Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00012

 

                                   Х банкны нэхэмжлэлтэй хариуцагч

                              Л.Ц, Б.Б нарт холбогдох

                                               иргэний хэргийн тухай

                                                             

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01095 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б, Л.Ц нарт холбогдох,

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 13.089.454,89 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн болон нотариатын үйлчилгээний хураамж 227 254 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Х банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Л.Ц Б нар Х банкны Орхон салбар Наран тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ЗГ201542389927 тоот зээлийн гэрээ, БГҮ2015423 89927 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 17.000.000 төгрөгийн зээлийг жилийн 12%-н хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр төсөл дэмжих сангийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд:

1. Иргэн Б.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХ дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг, Рашаант уртын гол 10 гудамж, ХХ тоот 64.2 м.кв хувийн сууц,

2. Иргэн Б.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХ дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг, Рашаант уртын гол 10 гудамж, ХХ тоот 800 мкв гэр бүл хэрэгцээний газар,

3. Иргэн Б.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХ дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг, Рашаант уртын гол 10 гудамж, Х тоот 128 м.кв талбайтай, 40% гүйцэтгэлтэй дуусаагүй граж,

4. 42 инчийн телевизор, хийн компрессор, сэв татагч, дрилл

5. 2005 онд үйлдвэрлэгдсэн 2009 оны 1 сард орж ирсэн мөнгөлөг өнгөтэй хюьндай старекс маркын ХХХХ ОРХ улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-т заасны дагуу зээлийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 3.2.1-т зааснаар сар бүрийн 20-ны өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 565.000 төгрөгийг 5127023439 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 4.2.2-д заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 4.2.3-т заасны дагуу зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ201542389927 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 5 040 583.69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.051.402,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.174.07 төгрөг нийт 7.094.160 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Л.Ц нь 2016 оны 11 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 6 сар гэрээгээр хүлээсэн үүргийхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Иймд банк шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 15 -ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд:

1. Зээлдэгч Л.Ц, Б.Бтай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ201542389927 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

2. Дараахь зээлийн төлбөрийг гаргуулах: үндсэн зээлийн төлбөр                11.959.416,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 541.854,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17.734,57 төгрөг нийт 12.519.004,94 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 215.254 төгрөг, нотариат үйлчилгээний хураамж 12.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

-Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р багт орших Улсын бүртгэлийн Ү- ХХХХ дугаарт бүртгэгдсэн, 64.2 мкв талбай бүхий хувийн сууц, ХХХХ тоот улсын бүртгэлийн дугаартай 800м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, ХХХХ улсын бүртгэлийн дугаартай 128м.кв талбайтай 40% гүйцэтгэлтэй гражыг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Анх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж байгаа. Мөн хариуцагч нараас 2017 оны 08 сарын 20-ны өдөр 700 төгрөгийг үндсэн зээлээс төлсөн байна. Иймээс Х банкны зүгээс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Л.Ц, Б.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар дараах байдлаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болон багасгаж байна. Үүнд: 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ЗГ201542389927 тоот зээлийн гэрээний төлбөр дараах төлбөрийг нэхэмжилсэн байсан. Үндсэн зээлийн төлбөр 11.959.416,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 541.854,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17.734,57 төгрөг нийт 12.519.004,94 төгрөг гаргуулах болно.

Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 2017.05.19-ний өдрөөс 2017.09.27-ний өдрийн хүртэлх хугацаанд зээлийн хүү     530.792,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.357,2 төгрөг нийт 571.149,95 төгрөгөөр нэмэгдсэн байна. Иймд нийт нэхэмжилсэн 12.519.004,94 төгрөгөөс 2017 оны 09 дугаар сарын 27-ний өдрийн байдлаарх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг доорх байдлаар нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт           11.958.716,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.072.646,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 58.091,77 төгрөг нийт 13.089.454,89 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х банк нь хариуцагчаар Б.Б намайг татаж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Х банкнаас мөнгийг зээлж аваагүй ба үндсэн зээлдэгч нь Л.Ц юм. Би Л.Цтэй 2002.11 сард гэрлэлтээ батлуулсан ба 2004.7 сард гэрлэлтээ цуцлуулсан болно. Үүнээс хойш 2008 онд 2 хүүхдийнхээ тэтгэлэг тогтоолгож тус тусдаа амьдрах болсон юм. Х банкнаас Л.Ц нь 2015.10.19-ний өдөр 17 сая төгрөгийг хувийнхаа хэрэглээнд хэрэглэхээр зээлсэн болно. Би энэ мөнгийг хувьдаа хэрэглээгүй бөгөөд Ц нь намайг хамтран зээлдэгч болж байгаа гэж хэлээгүй банк дээр хамт очоод гарын үсэг зурчих гэж гуйсаар байгаад учрыг нь мэдэхгүй зүйлд зуруулсан юм. Хожим би банкны зээлийн төлөлт хийхгүй байна гэж банкнаас утасдахаар мэдсэн юм. Тэгээд би чадах чинээгээрээ гэрийнхээ зурагт, ээмэг бөгж, гинж, хивс, машин болон эд хөрөнгөө ломбарданд тавьж байгаад 2016.11 сар хүртэл төлж байсан юм. Л.Ц-г чи өөрөө төлөлтөө хийгээчээ одоо би цаашид төлөх ямар ч боломжгүй байна гэдгийг хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хийхгүй байсаар намайг хохироож байна. Манай хашаа байшинг гуйсаар байгаад банкинд барьцаалуулсан юм. Хашаа байшингийн өмчлөгч нь Ц биш миний л зөвхөн нэр дээр байдаг юм. Гэтэл банк яахаараа өмчлөгч биш хүнийг барьцааны гэрээнд оруулж зээл олгодог юм. Зээл авсан хүнээс мөнгөө авна биз. Үндсэн зээлдэгч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа болно. Төлөлтийн                     7.094.160 төгрөгнөөс Ц нь нь 2 удаагийн төлөлтийг төлсөн бусад төлөлтийг би төлсөн юм. Гэрийнхээ бүх эд хөрөнгийг ломбарданд тавьж зээлийг төлдөг байсан тул цаашид төлөх ямар ч боломжгүйг Цд хэлсэн боловч төлөлтөө хийхгүй байна. Иймд Х банкны шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй, би банкны төлөлтийг хариуцах ёстой төлөх зээлдэгч биш байх тул хамтран хариуцагчаас хасч Цгээр уг төлөлтийг төлүүлж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус банкнаас төслийн зээл 17 сая төгрөгийг 2015 оны 10 сарын 19-ний өдөр аваад төслийн дагуу авто засварын газрыг бариулахаар ажиллаж байтал хамтран амьдрагч өөрийн эхнэр Б.Бтай гэр бүлийн маргаан үүсч амьдрах боломжгүй болж дээрх хөрөнгийг Б.Б нь бие даан хариуцсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01095 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Х банкны Л.Ц Б.Б нартай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ201542389927 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Ц Б.Б нараас тус бүр 6 544 726 төгрөг гаргуулан Х банкны Орхон салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101016701 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаант уртын гол 10 гудамж ХХ тоот 64.2 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн ХХХХ дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаант уртын гол 10 гудамж ХХ тоот 800 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн ХХХХ дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаант уртын гол 10 гудамж ХХ тоот 128 м.кв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй гражийг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233.054 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 116.527 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б давж заалдсан гомдолдоо:

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан ба 6.544.726 төгрөгний зээлийн төлбөр гаргуулах шийдвэр гаргасан. Гэтэл уг гэрээг цуцлах асуудал хэний буруутай үйлдэл байсан түүнээс хамаарч гэрээний үүргийг хэн хариуцах үүрэгтэй байгааг анхаараагүй үүнд гомдолтой байна. Уг гэрээний үндсэн зээлдэгч Л.Ц байсан ба анх гэрээ байгуулахдаа Л.Ц уг зээлийг төлөх үүрэг хүлээж, миний хөрөнгийг барьцаалах шаардлагын үүднээс хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зуруулж байсан. Гэтэл Л.Ц нь зээлээ зориуд төлөхгүй байгаагаас миний херөнгө барьцаалбараар зээлийг нь төлөх болж, би зээл төлөх үүргийг давхар хүлээсэн шийдвэр гарсан нь буруутай этгээд Л.Ц уг гэрээний үүргээс болж намайг хохироох, үүнээс болж хохирлоо нэхэмжлэх боломжгүй гэрээний үүргээ зохих ёсоор биелүүээгүйгээс үүссэн хохирлыг Л.Цгээс нэхэмжлэх боломжгүй болгосон. Тухайн зээлийн гэрээний бодит байдалд шүүх дүгнэлт хийгээгүй ба Л.Ц нь зээлээ төлж чадахгүй, барьцаалбараар зээлийн үүргийг хааж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд гаргаж , өөрийнх нь хөрөнгө биш учир би хохирох эсэх нь уг этгээдэд хамааралгүй байгаа нь илтэд байсан. Иймд уг зээлийн гэрээний бодит байдалд дүгнэлт хийж шийдвэр гаргаагүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийи 2017.10.25-ны өдрийн 142/ШШ2017/1095 тоот шийдвэрийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрг өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Л.Ц, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэг 12.519.004,94 төгрөг гаргуулах, зээлдэгч Л.Ц, Б.Б нартай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ201542389927 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар 13.089.454,89 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Х банк нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ201542389927 тоот зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Л.Ц, Б.Б нар нь Х банкны Орхон салбар Наран тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17.000.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сарын 565.000 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийг хийж байх нөхцөлтэйгээр, зээлийн барьцаанд хариуцагч Б.Бгийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 15 дугаар баг, Рашаант уртын гол 10 дугаар гудамж, ХХ тоотод байрлах 64.2 м2 талбай бүхий хувийн сууц, 800 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, 40 хувь гүйцэтгэлтэй дутуу баригдсан граж зэргийг барьцаалж, хариуцагч Б.Б нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 5.041.283,69 төгрөг, хүүнд 2.051.402,69 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 2174,07 төгрөг нийт 7.094.160 төгрөгийг төлсөн 2016 оны 11 дүгээр сараас хойш зээлээ төлөөгүй зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Б.Б нь мөнгийг зээлж аваагүй, үндсэн зээлдэгч нь Л.Ц, өөрөө 17.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд хэрэглэхээр зээлсэн, намайг банкин дээр очиж гарын үсэг зураад өг гэж дагуулж очиж зуруулсан, би зээлдэгч биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Шүүх хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж, хариуцагч Л.Ц, Б.Б нараас зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242, 451, 452 дугаар зүйлийн зохицуулалттай нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч Х банк нь шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан ба энэ өдрөөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацааны зээл хүүг нэхэмжилж, нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байхад шүүх нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн анх нэхэмжилсэн шаардлагын хэмжээгээр хариуцагч нараас тэнцүү хуваан төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01095 дугаар шийдвэрийн 2 дахь заалтанд “...6.544.726 төгрөг...” гэснийг “...6.258.799 төгрөг...” гэж өөрчилж,

Шийдвэрийн 4 дэхь заалтанд “...116.257 төгрөг...” гэснийг “...115.090 төгрөг...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.060 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ