Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 06

 

 

Я.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 149/2017/00283/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         С.Оюунцэцэг

                                                                                    Г.Давааренчин

                               

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь сум  дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 331 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Я.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Д.Алтанчимэгт холбогдох “4.700.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын  10-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Я.Энхтуяа шүүх хуралдаанд дээр болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь нөхөр С.Эрдэнэ-Очиртой ярьж тохирсны үндсэн дээр 2016 оны 03 дугаар сараас эхлэн “Идэр мандал” ХХК-ийн захирал Д.Алтанчимэг эгчтэй ярьж хамтран ажиллахаар болоод модонд нь явж “Идэр мандал” ХХК-д палк, шпал, ком зэрэг модыг нийлүүлж эхэлсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 09-нийг хүртэл өөрийн машинаараа 13 удаа дээрх модыг тээвэрлэн уг компанид буулгасан. Нийт 12350000 төгрөгийн мод буулгаж Д.Алтанчимэгтэй 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найз Б.Болорцэцэг, Сайханцэцэг, Мөнхцэцэг нарын хамт очиж тооцоо нийлж бензин, масло тосны мөнгийг хасаад үлдэгдэл 6680000 төгрөгийн тооцоо гарсан. Үүнийг тухайн үед Д.Алтанчимэг эгч удахгүй өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш би Д.Алтанчимэг эгчээс үлдэгдэл мөнгөө өгөөч гэж байнга ярьдаг боловч цувуулан дансаар 1980000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 4700000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй биднийг чирэгдүүлж байна. Би энэ мөнгөнөөс мөн тухайн үед модонд хамт явсан ачигч нарт мөнгө өгөх ёстой ба тэд надаас мөн мөнгөө нэхээд хэцүү байдаг. Бид одоогоор ажилгүй, орлогогүй болохоор үнэхээр хүнд байна. Би Д.Алтанчимэг эгчийг бүтэн жил гаран мөнгөө өгөх байх гэж хүлээлээ. Одоо хүүхэд оюутан мөнгө төгрөгний хэрэг их байгаа учир арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Д.Алтанчимэгээс 4700000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Алтанчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2016 оны 08 дугаар сард Я.Энхтуяа надаас модонд явъя гэхээр нь би мод борлогдохгүй болохоор хэн хэндээ төвөг болно гэтэл хамаагүй ээ зарагдахаар нь мөнгөө авъя гээд тохироод төмөр замын дэр модонд явсан. Гэтэл зарагдахгүй байсаар байгаад 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Я.Энхтуяа нь манай компанийн хашаанд очоод над руу залгаад энэ мод харлаад хагараад хэнд ч хэрэггүй боллоо. Та яаж ийж байгаад буулгаад ч гэсэн зараа гэхээр нь би Хотоос Жавхлантөгс гэх залуу дүнз авах гээд ирж надтай уулзаад 2 сарын хугацаатай авъя гэхээр нь Я.Энхтуяатай яриад өгсөн. Гэтэл Жавхлантөгс нь өдий хүртэл өгөхгүй байхаар нь би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хэлтэст залилангийн хэргээр өгсөн боловч өдий хүртэл шийдээгүй байна. Энэ байдлыг Я.Энхтуяад хэлээд энэ хүний утсыг өгсөн. Я.Энхтуяа Жавхлантөгстэй байнга харьцдаг гэж надад хэлсэн. Би цагдаа дээр очиж уулзсан. Одоо хөрөнгө оруулалт нь орж ирж байгаа өгнө гэж хэлсэн. Тийм учраас би өөрийнхөө модны мөнгийг орж ирэхээр нь өгнө. Би тэгж тохирч явуулсан. Я.Энхтуяа намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Би гомдолтой байгаа. Я.Энхтуяа нь миний нэрийг барьж ямар ч зөвшөөрөлгүй нойтон модонд явуулж, модтойгоо баригдсан байсан. Одоо хэрнээ юу ч болоогүй юм шиг явж байна. Энэ бүгдийг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Одоо Байгаль орчны хашаанд модоо буулгасан байгаа надад бүх зураг нь байгаа. Иймээс би Я.Энхтуяагийн гомдлыг хүлээж авах боломжгүй. Мод авсан хүн мөнгийг нь өгөөгүй байгаа өгөхөөр нь өгнө гэж тохирч авсан” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  хянан хэлэлцээд 331 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Алтанчимэгээс 4.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Энхтуяад олгохоор, 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтанчимэгээс улсынтэмдэгтийн хураамжид 90150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Энхтуяад олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Алтанчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч Я.Энхтуяа бид хоёр уг модыг харилцан тохиролцон ярьж байгаад Улаанбаатар хотод Жавхлантөгс гэгч этгээдэд зээлээр өгсөн юм. Гэтэл Жавхлантөгс нь одоог хүртэл мөнгөө өгөхгүй байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн байгаа. Я.Энхтуяа ч гэсэн Жавхлантөгсөөс мөнгөө нэхэж ярьдаг байсан. Уул нь энэ Жавхлантөгсөөс мөнгөө аваад өгье гэж тохирсон байсан юм. Шүүх хурлын өмнөх өдөр Я.Энхтуяа нь “би нэхэмжлэлээ татаад авчихъя” гэсэн юм. Тэгэхээр нь миний бие шүүхэд очоогүй юм. Гэтэл Я.Энхтуяа нь өмгөөлөгч аваад намайг оролцуулахгүйгээр хийлгэх хүсэлт гаргаад надаас 4.700.000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэв Я.Энхтуяа “нэхэмжлэлээ татаж авлаа” гэж хэлээгүй байсан бол би шүүх хуралд орж

Я.Энхтуяа бид нарын ярианы бичлэг болон бусад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан юм. Иймээс нотлох баримт гаргах эрхийг минь хаагдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.Алтанчимэг нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардан авсан ба шүүгчийн туслах нь бидэнд эрх, үүргийг тодорхой танилцуулан гарын үсэг зуруулсан тухай хэрэгт байгаа. ...Хариуцагч Д.Алтанчимэг нь давж заалдах гомдолдоо намайг нэхэмжлэлээ авна гэсэн учир би шүүхэд очоогүй мэтээр гомдлоо гаргасан байна. Энэ нь огт худлаа хуралдааны өмнө Д.Алтанчимэг өөрөө над руу залгаж өмгөөлөгч авч байгаа тухай ярьж байсан. Тэгэхээс би түүнд нэхэмжлэлээ татаж авна гэж огт яриагүй. Д.Алтанчимэг нь өөрөө хууль зөрчсөн, хуралдаа ирээгүй учир өөр шалтгаан олдохгүй болохоор намайг ор үндэсгүй гүтгэж давж заалдах гомдлынхоо шалтаг болгосон байна гэж би үзэж байна. Үнэхээр Жавхлантөгс гэж хүнд модоо өгч цагдаад гомдол гаргасан бол шалгаж байгаа баримтыг нь шүүхэд хуулийн дагуу гаргаж өгөх боломжтой хугацаа байсан гэж үзэж байна.

Иймд хариуцагч Д.Алтанчимэгийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй учир Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131 тоот шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэн нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Я.Энхтуяа нь хариуцагч Д.Алтанчимэгт холбогдуулан  модны үнэ болох 4.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Алтанчимэг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан бөгөөд хариуцагч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ нэхэмжлэгчийн нийлүүлсэн модыг би аваагүй өөр хүнд өгсөн тул хариуцахгүй мөн шүүх нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчсөн  гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл шүүх нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 28-ны өдөр  хүлээн авч нэхэмжлэлд 2017 оны 09 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэргийн хариуцагч Д.Алтанчимэгт нэхэмжлэлийн хувийг 2017 оны 09 сарын 22-ны өдөр гардуулан өгч түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан өгчээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь  нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл  татгалзсан үндэслэл, түүнтэй  холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

 

Тус хэргийн хариуцагч Д.Алтанчимэг нь хариу тайлбар шүүхэд ирүүлсэн боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгчийн хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

Иргэний хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан 60 хоногийн дотор хянан шийдвэрлэдэг бөгөөд тус хэргийн хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 1 сар 10 хоногийн хугацаагаар хойшлуулснаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж улмаар  шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх хугацааг  30 хоногоор   сунгажээ.

 

Ийнхүү хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломжоор шүүх хангасаар атал хариуцагч  Д.Алтанчимэг нь нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй  байх тул түүний шүүх нотлох баримт гаргах эрхийг хаагдуулсан гэсэн түүний гомдол үндэслэлгүй байна. Хариуцагчийн хууль мэдэхгүй гэсэн нь  хүндэтгэн үзэх  шалтгаан болохгүй бөгөөд  хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Мандал  сум дахь сум  дундын шүүхийн 2017 оны  11 сарын 14-ний өдрийн 331 дугаартай шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН