Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 249

 

А.Нарандэлгэрийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч А.Нарандэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралт, хариуцагчийн өмгөөлөгч Г.Оюунтунгалаг нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар магадлалтай, А.Нарандэлгэрийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Нарандэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие төрийн албанд 11 жил, тухайн албан тушаалд 6 дахь жилдээ ажиллаж байна. Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргаар сумын Засаг даргын 2009 оны 48 дугаар захирамжаар томилогдон 6 жилийн хугацаанд төрийн албаны дадлага туршлага сууж, үүрэгт ажлаа хариуцлага сахилгатайгаар гүйцэтгэж байсан.

Гэтэл тодорхойгүй шалтгаанаар урьдчилан тохиролцоогүй, төрийн албан хаагч надад мэдэгдээгүй байж, сумын Засаг дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр б/12 дугаар захирамж гаргаж, миний биеийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал бууруулах захирамж гаргасан нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэхгүй байгаагаас гадна төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар олгогдсон эрх үүргийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Засаг даргын б/12 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт нь тухайн албан тушаал бууруулах үйл явцтай ямарч холбогдолгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан "албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн" гэжээ. Гэтэл миний бие төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж 2014 оны жилийн эцэст 96,1%-тай /А/ дүгнүүлж, 2015 оны гол ажил болох байгууллагын архивын улсын үзлэг угтсан ажлыг сайн зохион байгуулж 81,4%-тай /В/ үнэлгээ авч байсан.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах" тогтоолын 7 дугаар зүйлд хуулийн "хангалтгүй биелүүлсэн" гэдгийг "ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно" гэж тайлбарласан байгаагаас харахад миний бие ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаан байхгүй болно. Төрийн жинхэнэ албан хаагч надтай урьдчилан тохиролцоогүй нь миний хуулиар хүлээсэн эрх үүргийг хамгийн ихээр зөрчсөн үйлдэл бөгөөд миний бие албан тушаал буурахаар албан ажлаа хариуцлага, сахилга батгүй ажилласан тохиолдол байхгүй.

Цогт-Овоо сумын Засаг дарга нь 2015 оны б/12 дугаар захирамждаа намайг албан тушаал бууруулсан гэх боловч ямар нэгэн албан тушаалд намайг томилоогүй. Иймд намайг албан тушаал бууруулсан гэх биш, ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл би одоогийн байдлаар ажилгүй, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан аль нь болохоо мэдэхгүй байна. Гэтэл б/12 дугаар захирамж нь хууль зүйн дагуу ажлаас чөлөөлсөн захиргааны акт биш байх тул хүчингүй гэж үзэх үндэстэй байна.

Захирамжийн 2 дахь хэсэгт А.Нарандэлгэрт төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын орлогчид үүрэг болгосон байна. Гэтэл сумын Засаг даргын орлогч нь аливаа хүнийг төрийн жинхэнэ албанд томилох хуулиар олгогдсон ямар нэгэн эрхгүй албан тушаалтан юм. Засаг дарга нь мэдсээр байж зориудаар ийм үүрэг өгсөн нь анхнаасаа намайг ажлаас чөлөөлөх зорилготой байсан нь харагдаж байна. 2015 оны б/12 дугаар захирамжийн 3 дахь хэсэгт А.Нарандэлгэрт ажилласан хоногийн цалин болон холбогдох тооцоог дуусгаж ажиллахыг нягтлан бодогч, нярав нарт зөвшөөрсүгэй гэсэн байна. Хэрвээ намайг албан тушаал бууруулах байсан бол тооцоог дуусгах биш цалингийн зөрүүг тооцож олгосугай гэж захирамжлах байсан.

Уг захирамжийн тухайн асуудлаар Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан бөгөөд 2015 оны 17 дугаар тогтоолоор уг захирамжийг хууль эрх зүйн үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу Засаг дарга С.Төгсбаатарт ажилдаа орох хүсэлт гаргасан боловч биелүүлээгүй.

Иймд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн "Албан тушаал бууруулах тухай" Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Засаг даргын ажлыг гүйцэтгэх хугацаанд эв эеийг хичээн, хүмүүсийг халах солих талаар бодлого бариагүй бөгөөд төрийн албыг тасралтгүй, үнэнч шударга, үр дүнтэй хүртээмжтэй, түргэн шуурхай явуулахад анхааран ажиллалаа. Сумын их ажлуудыг зохион байгуулж амжуулахад Засаг даргын Тамгын газрын даргын оролцоо хамтын ажиллагаа, мэргэшсэн бүрэлдэхүүнээ удирдах, бусад байгууллагуудыг чиглүүлэн залах үүрэг өндөр билээ. Гэвч энэхүү үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн зөрчлийг үндэслэн А.Нарандэлгэрийг албан тушаал бууруулах арга хэмжээг авсан юм.

2015 оны 01 дүгээр сард Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг ашиглалтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор хурууны хээний төхөөрөмж суурилуулсан. Албан томилолт, хөдөө ажлаар гэх мэт албан ажлаар бүртгүүлэх боломжгүй байвал чөлөөний хуудсаар зохицуулах үүргийг Засаг даргаас өгсөн боловч 09 дүгээр сар хүртэл хэрэгжүүлээгүй, цаг хоцорсон, тасалсан, алдаа дутагдал гаргасан мөртлөө цалингаа бүтэн авдаг, үүнээс үүдэн төрийн албанд хариуцлагагүй, хэнэггүй хандах байдал байсаар байна. Үүнийг засах хэвшүүлэх талаар анхаарал хандуулсангүй, хэрэгжүүлэх зориг эрмэлзэл Тамгын газрын даргад байсангүй. Машинаар бүртгэсэн бүртгэлийг эс тоон, гараар бүртгэсэн бүртгэлийг үндэслэн цалинг 100 хувь олгож, ажлын цаг ашиглалтыг сайжруулах гэсэн Засаг даргын хүсэлтийг талаар болгож, зарцуулсан хөрөнгийг эс хайхарсан.

Засаг даргын Тамгын газрын дарга нь сумын Соёлын зөвлөлийн даргын хувьд "Угийн бичиг" хөтлөлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга боловч манай сум энэ ажилд хангалтгүй дүн үзүүлсэн. Зохион байгуулсан тодорхой ажилгүй. 2015 оны 07 дугаар сарын 23, 24, 25-нд аймгийн Баяр наадамд сумаа төлөөлж оролцох бэлтгэл ажил хангах үүрэгтэй байсан ч 07 дугаар сарын 25-ны өдөр баяр наадмын нээлтийн жагсаалын дундуур ирж оролцов. Шалтгаан нь ангийн уулзаптанд явсан гэх боловч энэ өдрүүдэд ажлын өдөр тохиосон боловч цалингаа бүтэн авсан, Засаг дарга миний өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн. 2015 оны 03 дугаар сард "Төрийн албан хаагчдын зөвлөлгөөн"-ийг сумандаа хийж уриалга гарган сахилга хариуцлагыг сайжруулах талаар дорвитой ажил хийгдсэнгүй. А.Нарандэлгэрийн өөрийнх нь 6 жил удирдсан Тамгын газар ажлын үр дүн гаргах, тайлагнах, хийсэн ажлаа баримтжуулах, дээд газарт мэдээ тайлангаа хүргүүлэх тал дээр нэн хангалтгүй байсаар өдийг хүрлээ. Мэргэжилтнүүдийн ажлыг сар, улирал, жилээр төлөвлүүлэн үр дүнг тооцдог байдал үгүй тул гүйцэтгэл сул байсаар байгаа нь удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүлснийг харуулна. Сумын иргэдэд мэдээллийг багийн хурал, лекц, цуглаанаар дамжуулан өгдөг боловч Засаг дарга эзгүй үед хурал, лекц, зөвлөгөөн явуулж байсангүй. Үүний улмаас иргэдэд мэдээлэл дутуу хүрдэг, буруу ташаа ойлголт тардаг, хууль сурталчлах үүргээ хангалтгүй биелүүлсэн, санаачлага дутсан. Сумын Засаг даргын манлайлалын зорилтыг аймагт хүргүүлээгүй, орхигдуулсан. Мэдээллийн хэрэгсэлд сумын чанартай мэдээлэл өгөх, дамжуулах ажлыг 3 жилд үндсэндээ явуулсангүй. Нутгийн зөвлөлтэй гэрээ байгуулан мэдээлэл солилцох, мэдээлэл өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээний араас нэг ч мэдээлэл явуулаагүй.

Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг дүгнэхдээ ажил 90%-д хүрэхээргүй байсан ч хүргэн дүгнэж, хамт ажиллаж байгаа, залуу хүнд итгэл урам өгч цаашид ажлаа сайжруул, бодит байдал ийм биш байгаа талаар хэлж зөвлөж ажиллаж байлаа. Засаг даргын Тамгын газрын гадаа сааданд зүлэг тарих, өнгө үзэмжийг сайжруулах талаар 3 жил дараалан үүрэг өгөгдсөн ч өөрөө бүрэн хариуцаж, хамт олноо зохион байгуулах ёстой бөгөөд энэ ажил хийгдээгүй.

2015 оны 05 дугаар сард сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна тоглоомын талбай байгуулах уралдааныг зарлан 300.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн явуулсан. Энэ ажлын үр дүнгээр Засаг даргын Тамгын газрын хамт олон 1, 3 дугаар байр эзлэн шагнагдсан. Гэвч энэ үед Засаг даргын захирамж гараагүй байхад өөртөө болон орлогч даргад дур мэдэн 10%-ийн нэмэгдэл олгож, цалин дээрээ авсан. Мөн энэ төлөвлөсөн захирамжаа 08 дугаар сард батлуулахаар надад ирүүлснийг миний бие зөвшөөрөөгүй болно.

Мөн аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны албан бичигт "...удаа дараа шалгалт өгөөд тэнцээгүй иргэдийн хууль бус томилгоог хууль журамд нийцүүлэх" гэсэн. Албан тушаал бууруулах арга хэмжээ авахдаа А.Нарандэлгэрийг халамжийн байцаагчаар томилуулахаар аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, халамжийн мэргэжилтэн нартай урьдчилан ярьж зөвшилцөн миний бие ээлжийн амралтаа авсан. Засаг даргын орлогч сумыг бүрэн хариуцах байсантай холбоотой. А.Нарандэлгэр зөвшөөрсөн тохиолдолд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын тушаал гарч ажилд томилогдох байсан.

Сумын Засаг даргатай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний 4.2-т төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны дотор багтаан тайлагнах тухай заагдсан боловч тайлагнаагүй, мөн өөрийн хариуцсан Тамгын газрын ажилтнуудтай гэрээ байгуулдаг, үр дүн тооцсон байдал хангалтгүй байна. Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр надад ирүүлсэн албан бичигт албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хариуцлага тооцох үндэслэл мөн боловч нотлох баримт дутуу гэсэн хариуг ирүүлсэн. Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: 1. Төрийн  албаны  тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 23 дугаар зүйлийн 23.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг тус тус баримтлан А.Нарандэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн "Албан тушаал бууруулах тухай" Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Нарандэлгэрийг Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нарандэлгэрийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-н хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.662.701 (зургаан сая зургаан зуун жаран хоёр мянга долоон зуун нэг) төгрөгөөс холбогдох хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговорыг Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга С.Төгсбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: А.Нарандэлгэрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч Цогт-Овоо сумын Засаг дарга СТөгсбаатар миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11 өдрийн 221/МА2016/0292 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

-  Давж заалдах шатны шүүхээс "...А.Нарандэлгэрийг хаана, ямар ажил, албан тушаалд ажиллахыг тодорхой шийдвэрлээгүй орхигдуулсан, ...халамжийн байцаагчаар томилуулахаар аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтэн нартай урьдчилан ярьж зөвшилцсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй  байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй  юм. Учир нь миний зүгээс А.Нарандэлгэрийг анх албан тушаал бууруулж халамжийн байцаагчаар ажиллуулахаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргатай зөвшилцөж /Бадамцэрэн нь гэрчээр мэдүүлэхдээ нотолдог/ халамжийн байцаагчийн  албан тушаалыг А.Нарандэлгэрт санал болгосон боловч өөрөө зөвшөөрөөгүй болно. Ингээд миний бие анхан шатны шүүх хурал дзэр  нэхэмжлэгчид  Цогт-Овоо  сумын  ЗДТГ-т  зохион  байгуулагчийн  албан  тушаалд томилох боломжтой гэж дахин ажлын байрны санал тавьсан хэдий ч мөн хүлээн аваагүй болно. /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно/ Иймд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн шиг "албан тушаалаас чөлөөлсөн захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна" гэснийг үгүйсгэж байна, тооцоо зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогддог юм. Магадгүй тамгын газрын нэг мэргэжилтэнд ажлын цаг ашиглалт сайжруулсангүй гэж хариуцлага тооцсон бол шударга ёсонд нийцээгүй гэж дүгнэж болно. Гэтэл ЗДТГ-ын дарга нь холбогдох хууль журмаараа хийхээр үүрэг болгосон ажлаа хангалтгүй хийсэн байхад удирдах албан тушаалтаных нь хувьд хариуцлага тооцох нь харин ч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан "...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх" зарчимд нийцнэ гэж үзэж байна.

-  Давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д "албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн" бол албан тушаал бууруулахаар заасан бөгөөд уг шаардлагыг биелүүлсэн эсэхийг төсвийн ерөнхийлөн захирагч болох сумын Засаг даргатай хийсэн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь хэрхэн биелүүлснээр тодорхойлогдох ёстой" гэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал  Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоолын 7-д: "Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан "...хангалтгүй биелүүлсэн..." гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд А.Нарандэлгэрийг ажлын байрны тодорхойлолтынхоо зорилго зорилтод заасан Засаг даргаас өгсөн хуульд   нийцсэн үүрэг даалгаварыг биелүүлэх, албаны чиг үүрэгт тусгагдсан тамгын  газрын  үйл  ажиллагааг зохион байгуулах, Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүрэг болон эдгээртэй уялдсан ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилготой албан хаагчдын ажил тодорхой байх, үр бүтээлтэй байх хийсэн цагт нь тохирсон хөдөлмөрийн хөлс олгуулах талаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаварыг үл биелүүлж Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 болон 2015 оны үр   дүнгийн  гэрээнийхээ 4.2 дахь заалтыг зөрчиж, гэрээгээ хугацаанд нь дүгнүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, Засаг даргын захирамж гараагүй, Засаг дарга зөвшөөрөөгүй байхад өөртөө дур мэдэн урамшуулал авч тогтоосон журам зөрчсөн тул А.Нарандэлгэрийг албан тушаал бууруулсан болно.

-  Мөн шүүхээс "...Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2.4-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна гэж заасныг зерчин, сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг шалгаж тогтоолгүйгээр хариуцлага тооцсон нь буруу, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь өрөөсгөл бөгөөд миний зүгээс А.Нарандэлгэрт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулаагүйг шүүх анхааран үзнэ үү. Харин миний бие нэхэмжлэгчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан бөгөед өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй учир арга хэмжээ авах талаараа хамт олны нэгдсэн хуралдаан дээр хэлж анхааруулсан болно. Цогт-Овоо сумын ЗДТГ-ын албан хаагчдын нэгдсэн хурлын протколоор нотлогддог мөн урьд нь цалингийн арга хэмжээ авагдаж байсан.

- Давж заалдах шатны шүүхээс "Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ЗДТГ-ын дарга нь тухайн тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион   байгуулж ажиллах албан тушаалтан мөн хэдий боловч тамгын газрын ажилтнуудын хариуцсан албан үүрэг, түүнтэй холбогдуулан гаргасан алдаа зөрчлийг нэхэмжлэгчид шууд хамааруулан, түүнийг ажлын байрны зорилт чиг үүргийг биелүүлээгүй гэж дүгнэн хариуцлага ногдуулж, албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчимтай нийцэхгүй байна" гэж дүгнэжээ.

Гэтэл ЗДТГ-ын даргын ажлын байрны гол чиг үүрэг нь Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтандаа хариуцлага тооцох бүрэн эрх хэмжээтэй албан тушаал боловч А.Нарандэлгэр нь Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар, Хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг болох цаг  ашиглалтыг сайжруулах, талаар үр дүнтэй ажил хийгээгүй, баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил хангаагүй, угийн бичиг хөтлөлтийн талаар зохион байгуулсан ажилгүй, үр дүнгийн нэхэмжлэгч А.Нарандэлгэр нь 2009 оны 9 сард Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод одоо болтол жинхэлж томилогдоогүй бөгөөд хамгийн ноцтой нь 6 жилийн хугацаанд хууль зүйн яамнаас нотариатын эрх зөвшөөрөл авалгүйгээр нотариатын үйлчилгээ үзүүлж хууль бус үйлдэл хийсэн нь нотлогддог.

Иймээс дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/12 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг үндэслэн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нарандэлгэрийг “албан тушаал бууруулсан”, нэхэмжлэгч А.Нарандэлгэр “... албан тушаал буурахаар ... /зөрчил/ гаргаагүй, ... албан тушаал бууруулсан гэх боловч ямар нэгэн албан тушаалд намайг томилоогүй ...нь ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлтэй” гэж, хариуцагч “... ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ... өөртөө болон орлогч даргад дур мэдэн 10%-ийн нэмэгдэл олгож, цалин дээрээ авсан, ... /ажлаас чөлөөлөөгүй/ А.Нарандэлгэр зөвшөөрсөн тохиолдолд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын тушаал гарч ажилд томилогдох байсан” гэж тус тус маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А.Нарандэлгэр нь маргаан бүхий захиргааны акт гарсан 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Засаг даргын Тамгын газрын дарга”-ын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн, хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргаас А.Нарандэлгэрт  “... Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамж, үйлчилгээний мэргэжилтний албан тушаалыг санал болгосон”, нэхэмжлэгч А.Нарандэлгэр уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй, шүүхийн шийдвэр гарах хүртэл ямар нэг ажил албан тушаалд томилогдоогүй, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “.../төрийн жинхэнэ албан хаагч/ албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн /бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах/”-аар зааснаас үзвэл, уг хуулийн зохицуулалтаар “төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн байх”, “эрх бүхий этгээдээс түүнийг албан тушаал бууруулж, өөр ажил, албан тушаалд томилсон байх” зэрэгцээ шаардлага тавьсан, энэ хоёр нөхцөл зэрэг хангагдсан эсэхээс “захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах”  захиргааны акт хууль ёсны эсэх нь хамаарах юм.

Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга нэхэмжлэгч А.Нарандэлгэрийг “албан тушаал бууруулах”-даа өөр ажил, албан тушаалд томилоогүй байх тул нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан гэж үзэх үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн “... бодит байдалд албан тушаал бууруулах биш ажлаас чөлөөлсөн” гэх дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч А.Нарандэлгэр ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол түүний албан тушаалыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга бууруулах эрхтэй, энэ тохиолдолд тухайн бууруулан томилсон албан тушаалд ажиллах эсэх талаар төрийн жинхэнэ албан хаагчийн саналыг авах, харгалзах үүрэггүй тул хариуцагчаас “...ажлын санал тавьсан хэдий ч өөрөө хүлээж аваагүй” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй, энэ  үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/12 дугаар захирамж нь дээрх байдлаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгч А.Нарандэлгэрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь нэгэнт тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал зөв, хяналтын шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаж буй “зөрчил гаргасан эсэх” талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга С.Төгсбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА