлсэн, гэхдээ хэдэн м.кв дутуу байгааг хэлээгүй. Зөрүүнд нь палконы хаалт хийлгэ эсхүл гэрээгээ цуцал гэсэн. Би банкнаас 8 хувийн зээл авахаар тохирсон байсан тул гэрээ цуцлахыг зөвшөөрөх боломжгүй байсан, намайг шахамдуулсан. Би байрны өмчлөх эрхийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлэн авч, байрандаа 2013 оны 12 дугаар сард орсон” гэсэн тайлбар, хариуцагчийн “...манай компанийг төлөөлж Ц.Ядамсүрэн нь Д.Болормаатай уулзаж, орон сууцны м.кв дутуу болохыг мэдэгдэж, м.кв-ын талбайн зөрүүнд палконы хаалт хийж өгсөн. Тухайн үед гэрээ цуцлах боломжтой талаар мэдэгдсэн боловч гэрээгээ цуцлуулаагүй, палконы хаалт хийлгэнэ гэж тохирсон” гэсэн тайлбар, гэрч Ц.Ядамсүрэнгийн “...би 2013 оны 11 дүгээр сард Д.Болормааг ажил дээр дуудаж уулзан, м.кв-ын зөрүү байгаа болохыг мэдэгдэж, гэрээ цуцлах, эсхүл м.кв-ын зөрүүнд цонхондоо хаалт хийлгэх санал тавихад Д.Болормаа цонхондоо хаалт хийлгэнэ гэсэн тул бид хаалтыг хийж өгсөн” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

 

            Иймд нэхэмжлэгч Д.Болормаа нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 101 дүгээр байр, 1501 тоот орон сууцыг хүлээж авах үедээ уг орон сууцны талбайн м.кв гэрээнд зааснаас зөрүүтэй болохыг /эд хөрөнгийн боголдолтой/ мэдсээр байж 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээж авсан байх тул орон сууцны 6.6 м.кв талбайн зөрүү үнэ 15.180.000 төгрөгийг хариуцагч “Голденбүүк” ХХК-иас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан гэж дүгнэв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Голденбүүк” ХХК-иас орон сууцны м.кв-ын зөрүү үнэ 15.180.000 төгрөг гаргуулах тухай Д.Болормаагийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2017/05170 дугаар захирамжийн дагуу шинжээчээр “Харандаа” ХХК-ийг томилсон бөгөөд шинжээчээс ирүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай нэхэмжлэхийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Болормаагаас шинжээчийн хөлс буюу шүүхийн зардалд 192.500 төгрөгийг гаргуулан шинжээч “Харандаа” ХХК-д олгох нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан Д.Болормаагийн нэхэмжлэлтэй, “Голденбүүк” ХХК-д холбогдох, орон сууцны талбайн зөрүүнд 15.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 233.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болормаагаас шинжээчийн ажлын хөлс буюу шүүхийн зардалд 192.500 төгрөг гаргуулан шинжээч “Харандаа” ХХК-ийн Голомт банкны 1601001311 тоот дансанд оруулсугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД