Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 31

 

Б.Э-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00804/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1645 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч Тайжууд овогт Б-гийн Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

“Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай  иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-оос:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэгийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, мангиртын 2-4а тоот, Г-2003001191 дугаарт бүртгэлтэй 1105 мкв талбайтай газрыг 19,448,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Миний өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул “Капитал зууч” ХХК-ийн 2016.05.04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 шийдвэрээр Тогтохсүрэнгээс 44,430,142 төгрөг гаргуулж Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч Б.Тогтохсүрэнгийн өмчлөлийн Ү-2003013259 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, 2-4 тоот 144м2 талбайтай 2 давхар хувийн орон сууц, 859м2 талбайтай газрын хамт, Б.Э-ын өмчлөлийн Ү-2003007686 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг 4а тоот 72м2 талбайтай хувийн орон сууц 1105м2 талбайтай газрын хамт тус тус 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар эд хөрөнгө битүүмжлэн хураах авах тухай битүүмжлэлийн тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй, банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал өгөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө газрыг нийт 260,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний талаар гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 105 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Капитал зууч” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн дагуу тухайн барьцаа хөрөнгийн бусад үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн газраа үнэлүүлнэ гэсэн тул 15 дугаар баг Мангирт 1 дүгээр хэсэг 4 тоотод байрлах газрыг дахин үнэлгээ хийлгүүлэхээр Капитал зууч ХХК-иас шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээгээр 19,448,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад танилцуулсан. Шүүхийн шийдвэрээр өмнөх үнэлгээг хүчингүй болгосон ч үнэлгээний дүн болох 260,000,000 төгрөгөө хүлээн зөвшөөрч газраа үнэлүүлж, мэдээллээ өгсөн. Энэ үнэлгээ бол зөвхөн газрын үнэлгээ гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1645 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Дархан сум 15 дугаар баг Мангиртын 1 дүгээр хэсэг 4-а тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний Ү-2003001191 дугаарт бүртгэлтэй 000166002 тоот гэрчилгээтэй 1105,0 м.кв газрыг 19 448 000 төгрөгөөр үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э- тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э- давж заалдсан гомдолдоо: Шинжээч томилж, үнэлгээ хийлгэх эрх нь хариуцагч болох Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа тул би дур мэдэн өөр үнэлгээ хийх эрхтэй байгууллагаар өөрийн өмчийг үнэлүүлэх боломжгүй юм. Үнэлгээний тайлантай танилцсаны дараа уг үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул өөр газраар дахин үнэлгээ хийлгүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээж аваагүй. Иймд миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн үнэлгээний тайлан гарсан гэж үзэж байх тул “Капитал зууч” ХХК-ийг гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  зохигчдын дунд үүссэн  маргааныг хянан шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тавигдах шаардлагад нийцээгүй байна. 

Нэхэмжлэгч Б.Э- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэгийг Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/2249 тоотын дагуу хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулжээ.

Ингэхдээ  тус  албаны тасгийн дарга нь тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх түүний бусдад олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

2016 оны 12 дугаар сарын 28-наас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Бадамханд гэгч оролцох болсон бөгөөд түүнийг хариуцагч байгууллагыг шүүхэд төлөөлж хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх эрх олгосон баримт бичиг хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэсэнтэй нийцээгүй байна.

Шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаагүй, байгууллагын эрх баригчийг эсхүл түүний томилсон этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хэрэв итгэмжлэлээр оролцож байгаа бол итгэмжлэл нь Иргэний хуулиар тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоогоогүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засах  боломжгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг арилгаж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол болон хэргийн шийдэлд дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.АМАРСАНАА

                               ШҮҮГЧИД                                            С.ЭНХЖАРГАЛ

                                                                                            О.НАРАНГЭРЭЛ