Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00800

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01095 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар магадлалтай,

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Ц, Б.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 13.089.454 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Байгальмаагийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, Г.Мөнхболд, хариуцагч Б.Байгальмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Ц,  Б.Б нар 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ЗГ201542389927 тоот зээлийн гэрээ, БГҮ2015423 89927 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан , Хны Орхон салбар Наран тооцооны төвөөс 17.000.000 төгрөгийг  жилийн 12  хувийн хүүтэй,  36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр ЖДҮ дэмжих сангийн зээл авсан.  Зээлдэгч  зээлийн гэрээний 2.4.1-т заасны дагуу зээлийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 3.2.1-т зааснаар  сар бүрийн 20-ны  өдрийн  дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох  565.000 төгрөгийг  5127023439 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 4.2.2-д заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 4.2.3-т заасны дагуу зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь үндсэн зээлд 5.040.583.69 төгрөг,  хүүгийн төлбөрт 2.051.402.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.174,07 төгрөг нийт 7.094.160 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Л.Ц нь 2016 оны 11 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 11.959.416,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 541.854,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17.734,57 төгрөг нийт 12.519.004,94 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 215.254 төгрөг, нотариат үйлчилгээний хураамж 12.000 төгрөг тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч 700 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 2017.05.19-ний өдрөөс 2017.09.27-ний өдрийн хүртэлх хугацаанд зээлийн хүү 530.792,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.357,2 төгрөг нийт 571.149,95 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 11.958.716 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.072.646 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 58.091 төгрөг нийт 13.089.454 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Х нь намайг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Хнаас мөнгийг зээлж аваагүй ба үндсэн зээлдэгч нь Л.Ц. Би Л.Цтэй 2002 оны 11 сард гэрлэлтээ батлуулсан ба 2004 оны 7 сард гэрлэлтээ цуцлуулсан. Үүнээс хойш 2008 онд 2 хүүхдийнхээ тэтгэлэг тогтоолгож тус тусдаа амьдрах болсон. Би энэ мөнгийг хувьдаа хэрэглээгүй бөгөөд Цэрэнсүрэн намайг хамтран зээлдэгч болж байгаа гэж хэлээгүй банк дээр хамт очоод гарын үсэг зурчих гэж гуйсаар байгаад учрыг нь мэдэхгүй зүйлд зуруулсан. Манай хашаа байшинг гуйсаар байгаад банкинд барьцаалуулсан. Төлсөн 7.094.160 төгрөгөөс Цэрэнсүрэн нь 2 удаагийн төлөлт хийсэн бусдыг  би төлсөн. Иймд би банкны төлөлтийг хариуцах ёстой төлөх зээлдэгч биш байх тул хамтран хариуцагчаас хасч Цэрэнсүрэнгээр уг төлөлтийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус банкнаас ЖДҮ-н төслийн зээл 17 сая төгрөгийг 2015 оны 10 сарын 19-ний өдөр аваад төслийн дагуу авто засварын газрыг бариулахаар ажиллаж байтал хамтран амьдрагч өөрийн эхнэр Б.Байгальмаатай гэр бүлийн маргаан үүсч амьдрах боломжгүй болж дээрх хөрөнгийг Б.Б нь бие даан хариуцсан болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01095 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Хны Л.Ц Б.Б нартай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ201542389927 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Ц Б.Б нараас тус бүр 6.544.726 төгрөг гаргуулан Хны Орхон салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101016701 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаант уртын гол 10 гудамж 4 тоот 64.2 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2101003993 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаант уртын гол 10 гудамж 4 тоот 800 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101014455 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаант уртын гол 10 гудамж 4 тоот 128 м.кв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй гражийг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.054 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 116.527 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01095 дугаар шийдвэрийн 2 дахь заалтанд ...6.544.726 төгрөг... гэснийг ...6.258.799 төгрөг... гэж өөрчилж, Шийдвэрийн 4 дэхь заалтанд ...116.257 төгрөг... гэснийг ...115.090 төгрөг... гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Байгальмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.060 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25 ны өдрийн 142\ШШ2017\01095 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.23 ны өдрийн 12 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Зээлийн гэрээний дагуу Б.Б гэрээний ямар үүрэг хүлээсэн байсныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 242, 451, 452 заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Уг зээлийн гэрээний 2 р зүйлийн 2.4.6 заалтын дагуу зээлдэгч зээлээ төлөхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас зээлийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэсэн заалтын дагуу “зээлдэгч төлөхгүй тохиолдолд “ өөрийн данснаас зээлийг бэлэн бусаар төлүүлэх \10хх\ тухай заажээ. Уг заалт нь гэрээний үүргийг хариуцагч нар тэнцүү хэмжээгээр хариуцна гэж үзэх үндэслэл биш. Хариуцагч Б.Байгальмаагийн зээл төлж байсан баримтад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй ба хэрэгт гаргаж өгсөн эдгээр баримтуудыг нотлох баримтаар судлаагүй нь Б.Б хэдэн төгрөгийн зээлийг төлсөн болох нийт төлсөн 7094160 төгрөгөөс Б.Б хэдэн төгрөг төлсөн болох үлдэгдэл төлбөрөөс хэдийг төлөх үүрэгтэй зэргийг анхаарч шийдвэрлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд түүний оролцоо эрх үүрэг Б.Байгальмаагаас ялгаатай байхад Иргэний хуулийн 242 р зүйлийг үндэслэх хэсэгт дурдсан атлаа уг заалтын аль хэсгийг баримталж Б.Байгальмааг зээлийн гэрээний үүрэг хүлээлгэж байгаагаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй. Б.Байгальмаад нэмэлт хугацаа тогтоосон эсэхээ нэхэмжлэгч нотлоогүй байхад дээрх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25 ны өдрийн 142\ШШ2017\01095 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.23 ны өдрийн 12 тоот магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх саналтай байна гэжээ.

ХЯНАВАЛ

Х-ны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 13.089.454 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч Б.Б “...зээлийг авч ашиглаагүй...” гэсэн бол хариуцагч Л.Ц “...зээлээр авто засварын газар бариулж байсан, гэр бүлийн маргаанаас тусдаа амьдарч байгаа...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.  

Хариуцагч нар нь Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар багт байрлах 64.2 м.кв хувийн сууц, 800 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 128 м.кв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй гражийг барьцаалан Хны Орхон салбараас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлсэн ба зээлийн төлбөрт 7.049.160 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Талууд  зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн,  гэрээ хүчин төгөлдөр байна.  

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т  “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан.

Зээлийн гэрээнд  хариуцагч Б.Б хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож  гарын үсэг зурсан, зээлдүүлэгч нь зээлдэгч Л.Ц, Б.Б нарын хамтран эзэмшдэг Хны 5096238265 тоот дансанд гэрээний зүйл болох 17.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба  хариуцагч Б.Байгалмаа зээлийн төлбөр төлж байсан байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, банкнаас  зээл олгох  гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтад нийцүүлэн зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжилсэн төлбөрийг бүрэн хангасан нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүх зээлийн төлбөрийг гэрээ цуцалж, нэхэмжлэл гаргасан  хугацаагаар тооцож, хариуцагч тус бүрээс  6.258.799 төгрөг гаргуулахаар  шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1.-г зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Байгальмаагийн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Байгальмаагийн өмгөөлөгч Х.Оюунбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Б.Б хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 233.054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ