Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00967

 

Я.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сэлэнгэ аймгийн Мандал дахь Сум дундын шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 331 дүгээр шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар магадлалтай,                         

            Я.Э-гийн нэхэмжлэлтэй,

            Д.А-т холбогдох

            4,700,000.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч Я.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь нөхөр С.Эрдэнэ-Очиртой ярьж тохирсоны үндсэн дээр 2016 оны 3 дугаар сараас эхлэн “Идэр мандал” ХХК-ийн захирал Д.А- эгчтэй ярьж хамтран ажиллахаар болоод модонд нь явж “Идэр мандал” ХХК-д палк, шпал, ком зэрэг модыг нийлүүлж эхэлсэн. Ингээд 2016 оны 04 сарын 09-нийг хүртэл өөрийн машинаараа 13 удаа дээрх модыг тээвэрлэн уг компанид буулгасан. Нийт 12,350,000 төгрөгийн мод буулгаж Д.А-тэй 2016 оны 05 сарын 28-ны өдөр найз Б.Болорцэцэг, н.Сайханцэцэг, н.Мөнхцэцэг нарын хамт очиж тооцоо нийлж бензин, масло тосны мөнгийг хасаад үлдэгдэл 6,680,000 төгрөгийн тооцоо гарсан. Үүнийг тухайн үед Д.А- эгч удахгүй өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш би Д.А- эгчээс үлдэгдэл мөнгөө өгөөч гэж байнга ярьдаг боловч цувуулан дансаар 1,980,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 4,700,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй биднийг чирэгдүүлж байна. Би энэ мөнгөнөөс мөн тухайн үед модонд хамт явсан ачигч нарт мөнгө өгөх ёстой ба тэд надаас мөн мөнгөө нэхэж байна. Иймд Д.А-ээс 4,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Д.А-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 8 дугаар сард Я.Э- надаас модонд явъя гэхээр нь би “мод борлогдохгүй болохоор хэн хэндээ төвөг болно” гэтэл “хамаагүй ээ зарагдахаар нь мөнгөө авъя” гээд тохироод төмөр замын дэр модонд явсан. Гэтэл зарагдахгүй байсаар 2016 оны 08 сарын 29-ний өдөр Я.Э- нь манай компанийн хашаанд очоод над руу залгаад энэ мод харлаад хагараад хэнд ч хэрэггүй боллоо. Та яаж ийж байгаад буулгаад ч гэсэн зар гэхээр нь би Хотоос Жавхлантөгс гэх залуу дүнз авах гээд ирж надтай уулзаад 2 сарын хугацаатай авъя гэхээр нь Я.Э-тай яриад өгсөн. Гэтэл Жавхлантөгс нь өдийг хүртэл мөнгөө өгөхгүй болохоор нь би цагдаад өгсөн боловч өдий хүртэл шийдээгүй байна. Энэ байдлыг Я.Э-д хэлээд энэ хүний утсыг өгсөн. Я.Э- Жавхлантөгстэй байнга харьцдаг гэж надад хэлсэн. Би цагдаа дээр очиж уулзсан. Одоо хөрөнгө оруулалт нь орж ирж байгаа өгнө гэж хэлсэн. Тийм учраас би өөрийнхөө модны мөнгийг орж ирэхээр нь өгнө. Би тэгж тохирч явуулсан. Я.Э- намайг хэл үгээр доромжилж байсан. Би гомдолтой байгаа. Я.Э- нь миний нэрийг барьж ямар ч зөвшөөрөлгүй нойтон модонд явуулж, модтойгоо баригдсан байсан. Одоо хэрнээ юу ч болоогүй юм шиг явж байна. Энэ бүгдийг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Одоо Байгаль орчны хашаанд модоо буулгасан байгаа, надад бүх зураг нь байгаа. Иймээс би Я.Э-гийн гомдлыг хүлээж авах боломжгүй. Мод авсан хүн мөнгийг нь өгөөгүй байгаа өгөхөөр нь өгнө гэж тохирч авсан гэжээ.

              Сэлэнгэ аймгийн Мандал дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 331 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-ээс 4,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 90,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Э-д олгохоор шийдвэрлэжээ.

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 331 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2018.02.28-ны өдөр өмгөөлөгч надад хурал давхцаад энэ талаарх баримтаа явуулсан боловч Д.А-ийн өмгөөлөгч авах эрхийг нь үгүйсгэж өмгөөлөгчгүй шүүх хурал хуралдсан. Анхан шатны шүүх хурлын өмнө Я.Э- нь Д.А-тэй уулзаж “би нэхэмжлэлээ татаад авчихна” гэсний үндсэн дээр Д.А- шүүх хуралд ирээгүй. Гэтэл шүүх хурлыг Д.А-ийг оролцуулахгүйгээр хийж шийдвэр гаргасан. Уг нь анхан шатны шүүхэд гаргаж өгөх Я.Э-, Д.А- нарын хоорондох ярианы бичлэг, бусад бичмэл нотлох баримт байгаа болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.        

ХЯНАВАЛ: 

          Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч Я.Э- нь хариуцагч Д.А-т холбогдуулан палк, шпал, ком зэрэг модны үнэ гэж 4,700,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...надаас уг модыг худалдаж авсан хүн мөнгөө төлөөгүй, тэр хүн мөнгө өгөхөөр нь Я.Э-д мөнгийг өгнө гэж тохирсон” гэж маргажээ.

              2016 оны 03 дугаар сараас эхлэн Я.Э- нь “Идэр мандал” ХХК-ийн захирал Д.А-т палк, шпал, ком зэрэг модыг нийлүүлэх, Д.А- нь үнийг төлөхөөр талууд амаар  тохиролцсон нь гэрч Т.Төржаргал, Г.Түмэнбаатар нарын мэдүүлэг, “Хаан банк”-ны дансны дэлгэрэнгүй хуулгууд болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж гэж дүгнэн, 4,700,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

             Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.А- нь нэхэмжлэлээс татгалзсан тайлбар гаргасан боловч баримтаа өгөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгчийн хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүх хуралдааныг 1 сар 10 хоногийн хугацаагаар хойшлуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан байна. Иймээс “хариуцагчийн нотлох баримт гаргах эрхийг шүүх хаагдуулсан” гэсэн гомдлыг хангахгүй орхисон давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Сэлэнгэ аймгийн Мандал дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 331 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.   

           2. Хариуцагч Д.А-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 90,150 /ерэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН