Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 3494

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 03 өдөр

     Дугаар 101/ШШ2017/03494

Улаанбаатар хот

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “СФК ХХК” ХХК /Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж-2, өөрийн байранд байрлах, УБД:9011085032, РД:2860716/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “С ХХК” ХХК /Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5-33 тоот хаягт байрлах, УБД:9011193106, РД:5301343/-д холбогдох,  

Олох байсан орлого, түрээсийн төлбөр, алданги,төлөгдөөгүй алданги, эд зүйлийн үнэ, ашиглалтын зардалд 163.073.127.24 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

 “С ХХК” ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 382.403.900 төгрөгийг “СФК ХХК” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Содчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү /ШТ№0514/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өлзийсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа /ШТ№2448/, Ц.Гүенбат /ШТ№0045/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Содчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сити Гастро” ХХК нь “СФК ХХК” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороонд байрлах 2 давхар барилгын 1 давхрын хэсгийн 525,4 м.кв талбайг 4 жилийн хугацаатай түрээслэн ашиглахаар харилцан тохиролцон 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан ашиглаж ирсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 4 жилийн гэрээний хугацаа дууссан, мөн “Сити Гастро” ХХК нь үйл ажиллагаагаа зогсоож, талбайг ашиглахгүй, өөрийн эд зүйлээ авч талбайг чөлөөлөөгүй өнөөдрийг хүрсэн болно.

“СФК ХХК” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 2 давхар барилгын 1 давхрын хэсгийн 525,4 м.кв талбайг “Сити Гастро” ХХК нь бүрэн чөлөөлж, эд зүйлээ авч гаргахыг даалгах тухай шаардлага гаргасан.

Гэвч “Сити Гастро” ХХК нь уг талбайгаас авах эд зүйл байхгүй гэж байх тул түүний эзэмшиж байсан талбайгаас заалны хэсэгт байгаа 51 нэр төрлийн, гал тогооны хэсэгт байгаа 31 нэр төрлийн, оффисын хэсэгт байгаа 18 нэр төрлийн, хар өрөөнд байгаа 9 нэр төрлийн, нийт 109 нэр төрлийн эд зүйлийг түрээсийн талбайгаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

“Сити Гастро” ХХК нь манай компанийн өмчлөлийн барилгын 1 дүгээр давхрыг буюу 525,4 м.кв талбай бүхий үйлчилгээний хэсгийг түрээслэхээр тохиролцон, 4 жилийн хугацаатай гэрээ байгуулан нэг сарын түрээсийн төлбөрийг 5,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн ашиглалтын зардлыг холбогдох байгууллагаас ирсэн нэхэмжлэхийн 50 хувиар тооцож төлөх, түүнчлэн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын үнийн дүнгээс тус тус хоног тутмын 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд тусгасан.

Гэрээний хугацаанд “Сити Гастро” ХХК нь түрээсийн төлбөрийг хугацаанаас нь байнга хэтрүүлэн төлдөг байсан ба талуудын төлөөлөл тооцоо нийлж 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр нийт 22,940,173 төгрөг болохыг тогтоож, акт үйлдсэн. Энэ тооцооны дагуу ашиглалтын төлбөр 2014 оны 06 сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, ашиглалтын төлбөрт 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 400.000 төгрөг, ашиглалтын төлбөрт 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 995.913 төгрөг, түрээсийн төлбөрт 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,400,000 төгрөг, түрээсийн төлбөрт 2014 оны 07 сарын 23-ны өдөр 168,518.5 төгрөгийг тус тус төлсөн байдаг.

Түрээслэгч “Сити Гастро” ХХК нь түрээсийн байранд 2014 оны 07 болон 08 дугаар сард ажиллаж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хаалга түгжин бидэнтэй уулзаагүй алга болж, харин “Сити Гастро” ХХК-ийн захирал Г.Янжмаа нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн байрны хаалганы 1 ширхэг түлхүүрийг актаар хүлээлгэж өгсөн боловч өөрийн эд зүйлээ авч, объектыг чөлөөлж өгөхгүй  түрээслүүлэгчид хохирол учруулсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК-ийн зүгээс байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа хүссэн боловч “Сити Гастро” ХХК-аас хадгалах газаргүй, би тэрийг аваад яах юм бэ, авах юм байхгүй” гэж хэлдэг байсан ба харин өөрт нь хэрэг болсон зүйлээ шөнө оройн цагаар ирээд аваад явдаг байсан.

Түрээслэгч “Сити Гастро” ХХК-д түрээсийн байрыг чөлөөлөөд, тооцоо нийлэх саналыг манайх удаа дараа тавьсан боловч түрээслэгч бидний саналыг хүлээж аваагүй болно.

Талуудын тохиролцсоноор гэрээний хугацаа 2011.05.06-ны өдрөөс 2015.05.06-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд түрээсийн талбайг “Сити Гастро” ХХК-д 2011 оны 3 сард хүлээлгэн өгч, тодорхой тохижилт хийхийг зөвшөөрч, түрээсийн төлбөрөөс 2 сар чөлөөлсөн. Ийнхүү түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн нь түүний хөрөнгө оруулалтыг тооцох үндэслэл болно. 

Гэрээний 1.3-д түрээслэгчийн барилгын засан сайжруулалтын хөрөнгө оруулалтанд гарсан зардлыг 2 тал зохих үнэлгээний байгууллагаар хийлгэн гэрээний хавсралт болгоно гэж заасан байтал Г.Янжмаа захирал өөрөө дангаараа энэ тайланг хийлгэснээр уг заалтыг зөрчсөн.

Г.Янжмаа нь 2014 оны 7 сард түрээсийн байрыг орхиод явснаас хойш бүтэн жилийн дараа буюу 2015.07.22-ны өдөр түлхүүр хүлээлгэж өгсөн.

Энэ хүртэл хугацаанд талбайг түрээслэх боломжгүй байлгасан учир бид орлого олох ёстой, талбайг чөлөөлж өгөөгүй учир 2014.07 сараас 2015.07.22-ны өдөр хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогоо тооцсон.

2014 оны 7 сараас 2015 оны 05 сар хүртэл хугацааны түрээсийн төлбр тусдаа ойлголт бөгөөд энэ хугацааны төлбөрийг төлөөгүй тул тохиролцсон алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжилсэн. Түрээсийн гэрээ үргэлжлэх хугацаанд Г.Янжмаа түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлж төлдөг байснаас талууд тооцоо нийлж, хэтрүүлсэн хугацааны алдангийг төлөхөөр тохиролцсон.

“СФК ХХК” ХХК-ийн өмчлөлийн дээрх барилгыг бүхэлд нь бус  1 дүгээр давхар буюу 525.4 м.кв талбайг түрээсэлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Талууд өөрсдөө гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар хэн аль нь ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй болно.

Гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Иймд:

1. Өнөөдрийг хүртэл байрыг бүрэн чөлөөлж өгөөгүйгээс байрыг бусдад түрээслэх боломжгүй байлгаснаас бидэнд олох ёстой байсан 2015.05.06-ны өдрөөс 2016.05.06-ны өдөр хүртэлх хугацааны олох байсан орлого болох нэг жилийн 66.000.000 төгрөг,

2. “Сити Гастро” ХХК-аас гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны буюу 2014.08.01-ний өдрөөс 2015.05.06-ны өдөр хүртэлх 10 сарын төлөөгүй түрээсийн төлбөр 50.564.570 төгрөг,

3. Дээрх түрээсийн төлбөрийн алданги 25.282.285 төгрөг,

4. ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл 937.012,24 төгрөг,

5. Актаар дутуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ 4.745.000 төгрөг,

6. Гэрээний хугацаанд сарын түрээсийн төлбөрийг хоцроож төлж байснаас төлөхөөр тохиролцсон алданги 15.375.741,5 төгрөг,

 нийт 163.073.127,24 төгрөгийг “Сити Гастро” ХХК-иас гаргуулан “СФК ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч “Сити Гастро” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, Ц.Гүенбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч болох М.Содчимэгт хүлээлгэн өгч энэ талаараа “Эд хөрөнгө хүлээлцэх акт” үйлдсэн.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь өөрийн байраа чөлөөтэй эзэмшиж, ашиглах бололцоотой болсон тул нэхэмжлэл нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн олох ёстой байсан олох байсан орлого, түрээсийн төлбөр, түрээсийн төлбөрийн алданги, ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл, актаар дутуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ, гэрээний хугацаанд сарын түрээсийн төлбөрийг хоцроож төлж байснаас төлөхөөр тохиролцсон алданги гээд   163.073.127,24 төгрөг нэхэмжилсэн шаардлагууд хоорондоо зөрчилтэй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2014.08.06-ны өдрөөс 2015.08.06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн мөртлөө дахин ашиг олох ёстой байсан гээд орлого нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй.

 Түрээслүүлэгч 2014.07.23-ны өдөр түрээсийн байрны хаалгыг гинжилчихсэн байсан учраас цаашид хэвийн байдлаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон бөгөөд хэрэв үйл ажиллагаагаа хэвийн явуулаад байсан бол ашиг олох боломжтой гэж талаар нэхэмжилж болох байсан. Ашиглалтын зардлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, ашигласан хугацааны төлбөрийг төлсөн.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ биш, зөвхөн хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцлийн хэлбэр агуулсан гэж үзэж байна.

Уг гэрээний 2.2-т гэрээг 3 хувь үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гээд заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэдэгтэй маргахгүй байна.

Үүнээс үзэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байна.

Олох ёстой орлого 66.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч манайх талбайгаа ашиглахад нь саад болоогүй учир талбайгаас эд зүйл чөлөөлүүлэх шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан гэж үзэж байх тул түрээсийн байрыг бусдад түрээслүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Түүнээс гадна түрээсийн төлбөрийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлээд байх тул зөвшөөрөхгүй бөгөөд 2014.07.23-ны өдөр хаалгыг түгжсэнээр уг талбайг ашиглаагүй учир энэ хугацааны түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй.

Гэрээний хугацаанд төлөхөөр тохиролцсон алданги нэхэмжилсэн боловч  талууд харилцан тохиролцоод ажлын өрөө суллаж авснаар алдангийг авахгүй байхаар тохиролцсон бөгөөд ашиглалтын зардлыг бүрэн төлсөн.

Харин актаар хүлээлгэж өгсөн эд зүйлээс 850.000 төгрөгийн эд хөрөнгө дутуу хүлээлгэж өгсөн байдаг.

Иймд “Сити Гастро” ХХК-иас 163.073.127,24 төгрөг гаргуулах тухай “СФК ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

 

   Хариуцагч “Сити Гастро” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, Ц.Гүенбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Сити Гастро” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 4 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын 368 м.кв талбай бүхий заал, оффисийн өрөө 63,64 м.кв дундын эзэмшлийн /үүдний хэсэг, өлгүүр, шат/ талбай-72 м.кв, склад-21,76 м.кв, нийт 525,4 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын байрыг үйлчилгээний зориулалтаар түрээслэхээр “СФК ХХК” ХХК-тай Түрээсийн гэрээг байгуулсан.

Манай компанийн зүгээс үүргээ бүрэн биелүүлж, түрээсийн төлбөрийг төлж явтал “СФК ХХК” ХХК-ийн зүгээс үл ялих зүйлээр шалтаглаж түрээсийн гэрээний зүйл болох түрээсийн байрыг ашиглах боломжгүй болгож, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хаалгыг гинжилсэн.

Түрээслүүлэгч талын дээрх хууль бус үйлдлээс болж манай компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж их хэмжээний хохирол амссан.

Бид тус түрээсийн байранд Түрээслүүлэгч талын зөвшөөрлөөр буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3 дахь хэсэгт “Түрээслүүлэгч энэхүү гэрээний 4.1 дүгээр зүйлд заасны дагуу, түрээслэгчид түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн байрыг засварлах 1,5 сарын хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлнө. Уг гэрээний 3.2 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу 2011 оны 03 сарын 18-ны өдөр Эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж, мөн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 2011 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл 1,5 сарын хугацаанд манай компани нийт 382,403,900 төгрөгийн засан сайжруулалтын засварыг хийж, тухайн байранд их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж өнөөгийн зах зээлийн ханшийг өсгөсөн.

Засан сайжруулалт хийсэн даруйдаа Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох “Итгэлт-Бээс” ХХК-иар үнэлүүлсэн болно.

Түрээслүүлэгч нь түрээсийн байрыг 2011 оны 03 сард шилжүүлэн өгсөн гэх боловч уг байр ашиглах боломжгүй байсан 2011 оны 5 сар хүртэл засвар тохижилт хийсэн. Ийнхүү түрээсийн талбайг ашиглах боломжтой болсноор төлбөр тооцогдож эхэлсэн.

“Итгэлт Бээс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Сити Гастро” ХХК нь бусдын өмчлөлийн байранд засварын ажилд 189.173.020 төгрөг, тохижилтын ажилд 33.578.880 төгрөг, тоног төхөөрөмжийн дүн 159.652.000 төгрөг, нийт 382.403.900 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээ байх тул тус гэрээ нь мөн хуулийн 318.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 Хүчин  төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу “СФК ХХК” ХХК нь 382.403.900 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Дээрх хэмжээний засан сайжруулалтын зардал гаргаж, түрээсийн байрыг тохижуулсан боловч салгах боломжгүй болсон учраас уг талбайд орхисон. Нэхэмжлэгч тал тэнд хариуцагчийн ямар эд хөрөнгө байгаа болохыг тодорхойлох боломжгүй учраас эд зүйл гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 382.403.900 төгрөгийг тодорхойлсон.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “СФК ХХК” ХХК нь  382.403.900 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул түүнээс 382.403.900 төгрөгийг гаргуулж “Сити Гастро” ХХК-д олгож өгнө үү гэв. 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Содчимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд “СФК ХХК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй “Сити гастро” ХХК-д холбогдох хэрэгт хариуцагч талаас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор, түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгуулахыг хүсч, нэхэмжлэгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Хариуцагч “Сити гастро” ХХК нь нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан түүний өмчлөлийн “Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их сургуулийн гудамж" хаягт байрлах үйлчилгээний зориулалттай байрны нэгдүгээр давхарын талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаад гэрээний хугацаа дуусаагүй байхад үйл ажиллагаагаа зогсоож, зарим эд зүйлсээ нууцаар гадагш зөөсөн ба гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл байрыг чөлөөтэй ашиглаж байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хариуцагчид байрыг чөлөөлж өгөх тухай хүсэлтийг удаа дараа тавьсан бөгөөд хариуцагч “Сити гастро” ХХК-ийн захирал Г.Янжмаа нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн байрны хаалганы 1 ширхэг түлхүүрийг актаар хүлээлгэж өгсөн.

Тэрээр  түрээсийн байранд үлдээсэн эд зүйлсээ "хадгалах газаргүй, би тэрийг аваад яах юм бэ, авах юм байхгүй’’ гэсэн тайлбарыг хэлж, тэдгээр эд зүйлсээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Эдгээр эд зүйлс нэхэмжлэгч үйлчилгээний талбайгаа ашиглахад саад болж байгаа тул “түрээсийн талбайг чөлөөлүүлэх талаар” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч “Сити Гастро” ХХК-ийн захирал Г.Янжмаа авах зүйлгүй гэсэн тул нэхэмжлэлийнхээ энэ шаардлагаас татгалзсан болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т хоёр тал байлцаж байж үнэлгээний тайланг хийлгэнэ гээд заачхсан байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл болгоод байгаа үнэлгээний тайлангийн зорилгыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх зорилгоор гэж тодорхойлсон байна.  Энэхүү тайлан санхүүгийн тайланд бүртгэгдэж байж  хүчинтэй болно. Түргэн муудах, элэгдэх хугацааг тооцоогүй, алдаатай, үнийн дүн нь зөрүүтэй тайлан гаргасан байна. Түүнчлэн эдний олох ашиг яахаараа тайланд орчихоод түүнийг нь бид төлөх болчихоод байгааг ойлгохгүй байна.   

“Сити Гастро” ХХК-ийн 2016 оны жилийн тайлангаас үзэхэд эдгээр эд хөрөнгө тус компанийн бүртгэлд тусгагдсан баримтгүй байна. “Сити Гастро” ХХК нь хуулийн этгээд болохын хувьд тайлан бүртгэлдээ энэ нэхэмжлээд байгаа 382.403.900 төгрөгийн эд хөрөнгөө бүртгэсэн талаарх баримт байхгүй байна.

Хариуцагч тал эдгээр зүйлээ өөрсдөө үл хөдлөх эд хөрөнгөнд шингэсэн  үндсэн хөрөнгө гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ үнэлгээний тайлангаар гаргасан 382.403.900 төгрөг бүхэлдээ үндсэн хөрөнгө мөн эсэх  асуудал гарч ирнэ.

Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор байгууллага өөрийн тайландаа үндсэн хөрөнгөө бүртгээд ашиг элдэгдэл хорогдлоо тооцож явахаар заасан.

Жишээ болгон үзэхэд хөрөнгийн үнэлгээний тайлангийн “Үүдний өрөө”-нд “...үүдний цаг ханын төмөр хээтэй 25.000 төгрөг, самбар хөлтэй 75.000 төгрөг, хөлийн гишгүүр 150.000 төгрөг” гээд жагсаасан байна, энэ бүгд үндсэн хөрөнгө мөн гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр тайланд тусгагдсан эдгээр зүйлс үндсэн хөрөнгө мөн үү биш үү гэдгийг ялгах ёстой болно. Тухайн үед түргэн элэгдэх эд зүйлээ Г.Янжмаа  захирал өөрөө аваад явсан.

2 дугаар хавсралтад байгаа хөргөгч, хөлдөөгчний элэгдлийг тооцоход 2011-2015 оны нябо бүртгэлд тусгагдсанаар үнэгүйдсэн эд хөрөнгө болоод байна.  Гэтэл эдгээр зүйлээ дахин үнэлүүлээгүй, үнэлгээ дээрх хугацаанаас хойш огт хийгдээгүй байна.

Тэгэхээр Г.Янжмаа захиралын өөрийнх нь хийлгэсэн тайлангаар бол түүний нэхэмжлээд байгаа эд хөрөнгө үнэгүйдсэн байна. Г.Янжмаа захирал өөрөө эдгээр эд зүйлээ авахгүй гэсэн учир бид эдгээр эд зүйлийг хаяхаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Түүнээс гадна “Сити Гастро” ХХК нь нэхэмжлээд байгаа эд хөрөнгөө байгаа гэдгийг нотолж чадахгүй байна гэж үзэж байна.

Хэрэв бид Г.Янжмаа захиралд өөрт нь мэдэгдэхгүйгээр тэдгээр эд зүйлийг аваад ашиглачихсан бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байлаа.

Иймд “Сити гастро” ХХК-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 382.403.900 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, хууль бус байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК нь хариуцагч “С ХХК” ХХК-д холбогдуулан “СФК ХХК” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах барилгын 1 давхарын хэсгийн 524,4 м.кв талбайг “С ХХК” ХХК нь бүрэн чөлөөлж, уг талбайгаас 109 нэр төрлийн эд зүйлээ авч гаргахыг даалгах,

Олох байсан орлого, түрээсийн төлбөр, алданги, төлөгдөөгүй алданги, эд зүйлийн үнэ, ашиглалтын зардалд 163.073.127.24 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

 “С ХХК” ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 382.403.900 төгрөгийг “СФК ХХК” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “СФК ХХК” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах барилгын 1 давхарын хэсгийн 524,4 м.кв талбайг  “С ХХК” ХХК нь бүрэн чөлөөлж, уг талбайгаас 10 нэр төрлийн эд зүйлээ авч гаргахыг даалгах шаардлагаасаа татгалзсан болно.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

“СФК ХХК” ХХК, “Сити Гастро” ХХК-ийн хооронд 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр түрээслүүлэгч “СФК ХХК” ХХК нь өөрийн өмчлөлийн 1075.52 м.кв талбайтай Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн зүүн талд байрлах, 2 давхар барилгын 1 давхрын 368 м.кв талбай бүхий заал, офиссын өрөө 63.64 м.кв, дундын эзэмшлийн /үүдний хэсэг, өлгүүр,шат/ талбайн 72 м.кв, склад 21.76 м.кв, нийт 525.4 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч  “Сити Гастро” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 5.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулсан болох нь зохигчийн тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 9-12 дугаар тал/

 

Хариуцагч “Сити Гастро“ ХХК нь түрээсийн гэрээний 2.2-т: “Гэрээг 3 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж, ерөнхий захирлууд батлан, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасныг зөрчиж, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуульд заасан шаардлага хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн байрны хаалгыг гинжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК нь өөрийн өмчлөлийн 2 давхар барилгын зарим хэсэг буюу 1 дүгээр давхрын 524.5 м.кв талбай түрээслүүлэхээр “Сити Гастро” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэдэгт маргаагүй болно.

 

Эрхийн улсын бүртгэлийн Y-2203007033 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Амарын гудамж 2-т байршилтай, үйлдвэрлэлийн “С” корпусын барилга зориулалттай, 1075.52 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “СФК ХХК” ХХК болох нь эд хөрөнгө өмчлөх эрхийн №000140581 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.

/хх-ийн II-87 дугаар тал/

 

Талууд түрээсийн гэрээний агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ бус түүний тодорхой хэсэг талбайг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т: “Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасантай нийцсэн байх тул талбай түрээслэх гэрээг заавал улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй болно.

 

Аливаа үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээний дагуу үүрэг үүснэ.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д: “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ“ гэж заасан шаардлагыг хангасан  түрээсийн гэрээ  байгуулагдсан байна.     

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-д: “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”,

Мөн хуулийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.4-т: “Түрээсийн болон ашиглалтын зардлыг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутмын 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

“СФК ХХК” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2/02 тоот албан бичгээр 2011 оноос хойш 2014.05.14-ний өдөр хүртэл түрээсийн алданги 12.909.500 төгрөг болсон тул уг алдангийг төлөхийг шаардаж, төлөөгүй тохиолдолд гэрээний 4.9.1-д зааснаар гэрээг цуцлахыг мэдэгдсэн, мөн ерөнхий захирлын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №06 тоот тушаалаар: “Сити Гастро” ХХК нь түрээсийн гэрээгээ ноцтой зөрчин 2011 онд 150 хоног, 2012 онд 261 хоног, 2013 онд 188 хоног, 2014 онд 46 хоног түрээсийн төлбөрийг төлсөн байх тул түрээсийн гэрээний 4.9.1 д заасныг үндэслэн гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, гэрээний үүргийн дагуу төлөхөөр “Сити Гастро” ХХК-ийн баталгаажуулсан 15.544.260 төгрөгийн авлагыг 2014 оны 3 улиралд багтаан барагдуулах, гэрээ цуцалсантай холбогдуулан “Сити Гастро” ХХК-ийн үйл ажиллагааг албадан зогсоохыг гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэжээ.

 

/хх-ийн II-67, 95 дугаар тал/

 

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т: “Талуудын хэн нэгэн нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй. Талууд гэрээг цуцлах тохиолдолд санаачлагч тал нөгөө талдаа 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ”,

4 дүгээр зүйлийн 4.9.1-д: “түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 3.5-д заасан хугацаанаас хэтрүүлсэн” тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар заасан байна.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 4 жилийн хугацаатай байгуулагдсан түрээсийн гэрээ  “Сити Гастро” ХХК-ийн түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүйгээс дуусгавар болж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр талууд “Эд хөрөнгө хүлээлцэх акт” үйлдэн түрээслүүлэгчийн өмчлөлд түрээсийн талбай шилжсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК нь гэрээний хугацаа дуусах 2015.05.06-ны өдрөөс 2016.05.06-ны өдөр хүртэлх хугацааны олох ёстой орлого 66.000.000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртэлх 2014.08.01-ний өдрөөс 2015.05.06-ны өдөр хүртэлх 10 сарын түрээсийн төлбөр 50.564.570 төгрөг, уг түрээсийн төлбөрийн алданги 25.282.285 төгрөг, ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл 937.012,24 төгрөг, актаар дутуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ 4.745.000 төгрөг, гэрээний хугацаанд сарын түрээсийн төлбөрийг хоцроож төлж байснаас төлөхөөр тохиролцсон алданги 15.375.741,5 төгрөг, нийт 163.073.127,24 төгрөгийг “Сити Гастро” ХХК-иас шаарджээ.  

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь түрээслэгч гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлдөггүйгээс цуцлагдаж, гэрээ дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн 2015.05.06-ны өдрөөс 2016.05.06-ны өдөр хүртэлх хугацааны олох ёстой орлого 66.000.000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртэлх 2014.08.01-ний өдрөөс 2015.05.06-ны өдөр хүртэлх 10 сарын төлөөгүй түрээсийн төлбөр 50.564.570 төгрөг, уг түрээсийн төлбөрийн алданги 25.282.285 төгрөгийг түрээслэгч “Сити Гастро” ХХК-иас шаардсан нь үндэслэлгүй болжээ.

 

“СФК ХХК” ХХК болон “Сити Гастро” ХХК нь 2011 оны 05 сараас 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт “Сити Гастро” ХХК нь 202.435.430 төгрөгийг “СФК ХХК” ХХК-д төлөхөөс уг төлбөрийг төлсөн, харин түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн алданги 15.544.260 төгрөгийг “СФК ХХК” ХХК-д төлөх талаар тооцоо нийлж баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтад талууд гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг даран баталгаажуулсан байна.

/хх-ийн 63-64, II-152-153 дугаар тал/

 

Түрээсийн төлбөрийн тооцоо, түүнээс үүдэлтэй алдангийн талаар тооцоо нийлж дээрх баримтыг үйлдсэн талаар зохигч маргаагүй боловч “Сити Гастро” ХХК нь төлөхөөр тохиролцсон дээрх алдангийг гэрээ үргэлжлэх хугацаанд хуваарь гарган төлөх, түрээслүүлэгч талд ажлын өрөөг суллаж өгснөөр алданги төлөхгүй байхаар тохиролцсон гэж тайлбарласан боловч гэрээ дуусгавар болсноор  төлөхөөр тохиролцсон алдангийг “Сити Гастро” ХХК хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх боломжгүй болжээ.

/хх-ийн II-71-72,150 дугаар тал/

 

Гэрээний 2.2-т: “Түрээсийн төлбөрт цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус, бохир ус, хог, тээвэр гэх мэт ашиглалтын зардал багтаагүй, эдгээр зардлыг түрээслэгч өөрөө хариуцах”-аар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК нь 2014.07.08-ны өдрөөс 2014.08.08-ны өдрийн цахилгааны төлбөрт 676.609 төгрөгийг 2014.08.19-ний өдөр УБЦТС ТӨХК-д, 2014.06.30-ны өдөр дулааны төлбөрт 69.717 төгрөгийг 2014.08.29-ний өдөр Улаанбаатар Дулааны сүлжээ ХК-д, 2014.07.30-ны өдрөөр заалт авсан усны төлбөрт 903.000 төгрөгийг 2014.08.25-ны өдөр Ус сувгийн удирдах газарт, 2014.07.08-ны өдрөөс 2014.08.08-ны өдрийн хогны төлбөрт 225.000 төгрөгийг 2014.08.27-ны өдөр Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГазарт тус тус төлсөн нь Улаанбаатар хотын банк, Голомт банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

/хх-ийн I-241-245 дугаар тал/

 

Хариуцагч “Сити Гастро” ХХК нь гэрээ дуусгавар болох хүртэлх хугацааны ашиглалтын зардлыг төлсөн гэж тайлбарласан боловч дээрх хугацааны зардал  төлсөнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй болно.

 

Талууд гэрээний 3.4-т: “Түрээслэгч тухайн сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны дотор, ашиглалтын зардлыг нэхэмжлэх ирсэн буюу хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлнө” гэж тохиролцсон байх ба гэрээний явцад ашиглалтын зардлын 50 хувийг түрээслэгч тал төлж байсантай зохигч маргаагүй.

 

“СФК ХХК” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17.440.000 төгрөгийн эд хөрөнгийг “Сити Гастро” ХХК-д “Эд хөрөнгө хүлээлцсэн акт” үйлдэж хүлээлгэн өгсөн, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буцааж хүлээлцсэн  баримт үйлджээ.

/хх-ийн 2-147-149 дүгээр тал/

 

Уг баримтаар “Сити Гастро” ХХК нь 2015.07.22-ны өдөр эд хөрөнгийг буцааж хүлээлгэн өгөхдөө 850.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарласан боловч эд хөрөнгө буцааж хүлээлгэж өгсөн баримтаар босоо сандал 19 ширхэг, дөрвөлжин сандал 8 ширхэг, дугуй сандал 13 ширхэг, гонзгой ширээ 3 ширхэг, дисконы гэрэл 1 ширхэг, тайзны гэрэл 2 ширхэг, зонтик 3 ширхэг, абжур 2 ширхэг буюу 2.625.000 төгрөгийн эд зүйл хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч “Сити Гастро” ХХК-иас ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл 937.012,24 төгрөг, актаар дутуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ 2.625.000 төгрөг, төлөхөөр тохиролцсон алданги 15.375.741,5 төгрөг, нийт 18.937.753.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой орлого 66.000.000 төгрөг, 10 сарын түрээсийн төлбөр 50.564.570 төгрөг, алданги 25.282.285 төгрөг, дутуу хүлээлгэн өгсөн гэх эд хөрөнгийн 2.120.000 төгрөг, нийт 144.135.374 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

“Сити Гастро” ХХК нь  нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 382.403.900 төгрөгийг “СФК ХХК” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 “Сити Гастро” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “СФК ХХК” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бус, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “СФК ХХК” ХХК нь 382.403.900 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Итгэлт Бээс” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний ажлын тайланг үндэслэн шаардсан байна. 

 

“СФК ХХК” ХХК болон “Сити Гастро” ХХК нь түрээсийн гэрээг бичгээр байгуулан түрээслүүлэгчийн өмчлөлийн 1075.52 м.кв талбайтай байрны 1 дүгээр давхрын 525.4 м.кв талбайг түрээслэх, түрээсийн төлбөрт сар бүр 5.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний талууд өөрсдөө гэрээний агуулгыг тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг бичгээр байгуулсан учир талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, тэдний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

 “Итгэлт Бээс” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “СФК ХХК” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай “Айр паб” ажиллуулах зорилгоор засвар хийсэн, барны зориулалтаар тохижуулсан, мөн үйл ажиллагааны зориулалтаар тоног төхөөрөмж эд хөрөнгө худалдан авсан  нийт хөрөнгийг үнэлэн нягтлан бодох бүртгэлд бүртгэх хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох зорилгоор №040 дугаартай “Хөрөнгө үнэлгээний тайлан”-г хийжээ.

 

/хх-ийн I-86-107 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэл буюу хуулийн 5.1.1-т: “үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”, 5.1.2-т: “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” хийнэ гэж зааснаас үзэхэд “Сити Гастро” ХХК болон  “Итгэлт Бээс” ХХК харилцан тохиролцсоноор хөрөнгө үнэлгээний тайланг гаргасан гэж үзэхээр байна.

 

Хөрөнгийн үнэлгээний зүйл нь тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрх байж болох бөгөөд шүүх шинжээч томилох замаар хөрөнгийн үнэлгээ тогтоох боломжтой бөгөөд ийнхүү томилогдсоны дагуу шинжилгээний объектод хийсэн үнэлгээ нь шинжээчийн дүгнэлт болно.   

 

Уг тайлангаар “Сити Гастро” ХХК-ийн түрээсийн байранд засвар хийсэн, баарны зориулалтаар тохижуулсан, тоног төхөөрөмж эд хөрөнгө худалдан авсан  хөрөнгийг засварын ажлын дүн 189.173.020 төгрөг, тохижилтын ажил 33.578.880 төгрөг, тоног төхөөрөмжийн дүн 159.652.000 төгрөг, нийт 382.403.900 төгрөг гэж тусгасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-т түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр түрээсийн байранд өөрийн хэвийн үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчийн ая тух, зэрэглэлийг өсгөх, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дотор интерьер засварыг өөрчилж, барилгын засал чимэглэл болон нэмэлт пааруудыг суулгах зэрэг засан сайжруулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийх, ийнхүү засан сайжруулалтын хөрөнгө оруулалтанд гарсан зардлыг хоёр тал зохих үнэлгээний байгууллагаар хийлгэн гэрээний хавсралт болгохоор тохиролцжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Сити Гастро” ХХК нь өөрийн хүсэлтээр “Итгэлт Бээс” ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулахдаа гэрээний нөгөө тал “СФК ХХК” ХХК-ийг оролцуулаагүй байх ба ийнхүү засан сайжруулалттай холбоотой хөрөнгө оруулалтыг талууд гэрээний хавсралт болгож баталгаажуулаагүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д: “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т: “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй” гэжээ.

 

“Сити Гастро” ХХК нь өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй болно.

 

“Сити Гастро” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон  засварын ажлын дүн 189.173.020 төгрөг, тохижилтын ажил 33.578.880 төгрөг, тоног төхөөрөмжийн дүн 159.652.000 төгрөг, нийт 382.403.900 төгрөгийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй байна. 

 

Өөрөөр хэлбэл “Сити Гастро” ХХК нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иймд “Сити Гастро” ХХК-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 382.403.900 төгрөгийг “СФК ХХК” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Сити Гастро” ХХК-иас 18.937.753.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144.135.374 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “СФК ХХК” ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 382.403.900 төгрөг гаргуулах тухай “Сити Гастро”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.     

 

3. Нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК нь “СФК ХХК” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах барилгын 1 давхарын хэсгийн 524,4 м.кв талбайг  “Сити Гастро” ХХК нь бүрэн чөлөөлж, уг талбайгаас 109 нэр төрлийн эд зүйлээ авч гаргахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Сити Гастро” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 252.639 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СФК ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.043.516 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.069.970 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д   зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ