Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 3766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

“5,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Элбэгжаргал, түүний өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төрболд, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.   

              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Элбэгжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ж.И ХХК, Э ХХКнар 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр №45 тоот Хамтран ажиллах гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр Э ХХКнь “Зиндаа сэтгүүл”-ийн Үндэсний үйлдвэрлэгч буланд материал нийтлүүлэх, 5 сайтад сурталчилгаа хийлгэж ажлын хөлс 5,000,000 төгрөгийг бэлнээр эсхүл бартераар төлөхөөр харилцан тохиролцсон. Ж.И ХХК -иас “Э” ХХК-ийн зохих албан тушаалтнуудтай уулзаж мэдээллийг авч “Үндэсний үйлдвэрлэгч” буланд нийтлэгдэх 6 нүүр материалын эхийг бэлтгэж, захиалагч талд танилцуулахад “Э” ХХК-ийн захирал А.Ганхавх нь эх бэлтгэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж баталгаажуулсан тул 2017 оны 04 дүгээр сарын “Зиндаа сэтгүүл”-ийн 04/504 дугаарт Үндэсний үйлдвэрлэгч буланд “Э” ХХК-ийн захиалгыг хугацаанд гүйцэтгэсэн. “э” ХХК-ийг гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардсан боловч телевизээр гаргааүй, сэтгэлд бүрэн нийцээгүй, алдаа гаргасан гэх зэрэг шалтаг тоочин гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа. Хариуцагч талын тайлбарлаж байгаа сайтуудад мэдээлэл тавих нь энэ гэрээний урамшуулал. Энэ нь гэрээний хавсралт нэгээр батлагдана. Гэрээний 4.2-т заасан жагсаалтаар баталсан үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж байна. Энэ нь гэрээний хавсралт-1-д сэтгүүлийн үйлдвэрлэгч буланд материал нийлүүлэх үнэлгээ нь 5,000,000 төгрөгийн үнэтэй. Сэтгүүл нь өөрөө 50,000 төгрөгийн үнэлгээтэй. Бид гэрээний 3.2.1-т заасан сэтгүүлд нийтлэх үүргээ 04 дүгээр сарын 27-ны өдөр биелүүлж, 2088 сэтгүүл хэвлүүлж худалдаанд гаргасан. Гэтэл одоо гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээний хугацаанд хариуцагч тал хэвлэх нийтлэх, мэдээ мэдээлэл сурталчилгааг ирүүлэх эрхтэй байсан. Энэ мэдээллийг сэтгүүлд өгснөөс бусдаар сайтад тавиулах мэдээлэл өгөөгүй. Сэтгүүлийн дугаарыг Ганхавх гэж хүнд хүлээлгэж өгсөн. Гэтэл зурагтаар гаргасангүй гэдэг тайлбарыг хэлж байгаа. Бид зурагтаар гаргах үүрэг хүлээгээгүй. Уг сэтгүүл 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Мөнхийн үсэг хэвлэлийн үйлдвэрээр хэвлэгдээд, борлуулалтын талаарх мэдээллийг өгөх боломжгүй, энэ компанийн нууцад хамаарах мэдээлэл. Бид гэрээний үүргээ биелүүлсэн гэдгээ хангалттай нотолж байгаа учраас нэхэмжлэлийг шаардлагыг хангаж 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

Хариуцагч Э ХХКшүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ж.И ХХК, Э ХХКнар 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ж.И ХХКнь “Зиндаа” ХХК нь “Зиндаа” сэтгүүлд “Үндэсний үйлдвэрлэгч” буланд материал бэлтгэж нийлүүлэх, Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Aldar.mn сайтуудаар сурталчилгаа хийх зэрэг үүргийг тусгаж өгсөн байх бөгөөд эдгээр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч тал хариу үүргээ биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хавсралтад гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус. Зиндаа сэтгүүлд нийтлэх нь 5,000,000 төгрөг, бусад нь урамшуулал гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний үүргээ 04 дүгээр сарын 27-ны өдөр биелүүлсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний үүргээ биелүүлээд, биелүүлсэн гэдгээ захиалагчид мэдэгдэх ёстой. Энэ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн агуулгаас харагдана. “Зиндаа” сэтгүүлд хэвлэгдсэн гэдгийг урд шүүх хуралдаанд сэтгүүл гаргаж өгснөөр мэдсэн. Үүнээс өмнө “Э” ХХК-д гэрээний үүргээ биелүүлсэн талаар мэдээлэл өгөөгүй тул нэхэмжлэгч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.И ХХКхариуцагч “Э” ХХК-д холбогдуулан “хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг  гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 833,333 төгрөг төлнө” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “хамтран ажиллах” гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажиллагч болох Ж.И ХХКажиллуулагч талын хүссэн мэдээллийг “Зиндаа” сэтгүүлд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж, нийтлэх, ажиллуулагч болох Э ХХКхөлс төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна.

Гэрээг “хамтран ажиллах гэрээ” нэртэйгээр байгуулсан байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 359.2-т “энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж заажээ.

Гэрээний 3.2.1-д “захиалагч талын хүссэн мэдээллийг “Зиндаа” сэтгүүлд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж нийтлэх” гэж заасны дагуу ажиллагч тал болох Ж.И ХХКажиллуулагч талын хүссэн мэдээллийг буюу “Э” ХХК-ийн танилцуулга, дизайнер, маркетингийн менежерийн ярилцлагыг бэлтгэн “Э” ХХК-ийн захирал А.Ганхавхаар хянуулан 2017/04 дугаартай Зиндаа сэтгүүлд нийтэлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан “Үндэсний үйлдвэрлэгч” монгол бүтээл нэртэй эх бэлтгэлийн хувь, 2017/04 дугаартай Зиндаа сэтгүүл, “Мөнхийн үсэг” ХХК-ийн 2017.11.21-ний өдрийн 1-1/724 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч талыг гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчийн төлөөлөгч ... Гэрээний 2.1.1-д Зиндаа сэтгүүлийн үндэсний үйлдвэрлэгч буланд материал бэлтгэж, нийтлүүлэхээс гадна Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Aldar.mn сайтуудаар сурталчилгаа хийх үүргээ биелүүлээгүй, 5,000,000 төгрөгийг 5 төрлийн үүрэгт хуваавал 1 үүрэг 833,333 төгрөг болж байна, үүнийг төлнө ... гэж тайлбарлаж байх боловч талууд гэрээний хавсралтаар “Зиндаа” сэтгүүлийн Үндэсний үйлдвэрлэгч буланд материал бэлтгэж, нийтлэх хөлсийг 5,000,000 төгрөгөөр, сайтуудаар сурталчилгаа хийх, сайтуудаар мэдээ нийтлэх, фэйсбүүк хуудсанд пэйж хуудсаар түгээх зэрэг 10 төрлийн 16,600,000 төгрөгийн өртөгтэй ажлыг урамшуулал болгон үнэгүй хийхээр тохиролцсон байх тул ажиллагч тал 5 төрлийн үүргийг гүйцэтгэх, 1 үүргийг 833,333 төгрөгийн үнэтэй хийхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч ... гэрээний хавсралтад А.Ганхавх гарын үсэг зураагүй, хавсралтыг сүүлд мэдсэн, манай тал гэрээнээс татгалзаж байна... гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч гэрээний 1.2, 3.2.2-т гэрээг хавсралттай байхаар байгуулсан, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... гэрээний хавсралт эх хувиараа байна... гэх тайлбарыг үндэслэн татгалзлыг хүлээн авах боломжгүй, гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нөгөө талдаа мэдэгдээгүй, хүссэн мэдээ, мэдээллээ сурталчлуулахаар ажиллагч талд материалаа өгсөн болохоо нотолж чадахгүй байна.

Иймд хариуцагч “Э” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жамух интернэйшнл” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан боловч захирлаар томилсон бүртгэл хийгдээгүй, “Э” ХХК-ийн дүрэмд Д.Энхжаргал, А.Ганхавх нар 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг, талууд “Э” ХХК-ийн захирал нь Д.Энхжаргал гэдэгтэй маргахгүй, эхнэр нөхөр хүмүүс гэсэн тайлбар гаргасан тул “Э” ХХК-ийн захирал Д.Энхжаргал мөн гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгч ...Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Aldar.mn сайтуудаар сурталчилгаа хийх... зэрэг үүргээ биелүүлээгүй гэх боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, гэрээний хугацаа дууссан хэдий ч энэ үүргийн талаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.И ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.И ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ