Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00115

 

"М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

             2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01584 дүгээр шийдвэр,

             Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

             2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2008 дугаар магадлалтай,

             “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Т.Ц-д холбогдох,

           Гэрээний үүрэгт 103.688.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

         2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлд: Иргэн Т.Ц- нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 тоот зээлийн гэрээгээр 45.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулж авсан. Уг зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2205015975 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 2013 оны 05 дугаар сарын 27-нд хүүгээ Австри Улс руу сургуульд явуулахад мөнгө шаардлагатай болсон тул зээлийн хугацааг 1 жилээр сунгаж өгөхийг хүсч өргөдөл өгсний дагуу зээлийн гэрээг нь сунгасан. Зээлдэгч Т.Ц-д зээлийн хугацаа дууссан, үндсэн зээл, хүүг яаралтай төлөхийг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй, элдэв тайлбар хийж зээл зээлийн хүүгээ төлөхөөс зайлсхийж бидний ажилд сөргөөр нөлөөлж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж 73.160.000 төгрөгийг Т.Ц-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулан дахин шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гомдол гарган түүнийг шүүх хүлээн авсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугаацаагаар нэмж тооцоход хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 30.528.000 төгрөг болж байна. Иймээс иргэн Т.Ц-ээс үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 58.688.000 төгрөг, нийт 103.688.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

          Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр шийдвэрээр иргэн Т.Ц-ээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 73.160.000 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Гэвч иргэн Т.Ц- нь энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шүүхээр хянан шийдвэрлүүлэх гомдол гаргасан тул бид нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар нэмж тооцсоноор үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 103.688.000 төгрөг болсон. Т.Ц- нь тухайн зээлийн гэрээний дагуу нийтдээ 12.000.000 төгрөг төлснөөс өөр нэг ч төгрөг төлөөгүй. 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1.860.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.800.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1.800.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 12.461.000 төгрөгийг хүүнд төлсөн. Зээлийн гэрээг анх 3 сарын хугацаатай байгуулсан ба дараа нь Т.Ц-ийн хүсэлтээр 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар зээлийн гэрээг сунгасан. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцсон. Үндсэн зээлд 45.000.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл бодогдсон үлдэгдэл хүү 50.480.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.208.000 төгрөг, нийт 103.688.000 төгрөгийг хариуцагч Т.Ц-ээс нэхэмжилж байгаа бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.  

            Хариуцагч Т.Ц-ийн сөрөг нэхэмжлэлд: Миний бие “Мөнхийн эрхи” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан олон бичиг цаасан дээр гарын үсэг зурсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй ба “бэлэн мөнгө байхгүй, данснаас гаргаж өгнө” хэмээн н.Дүгэрээ биднийг дагуулан явсан. н.Дүгэрээ нь н.Тулгатай хамт банк руу явсан бөгөөд н.Тулга хэдэн төгрөг авсныг миний бие мэдээгүй. Цагдаад гомдол гаргаснаар н.Дүгэрээ нь өөрийн ажилладаг “Итгэлт миллион” ББСБ-ын 341201120702 тоот Төрийн банкны данснаас мөнгө авч н.Тулгад 45.000.000 төгрөг өгсөн болохыг сүүлд олж мэдлээ. Иргэний хуулийн 282.4 дэх заалтад заагдсан үйлдлийг тодруулахаар шүүхэд удаа дараа хүсэлт өгсөн боловч шүүх хэрэгт хамааралгүй гээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан учир н.Дүгэрээг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Миний гомдлоор н.Дүгэрээг шалгаад тухайн үед н.Дүгэрээ нь “Мөнхийн эрхи” ББСБ-ын захирал биш “Итгэлт миллион” ББСБ-ын захирлаар ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Итгэлт миллион” ББСБ-аас мөнгө гаргаж н.Тулгад өгсөн болохыг тогтоогоод, н.Дүгэрээг шунахай сэдэлгүй гэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгон иргэний шүүхээр зээлийн гэрээнийхээ асуудлыг шийдүүл гэсэн. Иймд нэг этгээд хоёр өөр банк бус байгууллагын захирлын ажлыг нэг зэрэг хийж болохгүй, “Мөнхийн эрхи” ББСБ-аас 2013 оын 03 дугаар сарын 15-ны өдөр зээл гаргаагүй, бэлэн мөнгө өгсөн гэдэг баримт нь хуурамч, мөнгө тоолж өгсөн н.Нарангоо гэдэг хүн нь тухайн үед ажиллаж байгаагүй, “Итгэлт миллион” ББСБ-ын захирал н.Дүгэрээ нь н.Тулгад 45.000.000 төгрөг өгсөн байх тул 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Мөнхийн эрхи” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 282.4, 56.1.1, 56.1.3, 56.1.9 дэх заалтуудыг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 3 дугаар сард “Эм жи юу” ХХК-ийн дээврийн засвар хийх зорилгоор “М” ХХК-ийг төлөөлж н.Энхтуяа, Т.Ц- нарын хооронд 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр “М” ХХК ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй. Харин 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Итгэлт миллион ББСБ” ХХК-иас н.Тулга гэдэг хүнд 45.000.000 төгрөгийг гаргаж өгсөн байдаг. “М” ХХК нь н.Тулгатай яаж холбогдож байгаа мөн “Итгэлт миллион ББСБ” ХХК нь Т.Ц-тэй яаж холбогдож байгаа эсэх асуудал хэрэгт байдаггүй. Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээл олгосноор аливаа зээлийн гэрээ хүчинтэйд тооцогддог. Тэгэхээр “Итгэлт миллион ББСБ” ХХК-иас н.Тулга гэдэг хүнд мөнгө өгсөн учраас энэ 2 субьектүүдийн хооронд харилцаа үүссэн. “М” ХХК болон Т.Ц- нарын хооронд зээлийн гэрээ байгуулснаас өөр харилцаа үүсээгүй. Хэрэгт зээлийн хүү төлж байсан баримт байдаг. Энэ баримтуудад Т.Ц-ийн гарын үсгийг дуурайлгаж бичсэн “Эм жи юу” ХХК-ийн н.Бүжмаа гэдэг хүний банкинд хүү төлсөн төлбөрүүд байдаг. Т.Ц- нь “М” ХХК-иас нэг ч мөнгө аваагүй учраас хүү болон төлбөрийг төлөхгүй. Мөнгө өгсөн гэх хуурамч баримтуудыг “М” ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн. “М” ХХК-иас тухайн үеийн бүх баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй. “М” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй. “М” ХХК-ийн өмнөөс “Итгэлт миллион ББСБ” ХХК гүйлгээ хийсэн. Уг байгууллагын захирал нь н.Тулга гэдэг хүнтэй харьцаж мөнгөний асуудлыг шийдвэрлэдэг. Тиймээс “Итгэлт миллион ББСБ” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй субъект юм. н.Дүгэрээ гэдэг хүн гэрчээр оролцохдоо өөрийгөө “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж мэдүүлэг өгсөн. Төрийн банк болон Цагдаагийн байгууллагаас ирсэн баримтуудаар “М” ХХК-д н.Дүгэрээ гэдэг хүн ажилладаг эсэх асуудал байхгүй, н.Дүгэрээ нь “Итгэлт миллион ББСБ”-ын захирал гэдэг нь тодорхой болсон. н.Дүгэрээ нь “М” ХХК-д кассын нярав хийдэг эсэх бусад баримтууд хэрэгт байхгүй. Н.Нарангуа гэдэг хүн “М” ХХК-ийн кассын нярав хийдэггүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс Иргэний хуулийн 282.4-т заасан нөхцөлөөр зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй болсон. “Итгэлт миллион ББСБ” нь “М” ХХК-тай хамтарч шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байдаг. Энэ хоёр ББСБ-ын нэг нь гэрээ байгуулаад, нөгөө нь мөнгийг өгөхөөр зохицуулсан хамтран ажиллах гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан баримт хэрэгт байхгүй. Бусдад хамтарч мөнгө зээлдүүлдэг хамтран ажиллах гэрээ байхгүй бол тодорхойгүй нөхцөл болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргалын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: “Мөнхийн эрхи” ББСБ нь 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Ц-тэй 14 тоот зээлийн гэрээ байгуулж 45.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Энэ зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол Энэбишийн гудамж 21 дүгээр байрны 102 тоотод орших 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2205015975 дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Энэ зээлийн гэрээг нотариатаар батлуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Энэ гэрээний дагуу Т.Ц-д 45.000.000 төгрөгийг кассын зарлагын баримтаар олгосон бөгөөд энэ баримтан дээрх мөнгө хүлээн авсан гарын үсэг Т.Ц-ийн гарын үсэг мөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр давхар нотолсон. Зээлдэгч Т.Ц- нь 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Н.Ганбат, Б.Тулга, Н.Бүжмаа нартай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр орон сууцаа барьцаалж 45.000.000 төгрөгийн зээл авах, хамтын үйл ажиллагаанаас олсон орлогоос зээлийг нэн тэргүүнд төлж барагдуулахаар тохиролцсон гэрээг нотлох баримтаар өгсөн. Мөн зээл авсны дараа дээр дурдсан хүмүүстэй БНХАУ руу 9 хоногийн хугацаатай яваад ирсэн нь тогтоогдсон. Хэрэв дээрх хамтран ажиллах гэрээний дагуу тоног төхөөрөмжөө ажиллуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан тухай тайлбарладаг. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан нэг этгээд 2 өөр банк бус байгууллагын захирлыг нэгэн зэрэг хийж болохгүй гэсэн ямар ч хориглосон хууль, дүрэм байхгүй болно. Иймд иргэн, хуулийн этгээдийн өмнө өөрийн үйлдлийг бүрэн ойлгож хариуцах чадвар, чадамжтай хүн хариуцлагаас зугтаж, өөрийн үйлдлийг хийгээгүй, би зээл аваагүй гэж увайгүй загнаж манай байгууллагыг хохироож байна. Иймд иргэн Т.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01584 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ц-ээс 95.480.000 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.208.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул “М” ХХК болон Т.Ц- нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 14 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Т.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 763.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 383.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-ээс 705.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2008 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01584 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Т.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/01584 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2008 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх гагцхүү хуульд захирагдана. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заагдсан банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглосон байна. “Мөнхийн эрхи” ББСБ-ын данснаас зээл гараагүй “Итгэлт миллион“ ББСБ-ын төрийн банкин дахь данснаас 45.000.000 төгрөг гарсан байх ба “М“ ХХК-ийн ББСҮАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг зөрчсөн буюу тухайн байгууллагын тайлан тэнцэлд тусгагдаагүй өөр байгууллагын хөрөнгө, н.Энхтуяа, Т.Ц- нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ хэрэгт авагдсан байдаг ба н.Энхтуяа нь тухайн үед Австралид байсан байдаг. Тэгэхээр Т.Ц- хэнтэй гэрээ хийсэн байх вэ. “Итгэлт миллион“ ББСБ-ын н.Дүгэрээтэй юу эсхүл “Мөнхийн эрхи” ББСБ-ын захирал н.Энхтуяатай юу гэдэг нь эргэлзээтэй байна. Мөнгө тоолж өгсөн гэх н.Нарангоо нь Австралид байсан байдаг. Мөнгийг хаана тоолж өгсөн байх вэ. “Итгэлт миллион“ ББСБ-ын захирал н.Дүгэрээ нь н.Тулга гэдэг хүнд мөнгө өгсөн ба н.Тулга, н.Дүгэрээ нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Үүнийг гэрчээр оролцсон н.Ганбат, н.Бүжин нар гэрчилсэн. Шүүхээс гэрчийг оролцуулахаар захирамж гарсан захирамж биелэгдээгүй. Гэрч н.Тулга нь “Итгэлт миллион“ ББСБ-ын захирал н.Дүгэрээгээс мөнгө хүлээн авсан, “М” ХХК ямар ч хамаагүй болохыг нотлох байсан. Хүү төлсөн баримтууд нь Т.Ц-ээс төлөгдөөгүй ба н.Тулга болон н.Тулгын найз нараас төлсөн төлбөр байдаг. Иймд дээрх 6 үндэслэлээр ББСҮАТХ-ийн 12.1.5 дахь заалт, Иргэний хуулийн 282.4 дэх зааалтууд зөрчигдсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

          Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Т.Ц-д холбогдуулж, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлд 45.000.000 төгрөг, зээлийн хүүд 50.480.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8.208.000 төгрөг, нийт 103.688.000 төгрөгийн төлбөр гаргуулахаар шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн мөнгийг бодитоор хүлээн аваагүй, гэрээг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн гэж марган, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

        2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч Т.Ц- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 45.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авч, зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан  байх бөгөөд гэрээнд зээлдүүлэгч талыг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Энхтуяа гарын үсэг зурсан байна. 

           Н.Энхтуяа нь “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн захирал буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн тул гэрээний үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд юм. Иймд “... нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулж, нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасныг зөрчөөгүй байна.

         Зээлдэгч Т.Ц- нь 45.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэх хүсэлтээ бичгээр гаргасан, зээлийн төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан, түүнчлэн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан тухай баримт хэрэгт авагдсан ба уг хүсэлтэд 45.000.000 төгрөгийн зээлж авсан, хүүгээ хугацаанд нь төлж байгаагаа илэрхийлснийг зээлдүүлэгч тал хүлээж авсан байх тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцжээ.

         Зээлийн гэрээ байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр кассын зарлагын ордерт зээлдэгч Т.Ц- нь 45.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тухай гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсанаас гадна гэрч Н.Ганбатын мэдүүлэг болон Т.Ц-, Н.Ганбат, Н.Бүжин, Н.Тулга нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг харьцуулан үзвэл 45.000.000 төгрөгийн зээлийг Т.Ц- авсан, харин талууд хамтран ажиллах гэрээгээр заасан хэмжээгээр зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтэрсэн хүүг тогтоосон хувь хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байна.

            Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Т.Ц- нь “М” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 45.000.000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг Н.Тулгаар дамжуулан бэлнээр авч, бусадтай хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан нь хуулийн хувьд хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэснийг зөв гэж үзнэ.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэн, зээлдэгчийн үүргийг тооцохдоо төлсөн төлбөрийг хасч үндсэн зээл 45.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл 50.480.000 төгрөг, нийт 95.480.000 төгрөгөөр тодорхойлж, илүү нэхэмжилсэн 8.208.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээ нь хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

     Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээг хуульд заасан журмаар байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж шүүх дүгнэсэн, гэрээнд заасан мөнгийг зээлдэгч хүлээн авсан нь тогтоогдсон тул 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байна.

      Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын  шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01584 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2008 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.    

          2. Хариуцагч Т.Ц-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 635.400 /зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН