Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1460

 

МАГАДЛАЛ

 

2017.06.28                                            Дугаар 1460                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Н.Ганбадраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00866 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Ганбадраагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Миат” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ичинхорлоо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Рэнчинболд, Л.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Миат”    ТӨХК-ийн хөдөлмөрийн гэрээ дотоод журамд зааснаар гүйцэтгэх захирал орон тоог баталсан нь хууль зөрчсөн. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар 4 орон тоо гэж баталсан байсан. Энэ бүтцэд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй хууль зөрчсөн. Одоо ч Берлиний төлөөлөгчийн газрын орон тоо хасагдаагүй байгаа. Түр шилжүүлэн ажиллуулж байсан аэрпорт менежер гэх орон тооноос нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Гүйцэтгэх захирлын гаргаагүй, хүчин төгөлдөр болоогүй байгаа тушаалыг үндэслэн Н.Ганбадрааг ажлаас нь халсан нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа. Н.Ганбадраад мэдэгдэх хуудсыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, Н.Ганбадраатай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан боловч сунгагдаагүй. Энэ бол түр ажлын байр биш байнгын ажлын байр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг. Иймд Н.Ганбадрааг ажлаас халсан нь үндэслэлгүй, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Миат” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/12 тоот тогтоолын 02 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчдийн газруудыг шинэчлэн байгуулж, орон тоог баталсан. Берлин хот дахь төлөөлөгчийн газрыг 4 орон тоотой байхаар батлаж, Аэрпорт менежер болон техник үйлчилгээний орон тоог нэгтгэж гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1162 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Түүнээс хойш Н.Ганбадраа нь тус төлөөлөгчийн газрын суудал захиалагч билет бичигч Н.Булганыг хүүхэд асрах чөлөөлтэй байх хугацаанд, Мөн “Миат” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/553 тоот тушаалаар тус төлөөлөгчийн газрын Аэрпорт менежер Н.Эрдэнэцогт болон Европын бүсийн төлөөлөгч Н.Ганбадраа нарыг 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл түр шилжүүлэн томилж, 2 тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд ажлын ачаалал болон Зам тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байсантай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ нь дээрх хугацаанд дуусгавар болсон. Нэхэмжлэгч Н.Ганбадраагийн ажиллаж байсан орон тоо нь үндсэн орон тоо биш, түүнтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн дагуу “Миат” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц орон тоог баталсан бөгөөд Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Берлин хот дахь төлөөлөгчийн газрыг 4 орон тоотой, бүсийн төлөөлөгчийн орон тоо байхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Ганбадрааг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МИАТ” ТӨХК-иас 31 781 817 төгрөг гаргуулан Н.Ганбадраад олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “МИАТ” ТӨХК-иас 316 859 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Ганбадрааг шилжүүлэн томилсон Аэропорт менежерийн албан
тушаалаас чөлөөлсөн нь ойлгомжгүй гэжээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 12/15 дугаар тогтоолоор компанийн гадаад дахь төлөөлөгчийн газарт Европ болон Азийн төлөөлөгчийн орон тоог 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туршилтын хугацаагаар тус бүр нэг нэгжээр түр нэмэгдүүлсэн. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/17 дугаар тоггоолоор бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан. Уг тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталсан ба ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрыг 4 орон тоотой байхаар баталсан ба бүсийн төлөөлөгчийн орон тоо байхгүй. Иймд байхгүй орон тоон дээр эгүүлэн томилох боломжгүй. ТУЗ-өөс баталсан орон тооны дээд хязгаарийн дагуу ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогийг харгалзан гүйцэтгэх захирал дотоод нэгжүүдийн зохион байгуулалт, орон тоог батлах эрхтэй ба гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталсан нь компанийн дүрэмд нийцэж байгаа. Түүнээс гадна компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.3-т Ажилтны ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргийн биелэлт, ажлын идэвхи санаачлага, хүлээсэн ажил үүргийн хариуцлагыг өндөржүүлэх, эд хөрөнгийн хариуцлага, цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга дэг журмыг нэмэгдүүлэх, нууцлал, шагнал, цалин урамшуулал, нийгмийн асуудал, тэтгэмж, хөнгөлөлт зэргийг үнлэслэн хөдөлмөрийн гэрээг 2 тал харилцан тохиролцож хугацаатай байгуулж болохоор заажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н.Ганбадраагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Ганбадраа нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч "Төрийн банк" ХХК-д даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 12/А2 тоот хөдөлмөрийн гэрээг 4 сарын хугацаатай байгуулахдаа “компанийн 2015 оны зорилтот түвшинг тус төлөөлөгчийн газар хэрэгжүүлэх, зорчигч урсгал болон ачаа тээврийг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, 2015 оны зорилтот түвшинг давуулан биелүүлэх” нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгчийг Берлин хот дахь төлөөлөгчийн газар аэропорт менежерийн ажилд авсан байна.

Дээрх гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцсэн, хугацаатай байгуулагдсан гэрээ гэж үзэх бөгөөд талууд хугацаа тогтоох болсон нөхцөлөөс дээрх байдлаар тохиролцсон гэж үзнэ.

Талууд гэрээг 4 удаа тодорхой хугацаагаар сунгасан ба эхний гэрээний нөхцлийг тухай бүр тохиролцсон.

Эхний 12/А2 тоот гэрээг хамгийн сүүлд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 3 сараар сунгасан нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсонд талууд маргаагүй.

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсныг нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэн, 2017 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Н.Ганбадраатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан заалтад нийцсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэлгүй, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр   сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Н.Ганбадраагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 317 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

                    ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                              М.НАРАНЦЭЦЭГ