Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 112/2021/0004/З |
Дугаар | 221/МА2021/0514 |
Огноо | 2021-09-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0514
Н.Д, Ч.З нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгч Ч.З, нэхэмжлэгч Н.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Д, Ч.З нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Н.Д, Ч.З нараас Говь-Алтай аймгийн Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “3асаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.З шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэр бүлийн хүнээ нас барсны дараа өөрийн хүү С.Б-тэй хамтран шинэ хуулиар 2010 онд үл хөдлөх хөрөнгийн хэмжээгээр “Хаш” төвийн газар үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмших болсон. Энэ үед газрын харилцааны газраас “Хаш” төвийн 1155 м.кв газар таны эзэмшилд байгаа, газар дээрээ шинээр байшин барих “Хаш” төвөө өргөтгөхөд хүчинтэй гэж үндсэн хувийг надад өгсөн. “Хаш” төв гэсэн нэртэй үндсэн бичиг баримт надад байна. Бид хэзээ ч газар давхцуулан олгосон гэж гомдол гаргаагүй. Хулхи хуурамч бичиг баримт ашиглаж байна, 3 өөр бичиг баримт захирамж гэрчилгээг хүчингүй болгож өгөөд энэ хулхи бичгүүдээс болж бидний эрх ашиг зөрчигдөж байна гэж нэхэмжлэл гаргаад байгаа юм аа. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хурал болж бид оролцоход Ч.З, Н.Д бидний зөрчигдсөн эрх ашгийг үл тоож ганцхан Д.Э-ийн талд шийдвэрээ гаргаж хуурамч бичиг баримтыг илрүүлж хүчингүй болгож чадсангүй, үнэн зөвийг олсонгүй гэж давж заалдаж байна. Ч.З миний “Хаш” төвийн 1155 м.кв газар гэрчилгээ гэрээний хамт байгаад байхад үндсэн хувиа нотариатаар батлуулаагүй байна гэж шалтаглаж хэрэгтээ аваагүй байна лээ. Миний гэрээ эх үндсэн хувиараа надад байгаа тул нотлох баримт болгон авхыг хүсч байна. Манай “Хаш” төвийн газар дээр хэзээ ч 399 м.кв үл хөдлөх хөрөнгө байгаагүй, 414 м.кв газар байгаагүй тэр газар үл хөдлөх хөрөнгө Ц.Р-ийн гэрээгээр бол нэгдсэн захын дээд талд Доржнямбуугийн гуанзны хажууд гэсэн газрын байршил хилийн заагтай байгаа энэ нь “Хаш” төвөөс хол газарт байрладаг юм. Энэ хууль бус бичгээр “Хаш” төвийн газар дээр кадастр хийлгэсэн байсан. Чандмань сумын Ц.Р, Д.Г, Д.Э нар хуйвалдаж хуурамч өөр газрын бичиг баримт ашиглаж 2000 онд улсын бүртгэлд бүртгүүлж луйвар хийж гэрчилгээ авч хуурамч бэлэглэлийн гэрээ хийснийг шалгалгүй шийдвэрлэсэн. Бид газар үл хөдлөх давхардсан гэж гомдол гаргаагүй 3 өөр бичиг баримт гаргаж ашигласан хууль бус үйл ажиллагааг шалгуулж үнэн зөвийг олох гэж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Д.Эрдэнэбилэг гэдэг этгээдийн ашигласан бичиг баримтыг үнэн зөв гэж нотлоод байршил хилийн зааг өөр газрын бичиг баримтаар газар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч өгсөн ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагч Д.Г, Б.Б ах дүүс хамаатан садан нарын нөлөөгөөр “Хаш” төвийг нурааж кадастрын зураг гаргуулж гэрчилгээ авснаас бидний эрх ашиг зөрчигдөж байгаа тул Засаг даргын захирамжийг 3 гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Малчин” нэртэй ХЭАА байгуулж одоогийн 15 м.кв жижиг байшингийнхаа үргэлж болох 10 өрөө байрыг авч байсан. Бидний 10 өрөө байр нь 187 м.кв үл хөдлөх байсан бөгөөд би нөхөртэйгөө 2-лаа худалдаанд ажиллаж байсан давуу эрхээрээ авсан. Миний байранд Ц.Р нь гуанз гаргаж ажилладаг байсан. Ц.Р-д хоршоо битгий хэл аж ахуй нэгж байгаагүй. Би байраа Ц.Р гэдэг хүнд даалгаж орхиод амьдралын бэрхшээлээс хүн дагаж гутал сурах, мөн ээжийн бие муу байсан харж асрах шаардлагатай байсан учраас энэ хүнд үлдээсэн. Ингээд явж байгаад ирэхэд Э, З 2 манай байрыг авчихсан байсан. Байраа авах гэтэл би авсан юм гээд булаагаад авчихсан юм. Ямар учраас юуг үндэслэж авсаныг мэдэх боломжгүй байлаа. Ингээд 2017 онд нэг өглөө ирэхэд буулгаад хаячихсан байсан. Газрын байршлын зөрүү байгаа, ийм том газар байшин манай энд байхгүй зэргийг шүүгч О нь олж харахгүй бидний тайлбарыг хүлээж авахгүй байгаа нь нэг талыг харсан хуулинд үнэн гэж байна уу гэдгийг ойлгохгүй байна. 3 өөр бичигтэй байхад үүнийг хүлээн зөвшөөрч бидний эрх ашгийг хөндөөгүй гээд суух нь зөв үү. Д намайг газрын бичиггүй гэдэг би өөрийнхөө юмыг авч байгаа бичгээ авна гэж боддог. Энэ нь зөв бурууг хууль шийдэж өгнө гэж бодоод өдий хүрлээ. З-ын 1155 м.кв бичиг бидний газар мөнөөс мөн гэдгийг тодорхойлж байна. Ийм учраас өндөр настан бидний хүсэлтийг хүлээн авч 399 м.кв үл хөдлөх мөн 414 м.кв байшин бөгөөд газрын бичиг 189 м.кв газрын гэрчилгээ зэргийг хянан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж гомдол гаргаж өргөдөл бичлээ. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Говь-Алтай аймаг дахь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Д, Ч.З нар нь Говь-Алтай аймгийн Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах ба ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байх учиртай.
Нэхэмжлэгч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...399 м.кв талбай бүхий газрыг тухайн үед...Б.М-аас 170.000 төгрөгөөр худалдан авсан, 15 м.кв талбайн үргэлжлэл 187 м.кв үл хөдлөх хөрөнгө 10 өрөө байсан, байраа Ц.Р-д даалгаж өгөөд явсан хойгуур ийм асуудал болсон, Д.Э нь 187 м.кв газар дээр багтахгүй 399 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар гаргуулсан, газрын байршил зөрүүтэй” гэх агуулгаар, нэхэмжлэгч Ч.З нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2000 он гэхэд анхны караоке баарыг нээж үйл ажиллагаа явуулсан, 1155 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр цагаан гэрчилгээ гаргуулж авсан, Д.Э нь манай Хаш үйлчилгээний төвийн газар дээр кадастрын зураглал хийж, уг зургийг ашиглан газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, Ц.Р-ийн гэрээгээр нэгдсэн захын дээд талд Д-ийн гуанзны хажууд гэсэн байршил, хил заагтай Хаш төвөөс хол байсан газар, 3 өөр гэрчилгээг хууль бусаар авсан” гэх агуулгаар тус тус маргасан байх ба чухам аль үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Д, Ч.З нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн дүүрэн шалгаж тодруулалгүй, гагцхүү хүчин төгөлдөр байгаа бичгийн баримтуудад үндэслэн үйл баримтыг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж, давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулан, гуравдагч этгээдийн газартай давхцалтай эсэхээс бусад үндэслэлд тухайлан дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд хариуцагч захиргааны байгууллагууд маргаан бүхий бүртгэлийг хийхдээ болон маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэг хууль зөрчсөн эсэх, эзэмшил газрын хэмжээнээс илүү хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийж гэрчилгээ олгосноос нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.
Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7 “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэл бий болсон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ Н.Хонинхүү
ШҮҮГЧ О.НОМУУЛИН