Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00771

 

Ц.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02740 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2558 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “О” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох,

Хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, “О” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 25 000 000 төгрөгийг гаргуулах, “М” ХХК-ийн харьяа “Сос медика” эмнэлгийн “эрүүл мэндийн хувьд тохирохгүй” гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Ч-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Саруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Ч- миний бие “О” ХХК-иас зарласан ажлын байр болох аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагчийн ажлын байранд ажилд орох өргөдөл гаргасан билээ. Улмаар ажлын шалгуурт тэнцэн эцсийн шалгуур болох эрүүл мэндийн үзлэгт эмнэлэгт шинжилгээ өгч дуусмагц эмч шинжилгээний хариуг надад хэвлэн үзүүлэн таны бүх зүйл эрүүл байна. Та эрүүл мэндийн үзлэгт тэнцэх юм байна санаа зоволтгүй гэж хэлсэн. Миний бие “О” ХХК-ийг шударгаар хуулийн дагуу ажилтнаа шалгаруулж авдаг юм байна гэдэгт итгэж байсан. Гэвч тус компани намайг дуудна гэсэн хугацаандаа дуудаагүй бөгөөд би шинжилгээний хариу “О” ХХК руу хүргэгдсэн эсэхэд санаа зовж “СОС” эмнэлэг рүү очтол “О” ХХК-иас чамайг битгий тэнцүүл гэсэн учир ажилд тэнцэхгүй гэсэн бичиг хийж явуулсан. Учир нь чи хэт илүүдэл жинтэй /+100 кг/ гэж хэлсэн. Миний бие энэ байдлыг тодруулж “О” ХХК-д хүнд жинтэй хүмүүс ажилладаг эсэх талаар судлахад надтай адилхан хүнд жингийн олон хүн ажилладаг болох нь тогтоогдсон.

Иймд “О” ХХК-ийг Ц.Ч- миний хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, “О” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг “О” ХХК-д даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцон гаргуулах, хариуцагч “М” ХХК-ийн эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “О” ХХК нь ажилтан шалгаруулж авахдаа Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг баримталдаг ба хүний эрхийн талаарх Монгол Улсын нэгдэн орсон конвенцийг дагаж мөрдөхийн зэрэгцээ иргэдийг ажилд авах шийдвэр гаргахдаа үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхдаггүй ба хүн бүрт адил тэгш боломж олгох зарчмыг баримталдаг. “О” ХХК-ийн Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн хүмүүсийг эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагын дагуу Ц.Ч-ыг эрүүл мэндийн үзлэгт оруулсан. Үзлэг хийсэн эмчийн дүгнэлтээр Ц.Ч- нь 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар +100кг байх үзүүлэлтийг хангаагүй тул уг ажилд эрүүл мэндийн хувьд ноцтой үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан.

Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй иргэнийг ажлын байранд шалгаруулж авсан тохиолдолд тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байрны сонгон шалгаруулалтад Ц.Ч- тэнцээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Ч-ын сонирхсон ажлын байр нь “О” ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангилалд хамрагддаг бөгөөд Ц.Ч-ад хийсэн эрүүл мэндийн үзлэгээр биеийн жин 125 кг, зүрхний ачааллын сорилын дүн муу гэсэн үзүүлэлттэй гарсан тул тус журмын ажилтны биеийн жин 100 кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байх шаардлагыг хангаагүй. “О” ХХК-ийн ажлын байрын эрүүл мэндийн стандартын “Оффист ажиллах ажилтан Аюулгүй суух хязгаар <100 кг гэсэн эрүүл мэндийн шаардлага нь хүнийг биеийн жингээр ялгаварлах бус харин 100 кг-аас дээш биеийн жинтэй хүнд түүний хөдөлмөрийн аюулгүйн нөхцлийг хангах зорилгоор ажил олгогч суудлын нэмэлт бэхэлгээ хийж өгөхийг журамласан зохицуулалт юм.

Иймд иргэн Ц.Ч-ын “М” ХХК-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02740 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар “О” ХХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, “О” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25 000 000 төгрөгийг гаргуулах тухай, мөн “М” ХХК-д холбогдуулан гаргасан эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2558 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02740 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 186.1, 219.1, 9.4.7-д заасан үндэслэлгүй тул “О” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоох, мөн “О” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 25 000 000 төгрөгийг гаргуулах тухай, мөн “М” ХХК-д холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай Ц.Ч-ын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 210 600 төгрөгийг улсын төсвийн хэвээр үлдээж орлогод гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Монгол Улс 1969 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэгдэн орсон “Алагчлахгүй байх (Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай” Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн (2)-т “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчлах” хэмээх ойлголтод хамааруулахгүй” хэмээн заасан нь ажлын байрны онцлогоос хамааран түүнд тавигдах шаардлага өөр өөр байж болохыг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэвч тус заалтыг ашиглахын тулд тухайн ажлын байрны нөхцлийг нарийвчлан судлах шаардлагатай ба ажлын байрны тодорхойлолтод “Хэвийн” гэж үзсэн учир ямар нэг байдлаар тухайн ажлын байранд шаардлага тавих ёсгүй юм. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 5080:2001 Хөдөлмөрийн нөхцөл ангилал, хүчин зүйл, үнэлгээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Хэвийн нөхцөл гэж Үйлдвэрлэлийн ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлс нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлдөггүй буюу тэдгээрийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрэхгүй нөхцөлийг хэвийн нөхцөл гэнэ” гэж заасан учир тухайн албан тушаал дээр жин болон бусад байдлаар заах шаардлагагүй буюу Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1, 2-ыг баримтлах шаардлагагүй юм.

Иймд тус конвенцийн 1 (б) дахь “Ажил олгогч...хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, үгүйсгэн гадуурхах, эсхүл давуу байдал олгох бусад үйлдэл” бөгөөд иймээс жингээр ялгаварлах, халуун хүйтэн учир ажиллаж болохгүй хэмээн нөхцөл заах зэрэг нь ялгаварлан гадуурхаж байгаа үндэслэл болно.

...Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” хэмээн заасан бөгөөд шүүгчийн үзсэнээр Хөдөлмөрийн гэрээ байгуулах урьдчилсан шат хэмээн үзвэл маш олон хүний эрх ашгийг хуулийн хийдлийг далимдуулж ажил олгогч байгууллагууд зөрчих томоохон эрсдэлтэй юм. Иймээс ч манай улсын Иргэний хуульд төсөөтэй хэрэглэх гэсэн ойлголтыг тусгаж өгсөн байдаг бөгөөд шүүгч үүнийг анхаарч үзээгүй, гэрээний санал байхад гэрээний санал бус гэж үзэн алдаатай шийдвэр гаргасан юм. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш ...байдлыг хангах зарчимд үндэслэнэ” гэж заасан бөгөөд иргэний харилцаанд оролцогч субъектүүд тодорхой гэрээ байгуулах, санал тавих, цуцлах буюу бүхий л харилцаанд эрх тэгш оролцох ёстой байдаг. Гэсэн хэдий ч “О” ХХК-иас гаргасан гэрээний санал нь гол нөхцлөө дутуу тусгаж гэрээний санал гаргасан “О” ХХК-д анхнаасаа ашигтай байдлаар тусгагдаж өгснөөс үүдэн тус харилцаанд оролцогчид эрх тэгш байдлаар оролцох боломж бүрдэхгүй байна. Шүүгчийн шийдсэнээр тус “О” ХХК-аас гаргасан ажлын байрны зарыг гэрээний санал бус гэж үзвэл тухайн харилцааг ямар эрх зүйн харилцаа гэж үзэх нь учир дутагдалтай болох бөгөөд эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс өөрсдийнхөө зөрчигдсөн эрх ашгаа хамгаалах нөхцөлгүй болж байна.

...2017 оны 04 дүгээр сарын 21-нд “СОС” медика эмнэлгээс гаргасан бусдыг ялгаварлан гадуурхсан шинжилгээнээс үүдэн намайг ажилд аваагүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөв дүгээр зүйлийн 14.1-д “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан бөгөөд тус заалтыг үл баримтлан бусдыг жингээр нь ялгаварлан гадуурхсан 03 гэх заалтыг хэрэглэн ажилд аваагүй юм. “Оюутолгой” ХХК-иас баримталдаг “Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-д эрүүл мэндийн үзлэгт зайлшгүй хамруулах түүнчлэн үүнээс улбаалан 03 гэх ажлын байрны эрүүл мэндийн стандартыг үндэслэн эрүүл мэндийн үзлэгийг хийсэн. Гэвч Хүний нөөц бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын журмын 1.3.2-т “...“О” ХХК-д шууд харъяалагдах гадаад ажилтнуудад үйлчлэхгүй болно” хэмээн заасан мөн журмын 2.1.1-д “Тус компани нь иргэдийг ажилд авах шийдвэр гаргахдаа арьс өнгө, нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага, шашны итгэл үнэмшил, намын харьяаллаар ялгаварлан гадуурхдаггүй” хэмээн хэдхэн үндэслэл бичсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заагдсан заалтыг баримтлаагүй юм.

“О” ХХК-ийн зүгээс санал тавьж уулзалт зохион байгуулж хэд хэдэн удаа уулзсан. Тухайн уулзалтын гол зорилго нь танд тохирох ажлын байрыг бид судлаж таныг ажлын байраар хангах болно гэсэн байдаг. Мөн энэ талаар иргэн Ц.Ч-ын цахим хаяганд захидал ирүүлсэн байдаг. Анхан шатны шүүхэд тус цахим хуудсанд үзлэг хийлгүүлэх талаарх хүсэлтийг гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр үзлэг хийсэн. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нараас тодруулахад цахим шуудан явуулж байсан талаар бид маргаагүй бөгөөд Ц.Ч-ыг дуудаж уулзсан, түүний цахим хаягаар захидал явуулсан талаар удаа дараа тайлбар гаргаж байсан. Гэхдээ бид тохиролцоонд хүрч чадаагүй гэсэн байдаг. Хариуцагчийн уг үйлдэл нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6-д заасан шинэ саналыг тавьсан гэж үзэхээр байна. Энэ байдлыг шүүх анхаарч үзэж иргэн Ц.Ч- миний гомдлыг хангаж өгнө үү.

Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”, 23 дугаар зүйлд “Хүн бүр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн шударга аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй”. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой. Мөн Иргэний хуулийн дугаар зүйлийн 13.3-т зааснаар хууль ёсны давуу байдлаа “О” ХХК нь хууль бусаар ашигласан гэж үзэж байна.

Ажилтай орлоготой байхыг хүсэж мөрөөдөж байгаа эгэл жирийн залуу хүн би биеийн жингээсээ болж ялгаварлан гадуурхалд өртсөн, цаашдаа над шиг мянга мянган хүнд жинтэй хүмүүс ийм байдлаар эрхээ зөрчүүлсээр байх уу гэдгийг би хариуцагчдаас асуумаар байна. Над шиг хүмүүсийг цаашид манай улсын хуулиар яаж хамгаалах нь тодорхойгүй байна, мөн дээрхи шийдвэр магадлал шиг буруу жишиг тогтвол харамсалтай юмаа. Хуулийн орчин үндсэндээ алга байна. Монгол улс дахь бүх шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч байх ёстой, хүний эрхийг ямагт хамгаалахад чиглэгдсэн байх ёстой гэдэгт итгэдэг иргэн хүнийхээ хувьд би туйлын гомдолтой байна.  

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Ч- хариуцагч “О” ХХК-ийг хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоолгох, “О” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг  “О” ХХК-д даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцон гаргуулах, хариуцагч “Медика Монголиа” ХХК-ийн эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч “О” ХХК, “Медика Монголиа” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан байна.

Хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэгчийг эрүүл мэндийн хувьд компаниас зарласан сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж, хариуцагч “Медика Монголиа” ХХК нь нэхэмжлэгч эрүүл мэндийн үзлэгээр биеийн жин 125 кг, зүрхний ачааллын сорилын дүн муу гэсэн үзүүлэлттэй гарсан тул Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангиллын шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэргийн нөхцөл хангалттай бүрэн тогтоогдоогүй, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байгааг анхаараагүйгээр шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч “О” ХХК нь Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэл, үйл ажиллагааны сургалтын хэлтэст аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд ажилтан шалгаруулан авахаар зар гаргасан байна. Уг зард  “ажлын байрны үндсэн зорилго нь ажилтнуудад зориулсан сургалт явуулах, сургалтын багц материал төлөвлөн боловсруулах, төрөл бүрийн программ хангамж ашиглан технологид суурилсан байдлаар сургалтуудыг дахин зохион байгуулахад тэргүүлэн оролцоход оршино” гэж заажээ

Зард заасан “үүрэг, даалгавар”, “тавигдах шаардлага” гэх хэсгүүдэд ажилтны эрүүл мэнд, бие бялдарт тавигдах онцгой шаардлагын талаар тусгаагүй байна \хх-ийн 6 дугаар тал\.

Түүнчлэн, хэрэгт “хөдөлмөрийн гэрээний хавсралт 1” гэх баримт авагдсан байх ба түүнд аюулгүй ажиллагаа ба зааварчилгааны сургагчийн ажлын байрны тодорхойлолт тусгагджээ. Энэ баримтад мөн ажилтны эрүүл мэнд, бие бялдрын талаар тусгайлсан нөхцөл байхгүй байна \хх-ийн 106-109 дүгээр тал\. 

Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаагаас гадна ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээний хавсралт гэсэн баримтад тусгагдсан боловч хөдөлмөрийн гэрээний загвар нь хэрэгт авагдаагүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч Ц.Ч- нь хариуцагч “О” ХХК-иас зарласан сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцэж, зөвхөн эрүүл мэндийн үзлэгийн дүнгээс шалтгаалан татгалзсан хариу авсан гэж тайлбарласан бол хэрэгт цугларсан баримтаас тухайн ажлын байранд хэдэн хүн өрсөлдөж, хэд тэнцсэн, нэхэмжлэгч тухайн сонгон шалгаруулалтын цорын ганц ялагч байгаад эрүүл мэндээр тэнцээгүй, эсхүл нэг орон тоонд тэнцсэн хэд хэдэн өрсөлдөгчийн нэг нь байсан зэрэг нөхцөл байдал харагдахгүй, хариуцагч энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн цорын ганц нэр дэвшигч байгаад эрүүл мэндийн үзлэгийн дүн ажилд орох боломжийг хаасан байх, нэг ажлын байранд өрсөлдсөн хэд хэдэн өрсөлдөгч эхний шалгаруулалтад тэнцсэн байгаад эрүүл мэндийн үзлэгийн дүнгээр тэдгээрээс нэгийг нь сонгох болзолтой байх нь сонгон шалгаруулалтын талаар хийх эрх зүйн дүгнэлтэд ач холбогдолтой гэж үзнэ.

Эмнэлгийн байгууллага нь хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлох үүрэгтэй боловч тухайн хүний эрүүл мэндийн байдал нь тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шууд тогтоох эрхгүй болно. Ажил олгогч өөрийн ажилтнуудын болон ажилд авах хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг ямар эмнэлгээр тодорхойлуулах нь түүний эрхийн асуудал боловч иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомжид заасан зохицуулалтыг баримтлах үүрэгтэй. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийдэг бөгөөд энэ агуулгаар ердийн нөхцөл бүхий ажлын байранд эрүүл мэндийн тусгайлсан шаардлага тавих нь иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах, эрүүл мэнд, бие бялдрын хувьд алагчлах боломжийг бүрдүүлж болзошгүй нөхцлийг шүүх анхаараагүй байна.

 

Ажлын байрны онцлогоос хамааран ажилтанд эрүүл мэндийн тусгайлсан шаардлага тавигдахаас бусдаар өвчин эмгэгтэй, архаг болон суурь өвчтэй, бие бялдар, бие махбодийн хөгжлийн онцлогтой хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг энэ шалтгаанаар хязгаарлах нь хууль бус болно.

Нэхэмжлэгч Ц.Ч-ын жин 125 кг байх, зүрхний ачааллын сорилд зүрхний цохилт 120 байх зэрэг нь “О” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэл, үйл ажиллагааны сургалтын хэлтсийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд ажиллах боломжийг үгүйсгэх нөхцөл болсны бодит үндэслэл тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, тус компанид баримталдаг ажлын байрны эрүүл мэндийн стандарт, ангилал зэрэг нь Монгол Улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл зэрэгт баримталдаг стандарт, журамд нийцсэн эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1., 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т заасныг баримталж, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 9 дүгээр зүйлийн 9.4.7.-д заасан үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Иргэний хуулийн дээрх зүйл, заалт зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг зохицуулаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02740 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2558 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН