Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00566

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2017/02809 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр магадлалтай,

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

З.У-т холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч З.У-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч З.У-, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Ц.Цэрэнжаргал, гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 213, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаар захирамжуудын “З” ХХК-д холбогдох болон газрын давхцаж буй хэсгүүд хүчингүй, хууль бус захирамж болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул З.У-ийн “З” ХХК-ийн эзэмшил бүхий газар дээр баригдсан барилга нь хууль бус, бусдын өмчлөх эрхэд халдсан болох нь тодорхой болсон. Иймд “З” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр З.У-ийн барьсан барилгыг нурааж, газрыг албадан чөлөөлж өгнө үү  гэжээ.

Хариуцагч З.У- шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрөө дур зоргоор барилга барьж “З” ХХК-ийн эзэмших эрхэд халдсан зүйл байхгүй. Төрийн байгууллага   буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар зарлагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож, нийтийн орон сууцны зориулалттай газрын төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр ялагчаар тодорч улмаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр байрны зүүн урд талд 500 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болсон. 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Засаг даргын 231 тоот захирамжаар төсөл сонгон шалгаруулалтад ялагч болсон иргэн миний газар эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ авч бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар уг газар дээр төсөл сонгон шалгаруулалтад оролцсон төслийн дагуу 10 давхар айлын орон сууцны барилгыг 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн барьж эхэлсэн бөгөөд барилгын ажил 90-95 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусах шатандаа орчихсон байхад газрын маргаан гарсан  талаар мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга 2013 онд 430 дугаар захирамжаар газрын төлбөр төлөөгүй “З” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон уг газарт төсөл сонгон шалгаруулалт зарласан болохыг хожим  “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч  этгээдээр оролцохдоо л мэдсэн болно.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор “...хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн  эзэмшиж  байсан газраас 233м.кв-г  төсөл сонгон шалгаруулалтаар З.У-т олгож нийт 500 м.кв газрыг эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна” гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр гарах үед төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан төслийн дагуу барилгын ажил бүрэн дууссан байсан бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №2015/21-2 дугаар актаар “иргэн З.У-ийн 10 давхар 50 айлын орон сууцны барилгыг барилга байгууламж ашиглалтад оруулах комиссоор хүлээн авахаар шийдвэрлэв” гэж ашиглалтад оруулсан болно. Би уг орон сууцны барилгад нийт 4,050,000,000 төгрөгийн буюу үлэмж их хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд барилгын ажил бүрэн дуусаж  2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулж, иргэд, оршин суугч, захиалагч нар байрандаа орж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан байгаа. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас би өнөөдрийг хүртэл хохирч байна. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-уул аймгийн Засаг шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч “З” ХХК-ийн хувьд 2012 онд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрхийг олж авсан. Энэ нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Дархан-Уул аймгийн, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар буюу төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ийм асуудал үүссэн. “З” ХХК анх энэ газрыг авахад 400 м.кв байсан. Гэтэл хугацаагаа сунгахдаа газрын хэмжээг нэмсээр байгаад том болгосон. Энэ хугацаанд 6, 7 жил “З” ХХК нь тухайн газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан тул  хууль бус гэж үзэж байна. З.У-ийн сонгон шалгаруулалтаар авсан газрын талбайн хэмжээг газрын албанаас дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт хийж, орон сууцны барилга бариулъя гэсэн шийдвэрийг гаргасны үндсэн дээр сонгон шалгаруулалтад тэнцэж, 54 айлын орон сууцыг барьсан. Гуравдагч этгээдийн үндсэн хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдөж байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа, хөгжлийн банк шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн 54 айлын орон сууцнаа байр худалдан авсан  9 иргэн  тус банкнаас орон сууцны зээл авсан бөгөөд зээлийн  барьцаа хөрөнгө устаж алга болох эрсдэл  тулгараад байна. З.У- нь 54 айлын орон сууцыг захиалан бариулсан боловч  улсын комиссын акт гарч тухайн орон сууц бүгд тусдаа хууль ёсны өмчлөгчтэй болсон. Иргэний хуулийн 145.2-д заасны дагуу орон сууц   өмчлөх эрхийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн байдаг бөгөөд 54 айл бүр нь хууль ёсны дагуу өмчлөх эрхийг олж авсан учраас шударга өмчлөгч юм. Иймд  Иргэний хуулийн 93.1, 103.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын төлөөлөгч Ч.Батхуяг, Р.Батжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байрны 37 тоотын 3 өрөө орон сууцыг З.У-ээс худалдаж авсан. Гэрчилгээ нь гарсан. 2014 оны 12 дугаар сард иргэн З.У-тэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаанд 30 хувийг төлж, 7 давхрын 36 тоотын, 2 өрөө байрыг захиалсан. 2015 оны 12 дугаар сард байр ашиглалтад орсон. Тус орон сууцыг “Хаан” банкны 30 жилийн хугацаатай, 5 хувийн ипотекийн зээлээр авсан. Одоогоор 50 айлын орон сууцнаас 48 айл нь орсон. Би өмчлөгчийн хувьд 2 өрөө байрныхаа хууль ёсны өмчлөгч болсон. Хамгийн гол нь оршин суугчдын хувьд байраа нураалгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2017/02809 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул “З” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий газар дээр З.У-ийн бариулсан барилгыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02809 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч З.У- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

З.У- миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны зүүн урд байрлах 500 м.кв газрын эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалтад ялагч болж олж авсан бөгөөд уг газар дээрээ газар эзэмших зориулалтын дагуу 10 давхар 50 айлын орон сууцны барилгыг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. Хэрэгт авагдсан баримт болон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч З.У- нь төрийн байгууллагаас зарласан төсөл сонгон шалгаруулалтаар 500 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон болон уг газар дээрээ орон сууцны зориулалттай барилга барьсан болох, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “З” ХХК-ийн 1200 м.кв газар эзэмших эрх сэргэсэн талаар, мөн нэхэмжлэгч хариуцагч нарын газрын давхцал нь 233 м.кв болох хангалттай нотлогдож байгаа болно. Газрын давхцалын тухайд бол Дархан-Уул аймгийн Засаг даргаас давхцалын хэмжээг арилган нэхэмжлэгч хариуцагч нарт газар эзэмших эрхийг олгосон үйл баримт болоод газрын давхцалын асуудал арилсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа юм. Үүнээс харвал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь З.У-ийн барьсан барилгын бүхэлд нь нураалгаж газрыг чөлөөлүүлэх гэдэг нь тодорхой байхад давж заалдах шатны шүүхээс барилгын тодорхой хэсгийн нураалгах гэж хэт явцуу байдлаар өөрсдөөр тодорхойлон дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №1399 дугаар захирамж, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №1454 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нураалгах шаардлага гаргасан барилгын өмчлөгч иргэдийг гуравдагч этгээдээр татсан бөгөөд эдгээр иргэд нь уг барилгын 2 оршин суугчид итгэмжлэл олгон өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байдаг. Гуравдагч этгээдийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамж гардуулсан болон хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт авсан байх бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцсон болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд ч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэлийг шуудангаар гардан авсан талаар илэрхийлсээр байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн нэхэмжлэлийг гардуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн гуравдагч этгээд болох иргэдийн хувьд нэг хүсэл зорилготой уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд гуравдагч этгээдээр татагдсан Д.Байгалмаа, Г.Идэрбаатар нь Монгол улсад байхгүй болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 2017.06.06-ны өдрийн №139 дугаар албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 2017.06.13-ны өдрийн №7-2/4581 дугаар албан бичиг, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардаж газар дээрх барилгын өмчлөгч нь гуравдагч этгээдээр татагдсан иргэд байх бөгөөд З.У- миний хувь хэдийгээр уг барилгыг бариулсан ч гэсэн одоо бол уг барилгад З.У-ийн өмчлөлийн ямар ч үл хөдлөх хөрөнгө байхгүй.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №61 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №102/ШШ2017/02809 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...ямар хэмжээний газрыг чөлөөлүүлэхээр шаардаж буй нь тодорхойгүй, гуравдагч этгээд Д.Байгалмаа, Г.Идэрбаатар нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хэрхэн хангасан нь тодорхойгүй ...” гэх үндэслэлийг магадлалд заажээ.

Нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...тус компанийн хууль ёсны эзэмшил бүхий газартай давхцсан газрын хэмжээгээр  З.У-ийн барьсан барилгыг нурааж, газрыг албадан  чөлөөлж өгнө үү” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс  татгалзахдаа  “...эрх бүхий этгээдийн шийдвэрээр  газрыг эзэмшиж байхдаа барилга барьсан, барилгын өмчлөгч биш...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 231 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож, ялагч болсон З.У-т Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр байрны зүүн урд талд 500 м.кв  газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Тэрээр уг газар дээр 10 давхар, 50 айлын орон сууцны барилгыг 2014 оны  06 дугаар  сарын 03-ний өдрөөс эхлэн барьж, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний  өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, нэр бүхий иргэд уг байрны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 231 дүгээр захирамжийн хавсралтын З.У-т холбогдох хэсгийн газрын хэмжээний 233 м.кв-тай давхацсан хэсгийг хүчингүй болгосон ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл газрын давхцсан хэмжээг шийдвэрт тодорхой заасан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга болон тайлбараас үзвэл тэрээр газрын давхцсан хэсгээр барилгыг буулгах шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.

Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч маргаан бүхий орон сууцны өмчлөгч нэр бүхий иргэдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар шийдвэрлэж, улмаар шүүх хуралдааны мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасны дагуу буюу оршин суугаа газрын хаягаар хүргүүлжээ /хэргийн 2 дугаар хавтас 3, 21-22, 24-26, 29-31, 82, 94 дүгээр тал/. Гэвч Д.Байгалмаа БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, Г.Идэрбаатар 2016 оны 8 дугаар сарын 25-ний өдөр улсын хилээр гарсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд тэдгээрийг оролцуулаагүй  гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Хариуцагч маргаан бүхий газрыг  эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшиж байхдаа барилга барьсан ба газар эзэмших эрх хожим хүчингүй болжээ. Хариуцагчид эзэмшүүлсэн 500 м.кв газрын 233 м.кв газарт давхцал үүссэн нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан тул үр дагаврыг  уг  шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага хариуцах талаар дээрх шүүхийн шийдвэр, тогтоолд  тодорхой тусгажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т нийцсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2017/02809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ