| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2014/07755/И |
| Дугаар | 001/ХТ2018/00748 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2018/00748
А.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00260 дүгээр магадлалтай,
А.Б-ын нэхэмжлэлтэй,
Д.О-д холбогдох,
17.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагааны гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Мөнгөн, өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч А.Б-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ү.Мөнгөн, А.Сарантуяа болон Д.О- нарт зуучилж 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, 2012 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл буюу 6 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан. 2012 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хүүгээ төлсөн, мөн үндсэн зээлийнхээ 9.000.000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад өгөөд үлдсэн 11.000.000 төгрөгийг үргэлжлүүлэн сар бүр 10 хувийн хүүг нь төлж гэрээний хугацаа сунгахаар тохиролцсон. Ингээд 2013 оны 3 дугаар сар хүртэл үндсэн зээл 11.000.000 төгрөгийн хүүг төлж ирсэн боловч түүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 11.000.000 төгрөгийг 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх хүү болох 20.900.000 төгрөг, нийт 31.900.000 төгрөгийг Д.О-гаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээгээр үндсэн зээлнээс 9.000.000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү 10.000.000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй, харин 34.400.000 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Өөрөө гэрээг сунгасан гэдгийг зөвшөөрөөд явж байсан, тиймээс үндсэн зээлд төлөгдөөгүй 11.000.000 төгрөг, хүү 6.500.000 төгрөг, нийт 17.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан мөнгийг манай нөхөр Билэгсайхан БНСУ-аас худалдаа хийх зорилгоор зээлсэн нь үнэн бөгөөд тухайн үед зээлийн гэрээг 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2012 оны 5 сарын 28-нд дээрх зээлийг аваад манай нөхөр 2012 оны 8 сарын 15-ны өдөр нас барсан. Хэдийгээр нөхөр маань таалал төгссөн ч миний бие дээрх өрийг барагдуулахаар бүх чадлаараа хичээж, байгаа зүйлсээ зарж борлуулж дарсан. Зээлийн гэрээний хугацаанд хүүг тохирсон хэмжээгээр нь төлж барагдуулсан, үндсэн төлбөрөөс 9.000.000 төгрөгийг болон Соната-6 маркийн машиныг тооцуулан нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хүргэн ах Мөнгөнд эзэмших эрхээ шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх машиныг төлбөртөө тооцож хүргэн ахдаа шилжүүлснээ төлбөрөөс хасаж тооцоогүй, мөн манай гэрт ирж авсан 4.000.000 төгрөгөө ч үндсэн зээлээс хасаж тооцоогүйд маш их эргэлзэж байна. Тухайн үед Соната-6 машин нь 6.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Мөн энэхүү гэрээний үндсэн зээлдэгч нь манай нөхөр асан бөгөөд тухайн үед Баттулга нь гэрээнд гарын үсгээ зурчих гэсэн учраас л би гарын үсгээ зурсан. Ийнхүү зурахад миний хүсэл зориг огт байгаагүй болно. Одоо миний бие нь ажилгүй 3 хүүхдийн хамт эгчийнхээ гэрт амьдардаг бөгөөд нэхэмжлэгчид байгаа бүх хөрөнгөө зарж үрж нөхрийнхөө нэр хүндийг бодож өрийг нь төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Д.О-гаас 11.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-ад олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 6.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00260 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 183/ШШ2017/02076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.22-ний өдрийн 210/МА2018/00250 дугаартай магадлалд гомдол гаргаж байна.
Талуудын 2012.05.01-ний өдрийн гэрээгээр 2012.05.01 нээс 2012.10.01 хүртэл 20 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж гэрээний хугацаа 2012.10.01-ний өдөр дуусахад зээлдэгч Д. Оюунтуяа нь хүүнд 10 сая төгрөг, үндсэн зээлээс 9 сая төгрөг өгч үндсэн зээлээс 11 сая төгрөг үлдсэн бөгөөд гэрээний 5 дугаарт зээлийн хэтэрсэн хоногт алданги төлөхгүй нөхцөлөөр гэрээ байгуулсан ба гэрээг сунгах талаар талууд бичгийн гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч Баттулга үндсэн зээлийн үлдэгдэл 11 сая төгрөгөөс 12013 оны 3 сар хүртэл 10 хувийн хүү авч байсан гэдгийгээ нэхэмжлэлдээ бичиж шүүхэд өгсөн. Мөн хариуцагч Д. Оюунтуяа ч 2012.10.01-нээс 2013 оны 3 сар хүртэл 5,500,000 төгрөг төлсөн гэсэн тайлбараас үзэхэд 5 сарын хугацаанд ийм мөнгө төлсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ 5,400,000 төгрөгийг хэрхэн үнэлээд байгаа нь огт ойлгогдохгүй байна. Гол нь нэхэмжлэгч 10 сараас хүү гэж мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрөөд байна. Ү.Мөнгөн болон Бямбажав нар нь танил бөгөөд 2013.03.27-ны өдөр зээл аваад 6 сая төгрөг Оюунтуяад өгсөн гэж байгаа боловч Бямбажав нь үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй. Учир нь 4 сая төгрөгийг өрөнд суутгаж байж яаж 6 сая төгрөг өгөх юм. Ү.Мөнгөн болон Оюунтуяа нарын хооронд энэ маргаанаас өөр зээлийн маргаан байхгүй байхад түүнд юу гэж машин шилжүүлэн өгч Мөнгөн машин хүлээн авлаа гэж гарынхаа үсгийг зурж уг машиныг хүлээн авах билээ. Энэ бүгдээс үзэхэд нэхэмжлэгч нь зээл болон хүүг Ү.Мөнгөнд өгөөрэй гэсэн учраас хүү болон үндсэн зээлийг Ү.Мөнгөнд өгч байсан. Ер нь энэ Баттулгаас авсан 20 сая төгрөг бол Баттулгын хүргэн ах Ү.Мөнгөн, эгч Сарантуяа нарын мөнгө боловч гэрээнд зээлдэгч Баттулга гарын үсэг зурсан юм билээ. Тийм учраас Мөнгөний эхнэр Сарантуяа гэсэн бичиг хавтаст хэрэгт байгаа юм. Хэрэгт авагдсан баримтаар 2012.05.01-нээс 2012.10.01 хүртэл хүү 10 сая төгрөг, 2012.10 сард үндсэн зээл 9 сая төгрөг, 2012.10 сард 1,100,000 төгрөг, 2012.11 сард 1,100,000 төгрөг, 2012.12 сард 1,100,000 төгрөг, 2013.01 сард 1,100,000 төгрөг, 2013.02 сард 1,100,000 төгрөг, 2013.03.27 нд 8 сая төгрөгт бэлнээр 4 сая, 4 сая төгрөгийн өрөнд Соната 6 машин өгснөөр Баттулгаас зээлж авсан үндсэн болон хүүнд бүгд 32,500,000 төгрөг төлсөн байна.
Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн үүднээс дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч А.Б-а нь хариуцагч Д.О-гаас 17.500.000 төгрөг нэхэмжлэхдээ зээл 11.000.000 төгрөг, хүү 6.500.000 төгрөг гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...төлбөрийг бүрэн төлсөн” гэсэн тайлбар гаргажээ.
Зохигчид 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан, уг гэрээгээр Д.О- нь нэхэмжлэгчээс 20.000.000 төгрөгийг 5 сарын хугацаагаар, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ /хэргийн 7 дугаар тал/.
Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т нийцсэн ба гэрээнд заасан мөнгийг хүлээн авснаа хариуцагч үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрт 30.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Энэхүү зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч зээл 9.000.000 төгрөг, хүү 10.000.000 төгрөг нийт 19.000.000 төгрөг авснаа үгүйсгээгүй болно.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ба үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог.
Дээрх зээлийн төлбөрт Соната-6 маркийн машиныг 8.000.000 төгрөгөөр тооцон, Ү.Мөнгөнд өгсөн талаарх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба бэлнээр 4.000.000 төгрөг төлсөн гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 11.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-д заасан зохицуулалтад нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00260 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагааны гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ