Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

“З т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02809 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “З т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.У-т холбогдох

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагч З.У-,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, Ц.Ж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л, Л.А, Ц.Ч, Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З т” ХХК 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын А/426 дугаар захирамж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 174 дүгээр тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг маань сэргээж, манай компанийн газар эзэмших гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээг байгуулж олгосон. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 213 дүгээр, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаар захирамжуудаар “З т” ХХК-д холбогдох болон газрын давхцаж буй хэсгүүд тус тус хууль бус болж хүчингүй, хууль бус захирамж болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд З.У-ийн “З т” ХХК-ийн эзэмшил бүхий газар дээр баригдсан барилга нь хууль бус, бусдын өмчлөх эрхэд халдсан болох нь тодорхой болсон. Дээрх бүх нөхцөл байдлуудын улмаас “З т” ХХК-ийн зүгээс З.У-ийн манай компанийн эзэмшил бүхий газар дээр бариулсан барилгыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд “З т” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий газартай давхцсан газрын хэмжээгээр З.У-ийн барьсан барилгыг нурааж, газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 174 дүгээр тогтоол, мөн тус танхимын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн “З т” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А426 дугаар захирамжаар “З т” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар, мөн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 213 дугаар, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаар захирамжуудын “З т” ХХК-д холбогдох газрын давхцаж буй шийдвэрүүд нь хууль бус болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд иргэн З.У-ийн “З т” ХХК-ийн эзэмшил бүхий 233 м.кв газар дээр барьсан барилга нь хууль бус, бусдын өмчлөлд халдсан болох нь тодорхой болсон. “З т” ХХК-ийн эзэмшлийн газар дээр иргэн З.У-ийн хууль бусаар бариулсан барилгыг нурааж, уг газрыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Ийнхүү “З т” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий газартай давхцсан газрын хэмжээгээр З.У-ийн өмчлөлийн 10 давхар, 54 айлын орон сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч З.У- Дархан-Уул аймгийн Засаг даргаас зарласан сонгон шалгаруулалтад орж маргаан бүхий газрыг авсан. Улмаар уг газар дээрээ барилгаа барьж эхэлсэн. Тэрээр уг газар нь маргаантай байсныг огт мэдээгүй мэтээр шүүхэд тайлбар өгч байна. Хамгийн анх 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 175 дугаар тогтоолоор иргэн З.У-ийн 500 м.кв газрын 200 м.кв газар нь “З т” ХХК-ийн өмчлөлийнх байна гэсэн шийдвэр гарсан. Дээд шүүхийн шийдвэр гарсаар байтал иргэн З.У- нь маргаан бүхий газар дээр барилгаа барьсаар ирсэн бөгөөд Дархан-Уул аймагтаа 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барилгаа улсын комиссоор оруулсан. Дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 258 тоот тогтоолоор дээд шүүхээс дахин иргэн З.У-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 02-нд иргэн Б.Энхсайханы нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж, орон сууц худалдах үйл ажиллагааг явуулж эхэлсэн байсан. Тэрээр өөрийнх нь газрын эзэмшил нь хууль бус гэдгийг мэдсээр байж орон сууц худалдах үйл ажиллагааг явуулж байсан. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 258 тоот Улсын Дээд Шүүхийн шийдвэрийн хянах хэсэг дээр “...500 м.кв газрын 267 м.кв газрыг З.У- эзэмших эрхтэй, 233 м.кв газар нь давхцал үүссэн гэдгийг шүүхээр маргаан хянагдаж байх явцад 10 давхар 50 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Иргэн З.У- нь мэдсээр байж орон сууцыг зарж борлуулсан, үүнээс үүсэж бий болох хариуцлагыг “З т” ХХК хариуцахгүй, буруу шийдвэр гаргасан захиргааны байгууллага хариуцна” гээд З.У-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ барилгыг бид гэнэт л өнөөдөр нураая гэж байгаа юм биш. 2014 оноос хойш одоог хүртэл шүүхийн маргаан явагдаж байна. Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ч анхнаасаа маргаан бүхий газарт баригдсан орон сууцыг барьцаалж авахдаа шалгах ёстой байсан, өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж маргаан бүхий газарт баригдсан орон сууцыг худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, уг барилга нь хууль ёсны дагуу баригдсан юм уу, З.У- нь хууль ёсны өмчлөгч нь мөн эсэхийг шалгасны дараа ипотекийн зээл олгох эсэх асуудлыг шийдэх байсан. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын байр суурийг ойлгохгүй байна. Гуравдагч этгээдийн байр суурийг илэрхийлж оролцож байна уу, эсвэл З.У- гэдэг хүний байр суурийг илэрхийлж байгаа юм уу , Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаараа “З т” ХХК-д газрыг нь буцааж олгоё гэсэн байдаг. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь засаг даргынхаа эсрэг байр суурийг илэрхийлж байна. Маргаан бүхий газарт баригдсан барилгаас орон сууц худалдаж авсан оршин суугчдыг үнэхээр ойлгож байна. Гэхдээ оршин суугчдын гомдох этгээд нь “З т” ХХК биш юм. Харин ч манай захирал А.Баянмөнх айлуудын хаалга дээр “...энэ байрны орон сууцыг битгий ав, газрын маргаан шүүхийн журмаар шийдвэрлэгдэж байгаа” гэж зарлал, мэдэгдэл нааж байсан. Бид өөрсдийн эзэмших эрхтэй газраа суллуулж аваад цаашид өөрсдөө барилга, орон сууц барина. Тухайн газар дээр баталсан манай ерөнхий төлөвлөгөө байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.У- шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “З т” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ З.У-ийн “З т” ХХК-ийн эзэмшил бүхий газар дээр баригдсан барилга хууль бус, бусдын өмчлөх эрхэд халдсан болох нь тодорхой болсон” гэсэн байна. З.У- миний бие өөрөө дур зоргоор “З т” ХХК-ийн эзэмшил бүхий газар дээр барилга барьж “З т” ХХК-ийн эзэмших эрхэд халдсан зүйл байхгүй. Төрийн байгууллагаас буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар зарлагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож, нийтийн орон сууцны зориулалттай газрын төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр ялагчаар тодорч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр байрны зүүн урд талд 500 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болсон. 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Засаг даргын 231 тоот захирамжаар төсөл сонгон шалгаруулалтанд ялагч болсон иргэн миний газар эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ авч бүртгэлд бүртгүүлсэн. Хэрэв тухайн газар эзэмшлийн маргаантай байсан гэдгийг би анх төсөл сонгон шалгаруулах, газрын гэрчилгээ гарах, барилгын ажил эхлүүлэх явцад олж мэдсэн бол газар эзэмших эрхээсээ татгалзаж болох байсан. Улмаар уг газар дээрээ төсөл сонгон шалгаруулалтад оролцсон төслийн дагуу 10 давхар айлын орон сууцны барилгыг 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн барьж эхэлсэн бөгөөд барилгын ажил 90-95 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусах шатандаа орчихсон байхад газрын маргаантай талаар мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга 2013 онд 430 дугаар захирамжаар газрын төлбөр төлөөгүй “З т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон уг газарт төсөл сонгон шалгаруулалт зарласан болохыг хожим миний бие “З т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт оролцохдоо л мэдсэн болно. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ гэвэл Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу тухайн жилийн төлбөрийг дараа жилийн эхний сарын 01-ний дотор төлөх ёстой байтал нэхэмжлэгчийн 2013 оны газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт газар эзэмших гэрээг жил бүрийн гэрээ байгуулсан өдрөөр тасалбар болгон дүгнэх үүргийг газар эзэмшүүлэгч хүлээхээр, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй байтал хариуцагч газрын төлбөр төлөх хугацаа болоогүй байхад мөн гэрээний биелэлтийг дүгнэлгүй, шууд нэхэмжлэгчийн эзэмшигч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тогтоогдож байна. “...хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас 233 м.кв-ыг төсөл сонгон шалгаруулалтаар З.У-т олгож нийт 500 м.кв газрыг эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна.” гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр гарах үед төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан төслийн дагуу барилгын ажил бүрэн дууссан байсан бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №2015/21-2 дугаар актаар “иргэн З.У-ийн 10 давхар 50 айлын орон сууцны барилгыгбарилга байгууламж ашиглалтанд оруулах комиссоор хүлээн авахаар шийдвэрлэв” гэж ашиглалтанд оруулсан болно. Улмаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдүүд нь түлхүүрээ гардан авч хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн бүр “...үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан бөгөөд иргэн З.У- миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 хороололд байрлах 500 м.кв газрын эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтаар ялагч болж шударгаар олж авсан бөгөөд дээрх иргэд нь уг газар дээр барьсан үл хөдлөх хууль ёсны өмчлөгч юм. Миний бие уг орон сууцны барилгад нийт 4 050 000 000 төгрөгийн буюу үлэмж их хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд барилгын ажил бүрэн дуусаж 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулж, иргэд, оршин суугч, захиалагч нар байрандаа орж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан байгаа. Гэтэл “З т” ХХК нь дээрх 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн З.У- намайг хууль зөрчсөн мэтээр тайлбарлан барилгыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь иргэн миний болоод өмчлөх эрхээ хууль ёсны дагуу бүртгүүлсэн өмчлөгч иргэдийн, мөн цаашилбал өөрийн байрандаа амьдарч байгаа хэдий ч өмчлөх эрхээ бүртгүүлээгүй байгаа олон олон иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчих нөхцөл байдал бий болоод байна. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн миний бие өнөөдрийг хүртэл хохироод явж байгаа бөгөөд “З т” ХХК нь иргэдийн эрх ашгийг хүндэтгэлгүй, эрх бүхий төрийн байгууллагад нь хандан шийдвэрлүүлэх арга хэмжээ авалгүй надад холбогдуулан олон, олон иргэдийн эрх ашгийг зөрчсөн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. З.У- миний бие өөрийн хүслээр дур зоргоороо “З т” ХХК-ийн газартай давхцуулах газар эзэмших эрх олж авч барилга барьсан хэрэгт огт биш юм. Тодруулбал, газрын давхцлын харилцаа нь хэн нэгний дур зоргоор үүссэн зүйл биш бөгөөд захиргааны байгууллагын шийдвэртэй холбогдон сүүлд үүссэн нөхцөл байдал юм. Үүнийг залруулах, газрын давхардлыг арилгах, талуудын аль алины эрх хууль ёсны ашиг сонирхолд уялдуулан шийдвэрлэх эрх хэмжээ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл болон 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасны дагуу газрын эрх олгох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг дарга л байгаа. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн газар дээр дураараа барилга барьж эзэмшилд нь халдсан зүйл байхгүй. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар зарлагдсан газар эзэмших, төсөл сонгон шалгаруулалтад оролцож, нийтийн орон сууцны зориулалттай газрын төсөл сонгон шалгаруулалтын комиссын 2014 оны 3 дугаар сарын 19-ийн өдрийн дүгнэлтээр ялагчаар тодорч, Дархан-Уул аймгийн, Дархан сумын, 9 дүгээр багийн, 4 дүгээр багийн зүүн талд орших 500 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Ингээд газар эзэмших гэрчилгээ нь гарч уг төсөл сонгон шалгаруулахад орсон нөхцөлийнхөө дагуу тус газарт 10 давхар 54 айлын орон сууцыг барьж ашиглалтад өгсөн байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2015/21-2 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын актаар барилгыг ашиглалтад оруулсан. Улсын комисс хүлээж авснаар, захиалагч нартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, иргэд өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан. 2 айл нь ороогүй бусад айл нь бүгд өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Хариуцагчийн хувьд төсөл сонгон шалгаруулалтаар сонгогдсон газар дээрээ төслийнхөө дагуу барилгаа барьсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрхээ эдэлсэн. Тухайн орон сууцыг худалдаж авсан иргэд бол шударга өмчлөгч юм. Тиймээс тухайн барилгыг нураах боломжгүй. Нэхэмжлэгч нь З.У-ийг хариуцагчаар татсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгчид хэнийг хариуцагчаар татах нь өөрийнх нь эрхийн асуудал. Нэхэмжлэгч хэлэхдээ З.У-ийн өмчлөлийн барилгыг нурааж өгнө үү гэж ярьж байна. Гэтэл хэрэгт тухайн нураах гэж байгаа барилга нь З.У-ийн өмчлөлийн гэдгийг нотолсон нэг ч баримт байхгүй. Харин гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэдийн нэрээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагчид байхгүй байгаа хөрөнгийг нураалгах гээд нь байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг шүүх анхаарч харах байх, мөн З.У-ийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлөх гэж ярьж байна. З.У-ийг хууль бусаар газрыг эзэмшиж байна гэж тайлбарлах гээд байна. Газрын тухай хуулийн эзэмших, ашиглах зохицуулалт нь тодорхой байдаг. Эзэмшиж байгаа газрын хэсэг дээр тухайн барилгын хувьд 50 гаруй хувьд З.У-ийн эзэмшиж байгаа газрын тодорхой хувь нь үлдсэн. Энэ хэсгийг бас хууль бус хэлж байна уу, эсвэл давхацсан хэсэг дээр оролцож байгааг хууль бус гэж хэлж байгаа бол яг ямар нөхцөл байдлаар хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй. З.У-ийн хувьд газар олж авсан үйл явц нь хуулийн дагуу хийгдсэн. Төсөл сонгон шалгаруулалт хууль ёсны болсон гэдэг талаар ямар нэг маргаан байхгүй. Эдгээрээс харахад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасны дагуу З.У- тухайн газрыг сонгон шалгаруулалтаар ялагч болж, комиссын шийдвэрээр газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан. Нэхэмжлэгч “З т” ХХК-ийн хувьд 2012 онд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрхийг олж авсан. Энэ нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Дархан-Уул аймгийн, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар буюу төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ийм асуудал үүссэн. “З т” ХХК анх энэ газрыг авахдаа 400 м.кв газар байсан. Гэтэл хугацаагаа сунгахдаа газрын хэмжээг нэмсээр байгаад том болгосон. Энэ хугацаанд 6, 7 жил “З т” ХХК нь тухайн газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Иймээс хууль бус гэж үзэж байна. З.У-ийн сонгон шалгаруулалтаар авсан газрын талбайн хэмжээг газрын албанаас дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт хийж, орон сууцны барилга бариулъя гэсэн шийдвэрийг гаргасны үндсэн дээр сонгон шалгаруулалтад тэнцэж, 54 айлын орон сууцыг барьсан. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэгэнт баригдсан орон сууцны 54 айлын эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэгчийн барилгыг нураалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь зохисгүй. Гуравдагч этгээдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдөж байна. Газрын албанаас “З т” ХХК-д өөр газрын байршлыг санал болгосон. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөн санал тавьсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн 54 айлын орон сууцнаас 9 иргэн манай банкнаас орон сууцны зээл авсан. Манай 9 барьцаа хөрөнгө устаж алга болох эрсдэл тулгараад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. З.У- нь 54 айлын орон сууцыг захиалан бариулсан нь үнэн, гэхдээ улсын комиссын акт гарч тухайн орон сууц бүгд тусдаа хууль ёсны өмчлөгчтэй болсон. Орон сууц гэдэг нь доод газраасаа шалтгаалахгүйгээр дангаараа өмчлөх эрхээ авч явдаг онцгой объект юм. Иргэний хуулийн 145.2-д заасны дагуу орон сууц дангаар өмчлөх эрхийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн байдаг бөгөөд 54 айл бүр нь хууль ёсны дагуу өмчлөх эрхийг олж авсан учраас шударга өмчлөгч юм. Хууль ёсны өмчлөгчтэй хууль ёсны дагуу гэрээ байгуулсны үндсэн дээр барьцааны эрх олж авсан банк нь шударга эзэмшигч юм. Иймд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын төлөөлөгч Ч.Б, Р.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байрны 37 тоотын 3 өрөө орон сууцыг З.У-ээс худалдаж авсан. Гэрчилгээ нь гарсан. Нийт оршин суугчдын зүгээс барилгыг нураалгах тал дээр эсрэг байр суурьтай байна. Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 12 дугаар сард З.У-тэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаанд 30 хувийг төлж, 7 давхрын 36 тоотын, 2 өрөө байрыг захиалсан. 2015 оны 12 дугаар сард байр ашиглалтад орсон. Тус орон сууцыг Хаан банкны 30 жилийн хугацаатай, 5 хувийн ипотекийн зээлээр авсан. Одоогоор 50 айлын орон сууцнаас 48 айл нь орсон. 2 айл нь ороогүй байгаа. Оршин суугчдын зүгээс эхэндээ энэ асуудлыг мэдээгүй байсан. 1 жил гаруйн дараа “З т” ХХК-аас байрыг нураах талаар маргаантай байгаа гэдгийг мэдсэн. Би өмчлөгчийн хувьд 2 өрөө байрныхаа хууль ёсны өмчлөгч мөн. З.У- нь байна уу, “З т” ХХК нь байна уу, Дархан-Уул аймгийн Засаг дарга, хэн газар олгосон эсэх нь сонин биш. Хамгийн гол нь оршин суугчдын хувьд байраа нураалгах нь маш хэцүү байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул “З т” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий газар дээр З.У-ийн бариулсан барилгыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02809 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн зүгээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагч З.У-ийг анхнаасаа, мэдсээр байж маргаан бүхий газар дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга барьж, үйл ажиллагаа явуулсан талаарх үйл баримтыг тогтоогоогүй тул “З т” ХХК-ийн эзэмшил бүхий газар дээр баригдсан барилга нь хууль бус, бусдын өмчлөх эрхэд халдсан болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хариуцагч маргаантай гэдгийг мэдсээр байж барилгаа барьж дуусгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь барилгыг нураах үндэслэл болохгүй” гэж дүгнэжээ. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 258 тоот тогтоолд “Шүүхээр маргаан хянагдаж байх явцад 10 давхар, 50 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байна. Давхцал үүссэн 233 м.кв газрын зарим хэсэгт нэхэмжлэгчийн барьсан орон сууц байрлаж байгаа бөгөөд нэхэмжлэгчид учрах хохирол, үр дагаврыг буруу шийдвэр гаргасан захиргааны байгууллага хариуцах болохоос гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээх хууль зүйн боломжгүй, энэ тухай анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийжээ.” гэсэн байдаг. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсаар байтал шүүх үүнийг үл харгалзан хариуцагчийн талд хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасаар байтал хүчин төгөлдөр дээд шүүхийн тогтоолыг буруугаар тайлбарлаж шийдвэр гаргасан.

2. Мөн шүүхийн шийдвэрт “Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд “З т” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий газарт баригдсан 10 давхар 50 айлын орон сууц нь З.У-ийн эзэмшил, ашиглалтад байгаа нь тогтоогдохгүй, тэрээр “З т” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий газрыг чөлөөлөх үүрэгтэй этгээд биш байна” гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 258 тоот тогтоолд “Нэхэмжлэгчийн тухайд захиргааны байгууллагаас зарласан дуудлага худалдаанд оролцож, 500 м.кв газар эзэмших эрхтэй болсон хэдий ч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 233 м.кв газарт давхцал үүсч, үлдэх 267 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд шүүхээр маргаан хянагдаж байх явцад 10 давхар, 50 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байна.” гэж дүгнэсэн байдаг. Ийм учраас “З т” ХХК-ийн эзэмшил газарт 10 давхар, 50 айлын орон сууц барьж, хууль бусаар ашиглалтад оруулсан этгээд нь хариуцагч З.У- тул “З т” ХХК-ийн эзэмшил газрыг чөлөөлөх эрх бүхий этгээд мөн юм. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “З т” ХХК нь хариуцагч З.У-т холбогдуулан тус компанийн хууль ёсны эзэмшил бүхий газар дээр З.У-ийн бариулсан барилгыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч З.У- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар зарлагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож, нийтийн орон сууцны зориулалттай газрын төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр ялагчаар тодорч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр байрны зүүн урд талд 500 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болсноор тэрээр уг газар дээрээ сонгон шалгаруулалтад оролцсон төслийн дагуу 10 давхар 50 айлын орон сууцны барилгыг 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс барьж, уг барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2015/21-2 дугаар актаар барилга байгууламж ашиглалтанд оруулах комисс хүлээн авч, нэр бүхий иргэд худалдан авч өмчлөгч болсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжаар 1200 м.кв талбайтай газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн 0206984 дугаар гэрчилгээ олгосныг 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар Засаг даргын захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 174 тоот тогтоолоор хүчингүй болгосноор нэхэмжлэгч “З т” ХХК нь 1200 м.кв газрыг эзэмших эрх хэвээр үлдэж, нэхэмжлэгч, хариуцагч нарын эзэмшлийн 233 м.кв газарт давхцал үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газарт хариуцагчийн хууль бусаар барьсан барилгыг буулгаж, газар чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тал нэхэмжлэгчийн эзэмшлийн 1200 м.кв талбайтай газрын хэдэн м.кв газарт нь барилга барьсан гэх үйл баримт тодорхой бус буюу ямар хэмжээний газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь тодорхойгүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж, тодорхой бус нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Засаг дарга, Худалдаа хөгжлийн банк болон нэр бүхий 50 иргэнийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 910 дугаар, мөн оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1454 дүгээр захирамжаар тус тус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байх тул гуравдагч этгээдийн хувьд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан эрхээр нь хангаагүй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /1 дэх хавтас 169, 198, 2 дахь хавтас 29 дүгээр тал/

 

Түүнчлэн гуравдагч этгээд Д.Байгалмаа, Г.Идэрбаатар нар нь Монгол Улсад байхгүй гэх баримт хэрэгт авагдсанаас үзэхэд тэдгээрийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны өмчлөгч нарын эрх ашигт нөлөөлж болзошгүй тохиолдолд гуравдагч этгээд Д.Байгалмаа, Г.Идэрбаатар нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шүүх хэрхэн хангасан нь тодорхойгүй байна.          

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02809 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “З т” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                                                       

                                  ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                    С.ЭНХТӨР