Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *, 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, /*/ Баян-Авгай овогт Ядамсүрэнгийн Эгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: * суух, /*/ Тайж овогт Доржийн Ат холбогдох 4700000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Э шүүх хуралдаанд дээр болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь нөхөр С.Эрдэнэ-Очиртой ярьж тохирсоны үндсэн дээр 2016 оны 03 дугаар сараас эхлэн “Идэр мандал“ ХХК-ийн захирал Д.А эгчтэй ярьж хамтран ажиллахаар болоод модонд нь явж “Идэр мандал “ ХХК-д палк, шпал, ком зэрэг модыг нийлүүлж эхэлсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 09-ныг хүртэл өөрийн машинаараа 13 удаа дээрх модыг тээвэрлэн уг компанид буулгасан. Нийт 12350000 төгрөгийн мод буулгаж Д.Атэй 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найз Б.Болорцэцэг, Сайханцэцэг, Мөнхцэцэг нарын хамт очиж тооцоо нийлж бензин, масло тосны мөнгийг хасаад үлдэгдэл 6680000 төгрөгийн тооцоо гарсан. Үүнийг тухайн үед Д.А эгч удахгүй өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш би Д.А эгчээс үлдэгдэл мөнгөө өгөөч гэж байнга ярьдаг боловч цувуулан дансаар 1980000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 4700000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй биднийг чирэгдүүлж байна. Би энэ мөнгөнөөс мөн тухайн үед модонд хамт явсан ачигч нарт мөнгө өгөх ёстой ба тэд надаас мөн мөнгөө нэхээд хэцүү байдаг. Бид одоогоор ажилгүй, орлогогүй болохоор үнэхээр хүнд байна. Би Д.А эгчийг бүтэн жил гаран мөнгөө өгөх байх гэж хүлээлээ. Одоо хүүхэд оюутан мөнгө төгрөгний хэрэг их байгаа учир арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Д.Аээс 4700000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2016 оны 08 дугаар сард Я.Э надаас модонд явъя гэхээр нь би мод борлогдохгүй болохоор хэн хэндээ төвөг болно гэтэл хамаагүй ээ зарагдахаар нь мөнгөө авъя гээд тохироод төмөр замын дэр модонд явсан. Гэтэл зарагдахгүй байсаар байгаад 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Я.Э нь манай компаний хашаанд очоод над руу залгаад энэ мод харлаад хагараад хэнд ч хэрэггүй боллоо. Та яаж ийж байгаад буулгаад ч гэсэн зараа гэхээр нь би Хотоос Жавхлантөгс гэх залуу дүнз авах гээд ирж надтай уулзаад 2 сарын хугацаатай авъя гэхээр нь Я.Этай яриад өгсөн. Гэтэл Жавхлантөгс нь өдий хүртэл өгөхгүй байхаар нь би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хэлтэст залилангийн хэргээр өгсөн боловч өдий хүртэл шийдээгүй байна. Энэ байдлыг Я.Эд хэлээд энэ хүний утсыг өгсөн. Я.Э Жавхлантөгстэй байнга харьцдаг гэж надад хэлсэн. Би цагдаа дээр очиж уулзсан. Одоо хөрөнгө оруулалт нь орж ирж байгаа өгнө гэж хэлсэн. Тийм учраас би өөрийнхөө модны мөнгийг орж ирэхээр нь өгнө. Би тэгж тохирч явуулсан. Я.Э намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Би гомдолтой байгаа. Я.Э нь миний нэрийг барьж ямар ч зөвшөөрөлгүй нойтон модонд явуулж, модтойгоо баригдсан байсан. Одоо хэрнээ юу ч болоогүй юм шиг явж байна. Энэ бүгдийг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Одоо Байгаль орчны хашаанд модоо буулгасан байгаа надад бүх зураг нь байгаа. Иймээс би Я.Эгийн гомдлыг хүлээж авах боломжгүй. Мод авсан хүн мөнгийг нь өгөөгүй байгаа өгөхөөр нь өгнө гэж тохирч авсан гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, талуудын гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч Д.Ат холбогдуулан палк, шпал, ком зэрэг модыг бэлтгэн нийлүүлсэний үнийн үлдэгдэл болох 4700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, надаас уг модыг худалдаж авсан хүн мөнгөө төлөөгүй байгаа тул тэр хүн мөнгө өгөхөөр нь би Я.Эд дээрхи модны мөнгийг өгнө гэж тохирсон гэж маргажээ.

Нэхэмжлэгч Я.Э нь 2016 оны 03 дугаар сараас эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 09-ныг хүртэл “Идэр мандал“ ХХК-ийн захирал Д.Ат палк, шпал, ком зэрэг модыг ойгоос бэлтгэн нийлүүлэх, Д.А нь үнийг төлөхөөр талууд амаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.  

Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Я.Эд хэлэлцэн тохирсоны дагуу модны үнийг төлөх үүрэгтэй байх ба уг үүргээ хариуцагч бүрэн гүйцэд биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлтгэн нийлүүлсэн модны үнийг шаардах эрхтэй байна. Энэ нь нэхэмжлэгч Я.Эгийн шүүхэд болон шүүх хуралдаанд дээр гаргасан нэхэмжлэл, гэрч Т.Төржаргал, Г.Түмэнбаатар нарын мэдүүлэг, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд зохигч хооронд үүссэн харилцаа нь иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба уг гэрээгээр тохирсон үүргийн гүйцэтгэл болох 4700000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх хариуцагч Д.Ат шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 09 цаг 50 минутанд буюу шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө мэдэгдсэн /ХХ-ийн 18-19-р хуудас/ боловч шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй байна. Иймд ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.Аээс 4700000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Эд олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 90150 төгрөгийг Төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжинд 90150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.