Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2016/03371/И |
Дугаар | 001/ХТ2018/00293 |
Огноо | 2018-02-22 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00293
Д.Э, Б.Б нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02379 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2317 дугаар магадлалтай,
Д.Э, Б.Бнарын нэхэмжлэлтэй,
Л.Д-ад холбогдох
“Чингис хаан“ CD ном болон “Чингис хаан” атлас номыг худалдан борлуулсны орлогоос 49.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, А.Буяндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нарангоо, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлд: Д.Б, Д.Э нар нь ШУА-д 40 гаруй жил ажиллаж буй эрдэмтэд бөгөөд өөрсдийн эрдэм шинжилгээний судалгааг бүтээл болгон 1997 онд “Чингис Хаан” атласыг хэвлүүлэн 767 тоот зохиогчийн гэрчилгээг авсан, 2005 онд уг бүтээлийг засварлан шинэчлэн “Мянган жилийн суут их хаан Чингис” CD ном болгон зохиогчид хэвлүүлэхдээ Л.Д-тай хамтран ажиллах гэрээг 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, Л.Д- продюсерээр ажиллан, хэвлүүлэх зардлыг 100 хувь хариуцаж нийтдээ 10.000 ширхгийг хэвлэж, нэг бүрийг 20.000 төгрөгөөр худалдаж нийт орлогын 85 хувийг Л.Д-, 15 хувийг зохиогч нарт өгөхөөр гэрээндээ тохиролцсон. Гэтэл Л.Д- уг гэрээний хоёр нөхцөлийг зөрчиж өөрийн нэрийг продюсер биш зохиогч гэдэгт нэмж хэвлүүлсэн нь зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Мөн гэрээгээр тохиролцсоны дагуу нийт орлогоос зохиогч нарт 15 хувьтай тэнцэх 27.000.000 төгрөгийг өгөөгүй хохироосон. Үүний дараагаар 2012 онд Д.Б, Д.Э нар нь “Чингис хаан” А-3 хэмжээний атлас болгон хэвлүүлэх, ингэхдээ Л.Д- хөрөнгө оруулагчаар ажиллахаар талууд амаар харилцан тохиролцсон. Харин үүнийг бичгээр гэрээ болгоогүй, өөрөөр хэлбэл хэдэн хувийг, хаана ямар чанартай хэвлүүлэх, борлуулсны орлогыг хэрхэн хуваах тухайд ямар нэгэн байдлаар тохиролцоогүй байсан. Гэтэл Л.Д- зохиогч нараас “Чингис хаан” А-3 хэмжээний атласыг бүрэн хянаж дуусаагүй байхад зохиогч нарт мэдэгдэлгүйгээр 2012 онд БНХАУ-д 500 хувийг хэвлүүлэн Монгол Улсад нэг бүрийг нь 45.000 төгрөгөөр зарж борлуулсан байна. Л.Д-аас уг “Чингис хаан” А-3 хэмжээний атласын зохиогч хэмээн өөрийгөө Д.Б, Д.Э нарын нэрийн дор бичсэн нь зохиогчийн эрхийг зөрчсөн, оюуны хулгайн үйлдэл болох нь Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоолоор Л.Д-ыг 2005 оны “1000 жилийн суут их хаан Чингис” CD ном, 2012 оны “Чингис хаан” А-3 атласын бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эрхгүй этгээд болохыг тогтоосон. Уг бүтээлийг хэвлэсэн газар, үйлдвэрийн нэр бүтээл дээр тавигдаагүй тул хэдэн хувийг, хаана хэвлүүлсэн нь тодорхойгүй байгаа тул хариуцагчаас хэвлэлийн газар, хэвлүүлсэн хувь болон бусад шаардлагатай мэдээллийг нотлох баримтын хамт шүүхээр гаргуулж, холбогдох нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байгаа. 2012 онд хэвлүүлсэн “Чингис хаан” А-3 атлас нь зохиогчдоос хянагдаж дуусаагүй байхад хэвлэсэн тул он дарааллын, утгын холбооны, зураг зүйн ноцтой алдаатай гарсан нь уг бүтээлийн зохиогчдын салбарын эрдэмтний нэр төрд шууд халдсан үйлдэл юм. Материаллаг өмч, эд зүйлийг хуулиар шууд хамгаалдаг атал оюуны бүтээлийн луйврыг өөгшүүлэх нь ёс зүйд нийцэхгүй юм. Иймд 2005 оны “Мянган жилийн суут их хаан Чингис” CD ном 10.000 ширхэгийг хэвлэн, нэг бүрийг 20.000 төгрөгөөр худалдаж, нийт 200.000.000 төгрөгийн орлого олсоноос 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу зохиогч Д.Б, Д.Э нарт ногдох 15 хувийн орлого буюу 27.000.000 төгрөг, 2012 оны Д.Базаргүр, Д.Э нарын зохиосон “Чингис хаан” А-3 атласыг Л.Д- зохиогчдоос зөвшөөрөл авалгүй дур мэдэн ашиг олох зорилгоор, алдаатай бүтээлийг хууль бусаар 500 хувийг хэвлүүлэн, нэг бүрийг 45.000 төгрөгөөр зарсан тул энэ бүтээлээс олох боломжит нийт орлого 22.500.000 төгрөг нийт 49.500.000 төгрөгийг Л.Д-аас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Эын өмгөөлөгч А.Буяндэлгэрийн тайлбарт: Нэхэмжлэгч нар 40 гаруй жил ажиллаж байгаа эрдэмтэд бөгөөд өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлээр 1997 онд Чингис хаан атлас зохиолыг бүтээж, гэрчилгээ авсан бөгөөд 2005 онд тухайн бүтээлээ “Мянган жилийн суут удирдагч Чингис хаан” нэртэй CD болгон хэвлүүлэхдээ Л.Д-тай 2005 оны 09 дүгээр сарын 07–ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 10.000 ширхэг CD хэвлүүлэх ажлыг Л.Д- хариуцаж, 1 ширхгийг 20.000 төгрөгөөр борлуулж, ашгийн 85 хувийг Л.Д-, 15 хувийг зохиогч нарт өгөхөөр гэрээнд заасан боловч Л.Д- гэрээний нөхцөлийг зөрчиж, зохиогчийн нэр дээр өөрийн нэрийг оруулж, ашгийн 15 хувийг өгөөгүй. Мөн 2012 онд Б.Б, Б.Э нар өөрсдийн бүтээлийг А-3 хэмжээтэй атлас болгож хэвлүүлэхээр тухайн ажилд Л.Д-ыг продюсерээр ажиллуулахаар ярилцсан ба гэрээ байгуулаагүй, хаана, хэдэн хувийг хэвлүүлэх, борлуулалтын орлогыг хэрхэн хувиарлах талаар хэлцэл хийгээгүй байсан. Гэтэл Л.Д- бүтээлийг бэлэн болоогүй, бүрэн хянаж дуусаагүй байхад зохиогч нараас нууж БНХАУ-д 500 ширхгийг хэвлүүлсэн байхад нь шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Иймд тус номны борлуулалтын орлого болох 27.000.000 төгрөг, 500 ширхэг атласын 1 ширхэгийг 45.000 төгрөгөөр борлуулсан гэж үзэж нийт 49.500.000 төгрөгийг Л.Д-аас шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүнжидийн тайлбарт: Зохиогч нар өөрсдийн судалгаагаар бүтээсэн бүтээлийг утга зүйн болон газар зүйн алдаагүй хэвлүүлэх хүсэлтэй байсан. Гэтэл Л.Д- зохиогчийн эрхийг зөрчиж өөрийн нэрийг оруулж, атласыг алдаатай хэвлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн шаардлагыг анх гаргасан, 500 ширхэг хэвлүүлсэн гэдгийг хариуцагч өөрөө хэлж хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бүтээл зохиогчийн эрхийг зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдсон байхад уг бүтээлийг устгасан талаар баримт гаргаж өгөхгүй гадуур явахаар уг бүтээл худалдаанд байгаа нөхцөлд зарсан үнэ болон олох байсан орлогоо шаардах эрхтэй гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас 2005 онд хэвлүүлсэн “Мянган жилийн суут удирдагч Чингис хаан” нэртэй CD номыг 10.000 ширхгийг хэвлүүлсэн тухай баримтыг гаргаж өгсөн ба 1 ширхэгийг 20.000 төгрөгөөр худалдаалсан тул нийт 200.000.000 төгрөгийн орлого олсон байх ёстой. Үүнээс гарсан зардлыг хасаад 15 хувь болох 27.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2012 онд хамтран зохиосон Чингис хаан А-3 хэмжээтэй атласыг зохиогч нараас зөвшөөрөл авалгүйгээр, мөн өөрийн нэрийг оруулж 500 хувийг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд хэвлүүлсэн гэж өмнөх 3 шатны шүүхэд хариуцагч өөрөө хэлдэг. Бидэнд хаана хэвлүүлсэн талаарх баримт байхгүй, А-3 хэмжээтэй атласыг хэвлүүлэхдээ зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул 1 ширхэг номыг 45.000 төгрөгөөр үнэлэн 22.500.000 төгрөг нийт 49.500.000 төгрөгийг шаардаж байгаа гэжээ.
Хариуцагч Л.Д-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 519 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоолоор шийдвэрлэгдсэн иргэний хэргийг ямар ч үндэслэлгүйгээр дахин нэхэмжлэл гаргасан байх тул Д.Б, Д.Э нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Мянган жилийн суут удирдагч Чингис хаан” ном нь Монголын анхны мульти видео буюу электрон ном юм. Нэхэмжлэгч нар болон бидний хооронд энэ номыг намайг мөнгөө гаргаад хэвлүүлчих гэж ярилцаж байсан. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрсдөө байгаагүй тул буруу ойлгож яриад байна. Энэ CD номыг хийхээс өмнө Б.Б доктор надад Орос Улсаас авсан газрын зургийг гараар буулгасан тул тааруухан ном болсон, 10.000 ширхэгийг хэвлэсэн бөгөөд одоо хүртэл дуусахгүй байна гэсэн. Чи Монголын анхны электрон толь бяцхан тархийг зохион бүтээгч болохоор өөрөө хөрөнгөө гаргаад электрон тал дээр чи өөрийн хувь нэмрийг оруулан хамтарсан шинэ бүтээл болгоод ОХУ-ын зах зээлд заръя, хамтарч ашиг олъё гэж надад олон удаа санал тавьсны дагуу би энэ бүтээлд орсон. Программ хангамж, софтвейрыг хийсэн хүн олон улсад зохиогч болох эрх байдаг тул би зохиогчийн эрхээр орсон. Би 100 хувь өөрийн хөрөнгөөр хэвлүүлсэн нэхэмжлэгч нар намайг 15 хувийг өгөөгүй гэж гүтгэж байна. Бид энэ номыг ОХУ-ын зах зээлд гаргах гэж бүтээсэн. Энэ номноос тус бүр 1 ширхгийг Герман болон Япон Улсын номын санд өгсөн боловч чанарын шаардлага хангахгүй гээд буцаад ирсэн, 10.000 ширхэг хэвлүүлсэн номоо Д.Б-ийн охин Б.Б-д байлгасан. Нэгдүгээрт “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны бичлэгийг мульти видео болгосон боловч шаардлага хангаагүй, хоёрдугаарт газрын зургийг эх зургаас гараар буулгасан байна, гуравдугаарт дэлгэц нь жижиг байна гээд 10.000 ширхэг хэвлүүлсэн номоороо бид шатсан. Б.Б гуай “чамайг шатаачихлаа, санаа зовж байна, 15 хувийн ашгаа CD-гээр авъя” гээд 2000 ширхгийг Б.Базаргүр болон эхнэрт нь хүлээлгэж өгсөн. Б.Э гуайд 1500 ширхэг ном өгөх гэтэл мөнгө авна гээд аваагүй. Миний софтвейр хийсэн оюуны өмчийг бид тооцож оруулаагүй байна, авах ёстой 2000 ширхэг CD-ийг авсан тул 27.000.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Атлас номны хувьд эдийн засгийн тооцоогүй шаардлага гаргаж байна. Маргаан бүхий номны нэг тал бөгөөд нөгөө тал нь 100 хувь миний зохиосон ном байгаа. Энэ номын 40 хувь нь миний зохиосон, 60 хувь нь нэхэмжлэгч нарын зохиосон ном боловч миний бүтээлүүд орсон байдаг. Энэ номыг 45.000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нар миний бүтээсэн бүтээлийн 40 хувийг хасаад маргах ёстой байтал энэ номыг бүхлээр нь тооцож 22.500.000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02379 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Л.Д-аас 13.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 9.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар Л.Д-аас 27.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.450 төгрөгөөс 112.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 292.950 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 225.450 төгрөгийг Л.Д-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2317 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02379 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Д-аас 2.231.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.269.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...225.450 төгрөг...” гэснийг “...50.648 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүнжидийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн Магадлалын “Л.Д-аас 2.231.000 төгрөгийг гаргуулж, үлдэх 20.269.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нарын маргаан бүхий оюуны бүтээлийн хувьд эдлэх эдийн болон эдийн бус зохиогчийн эрхийг зөрчсөн болон нэхэмжлэгч нар, хариуцагчийн хооронд оюуны бүтээлийг хамтран эзэмших талаар хэлцэл хийгдээгүй болох нь тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлд заасны дагуу тухайн оюуны бүтээлийг ашиглан олсон орлогыг шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 493.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 493.1 дэх хэсэгт “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж заасан байна. Гэтэл шүүхээс өмнө хянагдан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойшх хугацаанд хариуцагч Л.Д- уг номыг зарж борлуулан өөртөө орлого олсон тохиолдолд нэхэмжлэгч нь зохиогчийн эрхийг зөрчих замаар өөрт нь бий болсон бүтээлийг худалдан борлуулах замаар ашиг олсон гэж үзнэ хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь Л.Д- нь тухайн хууль бусаар ашигласан бүтээлээ худалдан борлуулснаас гадна бусдад бэлэглэх замаар дуусгасан гэдгээ хариу тайлбартаа хэлдэг байтал зөвхөн худалдан борлуулах замаар ашиг олно хэмээн дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь бэлэглэсэн гэдэг нь нотлогдоогүй, номын үлдэгдэл байхгүй байгаа, энэ этгээд дахин хэвлээд зарж байгааг ч үгүйсгэхгүй нөхцөл байдал байгааг харгалзан үзээгүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримт болон хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй. Тухайлбал, давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн Интер ном, Мажестик, Номин тав трейд-ийн албан бичиг, харилцагчийн борлуулалтын мэдээг л нотлох баримтаар үнэлсэн. Ийнхүү үнэлэхдээ мөн ямар нэгэн хууль ёсны үндэслэлгүйгээр “2015, 2016 оны дунджийг 60 ширхэг ном борлогдсон гэж үзэх боломжтой, нийт 67 ширхэг номыг борлуулсан байна” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл номыг худалдан борлуулж ашиг олсон этгээд бусдад номоо бэлэглэсэн гэж хэлдэг боловч энэ нь нотлогддоггүй, мөн устгасан гэж хэлдэг боловч тайлбарууд нь өөр хоорондоо зөрдөг мөн нотлогддоггүй. Одоо номын үлдэгдэл байхгүй байгаа. Энэ нь тухайн номыг бүгдийг худалдан борлуулж ашиг олсон гэж дүгнэх үндэслэлтэй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 493.2 дах хэсэгт “...тухайн хөрөнгийг буцаан өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” хэмээн заасны дагуу хариуцагчаас хууль бус оюуны бүтээлийг худалдан борлуулж олсон ашгийг нийт хууль бус бүтээлийн хүрээнд дүгнэж, зохиогчийн хууль ёсны эрхийг хамгаалах нь зүйтэй байсан юм. Нэхэмжлэгч нар нь олох байсан орлогоо нэхэмжилснээс гадна хариуцагч бусдын оюуны бүтээл болох хөрөнгийг хууль бусаар ашиглаж ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нөхөн төлбөр болон олох байсан орлогыг нэхэмжилсэн ба шүүх олох байсан орлогыг нэхэмжлэх эрхтэй хэмээн дүгнэсэн боловч Иргэний хуулийн 492, 493-р зүйлийн хүрээнд л шийдвэрээ гаргасан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэгч нарын зүгээс Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрхийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нарангоогийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02379 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсэг болох 13.500.000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг, хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх 2017 оны 2317 дугаар магадлалаар хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 2.231.100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан болон Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, талуудын хооронд болсон үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж, дүгнээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж таамаглалд үндэслэн шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүх дараах зөрчлийг гаргасан.
1.Магадлалын үндэслэлдээ “.... "Мажестик" дэлгүүрт 2012-2016 онуудад дээрх ном 148 ширхэг ном борлуулагдсан гэж үзвэл, хариуцагч Л.Д-ыг 2015, 2016 оны дунджаар 60 ширхэг ном борлуулсан гэж үзэх боломжтой” хэмээн хийсвэрээр дүгнэн магадлалынхаа үндэслэл болгож, 60 ширхэг номыг нэг бүрийг нь 33.300 төгрөгөөр тооцож нийт 1.998.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ баримт нь хэргийн 174 дүгээр хуудсанд авагдсан ба утга нь Мажестик номын дэлгүүрт 2012-2016 онд "Мянган жилийн суут их удирдагч Чингис хаан" ном нь худалдах үнэ 44.999 төгрөг, шимтгэл хасан олгох дүн 32.400 төгрөг, борлогдсон тоо 148 ш, нийт 4.795.200 төгрөг, "Мянган жилийн суут их удирдагч Чингис хаан" жижиг ном худалдах үнэ 11.999 төгрөг, шимтгэл суутган олгох дүн 8399 төгрөг, 78 ширхэг, нийт 655.122 төгрөг, бүгд олсон орлого 5.450.322 төгрөг” гэсэн байв. Уг нь анхан шатны шүүхийн 2017.04.27-ны өдөр 05973 тоот Шүүгчийн захирамжаар 2012-2016 онуудад маргаан бүхий ном худалдаанд гарч байсан эсэх, гарсан бол хэдэн ширхгийг хэдэн төгрөгөөр борлуулсан эсэх талаар лавлагаа ирүүл гэсэн байсан. Гэтэл "Мажестик" номын дэлгүүрээс ирүүлсэн уг баримтаар 148 ширхэг атлас ном нь 2014.09.18-ны өдрийн эцсийн шийдвэр гарснаас хойш борлуулагдсан эсэхийг эргэлзээгүйгээр тогтоох ямар ч боломжгүй баримт ирүүлсэн. Мөн энэхүү баримтад буй 148 ширхэг ном нь өмнө УДШ-ийн 450 дугаар тогтоолоор тоггоогдссн 200 ширхэг номонд хамаарсан нэгэнт тогтоогдсон үйл баримтад хамаарсан нотлох баримт байсан бөгөөд үүнийг шүүх огт анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Хэрэв энэ баримт Шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэгдэн шүүхэд ирсэн бол 2014.09.18-ны өдрийн 450 дугаар УДШ-ийн тогтоол гарснаас хойш, устгалд оруулсан байх ёстой 300 ширхэг номыг, хариуцагч нь зарж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд дүгнэлт хийх боломж бүрдэх байсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох зорилгоор гаргасан захирамжийн заалт нь бүрэн биелэгдээгүй, тодорхой бус баримт ирүүлсэн байгаад огт дүгнэлт өгөлгүй, хэргийг шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх энэ алдааг зөвтгөж шийдвэрлээгүй тул ИХШХШТХ-ийн 172.2.2-т заасныг зөрчсөн.
Мөн Давж заалдах шатны шүүх нь магадлалын үндэслэх хэсэгт "Интер" номын дэлгүүрээс ирүүлсэн лавлагаа баримтаар 2015.01.01-ний өдрөөс 2017.06 сарын ....өдрийг хүртэл 5 ширхэг ном зарсан байна гэж дүгнэн мөн л нэг бүрийг нь 33.300 төгрөгөөр үнэлж, 166.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл уг баримт нь хэргийн 53, 200-204 дүгээр хуудсанд авагдсан байх ба "Интер" номын дэлгүүрээс ирүүлсэн уг баримт нь огноо тус бүрээр нь гаргаж ирүүлсэн лавлагаа байсан тул шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд хариуцагч нь уг номыг зарсан эсэхийг эргэлзээгүйгээр тогтоох бүрэн боломжтой нотлох баримт юм. Гэвч давж заалдах шатны шүүх тооцооллын хувьд илэрхий алдаа гаргаж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж дүгнэлгүй, хариуцагчийг Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 5 ширхэг ном зарсан байна гэж огт үндэслэлгүйгээр буруутгаж, түүнд ногдох 166.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэл болсон уг баримтыг судлан үзэхэд хариуцагч Л.Д- нь Интер номын дэлгүүрт 5 ширхэг ном зарсан үйл баримт огт байхгүй байсан. Тодруулбал хх-53 хуудсанд Интер номын дэлгүүрт нийт 55 ном тавиулснаас маргаан бүхий атлас номонд хамаарах нь 45 ширхэг байсан. Хх- 200-204 хуудсанд авагдсан Харилцагчийн гүйлгээ 2012.01.01- 2014.12.31-ний тайлант үе гэсэн тооцооны баримтаас үзэхэд Л.Д- нь маргаан бүхий атлас номыг 2012.10.02-ны өдөр 14 ширхэгийг, 2013.02.05-ны өдөр 14 ширхгийг, 2013.06.18-ны өдөр 14 ширхгийг тус тус нэг бүрийг нь 33.300 төгрөгөөр бодож зээлээр худалдсан байх ба үүний төлбөр нь 2013.01.16-наас 2014.08.13-ны өдрийн хооронд төлөгдөж дууссан байна. Харин хэргийн 202-р хуудсанд Хануй гэх иргэн 2015.05.09-ний өдөр уг номноос 3 ширхгийг заруулахаар өгсөн байх ба үүний төлбөр нь 2015.09.07, 2015.09.16-ны өдөр тус тус төлөгдсөн байна. Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш маргаан бүхий номыг хариуцагч бус харин Хануй гэх иргэн Интер номын дэлгүүрт тавьж нийт 3 ширхгийг 99.000 төгрөгөөр худалдсан байна. Харин 42 ширхэг нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө худалдагдаж талуудын урьд шийдвэрлэгдсэн маргаанаар эцэслэн шийдвэрлэгдсэн байсан.
Мөн давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт "Мир" номын их дэлгүүрийн албан бичиг, харилцагчийн гүйлгээ гэх баримтаар 2014.12.10-ны өдөр дээрх номноос 1 ширхгийг хариуцагч зарсан байна гэж уг баримтад огт байхгүй зүйл гаргаж ирэн, энэхүү номын үнийг 33.300 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу "Мир" номын дэлгүүрээс ирүүлсэн уг баримт нь хэргийн 196-197 дугаар хуудсанд авагдсан бөгөөд мөн л маш тодорхой, он тус бүрээр нь борлуулсан номын ширхгийг үнэтэй нь гарган ирүүлсэн байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн хаанаас ийм ор үндэсгүй зүйл гаргаж ирээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болоод байна. Тодруулбал, хх-196 хуудсанд Мир номын их дэлгүүр нь 2012.10.05-ны өдрөөс 2014-12.10-ны өдрийг хүртэлх хугацаанд Л.Д-ын атлас номыг худалдсан гэсэн баримт өгсөн. Хавсаргасан баримтыг судлахад хариуцагч нь 2012.10.05-ны өдөр 14 ширхэг номыг зээлээр худалдсан байх бөгөөд үүнээс 2 ширхэг нь 2014.02.08-ны өдөр, 1 ширхэг нь 2014.12.10-ны өдөр тус тус буцаагдан, үлдэх 11 ширхэг номыг 1 бүрийг нь 33.300 төгрөгөөр борлуулж, 2013.01.23-ны өдөр 199.800 төгрөг, 2014.12.10-ны өдөр 166.500 төгрөг, нийт 366.300 төгрөгийг төлж, 2014.12.10-ны өдөр 99.900 төгрөгийн үнэ бүхий 3 номыг буцаан өгч тооцоог хаасан байна. Энэхүү баримтаас үзэхэд хариуцагч нь магадлалд дурьдсан 2014.12.10-ны өдөр 1 ширхэг ном зарсан биш, харин энэ өдөр дээр дурьдсан хугацаанд зээлээр худалдсан байсан номынхоо үлдэгдэл тооцоог хийж дуусгасан өдөр байна. Энэ баримт нь харин ч шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нь ном борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэснийг няцаасан баримт болсон байхад давж заалдах шатны шүүх эсрэгээрээ түүнийг үндэслэлгүйгээр буруутгах нотлох баримт болгосон байна. Эцэст нь давж заалдах шатны шүүх магадлалдаа хариуцагч Л.Д-ыг нийт 67 номыг нэг бүрийг 33.300 төгрөгөөр борлуулж, нийт 2.231.100 төгрөгийг олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Интер номын дэлгүүрт 5 ширхэг ном + "Номин тав трейд" ХХК-ийн Мажестик номын дэлгүүр 60 ширхэг ном + Мир номын дэлгүүрт 1 ширхэг ном = нийт 67 ном х 33.300 төгрөг = 2.231.100 төгрөг тооцоо гаргасан. Гэтэл энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар няцаагдаж байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Харин маргаан бүхий ном нь шүүхийн шийдвэр гарснаас хойш Интер номын дэлгүүрт 3 ширхгийг нэг бүрийг нь 33.300 төгрөгөөр нийт 99.900 төгрөгөөр худалдаалагдсан байх ба үүнийг хариуцагч Л.Д- бус харин Хануй гэх хүн борлуулсан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2317 дугаар магадлалыг дээр дурьдсан нөхцөл байдлаар хянан үзэж, хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Э, Д.Б нар хариуцагч Л.Д-д холбогдуулан 2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут их хаан Чингис” нэртэй CD ном 10.000 ширхэгийг хэвлэж, борлуулахаар Л.Д-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч Л.Д- гэрээгээр тохирсон 15 хувийг өгөөгүй тул 27.000.000 төгрөг гаргуулах, 2012 онд алдаатай хэвлүүлсэн “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй 500 ширхэг номыг устгахыг шүүхээс даалгасан байхад зарж борлуулсан тул орлого 22.500.000 төгрөг, нийт 49.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Б-ийн эрх залгамжлагчаар Б.Б оролцжээ.
“Чингис хаан” CD ном болон 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас номын зохиогч биш болохыг тогтоолгох, алдаатай хэвлэсэн “Чингис хаан” атласыг устгуулах, атласыг борлуулж олсон ашгийг улсын орлого болгох, гэрээний дагуу 27.000.000 төгрөг, дахин хэвлүүлэхэд гарах зардал 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэл, хариуцагч Л.Д-ын “Чингис хаан” CD ном болон 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас номын хамтран зохиогч мөн болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар 02-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоол хэрэгт авагдсан байна.
Шүүхийн дээрх шийдвэрээр хариуцагч Л.Д-ыг 2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут их хаан Чингис” CD ном, 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эдийн бус баялгийн эрхгүй болохыг тогтоож, Л.Д-аас “Чингис хаан” А3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгахаар шийдвэрлэжээ.
Харин нэхэмжлэгч Д.Б, Д.Э нарын CD номыг борлуулсны ашиг 27.000.000 төгрөг гаргуулах, “Чингис хаан” атласыг дахин хэвлүүлэхэд гарах зардал 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Л.Д-ын дээрх хоёр бүтээлийн хамтарсан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулан хоёр үндсэн шаардлага гаргасан байх бөгөөд “2005 оны “Мянган жилийн суут их хаан Чингис” CD номтой холбоотой Л.Д-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тохирсон 15 хувь 27.000.000 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлд 2005 оны 01 сарын 16-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах, хувь эзэмших гэрээ”-г тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хамтран ажиллах гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг 2014 онд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Тухайлбал, “...Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу бүтээл ашигласны төлбөрт гэрээгээр тохирсон ашгийг 2000 CD номоор гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч Д.Б, Д.Э нар хариуцагчаас 27.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй” гэж дүгнэн, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон байх тул дээрх асуудлаар гаргасан нэхэмжлэлийг шүүх дахин шийдвэрлэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс CD номыг борлуулсны ашиг 27.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.
Харин нэхэмжлэлийн 22.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хоёр дахь шаардлагын үндэслэл нь “...Л.Д-аас “Чингис хаан” А3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгах”-аар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байх бөгөөд Л.Д-ыг зохиогчийн эрхийн зөрчилтэй бүтээлийг устгах шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, уг бүтээлийг худалдан борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэжээ.
Иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба “...Л.Д-аас “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгахаар заасан бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Л.Д- “Чингис хаан” атлас А-3 хэмжээтэй номны 200 ширхгийг бусдад барьцаанд үлдээсэн, бэлэглэсэн, цөөн заримыг нь бусдаар дамжуулан борлуулсан, зарим хэсгийг өөрөө шатааж устгасан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч Л.Д-ыг шүүхийн шийдвэрийг биелүүлснээ баримтаар нотлоогүй, номыг борлуулан орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 13.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх хариуцагчийг нийт 67 номыг худалдан борлуулж 2.231.100 төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Д-аас 2.231.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нэг зорилготойгоор хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б, Д.Э нар нь “Чингис хаан” CD ном болон “Чингис хаан” атлас номын хамтран зохиогч байх бөгөөд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх болон эдийн бус баялгийн эрхтэй юм.
Бүтээл ашиглах онцгой эрх буюу эдийн баялгийн эрхийн хувьд зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрхтэй бөгөөд зохиогч “бүтээлээ нийтлэх”-ийг бусдад зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй бөгөөд “зөвшөөрөлгүй” хийгдсэн үйлдэл нь зохиогчийн эрхийн зөрчил болдог. Хариуцагч Л.Д- нь нэхэмжлэгч нарын бүтээсэн дээрх хоёр бүтээлд зохиогчийн эдийн болон эдийн бус баялгийн эрх эдлэх эрхгүй болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, тэрээр шүүхийн шийдвэрээр устгахаар шийдвэрлэсэн 300 ширхэг номыг нийтийн хүртээл болгосныг нэхэмжлэгч нарын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасан бүтээл ашиглах онцгой эрх болох бүтээлийг нийтлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу уг 300 ширхэг номыг устгасан, эсхүл одоо 300 ном байгаа тухайгаа баримтаар нотолж чадаагүй байх тул дээрх бүтээлийг худалдсан, эсхүл бэлэглэсэн, ашиг олсон олоогүйгээс үл хамаарч Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “бүтээлийг нийтэлж, нийтийн хүртээл” болгосон байх тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 300 ширхэг номын үнийг гаргуулахаар шаардах эрхтэй юм.
Иймээс 300 ширхэг номын нэг бүрийг 45.000 төгрөгөөр борлуулж байсан, үүнд 23 хувийн худалдааны шимтгэлийг төлж байсан тухай хэрэгт авагдсан баримтыг үндэслэж, хариуцагчаас нийт 10.395.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2317 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02379 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Д-аас 10.395.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Б.Б нарт олгож, нэхэмжлэлээс 12.105.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “225.450” гэснийг “181.270” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүнжидийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 225.450 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Л.Д-ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.646 /тавин мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН