Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 389

 

Буман дусал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/05806 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Буман дусал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Мөнгөнцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 53 648 100 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Жадамба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнгөнцэцэгтэй 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй олгож, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 51 тоот  орон сууцыг барьцаалсан. Зээлийн төлбөрөөс зээлд 3 000 000 төгрөг, хүүд 5 183 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 349 000 төгрөг, нийт 8 532 500 төгрөг төлсөн. Зээлдэгч нь  гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн үлдэгдэл 27 000 000 төгрөг, хүү 22 365 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 283 100 төгрөг, нийт 53 648 100 төгрөгийг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 30 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 8 532 500 төгрөг төлсөн боловч зээлээс нь дөнгөж 3 000 000 төгрөгийг хасч, үлдэх 5 532 000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцсон байна.  Зээл 27 000 000 төгрөг дээр хүү, нэмэгдүүлсэн хүү 22 365 500 төгрөг нийт 53 648 100 төгрөг болжээ. Анх авсан зээлээс 2 дахин илүүг төлөх болж байна. Дээрх байдлыг харгалзан үзэж, 27 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 26 648 100 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгөхийг хүсье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар УС67080202 регистртэй, Боржгон овогт Галсаннамжилийн Мөнгөнцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 53,648,100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 462 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Билэгдэмбэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Мөнгөнцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53 648 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №102/ШШ2016/05806 дугаар шийдвэрт тогтоох хэсэгт "хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж" гэсэн 2 дахь заалт тусгагдаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод сонсгож, тайлбарласнаас өөр утга, агуулгаар шүүхийн шийдвэрт тусгаж болохгүй. Иймд  шүүхийн шийдвэрт нэмэлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Буман дусал ББСБ-аас 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээл авч, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 65 дугаар байрны 51 тоот орон сууцыг барьцаалсан. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ охин М.Мөнхзаяагийн хамтран өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс гадна шийдвэрт М.Мөнхзаяаг огт дурдаагүй,улмаар хамтын өмчлөлийн байрыг албадан худалдахаар шийдвэрлэсэн. Мөн хэргийн материалыг бүрэн танилцуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК нь хариуцагч Г.Мөнгөнцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53 648 100 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зөвхөн үндсэн зээлийг төлөхөөр зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.  

 

Хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-иас зээлж, өөрийн болон М.Мөнхзаяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 51 тоотод байрлах орон сууцыг барьцаалжээ.

 

Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэхдээ барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг орхигдуулсан, шүүх хуралдааны тэмдэглэлд барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн гэж заасан боловч шийдвэрт энэ талаар тусгаагүй зөрүүтэй байна.  

 

            Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хүрээнд зохигчид тайлбар гарган мэтгэлцсэн талаар хэрэгт баримт авагдаагүй, давж заалдах шатны шүүхээс шаардлагын үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

            Түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/14/0060 дугаар барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нар байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцааны үүргийг хариуцах ёстой этгээд оролцсон эсэх, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа талаар өмчлөгчид мэдэгдэж байсан эсэх,  түүнд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж олгосон эсэх нь тодорхойгүй байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардаж байсан эсэх, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан мэдэгдэл барьцаалуулагч буюу өмчлөгчид хүрч байсан эсэх, мөн хуулийн 42.2, 42.3 дах хэсэгт заасан ажиллагаанууд явагдсан эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад гэрээний талуудын үүргийн биелэлт, хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, энэ талаар мэтгэлцээн явагдсан гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/05806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                           Ш.ОЮУНХАНД