Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 250

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00250

 

 

“ЖИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03766 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЖИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Элбэгжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Мөнгөнчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Төрболд

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖИ” ХХК, “Э” ХХК нар 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 45 тоот Хамтран ажиллах гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр “Э” ХХК нь Зиндаа сэтгүүлийн Үндэсний үйлдвэрлэгч буланд материал нийтлүүлэх, 5 сайтад сурталчилгаа хийлгэж ажлын хөлс 5 000 000 төгрөгийг бэлнээр эсхүл бартераар төлөхөөр харилцан тохиролцсон.

“ЖИ” ХХК-иас “Э” ХХК-ийн зохих албан тушаалтнуудтай уулзаж мэдээллийг авч Үндэсний үйлдвэрлэгч буланд нийтлэгдэх 6 нүүр материалын эхийг бэлтгэж, захиалагч талд танилцуулахад “Э” ХХК-ийн захирал А.Ганхавх нь эх бэлтгэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж баталгаажуулсан тул 2017 оны 04 дүгээр сарын Зиндаа сэтгүүлийн 04/504 дугаарт Үндэсний үйлдвэрлэгч буланд “Э” ХХК-ийн захиалгыг хугацаанд гүйцэтгэсэн.

“Э” ХХК-ийг гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардсан боловч телевизээр гаргааүй, сэтгэлд бүрэн нийцээгүй, алдаа гаргасан гэх зэрэг шалтаг тоочин гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа.

Бид гэрээний үүргээ биелүүлсэн тул  нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖИ” ХХК, “Э” ХХК нар 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “ЖИ” ХХК нь “Э” ХХК нь Зиндаа сэтгүүлд Үндэсний үйлдвэрлэгч буланд материал бэлтгэж нийлүүлэх, Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Aldar.mn сайтуудаар сурталчилгаа хийх зэрэг үүргийг тусгаж өгсөн байх бөгөөд эдгээр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч тал хариу үүргээ биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хавсралтад гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус, Зиндаа сэтгүүлд нийтлэх нь 5 000 000 төгрөг, бусад нь урамшуулал гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний үүргээ биелүүлээд, биелүүлсэн гэдгээ захиалагчид мэдэгдэх ёстой. Зиндаа сэтгүүлд хэвлэгдсэн гэдгийг урд шүүх хуралдаанд сэтгүүл гаргаж өгснөөр мэдсэн. Үүнээс өмнө “Э” ХХК-д гэрээний үүргээ биелүүлсэн талаар мэдээлэл өгөөгүй тул нэхэмжлэгч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЖИ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЖИ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

"ЖИ" ХХК болон "Э" ХХК-ны хооронд байгуулсан гэрээний үндсэн үүрэг нь Зиндаа сэтгүүл болон нэр бүхий 5 сайтаар сурталчилгаа хийлгэх байсан бөгөөд үүнийг уг гэрээний 2.1.1-д Зиндаа сэтгүүлд "Үндэсний үйлдвэрлэгч" буланд материал бэлтгэж нийлүүлэх, Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Aldar.mn сайтуудаар сурталчилгаа хийлгүүлэх хэмээн зааснаас харж болно. Харин шүүх уг гэрээний үндсэн үүргүүдийг гэрээний урамшуулал гэж үзсэн бөгөөд ийнхүү дүгнэхдээ гэрээний хавсралтыг үндэслэл болгосон нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь "Э" ХХК-ийн зүгээс гэрээний хавсралттай танилцаагүй ямар нэгэн гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад шүүх гэрээний хавсралтыг үндэслэж шийдвэр гаргасан байна.

Мөн шүүх шийдвэрээ гаргахдаа "...гэрээний хавсралт эх хувиараа байна..." гэсэн нь гэрээний хавсралттай танилцсан гэсэн үйл баримтыг нотлож чадахгүй байхад үндэслэсэн байгаа нь учир дутагдалтай байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэжээ. Талууд гэрээг "Хамтран ажиллах гэрээ" нэртэйгээр байгуулсан байх боловч гэрээний агуулгыг харахад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэстэй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д Гүйцэтгэгч тал нь захиалагч талын захиалгат сурталчилгаа, мэдээ мэдээллийг нийтлэх" хэмээн ажлын үр дүнг тохиролцсон байна. Ажил гүйцэтгэх гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээнээс ялгагдах гол онцлог нь ажлын үр дүн байдаг бөгөөд дээрх гэрээн дээр ажлын үр дүнгийн талаар тохиролцсон байх бөгөөд гүйцэтгэгч тал буюу "ЖИ" ХХК нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээсээ "Зиндаа" сэтгүүл үндэсний үйлдвэрлэгч буланд материал бэлтгэж нийлүүлэх гэсэн ганц үүргийг биелүүлсэн байтал шүүх гэрээний нийт үнийн дүн болох 5 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч “ЖИ” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “ЖИ” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3 сарын хугацаатай, “хамтран ажиллах” нэртэй гэрээ байгуулсан боловч уг гэрээгээр “ЖИ” ХХК нь “Э” ХХК-ийн захиалгат мэдээ, мэдээллийг нийтлэх, “Э” ХХК нь төлбөр тооцоог барагдуулах үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулна. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“ЖИ” ХХК нь захиалагчийн хүсэлтээр “Э” ХХК-ийн танилцуулга, дизайнер, маркетингийн менежерийн ярилцлагыг бэлтгэн тус компанийн захирал А.Ганхавхаар хянуулан “Зиндаа” сэтгүүлийн 2017/04 дугаарт нийтэлсэн нь нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Харин гэрээний хавсралтад нэхэмжлэгч “ЖИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан боловч хариуцагч “Э” ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл хүчинтэй байх шаардлагыг хангаагүйгээс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээж авснаар уг илэрхийлэл хүчин төгөлдөр болох зарчимтай нийцэхгүй байхад анхан шатны шүүх гэрээний уг хавсралтыг хүчинтэй гэж дүгнэж алдаа гаргажээ.

 

            Харин гэрээний 2.1.1-д зааснаар “Зиндаа” сэтгүүлийн үндэсний үйлдвэрлэгч буланд материал бэлтгэж нийтлүүлэхээс гадна Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Aldar.mn сайтуудаар сурталчилгаа хийлгэх гэж гэрээний ажлыг тохиролцсон хэдий ч гэрээний 4.1 дэх хэсэгт заасан гэрээний үнийг 5 000 000 төгрөгөөр тохиролцсныг харьцуулан дүгнэвэл талууд ажлын хөлсийг ажилд хувь тэнцүүлсэн байдлаар талууд тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд 5 000 000 төгрөгийг 5 төрлийн ажилд хуваавал 1 ажил нь 833 333 төгрөг болно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Мөн ажил гүйцэтгүүлэгч буюу “Э” ХХК нь гэрээний 2.1.2-т заасан хэвлэн нийтлэх мэдээ, мэдээлэл, сурталчилгааг [email protected] цахим хаягт илгээх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлээгүй гэж үзэх тул ажил гүйцэтгэгч буюу “ЖИ” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүхэлд нь шаардах эрхтэй юм.

 

Иймд хариуцагч “Э” ХХК-иас ажлын хөлсөнд 5 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЖИ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болсон. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03766 дугаар шийдвэрийн

1 дэх хэсгийн “359 дүгээр зүйлийн 359.1” гэснийг “343 дугаар зүйлийн 343.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА