Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02740

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02740

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ч-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Т ХХК

 

Хариуцагч: М.М ХХК нарт холбогдох,

 

Хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, Оюу толгой ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 25,000,000 төгрөгийг гаргуулах, Медика Монголия ХХК-ийн харьяа Сос медика эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Д.З, Б.С, хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Г.М, хариуцагч М.М ХХК-ийн төлөөлөгч Д.Д, гэрч Г.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие Оюу толгой ХХК-иас зарласан ажлын байр болох аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байранд ажилд орох өргөдөл гаргасан билээ. Улмаар тус ажлын байранд тавигдсан дөрвөн төрлийн шалгуурт эхний шатаар нь орж тэнцсэн. Үүнд:

1.         2017 оны 4 сарын 06-нд өргөдөл, анкет CV буюу хувийн байдлын танилцуулга өгч тэнцсэн.

2.         2017 оны 4 сарын 11-нд өмнө хийсэн бүтээлүүдээ танилцуулсан.

3.         2017 оны 4-р сарын 13-нд ажлын ярилцлаганд орж тэнцсэн.

4.         2017 оны 4-р сарын 17-ны өдөр аюулгүйн бүс сэдвээр видео шторк бэлтгэж, танилцуулснаар ажлын шалгуурт тэнцсэн тул эрүүл мэндийн үзлэгт орох эрхээ авсан.

2017 оны 4 сарын 21-нд эцсийн шалгуур болох эрүүл мэндийн үзлэгт СОС эмнэлэгт шинжилгээ өгч дуусмагц эмч шинжилгээний хариуг надад хэвлэн үзүүлж таны бүх зүйл эрүүл байна. Та эрүүл мэндийн үзлэгт тэнцэх юм байна санаа зоволтгүй гэж хэлсэн. Энэ үед миний бие үнэхээр их баярлаж маш их итгэл найдвар, урам зориг авч өөрийн бүх ах дүү хамаатан садандаа энэ тухайгаа хэлж баярлаж байсан.

Мөн би гэр бүлийн санхүүгийн хүрээнд маш олон зүйлийг төлөвлөж эхнээс нь хэрэгжүүлж эхлэх болсон. Учир нь тус компаниас зарласан ажлын байрны бүх шалгуурт өөрийн хүч хөдөлмөр авъяас чадвараараа тэнцсэн учир одоо зөвхөн ажилдаа орох л үлдлээ гэж бодож байсан. Мөн Оюу толгой ХХК-ийг шударгаар хуулийн дагуу ажилтнаа шалгаруулж авдаг юм байна гэдэгт итгэж байсан билээ.

Гэвч тус компани намайг дуудна гэсэн хугацаандаа дуудаагүй бөгөөд би шинжилгээний хариу Оюу толгой ХХК руу хүргэгдсэн эсэхэд санаа зож СОС эмнэлэг рүү очтол Оюу толгой ХХК-иас чамайг битгий тэнцүүл гэсэн учир ажилд тэнцэхгүй гэсэн бичиг хийж явуулсан. Учир нь чи хэт илүүдэл жинтэй /+100 кг/ гэж хэлсэн. Миний бие энэ байдлыг тодруулж Оюу толгой ХХК-д хүнд жинтэй хүмүүс ажилладаг эсэх талаар судлахад надтай адилхан хүнд жингийн олон хүн ажилладаг болох нь тогтоогдсон.

Уг үйлдэл нь миний хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төдийгүй Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэрэв илүүдэл жинтэй, том биетэй хүмүүсийг авахгүй байсан бол анхнаасаа ажлын байрны зар болон санал дээрээ энэ тухайгаа тодорхой зааж, ойлгомжтой болгох ёстой байсан.

Ийм байдлаар бусдыг хууран мэхэлж, төөрөгдүүлж болохгүй гэж үзэж байна. Энэ байдлаас ******* миний бие өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл санааны гүн хямралд орж цаашдаа яаж ажиллаж хөдөлмөрлөж амьдрахдаа ч мэдэхгүй байгаа бөгөөд бусдад маш ихээр доромжлогдсон мэдрэмжийг тээх болсон.

Иймд Оюу толгой ХХК-ийг ******* миний хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, Оюу толгой ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг Оюу толгой ХХК-д даалгаж өгнө үү.

Мөн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцон гаргуулж өгөхийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай шүүхэд гаргасан тайлбартаа Медика Монголия ХХК-ийн харьяа эмнэлэг болох СОС Медика эмнэлгийн эмчийн гаргасан дүгнэлтэд ... иргэн ******* нь 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар 100 кг байх үзүүлэлтийг хангаагүй тул уг ажилд эрүүл мэндийн хувьд тохирохгүй ба хийж гүйцэтгэх ажил нь эрүүл мэндийн хувьд ноцтой үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй... гэсэн байдаг.

Уг дүгнэлтийг гаргасан учир эрүүл мэндийн шалгуурт тэнцээгүй иргэнийг ажилд аваагүй гэсэн тайлбарыг гаргасан. Тухайн үед СОС Медика эмнэлгээс та эрүүл мэндийн шалгуурт тэнцсэн гэж хариу өгсөн үеэс нь эхлэн би өөртөө болон ажил олгогчид итгэлтэй байсан. Өмнөх дүгнэлтээ үгүйсгэн намайг хуурч мэхлэн дахин ийм дүгнэлт гаргасанд миний зүгээс гайхаж бас гомдолтой байна. Мөн СОС Медика эмнэлгийн эмчийн бичсэн 3 минутын аюулгүйн суух хязгаар 100 кг гэж хаанахын ямар стандарт дүрмийн дагуу гарсан дүгнэлт вэ гэдгийг ойлгохгүй байна.

Мөн О3 ангиллын ажлын байрны эрүүл мэндийн стандартыг үндэслэн гарсан дээрх дүгнэлт нь Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн, хүний эрхэд халдаж ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Хүний аюулгүйн суух хязгаарын стандарт гэж ямар бичиг баримт Монгол Улсад байдаг, ямар дүрэм журмаар зохицуулагдсан нь ойлгомжгүй байна. Иймд уг дүгнэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа тул эмчийн дүгнэлтийг хүчингүй бологохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Оюу толгой ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаарлдагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Оюу толгой ХХК нь ажилтан шалгаруулж авахдаа Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам-ыг баримталдаг ба хүний эрхийн талаарх Монгол Улс нэгдэн орсон конвенц, чанд дагаж мөрдөхийн зэрэгцээ иргэдийг ажилд авах шийдвэр гаргахдаа үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхдаггүй ба хүн бүрт адил тэгш боломж олгох зарчмыг баримталдаг.

Тус компани нь 2017 оны 4-р сард аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авахаар нээлттэй зарласан. Уг ажлын зарын дагуу иргэн *******ыг оролцуулан нийт 97 хүн ажилд орох өргөдөл ирүүлснээс 8 хүн сонгон шалгаруулалтанд оролцсон бөгөөд Оюу толгой ХХК-ийн Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэнийг эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт оруулсан болно.

СОС Медика эмнэлгийн иргэн *******ад үзлэг хийсэн эмч тухайн ажилд тохирох эсэх талаарх зөвлөмж тайландаа иргэн ******* нь 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар <100 кг байх үзүүлэлтийг хангаагүй тул уг ажилд эрүүл мэндийн хувьд тохирохгүй ба хийж гүйцэтгэх ажил нь эрүүл мэндийн хувьд ноцтой үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан болно. Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байр нь Оюу толгой ХХК-ийн уурхайн талбай дээрх олборлох болон боловсруулах үйлдвэрээр явах, үйлдвэрийн шатаар өгсөж буух зэрэг биеийн хүчний хөдөлгөөн ихээр хийх бөгөөд дуу чимээ, тоос, хий, халуун, хүйтний нөлөөлөл гэх мэт хөдөлмөрийн эрүүл мэндийн осол аюулд өртөж болзошгүй ажлын байр юм.

Бид Оюу толгой ХХК-ийн ажилтнууд болон өргөдөл гаргагчдын амь нас, эрүүл мэндэд ямар нэг хор хөнөөл учруулахгүй байхын тулд холбогдох бүх бодлого, журам, стандартыг дагаж мөрдөх шаардлагатай болдог.

Түүнчлэн Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах эсвэл давуу тал олгох үйлдлийг алагчлах хэмээн ойлголтонд хамааруулахгүй гэсэн заалтад Оюу толгой ХХК-ийн Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам болон холбогдох стандарт нь нийцэж байгаа болно.

Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй иргэний дээрх ажлын байранд шалгаруулж авсан тохиолдолд тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байрны сонгон шалгаруулалтанд ******* нь тэнцээгүй болно.

Иймд иргэн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Медика Монголия ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн ******* танай шүүхэд хандан түүний эрүүл мэндийн талаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан манай эмнэлгийн их эмчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Түүний гаргасан нэхэмжлэлийн энэ шаардлагыг бид дараахь хууль зүйн болон бодит үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нэг. Болсон үйл баримтын талаар.

Оюу толгой ХХК-иас 2017 оны 4 сарын 21-ний өдөр тус компанид ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн дөрвөн хүнийг манай эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр оруулах хүсэлт тавьсан ба эдгээр хүмүүсийн дотор иргэн ******* багтаж байсан болно.

*******ын сонирхож байсан ажлын байр нь Оюу толгой ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандарт-ын О3 ангилалд хамрагдаж байгааг тус компаниас ирүүлсэн хүсэлтэд дурдсан байв.

*******ад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг их эмч ******* хийж дүгнэлт гаргасан болно.

Хоёр. Эрүүл мэндийн дүгнэлтийн тухай.

Үзлэгээр *******ын биеийн өндөр нь 184 см, жин нь 125 кг байсан.

Зүрхний ачааллын сорилын шинжилгээгээр түүний зүрхний цохилт нэг минутад 120 удаа цохилж байсан нь тогтоогдсон болно.

Харин цус болон шээсний шинжилгээ, нүд, сонсголын зэрэг бусад шинжилгээ, сорилууд хэвийн гарсан.

Зүрхний ачааллын сорилыг анагаахын шинжлэх ухаанд дараахь аргачлалаар хийдэг.

a/. сорилд хамрагдаж байгаа хүнийг тусгайлан бэлдсэн 30 / гучин/ см-ийн өндөр бүхий шат буюу тавцан дээр хоёр хөлөөрөө гарч, буух үйлдлийг 3 / гурав/ минутын туршид хийлгэсний дараа 1 /нэг/ минут амраагаад зүрхний цохилтыг нь тоолж үзнэ.

б/. ийнхүү тоолж үзэхэд, тухайн хүний зүрхний цохилт нь эрэгтэй хүний үвьд нэг минутад 79-өөс доош цохилж байвал онц, 79-89-ийн хооронд бол сайн, 90-99 байвал дунджаас дээш, 100-105 бол дундаж, 106-116 бол дунджаас доош, 117-128 бол муу, 128-аас дээш бол онц муу гэж дүгнэдэг болно.

Оюу толгой ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандарт-ын О3 ангиллын шалгуур нь ажилтны биеийн жин 100 /нэг зуун/ кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байхыг шаарддаг болно.

Анагаахын шинжлэх ухаанд хүний зүрхний ачааллын сорилын үр дүн нь дундаж түвшин буюу дунджаас дээшхи үзүүлэлттэй /өөрөөр хэлбэл, зүрх нь нэг минутад 105-аас бага удаа цохилж байх/ байвал түүний зүрхний үйл ажиллагааг хэвийн гэж үздэг.

Гэтэл *******ын хувьд биеийн жин 125 /нэг зуун хорин таван/ кг, зүрхний ачаалалын сорилын дүн муу гэсэн үзүүлэлттэй гарсан тул түүний биеийн эрүүл мэндийн байдал Оюу толгой ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандарт-ын О3 ангилалын шалгуур үзүүлэлтийг хангахгүй буюу тухайн ажлын байранд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт хийсэн.

Миний энэ дүгнэлт нь иргэн *******ын тухайн үеийн эрүүл мэндийн шинжилгээний объектив үзүүлэлтүүдэд тулгуурлаж хийгдсэн, аливаа субъектив шинжгүй, үнэн, зөв дүгнэлт гэдгийг батлан хэлэхийн хамт түүний амь нас, эрүүл мэндийг ирээдүйд гарч болзошгүй аливаа эрсдлээс хамгаалсан үйлдэл болсныг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Би *******ад энэ дүгнэлтээ танилцуулахдаа, түүний эрүүл мэндэд цаашид учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор нарийн мэрэгжлийн эмчид хандан зөвлөгөө авах, биеийн жингээ хасах, хөдөлгөөнөө нэмэгдүүлэхийг зөвлөсөн юм.

Гурав. Эрүүл мэндийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн тухай.

Миний бие иргэн *******ын эрүүл мэндийн дээрх дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан "Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая" гэсэн хүний их эмчийн тангарагаа баримтлан *******ын эрүүл мэндэд цаашид учирч болзошгүй эрсдлээс хамгаалах чин зорилгыг эрхэм болгосон.

Миний бие Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх хэсэгт заагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх гэсэн эмнэлгийн мэргэжилтний үүргээ ягштал ухамсарлан *******ын эрүүл мэндийг хамгаалсан дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгч Ц. Чинбатын тухайд, Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан Иргэний эрүүл мэндээ хамгаалах үүргээ ягштал биелүүлэх тухайлбал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Миний судалснаар, Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд: Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заажээ. Тэгвэл, миний гаргасан *******ын эрүүл мэндийн талаарх дүгнэлт нь түүний чухам ямар эрхийг зөрчсөн болох нь уг нэхэмжлэлээс огт ойлгогдохгүй байна. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах эрхтэй болохыг заажээ.

Тухайлбал, 43.1.1 эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах;

43.1.2     өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх;

43.1.3     өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;

43.1.4     халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах;

43.1.5     хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах;

43.1.6 эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах;

43.1.6     хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах гэсэн 7 төрлийн эрхийг хуульчилсан байна.

Их эмч ******* миний гаргасан *******ын эрүүл мэндийн тухай дүгнэлтэд дээр дурдсан 7 төрлийн эрхийн нэгийг ч зөрчөөгүй бөгөөд харин түүний эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалсан болно.

Иймд иргэн *******ын Медика Монголиа ХХК-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Миний хийсэн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгээр *******ын зүрхний ачааллын сорил-ын шинжилгээний үр дүн нь муу гэсэн үзүүлэлттэй гарч тухайн ажлын байрны эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтэд нийцээгүй болно. Энэ нь түүний биеийн хэт таргалалтаас шалтгаалсан болохыг би эмчийн хувиар өмнөх тайлбартаа тодотгож өгсөн юм.

Хэрэв *******ын зүрхний ачааллын сорилын үр дүн хэвийн гарсан бол түүнийг эрүүл мэндээр тухайн ажилд тохирно гэсэн эмчийн дүгнэлт гарах байсан бөгөөд харин Оюу толгой ХХК түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд компанийнхаа Ажлын байрны эрүүл мэндийн стандарт-ын Эрүүл мэндийн суурь шаардлага гэсэн Хавсралт 2-ын Биеийн эрүүл мэнд гэсэн нөхцөлийн Оффист ажиллах ажилтан - Аюулгүй cууx хязгаар <100 кг (эсвэл суудлын бэхэлгээ шаардлагатай) гэсэн суурь шаардлагаа иш үндэс болгон түүний биеийн жингийн хэмжээ болох 125 кг хүндийн жинд тохирсон суудлын бэхэлгээ хийж өгнө гэсэн ойлголт гарч байгааг үүгээр тодотгон тайлбарлаж байна.

Оюу толгой ХХК-ийн Ажлын байрны эрүүл мэндийн стандартын Оффист ажиллах ажилтан - Аюулгүй cууx хязгаар <100 кг (эсвэл суудлын бэхэлгээ шаардлагатай) гэсэн эрүүл мэндийн шаардлага нь хүнийг биеийн жингээр нь ялгаварлан гадуурхах" бус харин 100 кг-аас дээш биеийн жинтэй хүнд түүний хөдөлмөрийн аюулгүйн нөхцөлийг хангах зорилгоор ажил олгогч суудлын нэмэлт бэхэлгээ хийж өгөхийг журамласан, өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалсан заалт гэдгийг мөн тодотгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, Оюу толгой ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Медика Монголия ХХК-д холбогдуулан эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Оюу толгой ХХК болон Медика Монголия ХХК нар нэхэмжлэгч *******ын шаардлагыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэн ******* нь Оюу толгой ХХК-иас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажиллахаар шалгаруулалтад орж, эхний 4 шат буюу хувийн байдал, хийсэн бүтээл, ярилцлага, шторк бэлтгэх шалгуурт тэнцэж, улмаар Оюу толгой ХХК-тай гэрээтэй ажилладаг Медика Монголия ХХК-ийн харьяа Сос Медика ХХК-ийн эрүүл мэндийн үзлэгт орсон, эмнэлгийн зүгээс Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

 

Нэхэмжлэгч ******* нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Сос Медика эмнэлэг нь Оюу толгой ХХК-ийн заавраар хараат ажиллаж үндэслэлгүй дүгнэлт гаргасан, өөрийнх нь зүрх огт өвдөж байгаагүй, Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байр нь хэвийн нөхцөлтэй ажлын байранд тооцогддог, Оюу толгой ХХК биеийн жингээр нь ялгаварлан гадуурхан ажилд аваагүй, гэрээний саналаас үндэслэлгүй татгалзсан, Рио Тинто группийн О3 гэх стандарт нь Монгол Улсын хуульд нийцээгүй гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Оюу толгой ХХК, Медика Монголия ХХК нар өөрийн татгалзал, түүний үндэслэлийг иргэн *******ыг биеийн жингийн хувьд ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй, Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцээгүй учир уг ажилд аваагүй, тус ажлын байр нь уурхайн нөхцөлд 10 гаруй кг хувцас хэрэглэл өмсөж, шатаар дээш доош алхаж өндөр ачаалалтай ажилладаг, гэрээ байгуулах санал бус гэрээний санал тавих дуудлага байсан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, зүрхний ачааллын сорилын дүн муу гэсэн үзүүлэлттэй гарсан тул түүний биеийн эрүүл мэндийн байдал Оюу толгой ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандарт-ын О3 ангилалын шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан гэж тус тус тайлбарлан маргадаг.

 

Нэг. Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байрны зар нь гэрээ байгуулах санал мөн эсэх талаар.

 

Оюу толгой ХХК-иас зарласан Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байрны зар нь гэрээ байгуулах санал бус харин Хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавих этгээдийг сонгох урьдчилсан үе шат байна.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөлийг тусгасан байх шаардлагыг тавьсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.1 - 21.1.4 дэх заалтад хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хэмээн тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэх 25,000,000 төгрөгийг тооцон гаргахдаа эхнэр*******ын цалинг үндэслэн тооцож байгаа байдал, мөн зохигч талуудын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээс Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байрны үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг ажлын байрны зар-д тусгаагүй болох нь тогтоогдож байх тул Оюу толгой ХХК-ийн зүгээс гэрээний гол нөхцөлийг тодорхойлоогүй, улмаар Хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавиагүй гэж үзэхээр байна.

 

Хоёр. Хариуцагч Оюу толгой ХХК иргэн *******ыг ажилд авах үүрэг хүлээсэн эсэх талаар.

 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим тусгагдсанаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад хуулийн зорилго оршиж байгаа талаар дурджээ.

 

Хөдөлмөрийн гэрээний нэг тал болохынхоо хувьд ажил олгогч Оюу толгой ХХК нь хэнийг ажилд авах, хэнийг ажилд авахаас татгалзах буюу хөдөлмөрийн гэрээ байгуулах этгээдийг чөлөөтэй сонгох эрхтэй ба хөндлөнгийн аливаа бусад этгээд хэнийг ажилд авах, эс авах талаар ажил олгогчид хөндлөнгөөс нөлөөлөх учиргүй юм.

 

Учир нь, ажилтныг ажилд авч, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэнээр ажилтныг ажлаар хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох г.м. эрх зүйн үр дагавар буюу үүрэг, хариуцлага зөвхөн ажил олгогчид бий болно.

 

Иймд *******ыг ажилд авах, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх нь Оюу толгой ХХК-ийн эрхийн асуудал тул *******ыг заавал ажилд авах үүрэг хүлээхгүй юм.

 

Түүнчлэн, Оюу толгой ХХК болон ******* нарын хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт үүсээгүй учир Оюу толгой ХХК-иас цалин хөлс гэж 25,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Гурав. *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ялгаварлан гадуурхсан явдал мөн эсэх талаар.

 

Ажил болгон өөрийн гэсэн ялгарах онцлогтой учир ажилтан болгонд тавигдах шаардлага мөн өөр өөрийн онцлогтой байх нь зүйн хэрэг юм.

 

Монгол Улс 1969 оны 5 сарын 10-ны өдөр нэгдэн орсон Алагчлахгүй байх (Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн (2)-т Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг алигчилах хэмээх ойлголтод хамааруулахгүй хэмээн заасан нь ажлын байрны онцлогоос хамааран түүнд тавигдах шаардлага өөр өөр байж болохыг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Иймд Оюу толгой ХХК-ийг Эрүүл мэндийн суурь стандарт шаардлага О3 гэх стандартад заасан эрүүл мэндийн суурь шаардлагыг Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд тавьж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө хэмээн тус тус заасныг дурдах нь зүйтэй.

 

Дөрөв. Медика Монголия ХХК-ийн харьяа Сос Медика эмнэлгийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл бий эсэх талаар.

 

Сос Медика эмнэлгийн эмч *******гийн гаргасан Ажилтан нь уг ажилд эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Эрүүл мэндийн үзлэг хийн гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг ******* эмч өөрөө хүлээх бөгөөд зүрхний ачаалал даах чадвар шалгах сорил-ын дүнг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн *******ын зүрхний бичлэг-тэй харьцуулан дүгнэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, зүрхэнд тодорхой хэмжээний ачаалал өгсний дараа зүрхний цохилтыг хэмжин зүрхний ачаалал даах чадварыг шалгасан сорилыг зүрхэнд ачаалал өгөөгүй ердийн үед хийсэн зүрхний бичлэгтэй харьцуулах, энэ талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн болно.

 

Эцэст нь дүгнэхэд, *******ыг Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч-ийн ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь *******ын эрүүл мэндэд ирээдүйд тохиолдож болох эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байгаа хариуцагч Медика Монголия ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Шүүхийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлээгүй бөгөөд харин нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудын талаар гаргасан тайлбарыг үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 42.4-т нийцнэ хэмээн үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар Оюу толгой ХХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, Оюу толгой ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай, мөн Медика Монголия ХХК-д холбогдуулан гаргасан эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 282,350 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР