Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00798

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03015 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 355 дугаар магадлалтай,

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

“Монголын төмөр зам” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Монголын Төмөр Зам ТӨХК-д дэд захирлын албан тушаалд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр томилогдон 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17/01 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монголын Төмөр Зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэсэн байсан. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б/142 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал дахин гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээг ийнхүү 2 өөр үндэслэлээр 2 удаа цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Монголын Төмөр Зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д зааснаар гүйцэтгэх захирал нь тус компанийн дэд захирлыг томилж, чөлөөлөхдөө ТУЗ-тэй зөвшилцөх ёстой. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 18, 19, 26-ны өдрүүдэд 2 удаа чөлөөлж, 1 удаа түр хугацаагаар томилохдоо огт зөвшилцөөгүй. Иймд ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.015.116 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Э-ыг дэд захирлаар томилсон. ТУЗ-ийн тогтоолд П.Бат-Эрдэнэ суралцахаар чөлөө авсан тул түүний чөлөөтэй байх хугацаанд нь дэд захирлын үүрэгт ажилд Б.Э-ыг томилохыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн бөгөөд чөлөөний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Энэ нь амралтын өдөр тул 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгч, мөн өдрөө ажлаас чөлөөлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр П.Бат-Эрдэнэ ажилдаа ирэх байсан боловч ирээгүй бөгөөд компани ажлаа явуулах зүй ёсны шаардлага тулгарсан тул Б.Э-ыг түр хугацаагаар дэд захирлаар томилсон. Түүнийг жинхлэн томилуулах асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдүүлэх санаатай хурлын материал бэлтгэж байх хугацаанд тэрээр өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Иймд хүсэлтийг хангаж, түр хугацаагаар томилогдсон албан тушаалаас нь чөлөөлсөн. Өмнөх тогтоолоор ажилд томилох хугацааг тодорхой зааж өгсөн байсан тул уг хугацаа дуусахад чөлөөлөх асуудал яригдах нь тодорхой юм. Харин сүүлд түр хугацаагаар томилоход ТУЗ-ийн ямар нэг шийдвэр гараагүй нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03015 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тус тус баримтлан Монголын төмөр зам ТӨХК-ийн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,015,116 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 355 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03015 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 355 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл өгсөн нь дүрмийн 8.7-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой болон ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн бөгөөд тус өргөдлийн гол зорилго нь томилох. чөлөөлөхтэй холбогдуулан ТУЗ-ийн хурлаар оруулах гэсэн зорилго байсан эсэх, гүйцэтгэх захирал дангаар томилох, чөлөөлөх эрх байгаа эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл томилох чөлөөлөх гэдэг нь чөлөөлөх гэдэг үндэслэлд Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлүүд аль аль нь хамаарах бөгөөд шүүх 39 дүгээр зүйлийг өөрөө ажлаас халах хүсэлтээ өгснөөр ТУЗ-өөс чөлөөлөгдөх асуудал яригдах эрх зүйн ур дагавар үүсгэхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Компанийн дүрмийн 8.7 дахь заалтад буй чөлөөлөгдөх гэдэгт ямар нэгэн хязгаарлалт тогтоосон зөвхөн ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөгдсөн тохиолдолд хамаарна гэсэн зохицуулалт байхгүй атал шүүх эрх зүйн ур дагавар үүсэхгүй гэж үзсэн нь компанийн дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. Дээрх үйл баримтаас харвал гүйцэтгэх захирал нь Б.Э-ын ажлын үнэлгээг бодитой дүгнээгүй, ТУЗ-ийн хурлаар оруулахгүйгээр шууд 3 сарын хугацаатай дэд захирлын ажилд түр томилсон чөлөөлөх мөн Монголын Төмөр Зам ТӨХК-ийн уйл ажиллагаа, гэрээ хэлцлийн зарим үйлдэлд гүйцэтгэх захиралтай зөрчилдсөн бөгөөд ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх зорилгоор өргөдөл өгсөн болохыг анхан шатны шүүх хуралд болсон мэтгэлцээний үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талын аль аль нь хэлсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийг шүүхээс хангахгүй орхисныг шүүх буруу дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх захирамжид гомдол гаргах эрхгүйгээр захирамжилсан. Нөгөө талаар, дараагийн шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт нь Б.Э-ын гаргасан хүсэлттэй 2 хүсэлт нь давхацсан боловч Б.Э-ын гаргасан хүсэлтээс татгалзаагүй. Б.Э-ын гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй орхисноор шүүх зохигчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Гэтэл шүүхээс адилхан хүсэлт гаргасан мэтээр хэрэглэсэн, түүнээсээ татгалзсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд зохигчийн хуулиар олгосон эрх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр П.Бат-Эрдэнийн чөлөө цаашид сунгагдах, эсхүл дуусгавар болсон талаар ямар нэг дүгнэлт хийгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 18, 19, 26-ний өдрүүдийн тушаал нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа бөгөөд дээрх тушаалуудыг гаргахдаа гүйцэтгэх захирал нь Монголын Төмөр Зам ТӨХК-ийн дүрмийн 8.7-д заасны дагуу дэд захирлыг томилох чөлөөлөх асуудлуудыг Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулахгүйгээр ажлаас 2 удаа чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үйл баримт болон тайлбаруудыг маргааны гол зүйл биш хэмээн үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 19, 26-ны өдрүүдийн үйл баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Дэд захирал П.Бат-Эрдэнэ-ийн асуудлыг шийдвэрлэх /чөлөөний хугацааг дуусах, сунгах, ажлаас чөлөөлөх гэх мэт/ -ээс өмнө Б.Э-ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь компанийн дүрмийн 8.7-д заасныг зөрчсөн байна. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон мэдэгдлийг гардан авсан байдаг. Ингээд гүйцэтгэх захирал Б.Э-аар ноцтой төөрөгдүүлж өргөдөл бичүүлж авсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тохиролцсон тохиролцоо, төөрөгдүүлсэн байхыг үгүйсгэхгүй гэж тайлбарласан тайлбараас тодорхой харагдана. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлээр дуусгавар болох мэдэгдэл өгсөн болохыг шүүх дүгнэж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3-т заасныг зөрчсөн бөгөөд хугацаа дуусмагц цуцлах санал тавигдаагүй байна. Монголын Төмөр Зам ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.6 дахь заалтад түр шилжүүлэн ажилласан ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц өмнө нь эрхэлж байсан ажилд нь томилно гэж заасныг зөрчсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03015 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 355 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-д холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Э- нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын инженер, барилга угсралтын менежерээр ажиллаж байжээ.

Тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ чөлөө авсан, ажил олгогч 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тушаал гаргаж нэхэмжлэгчийг дэд захирлаар түр томилж, хөдөлмөрийн гэрээний хугацааг П.Бат-Эрдэнийг ажил, албан тушаалдаа эргэн орох хүртэл гэж тодорхойлжээ.

Хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон атлаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг албан тушаалд дахин түр томилж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр  ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг тушаалын үндэслэлд дурджээ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн дүрмийн 8.7-д “гүйцэтгэх захирал нь компанийн дэд захирлыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөнө” гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийг дэд захирлын ажлаас чөлөөлөхдөө ТУЗ-тэй зөвшилцөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх “...чөлөөлөх асуудлыг ТУЗ-тай дахин зөвшилцөх шаардлагагүй” гэж үзсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8., 83 дугаар зүйлийн 83.1.-т нийцээгүй гэж үзнэ.  

Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл байдал бий болсон эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтдээ “...компанийн гүйцэтгэх удирдлагын хэмжээнд ажил үүргийн асуудлаар ойлголцож чадахгүй” талаар дурдаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ /хэргийн 75 дугаар тал/.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1.-т ажлын зайлшгүй шаардлагаар ажилтныг үндсэн ажил үүргийн зэрэгцээ эзгүй байгаа ажилтны ажил үүргийг хавсран буюу түр орлон гүйцэтгүүлж болно, 4.6-т “түр шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссанаар ажилтныг үндсэн ажилд шилжүүлэн ажиллуулна” гэж зохицуулсан, шүүх уг баримтыг огт үнэлээгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасантай нийцээгүй байна. 

Шүүх нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн агуулга, шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй, тэрээр дэд захирлын эсхүл өмнө ажиллаж байсан менежерийн ажилд тогтоолгохын аль нь болохыг тодруулаагүй байна.

Дээр дурдсанаас үзвэл, хэргийн нөхцөл байдал тодорхой бус, энэ тохиолдолд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03015 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 355 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.    

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ