Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00787

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03766 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 250 дугаар магадлалтай,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э ” ХХК-д холбогдох,

5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Элбэгжаргал, хариуцагчийн өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Э  ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр №45 тоот Хамтран ажиллах гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр Э  ХХК нь Зиндаа сэтгүүл-ийн Үндэсний үйлдвэрлэгч буланд материал нийтлүүлэх, 5 сайтад сурталчилгаа хийлгэж ажлын хөлс 5,000,000 төгрөгийг бэлнээр эсхүл бартераар төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу хариуцагчийн зохих албан тушаалтнуудтай уулзаж мэдээллийг авч Үндэсний үйлдвэрлэгч буланд нийтлэгдэх 6 нүүр материалын эхийг бэлтгэж, захиалагч талд танилцуулахад Э  ХХК-ийн захирал А.Ганхавх нь эх бэлтгэлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан тул 2017 оны 04 дүгээр сарын Зиндаа сэтгүүл-ийн 04/504 дугаарт Э  ХХК-ийн захиалгыг хугацаанд гүйцэтгэсэн. Ингээд тус компанийг гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардахад телевизээр гаргаагүй, сэтгэлд бүрэн нийцээгүй, алдаа гаргасан гэсэн тайлбар гаргаж, хөлсөө төлөөгүй. Сэтгүүл 50,000 төгрөгийн үнэлгээтэй. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, сэтгүүл 2088 хувь хэвлэгдэж, худалдаанд гарсан тул хариуцагчаас  5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Э ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: талууд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан,  уг гэрээгээр Ж ХХК нь Зиндаа сэтгүүлийн Үндэсний үйлдвэрлэгч буланд материал бэлтгэж нийлүүлэх, Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Aldar.mn сайтуудаар сурталчилгаа хийх зэрэг үүргийг хүлээсэн боловч  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.Иймд хариуцагч хариу үүргээ биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хавсралтад гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус. Гэрээний үүргээ 04 дүгээр сарын 27-ны өдөр биелүүлсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зиндаа сэтгүүлд хэвлэгдсэн гэдгийг өмнөх шүүх хуралдаанд сэтгүүл гаргаж өгснөөр мэдсэн. Үүнээс өмнө Э  ХХК-д гэрээний үүргээ биелүүлсэн талаар мэдээлэл өгөөгүй тул нэхэмжлэгч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03766 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-иас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 250 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03766 дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийн 359 дүгээр зүйлийн 359.1 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э  ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03766 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 250 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заахдаа “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний Их тайлбар тольд бичсэнээр “нийт” гэдэг үгийн утгыг “Нэг төрлийн олон юмыг хамран заах төлөөний үг” гэжээ. Эндээс үзэхэд олон төрлийн зүйлийг хамруулан нэгтгэж хэлэх үед хэрэглэдэг үг болох нь тодорхой байна. Гэрээний нийт үнийн дүн болох 5.000.000 төгрөгийг 6 төрлийн үүрэгт хувааж үзвэл гэрээний нэг үүргийн үнийн дүн 833.333 төгрөг болж байна. “Э ” ХХК болон “Ж” ХХК-ний хооронд байгуулагдсан гэрээний 2.1.1 дэх хэсэгт “Ж” компани нийт 6-н төрлийн үүргийг өөртөө хүлээсэн. Гэвч уг үүргүүдээс зөвхөн 1 төрлийн үүргээ биелүүлсэн байтал шүүх гэрээний нийт үнийн дүн болох 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх зарчмын үүднээс ажил гүйцэтгэгчийн биелүүлсэн 1 төрлийн үүрэгт тохирох 833.333 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна. Зохигчид анхан шатны хуралдааны явцад гэрээний 2.1.2 дах хэсэгт заасан үүрэг дээр огт маргаагүй. Учир нь ажил гүйцэтгэгч тал хэвлэн нийтлэх, зар сурталчилгаа хийх гэсэн тусгай мэргэжлийн ур чадвар шаардах өвөрмөц онцлогтой үүргийг хүлээсэн. Энэ үүргийг гүйцэтгэхэд “Ж” компани нь сэтгүүл эрхлэн гаргадаг мэргэжлийн чадвараа ашиглан захиалагчийн ажлын байран дээр ирж гэрэл зураг авч, ярилцлага зэргийг бэлтгэсэн. Нэхэмжлэгч тал уг бэлтгэсэн гэрэл зураг, ярилцлага зэрэг материалыг ашиглан интернет сайтад байрлуулах замаар гэрээний 2.1.1-т заагдсан интернет сайтад сурталчилгаа хийх үүргээ бүрэн биелүүлэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал 5-н төрлийн сайтад зар сурталчилгаа хийх үүргээ огт биелүүлээгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсэг буюу 5.000.000 төгрөгийг гаргуулах гэсэн шийдвэрийг хүчингүй болгож 833.333 төгрөг төлөх гэж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Жамух Интернешнл” ХХК нь хариуцагч “Э ” ХХК-с  5.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд хамтран ажиллах гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч “...гэрээнд заасан сайтуудаар сурталчилгаа хийгээгүй, ...хавсралтад гарын үсэг зураагүй...” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчийн хооронд  2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр захиалагч “Э ” ХХК нь Зиндаа сэтгүүлд Үндэсний үйлдвэрлэгч буланд материал бэлтгэж нийлүүлэх, Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Aldar.mn сайтуудаар сурталчилгаа хийлгэж, төлбөрийг бэлэн мөнгө болон бартераар үйлчилгээ үзүүлж дууссаны дараа барагдуулах, гүйцэтгэгч “Жамух Интернешнл” ХХК нь захиалагчийн хүссэн мэдээллийг Зиндаа сэтгүүлд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж нийтлэхээр харилцан тохиролцжээ /хэргийн 4-5 дугаар тал/.

Нэхэмжлэгч нь “Э ” компаний танилцуулга, дизайнер, маркетингийн менежерийн ярилцлагыг бэлтгэн, компанийн захирлаар хянуулан улмаар Зиндаа сэтгүүлийн 2017 оны 04/504 дугаарт нийтэлсэн, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч нь захиалагчийн өгсөн мэдээ мэдээллийг нийтлэх, хариуцагч хөлс төлөхөөр тохирсон, давж заалдах шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т нийцсэн боловч гэрээний хавсралтыг хүчингүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж гэрээний нөхцлийг харилцан тохиролцсон, гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

Харин гэрээний хавсралтад “Э ” ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй байх боловч энэ  нь хавсралтыг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Гэрээний 4.1 дэх заалт болон хавсралтыг харьцуулан үзвэл хариуцагч нь Зиндаа сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллийн ажлын хөлсөнд 5.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.   

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6., 353 дугаар зүйлийн 353.2., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй буюу гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон үр дүн шилжүүлэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангахдаа хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 250 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.Анхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 81.620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ