Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0313

 

 

 

 

 

 

 

“С с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр, цахимаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 220 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Сс” ХХК-ийн захирал Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Сс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Сс” ХХК-ийн “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэр болох захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч “Сс” ХХК-ийн захирал Ш.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Миний бие хүндээр өвчилсөн, дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа доголдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй байдлыг харгалзан үзэлгүй Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 265 дугаартай шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, татвар төлөх боломжийг олгохгүй байгаад гомдолтой байна.

“Сс” ХХК нь ......... дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг ямар нэгэн зөрчил дутагдалгүйгээр 10 жилийн хугацаанд төлсөн. Уг талбайд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж хамтран ажиллах гэрээг байгуулаад тодорхой хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн. Тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг 2020 онд төлөх бололцоо тухайн цаг үед үнэхээр хязгаарлагдмал байсан болно.

Миний бие хүндээр өвчилж эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай болж эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Энэ талаар миний өвчтөний гар картад тодорхой бичигдсэн байх бөгөөд уг баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Мөн эмнэлгийн ор хоног, эм тариа, шинжилгээний төлбөр төлсөн талаарх баримтууд авагдсан байгаа, түүнчлэн өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хэвтэрт байсан тул компанийнхаа үйл ажиллагааг явуулах, холбогдох төрийн захиргааны байгууллагатай харилцах боломжгүй байсан юм.

Анхан шатны шүүх “Ш.Сг компанийнхаа үйл ажиллагааг огт явуулах боломжгүй хүнд өвчтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Манай байгууллагын үйл ажиллагаа зогссон талаар холбогдох байгууллагаас судалж үзээд, холбогдох баримт материалтай танилцсаны үндсэн дээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль, “Гэнэтийн буюу давагдашгүй байдлын хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам”-ыг үндэслэн манай компанид 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02/487 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй байдлын хүчин зүйл” “Force majeure”-ийн гэрчилгээг олгосон. Төрийн зүгээс цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдалд нийцүүлж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, шат шатны онцгой комиссын шийдвэрүүд гарсан, одоо ч хэрэгжиж байна.

“А к с” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлүүлэх үүрэг хүлээлгэсэн зүйл байгаагүй, дэлхий нийтийг хамарсан цар тахал болоогүй бол бизнесийн хамтын үйл ажиллагаа хэвийн явагдаж тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг цаг хугацаанд нь төлөх боломжтой байсан зэрэг үнэн байдлаа илэрхийлж шүүхэд мэдүүлсэн байхад анхан шатны шүүх эсрэг байдлаар дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн цар тахлын улмаас хөдөө орон нутагт явагддаг үйл ажиллагаа бүрэн зогссон, аймаг, сумууд орон нутгийн хил хязгаараа хаах, үйл ажиллагаагаа хязгаарлалттайгаар явуулах болсон зэрэг шалтгаануудын улмаас орлого хаагдсан үнэн байдлыг эрх бүхий байгууллага болсон шүүх харгалзан үзэхгүй байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар 25-ны өдрийн 220 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улмаар татвар төлөх бололцоог олгож, компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэвийн явуулах боломжийг бүрдүүлж өгнө үү” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“С” эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн карт, магадалгаа, онош зэргээс үзвэл “Сс” ХХК-ийн захирал Ш.Сг компанийнхаа үйл ажиллагааг огт явуулах боломжгүй хүнд өвчтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь Ш.Сгийн өвчтөний гар картад бичигдсэн. Энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн.

Өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хэвтэрт байгаа хүн компанийнхаа үйл ажиллагааг явуулах, холбогдох төрийн захиргааны байгууллагатай харилцах боломжгүй юм. Хэдийгээр шүүх дотоод итгэлээр үнэлсэн байж болох ч үйл баримтыг үнэлэхдээ “хүнд өвчтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж үгүйсгэсэн нь мэргэжлийн эмч, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтад тулгуурлаагүйд гомдолтой байна.

Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй байхад харгалзан үзэлгүй Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 265 дугаартай шийдвэр гарч тусгай зөвшөөрлийг цуцалж, татвар төлөх боломжийг олгохгүй байгаад гомдолтой байна. “Сс” ХХК захирал Ш.С нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьд нь ямар нэгэн зөрчил дутагдалгүйгээр 10 жил төлж ирсэн, уг талбайд хөрөнгө оруулалт хийж ажил хийж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудыг дурдмаар байна.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг татварын төрөл байхаар, 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг, 6.1.41.а-д  “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан” гэж хуульчилсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ”, 11.7-д “Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй гэж хуульчилсан.

2.Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/487 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл “Force majeure”-ын гэрчилгээг олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй...” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.    

Миний үйлчлүүлэгчийн зүгээс “А к с” ХХК-тай эдийн засаг, эрх зүйн харилцаанд орсон тухай дурдсан холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн үйл ажиллагаа дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан үргэлжлэн явагдаагүй үнэн байдлыг шүүхэд мэдүүлсэн байхад уг үйл баримтыг хэт нэг талыг барьж дүгнэсэнд гомдолтой байна. “А к с” ХХК-д тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлүүлэх үүрэг хүлээлгэсэн зүйл байгаагүй, дэлхий нийтийг хамарсан цар тахал болоогүй бол бизнесийн хамтын үйл ажиллагаа хэвийн явагдаж тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг ямар нэгэн асуудалгүй төлөх байсан болохоо илэрхийлсэн байхад шүүх эрх зүйн байдлыг нь дордуулж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалсан улс орны эдийн засгийн байдалд хүндрэл үүссэн, аж ахуйн нэгж, бизнесийн салбарын тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсноос орлогогүй болсон нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан болно. Төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, шат шатны онцгой комиссын шийдвэрүүд дээрх нөхцөл байдлыг нотлох нотолгоо болох юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 220 дугаартай шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118, 119 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “С с” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ......... тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүйгээс цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8/2838, цуцалсан тухай 7 дугаар сарын 31-ний өдрийн 8/3450 дугаар мэдэгдэл болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий шийдвэрт тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэж тус тус тэмдэглэсэн байхад хх-ийн 112 дугаар хуудасны ар талд авагдсан тус газрын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 8/2537 мэдэгдлээс үзэхэд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс тооцсон төдийгүй Кадастрын хэлтсийн даргын мөн өдрийн 177 дугаар шийдвэрээр 2023 оны 6 дугаар сарын 6-ныг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийгджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд “…тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, …тухай баримт”-ыг хавсаргахаар, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан, гэтэл ямар баримтыг үндэслэн дээрх шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан болохыг, түүнчлэн тусгай зөвшөөрлийн анх олгосон болон хүчин төгөлдөр байх хугацааг чухам ямар үндэслэлээр өөр өөрөөр тооцож байгааг тус тус тодруулан шалгах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. 

Өөрөөр хэлбэл ......... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс тооцон 3 жилийн хугацаагаар нэгэнт сунгасан атлаа үүнээс хойш 1 сар гаруйн дараа буюу 7 дугаар сарын 31-ний өдөр ээлжит 10 дахь жилийн төлбөрийг мөн оны 7 дугаар сарын 6-наас өмнө алдангийн хамт төлөөгүй гэж үзэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ойлгомжгүй, хэдийгээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд төлбөр төлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэснээс бус энэ талаар ямар ч үндэслэл гаргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарал бүхий нөхцөл байдлыг нотлох баримт цуглуулах хүрээнд шалгаж тогтоох нь шүүхийн үүрэг болно. 

Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг хуульд зааснаар анх олгосон гэх 2009 оны 8 дугаар сарын 03-наас тооцвол маргаан бүхий шийдвэр гарах үед цуцлах үндэслэл бүрдээгүй байсан, харин хүчин төгөлдөр байх хугацаа эхэлсэн гэх 6 дугаар сарын 6-наас тооцвол шийдвэрт дүгнэсэнчлэн 2020 оны 7 дугаар сарын 6-ны дотор алдангийн хамт төлөөгүй нь цуцлах үндэслэлийг бий болгох үр дагаварт хүргэнэ. 

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 265 дугаар шийдвэрт анх олгосон огноог 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэж тэмдэглэсэн хэрнээ ямар үндэслэлээр 6 дугаар сарын 6-ны өдрөөс төлбөр төлөх хугацааг тооцох болсон талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй төдийгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болно. 

Нотлох баримтын шаардлага хангаагүй ч хх-ийн 113 дахь талд авагдсан ......... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэлд мөн л анх олгосон огноог 2009 оны 8 дугаар сарын 03 гэж тэмдэглэсэн, ээлжит жилийн төлбөрийг ч 2009 оны 7 дугаар сарын 23, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж байсан нь харагдах тул дээрх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээрх хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасан заалтуудыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН