Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 372

 

“Сентоза Фүүд корт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06733 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сентоза Фүүд корт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Сити гастро” ХХК-д холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орших 2 давхар барилгын 1 давхрын хэсгийн 525.4 м.кв талбайгаас “Сити гастро” ХХК-ийг чөлөөлж, эд зүйлээ авахыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Содчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Янжмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Содчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сити гастро” ХХК нь манай “Сентоза Фүүд Корт” ХХК-ийн харьяа Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 2 давхар барилгын 1 давхрын хэсгийн 525.4 м.кв талбайг 4 жилийн хугацаатай түрээслэн ашиглахаар харилцан тохиролцон 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан ашиглаж ирсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 4 жилийн гэрээ хугацаа дууссан, мөн “Сити гастро” ХХК нь үйл ажиллагаагаа зогсоож, талбайг ашиглахгүй, өөрийн эд зүйлээ авч талбайг чөлөөлөөгүй өнөөдрийг хүрсэн болно.

Иймд “Сентоза Фүүд Корт” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 2 давхар барилгын 1 давхрын хэсгийн 525.4 м.кв талбайг “Сити гастро” ХХК нь бүрэн чөлөөлж эд зүйлээ авч гаргахыг даалгах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Сити гастро” ХХК-ийн төлөөлөгч Г.Янжмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг төлөөлөгч болох М.Содчимэгт хүлээлгэн өгч энэ талаараа “Эд хөрөнгө хүлээлцэх акт” үйлдсэн.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь өөрийн байраа чөлөөтэй эзэмшиж, ашиглах бололцоотой болсон тул нэхэмжлэл нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлзэн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Сентоза Фүүд корт” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн зүүн талд оршин байх хоёр давхар барилгын 1 давхрын хэсгийн 525.4 м.кв талбайг хариуцагч “Сити гастро” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тус талбайгаас эд зүйлээ авахыг хариуцагч “Сити гастро” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Сити гастро” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сентоза Фүүд корт” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Янжмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06733 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өмнө нь нэхэмжлэгчийн яг ижил шаардлага бүхий иргэний хэргийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/Ш32016/00112 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шүүх хуралдаанд би өөрийн өмгөөлөгч Д.Тамирын хамт оролцсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд би хууль зүйн туслалцаа авч, өмнө нь өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Д.Тамиртай хамт оролцох хүсэлтийг гаргасан.

Шүүхээс уг хүсэлтийг 60 хоногийн дараа гаргасан гэдэг үндэслэлээр хангахгүй орхиж хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд үндэслэх бөгөөд ийнхүү мэтгэлцэхэд өмгөөлөгчийн оролцоо туйлын чухал юм. Гэтэл энэ анхан шатны шүүх энэхүү зарчмыг алдагдуулж хууль зүйн туслалцаа авах талаар миний эрхийг зөрчсөн.

2. Хууль зүйн туслалцаа авах тухай миний гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32016/32058 дугаартай захирамжийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгосон хэдий ч уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж миний гомдол гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийн зохицуулалтаар бол мөн хуулийн 123 дугаар зүйлийг удирдлага болгон гаргасан захирамжид гомдол гаргах эрхтэй.

3. Иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч болоод түүний туслах ээлжийн амралтаа авсан байсан. Энэ хугацаанд надад хэргийн талаар юу ч мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаан товлогдсон өдөр нь өмгөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан тул би арга буюу хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөхийг хүссэн. Үүнээс өмнө би хууль зүйн туслалцаа авах талаар шүүхэд хандаж байгаагүй. Хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангасаар байхад би энэ эрхээ эдлээгүй бол гомдох зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ 60 хоногийн дараа гаргасан гэдэг хуульд заагаагүй үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ингэснээр миний хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн.

Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан нөхцлийг бүрдүүлж байгаа тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06733 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Сентоза Фүүд корт” ХХК нь хариуцагч “Сити гастро” ХХК-д холбогдуулж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орших 2 давхар барилгын 1 давхрын хэсгийн 525.4 м.кв талбайгаас “Сити гастро” ХХК-ийг чөлөөлж, эд зүйлээ авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч маргаан бүхий байрыг түрээслэж байсан талаар маргаагүй бөгөөд харин 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагчийн түрээслэж байсан нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн зүүн талд оршин байх хоёр давхар барилгын 1 давхрын хэсгийн 525.4 м.кв талбайд түүний эд хөрөнгө үлдсэн болохыг хариуцагч үгүйсгээгүй байх боловч тус компанийн ямар эд хөрөнгүүд байгаа болох нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн талуудын хооронд 2011 онд 4 жилийн хугацаатай байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болж, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Эд хөрөнгө хүлээлцэх акт” үйлдэн түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд түрээсийн зүйл шилжсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байхад шүүх  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн 525.4 м.кв талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гаргасан нь ойлгомжгүй болжээ.

 

Дээрх “Эд хөрөнгө хүлээлцэх акт”-д хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн талаар дурьдсан байгаагаас бус, хариуцагчийн ямар эд хөрөнгүүд үлдсэн болон үүний улмаас нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг өмчлөх эрх нь хэрхэн яаж зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр хариуцагчийн ямар эд хөрөнгийг албадан чөлөөлөх буюу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй ч хариуцагч өөрийн эд хөрөнгийг түрээсийн байранд үлдээсэн талаар маргаагүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх замаар тодруулах шаардлагатай юм.

 

Иймд хэргийн нөхцөл байдал тодорхой бус, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06733 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

      С.ЭНХТӨР