Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 142/шш2017/01095

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2017/01095

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг Б.Б,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг Л.Ц нарт холбогдох

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 13 089 454.89 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн болон нотариатын үйлчилгээний хураамж 227 254 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунчимэг, Э.Баярцэцэг, хариуцагч Л.Ц, Б.Б, хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Л.Цгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Зээлдэгч Л.Ц, Б.Б нар Хаан банкны Орхон салбар Наран тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ЗГ201542389927 тоот зээлийн гэрээ, БГҮ2015423 89927 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийн зээлийг жилийн 12%-н хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр төсөл ЖДҮ дэмжих сангийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд:

1. Иргэн Б.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101016701 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг, Рашаант уртын гол 10 гудамж, 4 тоот 64.2 м.кв хувийн сууц,

2. Иргэн Б.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101003993 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг, Рашаант уртын гол 10 гудамж, 4 тоот 800 мкв гэр бүл хэрэгцээний газар,

3. Иргэн Б.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101014455 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг, Рашаант уртын гол 10 гудамж, 4 тоот 128 м.кв талбайтай, 40% гүйцэтгэлтэй дуусаагүй граж,

4. 42 инчийн телевизор, хийн компрессор, сэв татагч, дрилл

5. 2005 онд үйлдвэрлэгдсэн 2009 оны 1 сард орж ирсэн мөнгөлөг өнгөтэй хюьндай старекс маркын 7227 ОРХ улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-т заасны дагуу зээлийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 3.2.1-т зааснаар сар бүрийн 20-ны өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 565 000 төгрөгийг 5127023439 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 4.2.2-д заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 4.2.3-т заасны дагуу зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргүүдийг хүлээсэн.

Зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ201542389927 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна.

            Үндсэн зээлд 5 040 583.69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 051 402.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 174.07 төгрөг нийт 7 094 160 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Л.Ц нь 2016 оны 11 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 6 сар гэрээгээр хүлээсэн үүргийхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна.

Иймд банк шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 15 -ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд:

1. Зээлдэгч Л.Ц, Б.Бтай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ201542389927 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

2. Дараахь зээлийн төлбөрийг гаргуулах: үндсэн зээлийн төлбөр 11 959 416.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 541 854.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17 734.57 төгрөг нийт 12 519 004.94 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 215 254 төгрөг, нотариат үйлчилгээний хураамж 12 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. 3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

-Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг, Рашаант уртын гол 10 гудамжны 4 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү- 21010167013 дугаарт бүртгэгдсэн, 64.2 мкв талбай бүхий хувийн сууц, Г- 2101003993 тоот улсын бүртгэлийн дугаартай 800м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2101014455 улсын бүртгэлийн дугаартай 128м.кв талбайтай 40% гүйцэтгэлтэй гражыг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ХААН банкны Орхон салбарын харъяа Наран тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Л.Ц Б.Б нарт хариуцагдах 12 519 004.94 төгрөг гаргуулах нэхэмжлэл танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Анх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж байгаа. Мөн хариуцагч нараас 2017 оны 08 сарын 20-ны өдөр 700 (долоон зуун) төгрөгийг үндсэн зээлээс төлсөн байна. Иймээс ХААН банкны зүгээс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Л.Ц, Б.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар дараах байдлаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болон багасгаж байна. Үүнд: 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ЗГ201542389927 тоот зээлийн гэрээний төлбөр дараах төлбөрийг нэхэмжилсэн байсан. Үндсэн зээлийн төлбөр 11 959 416.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 541 854.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17 734.57 төгрөг нийт 12 519 004.94 төгрөг гаргуулах болно. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч доорх төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлийн төлбөрт 700 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 00.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 00.00 төгрөг нийт 700 төгрөгийг нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлсөн байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 2017.05.19-ний өдрөөс 2017.09.27-ний өдрийн хүртэлх хугацаанд зээлийн хүү 530 792.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40 357.2 төгрөг нийт 571 149.95 төгрөгөөр нэмэгдсэн байна. Иймд нийт нэхэмжилсэн 12 519 004.94 төгрөгөөс 2017 оны 09 дугаар сарын 27-ний өдрийн байдлаарх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг доорх байдлаар нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 11 958 716.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 072 646.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 58 091.77 төгрөг нийт 13 089 454.89 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хаан банкны нэхэмжлэлтэй Л.Ц, Б.Б нарт холбогдох иргэнийн хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.  Хаан банк нь хариуцагчаар Б.Б намайг татаж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Хаан банкнаас мөнгийг зээлж аваагүй ба үндсэн зээлдэгч нь Л.Ц юм. Би Л.Цтэй 2002.11 сард гэрлэлтээ батлуулсан ба 2004.7 сард гэрлэлтээ цуцлуулсан болно. Үүнээс хойш 2008 онд 2 хүүхдийнхээ тэтгэлэг тогтоолгож тус тусдаа амьдрах болсон юм. Хаан банкнаас Л.Ц нь 2015.10.19-ний өдөр 17 сая төгрөгийг хувийнхаа хэрэглээнд хэрэглэхээр зээлсэн болно. Би энэ мөнгийг хувьдаа хэрэглээгүй бөгөөд Цэрэнсүрэн нь намайг хамтран зээлдэгч болж байгаа гэж хэлээгүй банк дээр хамт очоод гарын үсэг зурчих гэж гуйсаар байгаад учрыг нь мэдэхгүй зүйлд зуруулсан юм. Хожим би банкны зээлийн төлөлт хийхгүй байна гэж банкнаас утасдахаар мэдсэн юм. Тэгээд би чадах чинээгээрээ гэрийнхээ зурагт, ээмэг бөгж, гинж, хивс, машин болон эд хөрөнгөө ломбарданд тавьж байгаад 2016.11 сар хүртэл төлж байсан юм. Л.Цг чи өөрөө төлөлтөө хийгээчээ одоо би цаашид төлөх ямар ч боломжгүй байна гэдгийг хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хийхгүй байсаар намайг хохироож байна. Манай хашаа байшинг гуйсаар байгаад банкинд барьцаалуулсан юм. Хашаа байшингийн өмчлөгч нь Цэрэнсүрэн биш миний л зөвхөн нэр дээр байдаг юм. Гэтэл банк яахаараа өмчлөгч биш хүнийг барьцааны гэрээнд оруулж зээл олгодог юм. Зээл авсан хүнээс мөнгөө авна биз. Үндсэн зээлдэгч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа болно. Төлөлтийн 7 094 160 төгрөгнөөс Цэрэнсүрэн нь нь 2 удаагийн төлөлтийг төлсөн бусад төлөлтийг би төлсөн юм. Гэрийнхээ бүх эд хөрөнгийг ломбарданд тавьж зээлийг төлдөг байсан тул цаашид төлөх ямар ч боломжгүйг Цэрэнсүрэнд хэлсэн боловч төлөлтөө хийхгүй байна. Иймд Хаан банкны шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй, би банкны төлөлтийг хариуцах ёстой төлөх зээлдэгч биш байх тул хамтран хариуцагчаас хасч Цэрэнсүрэнгээр уг төлөлтийг төлүүлж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие тус шүүхэд гаргасан Хаан банкны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус банкнаас ЖДҮ-н төслийн зээл 17 сая төгрөгийг 2015 оны 10 сарын 19-ний өдөр аваад төслийн дагуу авто засварын газрыг бариулахаар ажиллаж байтал хамтран амьдрагч өөрийн эхнэр Б.Бтай гэр бүлийн маргаан үүсч амьдрах боломжгүй болж дээрх хөрөнгийг Б.Б нь бие даан хариуцсан болно” гэжээ.

Зохигчидын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банк нь Л.Ц, Б.Б нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 13 089 454.89 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн болон нотариатын үйлчилгээний хураамж 227 254 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Ц Б.Б нар Хаан банкны Орхон салбар Наран тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ЗГ201542389927 тоот зээлийн гэрээ, БГҮ201542389927 тоот барьцааны гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр төсөл ЖДҮ дэмжих сангийн зээл авч, зээлийн барьцаанд Б.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101016701 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг Рашаант уртын гол 10 гудамж 4 тоот 64.2 м.кв хувийн сууц,  улсын бүртгэлийн Г-2101003993 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг Рашаант уртын гол 10 гудамж 4 тоот 800 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101014455 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг Рашаант уртын гол 10 гудамж, 4 тоот 128 м.кв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй граж, “хюьндай старекс” маркийн 7227 ОРХ улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан болох нь хэргийн 9-16 дугаар хуудас дахь барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт, Л.Цгийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, хэргийн 20, 22-24 дүгээр хуудас дахь банкнаас зээл хүссэн хариуцагч нарын өргөдөл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар болон гэрээний дагуу хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Хариуцагч Л.Ц Б.Б нар нь үндсэн зээлд 5 041 283.69 төгрөг, зээлийн хүүд 2 051 402.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 174.07 төгрөг нийт 7 094 160 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдсон.  

Барьцаат зээлийн гэрээний 2.4.1-т заасны дагуу зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээлдэгч нар төлбөрөө төлөх үүрэгтэй байх ба,  гэрээний 7.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэргийн 17-18 хуудас дахь зээлийг буцаан дуудах мэдэгдэлүүдээр нотлогдож байх тул Барьцаат зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага үндэслэлтэй.

Зээлийн гэрээнд Б.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гарын үсэг зурсан байх ба, “...би мөнгийг зээлж аваагүй, үндсэн зээлдэгч нь Л.Ц. Хаан банкнаас Л.Ц нь 17 сая төгрөгийг хувийнхаа хэрэглээнд хэрэглэхээр зээлсэн. Л.Ц нь намайг хамтран зээлдэгч болж байгаа гэж хэлээгүй банк дээр хамт очоод гарын үсэг зурчих гэж гуйсаар байгаад учрыг нь мэдэхгүй зүйлд зуруулсан. Хаан банкны шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй, банкны төлөлтийг хариуцах ёстой төлөх зээлдэгч биш  тул хамтран хариуцагчаас хасч Л.Цгээр уг төлөлтийг төлүүлж өгнө үү" гэсэн тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2 “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар ...үүснэ”, 242.3-д “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна“, 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заажээ.  

Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүрэг хүлээхээр заасан байна. Иймд зээлдэгч нарын эрх үүрэг ижил гэж үзнэ.

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэсэн байна, энэ нь хуульд заасны дагуу шийдвэрлэгддэг учир нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцоогүй болно.  

Харин нотариатын зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гаргуулах нь зүйтэй.   

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 233 054 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжаар тус бүр 116 527 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Хаан банкны Л.Ц Б.Б нартай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ201542389927 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Ц Б.Б нараас тус бүр 6 544 726 төгрөг гаргуулан Хаан банкны Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101016701 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум ............  тоот 64.2 м.кв хувийн сууц,  улсын бүртгэлийн Г-2101003993 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг ............. тоот 800 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101014455 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум ............ тоот  128 м.кв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй гражийг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233 054 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 116 527 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА