Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00662

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03494 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

163.073.127.24 төгрөг гаргуулах үндсэн,

382.403.900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Содчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Содчимэг, өмгөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагчийн төлөөлөгч Г.Янжмаа, өмгөөлөгч Ц.Гүенбат,  нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь “С” ХХК-д өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороонд байрлах 2 давхар барилгын 1 давхрын 525,4 м.кв талбайг 4 жилийн хугацаагаар нэг сарын түрээсийн төлбөрийг 5,500,000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр харилцан тохиролцон 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч С ХХК нь талбайг чөлөөлөөгүй. Гэрээний хугацаанд С ХХК нь түрээсийн төлбөрийг хугацаанаас нь байнга хоцроож төлдөг байсан ба талууд тооцоо нийлж 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр нийт 22,940,173 төгрөг болохыг тогтоож, акт үйлдсэн. Энэ тооцооны дагуу ашиглалтын төлбөр 2014 оны 06 сарын 23-ны өдөр 500.000 төгрөг,  2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 400.000 төгрөг,  2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 995.913 төгрөг, түрээсийн төлбөрт 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,400,000 төгрөг, 2014 оны 07 сарын 23-ны өдөр 168,518.5 төгрөгийг тус тус төлсөн. С ХХК-ийн захирал Г.Янжмаа нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн байрны хаалганы 1 ширхэг түлхүүрийг актаар хүлээлгэж өгсөн боловч өөрийн эд зүйлээ авч, объектыг чөлөөлж өгөхгүй түрээслүүлэгчид хохирол учруулсан. Энэ хүртэл хугацаанд талбайг түрээслэх боломжгүй байлгасан учир  2014.07 сараас 2015.07.22-ны өдөр хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогоо тооцсон. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Талууд өөрсдөө гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар хэн аль нь ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй болно.

Иймд 2015.05.06-ны өдрөөс 2016.05.06-ны өдөр хүртэл хугацааны олох байсан орлого 66.000.000 төгрөг, гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны буюу 2014.08.01-ний өдрөөс 2015.05.06-ны өдөр хүртэлх 10 сарын төлөөгүй түрээсийн төлбөр 50.564.570 төгрөг, алданги 25.282.285 төгрөг, ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл 937.012,24 төгрөг, актаар дутуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ 4.745.000 төгрөг, гэрээний хугацаанд сарын түрээсийн төлбөрийг хоцроож төлж байснаас төлөхөөр тохиролцсон алданги 15.375.741,5 төгрөг, нийт 163.073.127,24 төгрөгийг гаргуулж хангаж өгнө үү.

Харин Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах барилгын 1 давхрын 524,4 м.кв талбайг чөлөөлөх, уг талбайгаас 109 нэр төрлийн эд зүйлээ авч гаргахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Нэхэмжлэгч 2014.08.06-ны өдрөөс 2015.08.06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн мөртлөө дахин ашиг олох ёстой байсан гээд орлого нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Түрээслүүлэгч 2014.07.23-ны өдөр түрээсийн байрны хаалгыг гинжилчихсэн учраас цаашид хэвийн байдлаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Ашиглалтын зардлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, ашигласан хугацааны төлбөрийг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр гэж үзэж байна. Уг гэрээний 2.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэдэгтэй маргахгүй байна. Олох ёстой орлого 66.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч манайх талбайгаа ашиглахад нь саад болоогүй бөгөөд 2014.07.23-ны өдөр хаалгыг түгжсэнээр уг талбайг ашиглаагүй учир энэ хугацааны түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. Актаар хүлээлгэж өгсөн эд зүйлээс 850.000 төгрөгийн эд хөрөнгө дутуу хүлээлгэж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: түрээсийн байранд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3 дахь хэсэгт заасан түрээслүүлэгч энэхүү гэрээний 4.1 дүгээр зүйлд заасны дагуу, түрээслэгчид түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн байрыг засварлах 1,5 сарын хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлнө. Уг гэрээний 3.2 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсний дагуу 2011 оны 03 сарын 18-ны өдөр Эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж, мөн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 2011 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл 1,5 сарын хугацаанд манай компани нийт 382,403,900 төгрөгийн засан сайжруулалтыг хийж, тухайн байранд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж зах зээлийн ханшийг өсгөсөн. Засан сайжруулалт хийсэн даруйдаа Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох Итгэлт-Бээс ХХК-иар үнэлүүлсэн болно. Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус.  Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу С ХХК нь 382.403.900 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Үнэлгээний тайлан санхүүгийн тайланд бүртгэгдэж байж хүчинтэй болно. Түргэн муудах, элэгдэх хугацааг тооцоогүй, алдаатай, үнийн дүн нь зөрүүтэй тайлан гаргасан байна. “С” ХХК-ийн 2016 оны жилийн тайлангаас үзэхэд эдгээр эд хөрөнгө тус компанийн бүртгэлд тусгагдсан баримтгүй байна. Тус компани хуулийн этгээд болохын хувьд тайлан бүртгэлдээ энэ нэхэмжлээд байгаа 382.403.900 төгрөгийн эд хөрөнгөө бүртгэсэн талаарх баримт байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03494 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Сити Гастро” ХХК-иас 18.937.753.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144.135.374 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 382.403.900 төгрөг гаргуулах тухай Сити Гастро ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч С ХХК нь С ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах барилгын 1 давхарын хэсгийн 524,4 м.кв талбайг Сити Гастро ХХК нь бүрэн чөлөөлж, уг талбайгаас 109 нэр төрлийн эд зүйлээ авч гаргахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Сити Гастро ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 252.639 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.043.516 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.069.970 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 069 970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Содчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж 2018 оны 01-р сарын 05-ны өдөр 122 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр энэхүү хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

“С” ХХК нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж “...барилгын 1 давхарын хэсгийн 525,4 м.кв талбайг “С” ХХК нь бүрэн чөлөөлж, эд зүйлээ авч гаргахыг даалгах шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэ талаар тодорхой баримтыг бичгэн хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байгаа болно. Ийнхүү нэхэмжлэгч “С" ХХК нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, зарим шаардлагаасаа татгалзсаныг харгалзан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж 2017 оны 11-р сарын 03-ны өдөр 101/ШШ2017/03494 дугаартай шийдвэр гаргасан. Гэтэл энэ үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх нягтлан анхаарч, хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн тулгуурлан зөв дүгнэлт хийж чадсангүй. Хариуцагч “С" ХХК-ийн" сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болгож байгаа “Үнэлгээний тайлан” гэсэн нотлох баримт нь: Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд 2011оны 05-р сарын 06-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээний 1.3-т “.. хоёр тал байлцаж байж үнэлгээний тайланг хийлгэнэ гэсэн тохиролцоог зөрчиж зөвхөн хариуцагч тал болох “С” ХХК-ийн захиалгаар хийгдсэн ба, Үнэлгээний тайлангийн зорилго нь компанийн “нягтлан бодох бүртгэлд бүртгэхэд зориулан үйлдсэн" гэх боловч үнэлгээ хийлгэсэн засан сайжруулалт, эд хөрөнгө нь “С” ХХК-ийн санхүү тайлан бүртгэлд огт тусгагдаж бүртгэгдээгүй. Хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдаж буй 382,403,900 төгрөгийн дүн нь 2011 онд түүний захиалан хийлгэсэн “Үнэлгээний тайлан”-д дурдагдсан дүн бөгөөд энэ дүн бүхий засан сайжруулалт, тоног төхөөрөмж эд хөрөнгийг хариуцагч “С” ХХК нь өөрөө 2011 оноос 2014 он хүртэл 4 жилийн хугацаанд үйл ажиллагаандаа ашиглаж байсан, ашигласан. Түрээсийн байранд үлдээсэн гэх эд хөрөнгийг хариуцагч “Си ХХК-аас хэн нэгэнд хариуцуулан хүлээлгэн өгсөн, эсхүл эдгээр хөрөнгө түрээсийн байранд 2011-2015 онд бүрэн бүтэн байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн, хэргийн нөхцөл өөрчлөгдсөн байгааг анхаарахгүй, нотлох баримтад тулгуурлаагүй хэт өрөөсгөл дүгнэлт хийж хууль зөрчсөн шийдвэр болсон байх тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн “...163.073.127 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “С” ХХК эс зөвшөөрөхдөө “...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус” гэсэн тайлбар гаргаж, улмаар 382.403.900 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргахдаа түрээсийн байранд хийсэн засан сайжруулалт гэжээ. 

Зохигчийн хооронд 2011 оны 05 дугаар сарын 06-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 2 давхар барилгын 1 давхрын 525.4 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаагаар ашиглуулах, хариуцагч сард 5.500.000 төгрөгийн төлбөр  төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 1 дүгээр хавтас 9-12 дугаар  тал/.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус харин түүний тодорхой хэсгийг түрээслүүлэх, түрээслэхээр тохирч, гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан шаардлагыг хангажээ.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Талуудын байгуулсан гэрээний 3.4, 5.4-т зааснаар түрээслэгч тухайн сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ний дотор төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирчээ.  

Хариуцагч түрээсийн төлбөрийг хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ цуцлахыг мэдэгдэж, мөн оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэрээг цуцалсан, 2015 оны 7 дугаар сарын 22-ний өдөр түрээсийн талбайг буцаан авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, энэ тохиолдолд түрээслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3, 221 дүгээр зүйлийн 221.3-т заасныг зөрчөөгүй, энэ талаар  маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 5 сар хүртэл хугацаанд олох байсан орлого 66.000.000 төгрөг, төлөгдөөгүй 10 сарын түрээсийн төлбөр 50.564.570 төгрөг, уг төлбөрийн алданги 25.282.285 төгрөг, ашиглалтын зардлын үлдэгдэл 937.012 төгрөг, хүлээлгэн өгөөгүй дутуу эд зүйлийн үнэ 4.745.000 төгрөг, гэрээний хугацаанд төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги 15.375.741 төгрөгийг тус тус шаардсан ба хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.   

Нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, энэ тохиолдолд тэрээр олох байсан орлого, түрээсийн төлбөр, алданги шаардах эрхгүй. Харин хариуцагч нь түрээсийн талбайг ашиглаж байх үедээ төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд энэ хугацааны алданги 15.544.260 төгрөг төлөхөөр тохирсон нь тэдгээрийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 26-ний өдөр хийсэн тооцооны актаар тогтоогджээ /хэргийн 2 дугаар хавтас 149 дүгээр тал/. 

Түрээсийн төлбөрт цахилгаан, дулаан, халуун, хүйтэн ус, бохир ус, хог, тээвэр, гэх мэт ашиглалтын зардал багтаагүй, эдгээрийг түрээслэгч хариуцахаар тохирсон ба ашиглалтын зардлыг нэхэмжлэх ирсэн буюу хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлөхөөр гэрээний 2.2, 3.4-т заасан ба  ашиглалтын зардал 937.012 төгрөг төлөөгүй тухай шаардлагыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Түүнчлэн түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө 2.625.000 төгрөгийн эд хөрөнгө дутуу өгсөн хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан ба талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй талаар мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т зохицуулжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 1.2, 1.3-т “түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр түрээсийн байранд өөрийн хэвийн үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчийн ая тух, зэрэглэлийг өсгөх, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дотор интерьер загварыг өөрчилж, барилгын засал, чимэглэл болон нэмэлт пааруудыг суулгах зэрэг барилгыг засан сайжруулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийнэ”, “түрээслэгчийн барилгын засан сайжруулалтын хөрөнгө оруулалтад гарсан зардлыг 2 тал зохих үнэлгээний байгууллагаар хийлгэн гэрээний хавсралт болгоно” гэж заажээ. Хууль болон гэрээний дээрх заалтаас үзвэл түрээслэгч нь түрээсийн байранд засан сайжруулалт хийхдээ  түрээслүүлэгчийн зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр засан сайжруулалт хийснээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөлслүүлэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөнд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т заасан. Хариуцагч түрээсийн байранд засан сайжруулалт хийхдээ түрээслүүлэгчийн зөвшөөрөл аваагүй, энэ  тохиолдолд нэхэмжлэгч засан сайжруулалтын үнийг төлөхөөс татгалзсаныг буруутгах боломжгүй  юм.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг заахдаа “Итгэлт бээс” ХХК-ийн Үнэлгээний ажлын тайланд засварын ажил 189.173.020 төгрөг, тохижилтын ажил 33.578.880 төгрөг, тоног төхөөрөмж 159.652.000 төгрөг нийт 382.403.900 төгрөг  гэжээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн байранд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан тоног төхөөрөмжийг буцаан авах боломжтой байхад давж заалдах шатны шүүх “...түрээсийн байранд хариуцагчийн ямар эд хөрөнгө үлдсэн нь тодорхойгүй”  гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үнийн дүнгээр тодорхойлж, үндэслэлээ түрээсийн байранд хийсэн засан сайжруулалт гэсэн байхад давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус гэж үзсэн нь үндэслэлгүй.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээс гадна, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд заалгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. дэх хэсэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлээс 18.937.753 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо  хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан  нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 1.043.516 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ