Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00683

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 593 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалтай,

Ш.О-ийн нэхэмжлэлтэй,

Ш.А-д холбогдох,

Өв залгамжлагчаар тогтоолгох, орон сууцны эзэмшигчээр Л.Лодонг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээд Д.Алтангинж, түүний өмгөөлөгч М.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд Д.Алтангинж, өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би талийгаач  Р.Лодонгийн төрсөн ганц охин. Миний ээж 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нас барсан ба тэрээр Улаанбаатар төмөр замын харьяа орон сууцны 1 дүгээр ангид ажиллаж байгаад өндөр настан болсноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө байрыг эзэмшдэг байсан. Ээжийг нас барсны  дараа уг байрыг   2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Барилга орон сууцны 1 дүгээр ангиас тэтгэвэрт гарсан ам бүл 1 гэж хувьчилж өгсөн. Хууль ёсны өмчлөгч нь миний төрсөн дүү Ш.А- бид хоёр бөгөөд тухайн үед байрны гэрчилгээнд миний нэрийг хуулийн дагуу эзэмших эрхтэйгээр бүртгүүлнэ гэж иргэний үнэмлэхийг авсан бөгөөд бүртгүүлсэн гэж хэлсэн. Ш.А-  өөр хүнтэй гэрлэсний улмаас 2015 оноос уг байрыг орхиж явсан болохыг мэдсэн. Байрны гэрчилгээ бичиг баримтын лавлагааг зохих журмын дагуу 2016 оны 04 дүгээр сард авч үзэхэд миний нэр огт байхгүй байсан. Иймд намайг хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү.       

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замын орон сууцны нэгдүгээр ангид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт суусан ээж Р.Лодонг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 2 дугаар 60 айлын нэгдүгээр орцны 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч мөн гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав Шагдаржав эгч бид хоёрыг 4 буюу 7 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлж ээж бид 3 амьдарч эхэлсэн. Ээж маань 1978 онд УБТЗ-ын орон сууцны 1 дүгээр ангийн харьяа Сүхбаатарын амрах байранд жижүүрээр ажиллаж өндөр настны тэтгэвэрт гарсан. Байгууллагын 1985 онд Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө байрыг олгосон. Ээж маань 2003 оны 07 дугаар сард насан өөд болсон. Орон сууцны буюу байрны гэрчилгээ авах бүртгэл хийх үед би өөрийн биеэр байгаагүй тул миний эхнэр болох Д.Алтангинж очиж бүртгүүлэхдээ өөрийгөө бичүүлж эгч Ш.О-ийг бичүүлээгүй байсан. Байрны бичиг баримтыг авъя гэсэн боловч Д.Алтангинж та нарын зүйлийг шатаасан өгөх зүйл байхгүй, би таны гал голомтод байгаа гэдгийг санаж яв гээд өгдөггүй. Одоо энэ байранд бид амьдарч байгаа нь үнэн болно.

Иймд миний төрсөн эгч болох Ш.О- аав, ээжийн маань орон гэр, өөрийн гал голомтод очиж амьдарна гэж буй тул өдий болтол худал хэлж, нууж явсан явдалдаа хүлцэл очиж энэхүү өмчийн өв залгамжлагчаас татгалзаж эгч Ш.О-ийг өв залгамжлагчаар тогтоохыг зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Алтангинж шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ганзам 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 13 тоот би байранд амьдраад 31 жил болж байна. Анх энэ айлд бэр болж ирэхэд манай нөхөр Ш.А- ээжтэйгээ амьдардаг байсан. Ш.А- бид хоёр 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон. Тухайн үед Ш.О- нөхөр 2 хүүхэдтэйгээ Сайншандад амьдардаг байсан. Одоо ч тэндээ амьдарч байгаа. Манай хадам ээж 1986-2003 онд бидэнтэй хамт амьдарч байгаад миний гар дээр насан өөд болсон. Би хадам ээжийгээ асардаг байсан. Мөн миний 3 хүүхдийг өсгөлцөж өгсөн ачтай хүн. Анх уг байр Ш.А-ийн нэр дээр Сүхбаатар өртөөний нэр дээр байсан. Манай хадам ээжийг өнгөрсний дараа Төмөр замын орон сууцны контороос манай нөхөр Ш.А-ийн нэр дээр ордер бичиж өгсөн. Дараа нь хувьчлал явагдахад Ш.А-, Болормаа бидний нэр дээр өмчлүүлснийх нь дагуу өмчилж авсан. 2004 онд эзэмших эрхийн, 2006 онд өмчлөх эрхийн, 2007 онд Сэлэнгэ аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээд албан ёсоор бүртгэл хийлгэсэн. Тэгэхээр энэ байр бол манай гэр бүлийн дундын өмч мөн бөгөөд Ш.О-д ямар ч хамааралгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 593 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Ш.О-ийн нэхэмжлэлтэй Ш.А-д холбогдуулан Өв залгамжлагчаар тогтоолгох, мөн Л.Лодонг Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 593 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Алтангинж, түүний өмгөөлөгч М.Гансүх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 59 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 7 дугаар хэсэг 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө байранд талийгаач Р.Лодон нь хүү Ш.А-, түүний эхнэр Д.Алтангинж, ач, зээ нарынхаа хамт Монголын төмөр замын өмчлөлийн байранд түр эзэмшигчээр гэрээ хийж 2003 он хүртэл амьдарч байсан байдаг. Улмаар түүнийг нас барснаас хойш 2004 оны 03 дугаар 01-ний өдрөөс түүний хүү Ш.Аптангэрэл нь УБТЗ-ын БОС-ны 2 ангийн даргатай түр эзэмших гэрээ байгуулан үргэлжлүүлэн уг байранд эхнэр хүүхдүүдийн хамт оршин суусан. 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах тогтоолоор уг байрыг Ш.А- болон түүний гэр бүлд хувьчилж өгсөн бөгөөд 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ш.А-, хамтран өмчлөгчөөр Д.Алтангинж, А.Болормаа, Шижиртунгалаг нарын өмч гэдгийг бүртгэж хуулийн дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Ш.О-ийн үндсэн нэхэмжлэл “Ш.О- намайг хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү” гэсэн шаардлага нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийн агуулгатай нийцэхгүй, уг маргаан болоод байрны эзэмшигч, өмчлөгч нь түүний ээж Р.Лодон огт байгаагүй, түр эзэмшигчээр түр оршин суудаг байсан болон тухай үед уг орон сууц нь УБТЗ-ын өмчлөлд байсан болох нь тус тус тогтоогдсон. Иймд бусдын эзэмшилд түр хугацаатай байсан эд хөрөнгө өвлөгдөх боломжгүй гэж үзэж байна.

Тухайн орон сууцыг 2006 онд анх хувьчилж, улмаар дээр дурдсан нэр бүхий хүмүүсийн өмчөөр улсын бүртгэлд бүртгэсэн, тэгэхээр орон сууцыг хувьчилснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн гэдгийг мэдэхгүй байх боломжгүй. Нөгөөтэйгүүр өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хугацааг тоолохдоо өмч хувьчлалын тогтоол гарсан, эсвэл өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон хугацаанаас эхэлж тоолно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх ямар нэгэн байдлаар огт дүгнэлт хийгээгүй. Алтангинж нь бие даасан шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч шаардлага гаргасан мэтээр дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаарх хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

Иймээс дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэн, гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.   

Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Ш.А-д холбогдуулан өв залгамжлагчаар тогтоолгох, “...орон сууцны эзэмшигчээр Р.Лодонг тогтоолгох” шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн бол гуравдагч этгээд Д.Алтангинж нэхэмжлэлээс татгалзахдаа “...маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн дундын өмч” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эгч, дүүс бөгөөд Р.Лодонгийн төрсөн хүүхдүүд байна.

Р.Лодон нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 13 тоот орон сууцыг УБТЗ нийгэмлэгээс олгосон орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшиж байсан ба тэрээр 2003 оны 7 дугаар сарын 02-нд нас баржээ. Түүнийг нас барсны дараа орон сууцыг  хамт амьдарч байсан хүү Ш.А-д 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эзэмших эрхийн бичиг олгож, эзэмшүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 2-ний өдрийн Орон сууц хувьчлах тухай 82 дугаар тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эзэмшилд байсан орон сууцнуудыг хувьчлахаар шийдвэрлэсэн ба Сэлэнгэ аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2006 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 3 дугаар тогтоолоор уг орон сууцыг эрхийн бичиг гэрээгээр эзэмшин амьдарч байсан нас барагчийн ар гэрт буюу хүү Ш.А- болон гэр бүлд хувьчилсны дагуу Ш.А-, Д.Алтангинж, А.Болормаа, А.Шижиртунгалаг нар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдэж өмчлөгч болсон, бүртгэл хүчинтэй болох нь Сэлэнгэ аймаг дах  Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр тогтоогдсон, шийдвэр хүчин төгөлдөр байна /хэргийн 1 дүгээр хавтас 229-231 дүгээр тал/.

Р.Лодон нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байсан боловч түүнийг нас барсны дараа уг орон сууцыг түүний хүү Ш.А- болон тэдний гэр бүлд хувьчилсан, тэдгээр нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөгч болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тусгах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “...нэхэмжлэгч нь өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан мэт ойлгогдохоор байна” гэсэн үндэслэл дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцээгүй байна.

Д.Алтангинж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохдоо  бие даасан шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх  шаардлага гаргасан гэж үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-т зааснаар Р.Лодонгийн хууль ёсны өвлөгч мөн боловч  энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна. Түүнчлэн орон сууцны хамтран өмчлөгч болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээд Д.Алтангинж хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ