Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2017/00002

 

 

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2017/00002

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг, 4-26-2 тоотод оршин суудаг М овогт Д.П, Б овогт С.Б нарын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг, 4-26-1 тоотод оршин суудаг Модчин овогт П.Б, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 15 дугаар гудамж 9 тоотод оршин суудаг Б овогт Я-н О нарт холбогдох бэлэглэлийг хүчингүйд тооцож, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг 4 дүгээр гудамж 26-3 тоотод байрлах 216 метр квадрат талбайтай, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 000238435 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир, нэхэмжлэгч Д.П, С.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал, хариуцагч П.Б, хариуцагч Я.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бид өөрсдийн амьдрал ахуй, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралд нь нэмэр болох зорилгоор Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг худалдааны гудамжинд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшсэн. Уг газар дээрээ 2000 оноос эхлэн цайны газар ажиллуулж эхэлсэн ба 2008 онд өргөжүүлэн 216 метр квадрат талбайтай 2 давхар, дээд давхартаа зочид буудал, доод давхартаа цайны газрын зориулалт бүхий үйлчилгээний төв босгосон юм. Энэ барилгаа бид барихдаа гуанз ажиллуулж олсон орлого дээр Хаан банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээл, өөрсдийн өмчлөлийн мал хөрөнгөө борлуулсны орлого нийт 30 сая төгрөг зарцуулсан. Бидний 2 дахь хүү П.Б 2006 онд Я.О-тай гэрлэсэн. Энэ хоёр хүүхдийнхээ амьдралд нь нэмэр болгож, зах зээлийн хатуу нийгэмд ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг аль ч газартай өрсөлдөхүйц үйлчилгээтэй, хүнээ татсан зочид буудал, цайны газрын зориулалттай барилгаа бэлэглэн тэдний нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийлгэж өгсөн юм. Гэтэл бэр Я.О нь манай хүүгээс салахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж бидний олон жилийн хүч хөдөлмөрөө шингээн босгож өгсөн хөрөнгийг өөртөө авч, биднийг хөөж туух байдал бий болгон, голдоо ортол гомдоох үйлдэл гаргаж байгаа нь анхнаасаа өмч хөрөнгөтэй болох гэсэн, өмч хөрөнгөтэй болж байвал ямар ч аргаар хамаагүй авах зорилготой байсан гэсэн хардах сэтгэлийг төрүүлж байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 000238435 дугаартай гэрчилгээ бүхий Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг 4 дүгээр гудамж 26-3 тоот хаягтай 216 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бидний нэр дээр шилжүүлэн, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр хүүхэд маань гэр бүл болоод Их-Уул суманд амьдарч байсан юм. Их-Уулд амьдарч байхдаа байшин, хөрөө рам худалдаж авах гэсэн юм гээд надаас 6000000 төгрөг авсан. Тэгээд удалгүй П.Б ажлаасаа гарч Могойн голын уурхайд ажиллах болсон. Дараа нь Я.О Тосонцэнгэл сумын Төрийн банкинд ажиллахаар болоод Тосонцэнгэлд шилжиж ирсэн. Энэ хоёр хүүхдийг сайн сайхан амьдруулах гэж эд хөрөнгө тасалж өгч байсан, хүүхэд ч өргөж авч өгсөн. Худалдааны гудамжинд байгаа Мандах худалдааны төвийг зөвхөн П.Б П.Б нар мөнгө гаргаж бариагүй. П.Б, П.Б хоёр арав гаран сая төгрөг, манайх мөн арав гаран сая төгрөг гаргаж барьсан юм. 30 сая төгрөгөөр босчихдог байшин ч биш юм. П.Б, Я.О хоёр Их-Уулд байхдаа авсан мөнгөө эргүүлж өгөөгүй байгаа. Ер нь бол Я.Оын санаа нь бүх эд хөрөнгийг эртнээс авах гэж бодож байсан юм шиг харагдаж байгаа. Эхнэр бид хоёр анх Мандах гуанз, буудлаа хүү П.Б-н нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гээд өгтөл Я.О өөрийн нэрийг оруулж бүртгүүлсэн байсан. Энэ хоёр хүнийг зөвхөн цалингаа харж амьдарч байхаар гуанз ажиллуул гээд өгсөн. Тэгтэл Я.О нь салаад явсан байсан. Бид хоёр явсныг нь ч мэдээгүй, ачийг маань ч уулзуулаагүй явсан. Иймд бэлэглэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П-н тайлбартай санал нэг байна. Я.О их санаатай байсан болов уу гэж бодож байна. Айл гэрийн эд хөрөнгө өрхийн тэргүүний нэр дээр л байдаг. Гэтэл бүх зүйлд Я.О-н нэр орсон байсан. Гэрийн орлого, зарлага гээд бүх л зүйл Я.О-н нэрээр гарын үсэг зурагдаж гарсан байсан. Гуанз буудлаа өөрийн өмчлөлд авмаар байна гэв.

Харицагч П.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг үл хөдлөх хөрөнгийг анх манай аав, ээж маань 2005 онд цалин хөлс, гуанз ажиллуулан өдөр шөнөгүй зүтгэсэн хүч хөдөлмөр, банкны зээл зэргээр босгосон бөгөөд өдийг хүртэл ээж С.Б-н нэр дээр ажлын байрны дүгнэлт нь гарсаар ирсэн. Би эхнэр Я.О-тай 2006 оны 9 дүгээр сард хуримаа хийсэн ба гэрлэхээс өмнө баригдсан гэдэг утгаараа хэний өмч байсан нь нотлогдоно. 2014 онд манай аав, ээж хоёр надад цаашдаа гуанзаа ажиллуулж байгаарай, бидний цаашдын амьдралд дэмтэй яв гээд бэлэглэсэн. Гэтэл би итгэлийг нь алдаж гэр бүл цуцлах хэмжээнд хүрч аав, ээжийнхээ насаараа хөдөлмөрлөсөн хөрөнгийг үрэн таран хийхэд тулж бэлэглэлийн зорилгыг үгүй хийж гомдоосон тул нэхэмжлэл үндэстэй гэж үзэж байна. Анх аав, ээж хоёр үл хөдлөх авахад бичгээр зөвшөөрөл өгөхдөө П.Б миний нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн байхад би П.Б, Я.О нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулсан нь хэлцлийн утгыг буруугаар ашигласан гэж үзэхээр байгаа тул аав, ээж хоёр маань хөрөнгөө буцаан авах бүрэн эрхтэй юм. Нэхэмжлэгч нарын ярьж буй зүйл бүгд үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Я.О-н тайлбарын тухайд мөнгө төгрөг авсан гэж байна. Энэ бол худлаа. Бид хоёр аавынхаас л авч ууж идэж байсан уу гэхээс биш аав ээжид мөнгө, төгрөг өгч байсан зүйл байхгүй. Отгонлхамын тайлбарын тухайд худал зүйлүүд байна гэв.

Хариуцагч Я.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Я.О нь уг нэхэмжлэлийг ор үндэсгүй гэж үзэж байна. 2010 онд Тосонцэнгэл суманд шилжин ирэхдээ Дэлгэр даргын байшинг 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2.000.000 төгрөгийг бид өөрсдөө 8.000.000 төгрөгийг аав, ээж хоёроос зээлж аваад Их-Уул суманд амьдарч байсан хашаа байшин, хоосон хашаа, газар, хөрөө рам зэргээ зарж уг зээлээ дарж дуусгасан. 2012 онд худалдаж авсан байшингаа худалдааны төв барих зорилгоор аав Д.П-н урагш харсан 4 айлын 2-ыг нийлүүлсэн байшингаар сольж 2013 онд ах П.Б-тай хамтарч бүх зардлыг тэнцүү хувааж одоогийн Мандах худалдааны төвийг барьж босгосон. Гэтэл хадам аав, ээж хоёр ...бид худалдааны төвийг П.Б-тай авъя, та хоёр гуанз буудлыг ав. Бид хөгширсөн тул залуу хүмүүс буудал, гуанзаа ажиллуул... гэж ярилцаад сольсон. Тэрнээс биш бэлэглэсэн зүйл байхгүй. Ингэж бидэнд бэлэглэсэн гэх 216 м2 гуанз, буудал ирсэн. Худалдааны төвийг бид Хас банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авч ах П.Б ч гэсэн адил банкнаас зээл авч байж барьж босгосон. Зээлээ бид гуанзны орлого, цалингаараа хугацаанаас нь өмнө шахаж төлөхийг эрмэлзэж, төлдөг байсан. Улмаар уг зээлийн үлдэгдлийг миний цалингийн зээлээр хаасан. Одоо ч би уг цалингийн зээлийг төлж байна. Сард би 582000 төгрөгийг тогтмол төлдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжсэнээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байгаа. Гэрээг хэрхэн байгуулагдсанд тооцдог вэ гэхээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан байгаа. Үүнийг нарийвчлан авч үзвэл хуульд заасан гэдэгт Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэг орж байгаа юм. Эд хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд зохицуулж өгсөн байгаа. Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгө байна гэж заасан байна. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Д.П, С.Б нарын нэр дээр гарсан байсан бол бэлэглэлийн гэрээ хийгдэж дараагийн шатны асуудал яригдах байсан. Гэтэл тухайн үед эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийгдээгүй байсан. Д.П, С.Б нарын улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан анхны өргөдөл хэрэгт байгаа. Уг өргөдөлдөө хүү П.Б-н нэр дээр бүртгэж өгнө үү гээд гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөнд зориулсан байна. Гэтэл улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авахад Я.О-н нэрийг оруулсан байдаг. Гэхдээ улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг энд ярих боломжгүй. Хүүхдүүдээ сайн сайхан амьдрахад нь зориулж үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэсэн. Яагаад бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бэ? гэхээр хариуцагч Я.О нэхэмжлэгч нарын хүч хөдөлмөрөөрөө босгосон эд хөрөнгийг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул өөрт ногдох хэсгийг авна гээд баахан мөнгө нэхэмжилж байгаа асуудал нь бэлэглэгчийг гомдоосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдэх боломжтой гэв.

Хариуцагч Я.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.О-г байхгүй байхад гүтгэх ёсгүй гэж үзэж байна. Хууль зүйн үүднээс бэлэглэлийн гэрээ нь бичгээр үйлдсэн, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Бэлэглэлийн гэрээ хийгдээгүй байхад юу бэлэглэсэн гэж үзээд байгаа юм бэ? Энэ Мандах худалдааны төвийг барихад Я.О-с мөнгө оруулсан байдаг. Тэгээд дараа нь хадам аав, ээж болох Д.П, С.Б нар нь Мандах худалдааны төвийн тодорхой талбайг Мандах буудал, гуанзаар солилцсон асуудал байдаг. Энэ агуулгаар нь харах юм бол арилжааны гэрээ ч байх боломжтой. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 бол хөдлөх хөрөнгө дээр л яригдана. Үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж заасан шаардлага тавигдана. Энэ шаардлагыг хангаагүй, бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь П.Б, Я.О нарт холбогдуулан бэлэглэлийг хүчингүйд тооцож, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 22-нд олгосон 000238435 дугаартай гэрчилгээ бүхий Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, 26/3 тоот хаягтай 216 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, 26/3 тоотод байрлах 216 метр квадрат талбайтай Мандах нэртэй гуанз, зочид буудлын зориулалттай барилгыг 2008 онд барьж ашиглалтад оруулаад 2014 онд өөрийн хүү П.Б, бэр Я.О нарт бэлэглэсэн. Я.О нь манай хүү П.Б-с салахаар шүүхэд өргөдөл өгч биднийг ноцтой гомдоосон тул бэлэглэлийг хүчингүй болгож, Мандах нэртэй гуанз, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр, хариуцагч Я.О, түүний төлөөлөгч нь 2013 оноос П.Б-н ах П.Б-тай хамтарч Мандах нэртэй худалдааны төв барьсан. Гэтэл Д.П, С.Б нар нь Мандах худалдааны төвийг П.Б-тай нийлээд манайх авъя, танайх оронд нь Мандах гуанз, буудлыг авч ажиллуул гээд сольсон тул П.Б, Я.О бид нар Мандах гуанз, буудлын хууль ёсны өмчлөгч болж 2014 оны 12 дугаар сарын 22-нд 000238435 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Бидний хооронд бэлэглэлийн гэрээ хийгдээгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Д.П, С.Б нар нь П.Б, Я.О нарт Мандах гуанз, буудлаа шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нар нь хариуцагч П.Б, Я.О нарыг сайн сайхан амьдрахад нь зориулж энэ үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн. Гэтэл П.Б, Я.О нар нь гэрлэлтээ цуцлуулахаар болсон нь нэхэмжлэгч Д.П, С.Б нарыг гомдоосон үйлдэл мөн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байна.

Хариуцагч Я.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж заасан байдаг. Иймд үл хөдлөх хөрөнгө бэлэглэх бол заавал бичгээр гэрээ хийх ёстой. Нэхэмжлэгч Д.П, С.Б, хариуцагч П.Б, Я.О нарын дунд бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй. Ямар нэгэн бэлэглэлийн гэрээ хийгдээгүй тул гэрээ хүчингүй болгох асуудал яригдахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцэж байна.

Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч өөрчлөгдөж, дуусгавар болдог ба Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, 26/3 тоот хаягтай 216 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь П.Б, Я.О нар болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 22-нд олгосон 000238435 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Бэлэглэлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ юм.

Хэлцлийн үндсэн дээр буюу бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих бол Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар ...үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь хэлцэл буюу гэрээний үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно.

Гэтэл нэхэмжлэгч Д.П, С.Б, хариуцагч П.Б, Я.О нарын хооронд бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй байна.

Нэхэмжлэгч Д.П, С.Б нарын Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан ... Д.П, С.Б бид хоёр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт 409 метр квадрат газар эзэмшин амьдардаг. Энэ газар дээр хүү П.Б нь буудал гуанзны зориулалттай 2 давхар, 7 өрөө ажлын байр барьж ажиллуулж байгаа бөгөөд энэ ажлын байрыг хүүгийн минь нэр дээр бүртгэж эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү... гэсэн өргөдөл, гэрч Н.Д-н ...Тосонцэнгэл суманд байрлах хашаа байшингаа 2009 оны 10 сард Пүрэвсэнгэ гэх хүнд 10000000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Энхтүвшингийн ...би П.Б, Я.О нараас Их-Уул суманд байрлах хашаа байшинг нь 6000000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н ...П.Б-тай хамтарч Их-Уул суманд хөрөө рам ажиллуулж байсан. П.Б-г Тосонцэнгэл сум руу шилжихэд нь түүний хөрөө рам худалдаж авахад оруулсан хөрөнгө болох 4500000 төгрөгийг нь би бэлнээр буцааж өгсөн... гэх мэдүүлэг, Гадаадын иргэн, харьяатын газрын ...Я.О нь Замын-Үүд боомтоор 2010 оны 8 дугаар сарын 16-нд хилээр гарч 2010 оны 8 дугаар сарын 18-нд хилээр орсон тухай бүртгэл авагдсан байна гэх тодорхойлолт, Завхан аймгийн Их-Уул сум дахь ХААН банкны тооцооны төвийн ...П.Б, Я.О нар нь 2007-2010 онуудад цалигийн зээл авч байсан талаархи тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь хариуцагч П.Б, Я.О нарт үл хөдлөх хөрөнгө бэлэглэсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд Д.П, С.Б нарын нэхэмжлэлтэй П.Б, Я.О нарт холбогдох бэлэглэлийг хүчингүйд тооцуулж, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 22-нд олгосон 000238435 дугаартай гэрчилгээ бүхий Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, 26/3 тоот хаягтай 216 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Талуудын маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан хүсэлтийг үндэслэн 10000000 төгрөгөөр тооцож, улсын тэмдэгтийн хураамж 174950 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 407950 төгрөг төлсөн байх тул 174950 төрийн санд үлдээж, төрийн сангаас 233000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар Д.П, С.Б нарын нэхэмжлэлтэй, П.Б, Я.О нарт холбогдох бэлэглэлийг хүчингүйд тооцож, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 22-нд олгосон 000238435 дугаартай гэрчилгээ бүхий Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, 26/3 тоот хаягтай 216 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгнөөс 174950 /зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 233000 /хоёр зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ИХТАМИР