Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/02211

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/02211

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Ч / /-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: О ХХК / /,

Хариуцагч М ХХК / / нарт холбогдох

М ХХК-ийн Сос медика эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, О ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 25.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ч түүний өмгөөлөгч Т.С, хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч П.С, гэрч Г.М, нарийн бичгийн даргад Т.Дөлгөөн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

О ХХК нь тус компанийн Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна гэсэн зар гаргасны дагуу Ц.Ч миний бие О ХХК-иас зарласан ажлын байр болох аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилд орох өргөдөл гаргасан билээ.

Улмаар тус ажлын байранд тавигдсан дөрвөн төрлийн шалгуурт эхний шатаар нь орж тэнцсэн. Үүнд:

1.2017оны 4 сарын 06-нд өргөдөл, анкет СV буюу хувийн байдлын танилцуулга өгч тэнцсэн.

2.2017оны 4 сарын 11-нд өмнө хийсэн бүтээлүүдээ танилцуулж тэнцсэн.

3.2017 оны 4-р сарын 13-нд ажлын ярилцлаганд орж тэнцсэн

4.2017 оны 4-р сарын 17-ны өдөр аюулгүйн бүс сэдвээр видео шторк бэлтгэж, танилцуулснаар ажлын шалгуурт тэнцсэн тул дараагийн шатны шалгаруулалт болох эрүүл мэндийн үзлэгт орох эрхээ авсан.

2017 оны 4 сарын 21-нд эцсийн шалгуур болох эрүүл мэндийн үзлэгт СОС эмнэлэгт шинжилгээ өгч дуусмагц эмч шинжилгээний хариуг надад хэвлэн үзүүлж таны бүх зүйл эрүүл байна.

Та эрүүл мэндийн үзлэгт тэнцэх юм байна санаа зоволтгүй гэж хэлсэн. Энэ үед миний бие үнэхээр их баярлаж маш их итгэл найдвар урам зориг авч өөрийн бүх ах дүү хамаатан садандаа энэ тухайгаа хэлж баярлаж байсан.

Мөн би гэр бүлийн санхүүгийн хүрээнд маш олон зүйлийг төлөвлөж эхнээс нь хэрэгжүүлж эхлэх болсон. Учир нь тус компаниас зарласан ажлын байрны бүх шалгуурт өөрийн хүч хөдөлмөр авъяас чадвараараа тэнцсэн учир одоо зөвхөн ажилдаа орох л үлдлээ гэж бодож байсан. Мөн О ХХК-ийг шударгаар хуулийн дагуу ажилтнаа шалгаруулж авдаг юм байна гэдэгт итгэж байсан билээ.

Гэвч тус компани намайг дуудна гэсэн хугацаандаа дуудаагүй бөгөөд би шинжилгээний хариу О ХХК руу хүргэгдсэн эсэхэд санаа зовж СОС эмнэлэг рүү очтол О ХХК-иас чамайг битгий тэнцүүл гэсэн учир ажилд тэнцэхгүй гэсэн бичиг хийж явуулсан.

Учир нь чи хэт илүүдэл жинтэй /+100 кг/ гэж хэлсэн. Миний бие энэ байдлыг тодруулж О ХХК-д хүнд жинтэй хүмүүс ажилладаг эсэх талаар судлахад надтай адилхан хүнд жингийн олон хүн ажилладаг болох нь тогтоогдсон.

Уг үйлдэл нь миний хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төдийгүй Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэрэв илүүдэл жинтэй, том биетэй хүмүүсийг авахгүй байсан бол анхнаасаа ажлын байрны зар болон санал дээрээ энэ тухайгаа тодорхой зааж, ойлгомжтой болгох ёстой байсан. Ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ, өнөөдөр ДОХ-той ч байсан ажилд авах ёстой байхад намайг бүдүүн гээд ялгаварлан гадуурхаж байна.

Ийм байдлаар бусдыг хууран мэхэлж, төөрөгдүүлж болохгүй гэж үзэж байна. Энэ байдлаас Ц.Чминий бие өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл санааны гүн хямралд орж цаашдаа яаж ажиллаж хөдөлмөрлөж амьдрахаа ч мэдэхгүй байгаа бөгөөд бусдад маш ихээр доромжлогдсон мэдрэмжийг тээх болсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай шүүхэд гаргасан тайлбартаа МХХК-ийн харьяа эмнэлэг болох СОС Медика эмнэлгийн эмчийн гаргасан дүгнэлтэд ... иргэн Ц.Чнь 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар 100 кг байх үзүүлэлтийг хангаагүй тул уг ажилд эрүүл мэндийн хувьд тохирохгүй ба хийж гүйцэтгэх ажил нь эрүүл мэндийн хувьд ноцтой үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй... гэсэн байдаг.

Уг дүгнэлтийг гаргасан учир эрүүл мэндийн шалгуурт тэнцээгүй иргэнийг ажилд аваагүй гэсэн тайлбарыг гаргасан. Тухайн үед СОС Медика эмнэлгээс та эрүүл мэндийн шалгуурт тэнцсэн гэж хариу өгсөн үеэс нь эхлэн би өөртөө болон ажил олгогчид итгэлтэй байсан. Өмнөх дүгнэлтээ үгүйсгэн намайг хуурч мэхлэн дахин ийм дүгнэлт гаргасанд миний зүгээс гайхаж бас гомдолтой байна. Мөн СОС Медика эмнэлгийн эмчийн бичсэн 3 минутын аюулгүйн суух хязгаар 100 кг гэж хаанахын ямар стандарт дүрмийн дагуу гарсан дүгнэлт вэ гэдгийг ойлгохгүй байна.

Мөн 03 ангиллын ажлын байрны эрүүл мэндийн стандартыг үндэслэн гарсан дээрх дүгнэлт нь Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн, хүний эрхэд халдаж ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Хүний аюулгүйн суух хязгаарын стандарт гэж ямар бичиг баримт Монгол Улсад байдаг, ямар дүрэм журмаар зохицуулагдсан нь ойлгомжгүй байна.

Иймд МХХК-ийн Сос медика эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, О ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 25.000.000 төгрөг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. О ХХК нь ажилтан шалгаруулж авахдаа Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг баримталдаг ба хүний эрхийн талаарх Монгол Улс нэгдэн орсон конвенц зэргийг чанд дагаж мөрдөхийн зэрэгцээ иргэдийг ажилд авах шийдвэр гаргахдаа үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхдаггүй ба хүн бүрт адил тэгш боломж олгох зарчмыг баримталдаг.

Тус компани нь 2017 оны 4 дүгээр сард аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авахаар зарыг нээлттэй зарласан.

Уг ажлын зарын дагуу иргэн Ц.Чыг оролцуулан нийт 97 хүн ажилд орох өргөдөл ирүүлснээс 9 хүн тэнцэж нэг нь нэрээ татан авч хоёр дах шатны сонгон шалгаруулалтанд 8 хүн оролцсон. Энэ 8 хүнээс өөрсдийнх нь хийсэн бүтээлийг авч шалгаруулаад дараа нь эхний 4 хүнийг ярилцлагад оруулсан.

Үүний дараа тодорхой нэг сэдэв өгөөд бүтээл хийлгэж жагсаахад нийлбэр дүнгээрээ Ц.Чнэгдүгээрт байсан тул О ХХК-ийн Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн Ц.Чыг эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт оруулсан болно.

СОС Медика эмнэлгийн эмч тухайн ажилд тохирох эсэх талаарх зөвлөмж тайландаа иргэн Ц.Чнь 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар 100 кг-аас доош байх үзүүлэлтийг хангаагүй тул ажилд эрүүл мэндийн хувьд тохирохгүй ба хийж гүйцэтгэх ажил нь эрүүл мэндийн хувьд ноцтой үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

О ХХК-ийн Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журамын 11.2.1-т Зөвхөн сонгон шалгаруулалтын үйл явц дууссаны дараа ажлын санал тавьж болно. Үүнд ажилд авахын өмнөх үзлэг, магадлагаа эмнэлгийн үзлэг, ажил байдлын тодорхойлолт болон бусад шалгуураар гарсан нааштай үр дүнг хамруулж болно гэсэн байгаа юм. Эрүүл мэндийн үзлэг нь сонгон шалгаруулалтын нэг байсан.

Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байр нь О ХХК-ийн уурхайн талбай дээрх олборлох болон боловсруулах үйлдвэрээр явах, үйлдвэрийн шатаар өгсөж уруудах, зэрэг биеийн хүчний хөдөлгөөн ихээр хийх бөгөөд дуу чимээ, халуун хүйтний нөлөөлөл гэх мэт хөдөлмөрийн эрүүл мэндийн осол аюулд өртөж болзошгүй ажлын байр юм.

Бид О ХХК-ийн ажилтнууд болон өргөдөл гаргагчдын амь нас, эрүүл мэндэд ямар нэг хор хөнөөл учруулахгүй байхын тулд холбогдох бүх бодлого, журам, стандартыг дагаж мөрдөх шаардлагатай болдог.

Түүнчлэн Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах эсвэл давуу тал олгох үйлдлийг алагчлах хэмээх ойлголтонд хамааруулахгүй гэсэн заалтад О ХХК-ийн Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам болон холбогдох стандарт нь нийцэж байгаа болно.

Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй иргэний дээрх ажлын байранд шалгаруулж авсан тохиолдолд тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байрны сонгон шалгаруулалтанд Ц.Чнь тэнцээгүй болно.

Тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т зааснаар гэрээний санал гаргах дуудлага юм. Энэ нь нэхэмжлэгч Ц.Чтай зайлшгүй гэрээ байгуулах санал биш тул О ХХК түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хүлээгээгүй.

Иргэний хуулийн 195.1-т зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.

Энд заасан хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэх гэдэг нь тухайн гэрээний саналд нь гэрээний гол нөхцлийн тухай тусгасан байхыг шаарддаг.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тодорхойлж өгсөн. Түүнд албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл гэж хуульчилсан байдаг. О ХХК-ийн зүгээс гэрээний гол нөхцлүүдийг агуулсан гэрээ байгуулах саналыг Ц.Чад хандаж илэрхийлж байгаагүй.

Гэрээний саналын дуудлага нь тодорхой бус этгээдүүдэд хандаж гаргасан байдгаараа гэрээ байгуулах саналаас ялгаатай. О ХХК ажлын байрны зарыг Ц.Чад зориулж, хандаж, илэрхийлээгүй буюу нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан тул гэрээ байгуулах санал биш юм.

О ХХК, Ц.Чнарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учраас цалин хөлс төлөх үүрэг хүлээгээгүй.

Үндсэн хуулийн 16.4-т Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан.

Энэ эрхийн агуулгад ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх чөлөө буюу Ц.Чын зүгээс хэд хэдэн мэргэжил сонгох, тэдгээрийг нэгэн зэрэг эрхлэх эрх хамааралтай. О ХХК-ийн зүгээс олж авсан мэргэжлээ, хүссэн ажлаа чөлөөтэй сонгож ажилд орох хүсэлт гаргах эрхийг нь ямар нэгэн байдлаар өөрийн үйлдэл, эс үйлдлээр хориглож, хязгаарлаагүй. Ц.Чын хувьд олж авсан мэдлэг ур чадварын хүрээнд цаашдаа мэдлэг боловсролоо олж авах, сургуулиа сонгох эрхэнд О ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар халдсан зүйл байхгүй.

Ц.Чэрүүл мэндийн үзлэгт тэнцсэн бол ажлын санал тавьж болох байсан. Тухайн сонгон шалгаруулалтад мэргэжлийн хувьд тэнцсэн ч гэсэн эрүүл мэндийн үзлэг нь сонгон шалгаруулалтын нэг хэсэг байсан учраас эрүүл мэндийн үзлэгээр ажлын байранд нийцэхгүй гэдэг нь тогтоогдсон.

О ХХК гадаад байдлаар нь аливаа этгээдийг ялгаварлан гадуурхдаггүй, Ц.Чыг харагдах байдлаар нь, тарган гэдгээр нь энэ ажлын шалгуурт тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргаагүй. О ХХК тай гэрээтэй ажилладаг СОС Медика эмнэлэг ажилд орохоос өмнө тус байгууллагын журамд зааснаар урьдчилсан үзлэг хийж энэ ажлын байранд Ц.Ч тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд Ц.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

О ХХК-иас 2017 оны 4 сарын 21-ний өдөр тус компанид ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн дөрвөн хүнийг манай эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр оруулах хүсэлт тавьсан ба эдгээр хүмүүсийн дотор иргэн Ц.Чбагтаж байсан болно.

Ц.Чын сонирхож байсан ажлын байр нь О ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангилалд хамрагдаж байгааг тус компаниас ирүүлсэн хүсэлтэд дурдсан байв.

Үзлэгээр Ц.Чын биеийн өндөр нь 184 см, жин нь 125 кг байсан.

Зүрхний ачааллын сорилын шинжилгээгээр түүний зүрхний цохилт нэг минутад 120 удаа цохилж байсан нь тогтоогдсон болно.

Харин цус болон шээсний шинжилгээ, нүд, сонсголын зэрэг бусад шинжилгээ, сорилууд хэвийн гарсан.

Зүрхний ачааллын сорилыг анагаахын шинжлэх ухаанд дараахь аргачлалаар хийдэг.

а. сорилд хамрагдаж байгаа хүнийг тусгайлан бэлдсэн 30 см-ийн өндөр бүхий шат буюу тавцан дээр хоёр хөлөөрөө гарч, буух үйлдлийг 3 минутын туршид хийлгэсний дараа 1 минут амраагаад зүрхний цохилтыг нь тоолж үзнэ.

б. ийнхүү тоолж үзэхэд, тухайн хүний зүрхний цохилт нь эрэгтэй хүний үвьд нэг минутад 79-өөс доош цохилж байвал онц, 79-89-ийн хооронд бол сайн, 90-99 байвал дунджаас дээш, 100-105 бол дундаж, 106-116 бол дунджаас доош, 117-128 бол муу, 128-аас дээш бол онц муу гэж дүгнэдэг болно.

О ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангиллын шалгуур нь ажилтны биеийн жин 100 кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байхыг шаарддаг болно.

Анагаахын шинжлэх ухаанд хүний зүрхний ачааллын сорилын үр дүн нь дундаж түвшин буюу дунджаас дээшхи үзүүлэлттэй /өөрөөр хэлбэл, зүрх нь нэг минутад 105-аас бага удаа цохилж байх/ байвал түүний зүрхний үйл ажиллагааг хэвийн гэж үздэг.

Гэтэл Ц.Чын хувьд биеийн жин 125 кг, зүрхний ачаалалын сорилын дүн муу гэсэн үзүүлэлттэй гарсан тул түүний биеийн эрүүл мэндийн байдал О ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангилалын шалгуур үзүүлэлтийг хангахгүй буюу тухайн ажлын байранд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт хийсэн.

Эмчийн дүгнэлт нь иргэн Ц.Чын тухайн үеийн эрүүл мэндийн шинжилгээний объектив үзүүлэлтүүдэд тулгуурлаж хийгдсэн, аливаа субъектив шинжгүй, үнэн, зөв дүгнэлт гэдгийг батлан хэлэхийн хамт түүний амь нас, эрүүл мэндийг ирээдүйд гарч болзошгүй аливаа эрсдлээс хамгаалсан үйлдэл юм.

Би Ц.Чад энэ дүгнэлтээ танилцуулахдаа, түүний эрүүл мэндэд цаашид учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор нарийн мэрэгжлийн эмчид хандан зөвлөгөө авах, биеийн жингээ хасах, хөдөлгөөнөө нэмэгдүүлэхийг зөвлөсөн юм

Эрүүл мэндийн дээрх дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хүний их эмчийн тангарагаа баримтлан, Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх хэсэгт заагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх гэсэн эмнэлгийн мэргэжилтний үүргийн дагуу Ц.Чын эрүүл мэндэд цаашид учирч болзошгүй эрсдлээс хамгаалах чин зорилгыг эрхэм болгосон.

Харин нэхэмжлэгч Ц. Ч нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан Иргэн эрүүл мэндээ хамгаалах үүргээ ягштал биелүүлэх тухайлбал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заажээ. Тэгвэл, миний гаргасан Ц.Чын эрүүл мэндийн талаарх дүгнэлт нь түүний чухам ямар эрхийг зөрчсөн болох нь ойлгогдохгүй байна. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах эрхтэй болохыг заажээ.

Тухайлбал: эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх, өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах, халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах, хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах, хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах гэсэн 7 төрлийн эрхийг хуульчилсан байна.

Ц.Чын эрүүл мэндийн тухай дүгнэлтэд дээр дурдсан 7 төрлийн эрхийн нэгийг ч зөрчөөгүй бөгөөд харин түүний эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалсан болно.

Миний хийсэн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгээр Ц.Чын зүрхний ачааллын сорилын шинжилгээний үр дүн нь муу гэсэн үзүүлэлттэй гарч тухайн ажлын байрны эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтэд нийцээгүй болно.

Хэрэв Ц.Чын зүрхний ачааллын сорилын үр дүн хэвийн гарсан бол түүнийг эрүүл мэндээр тухайн ажилд тохирно гэсэн эмчийн дүгнэлт гарах байсан.

О ХХК-ийн Ажлын байрны эрүүл мэндийн стандартын Оффист ажиллах ажилтан Аюулгүй суух хязгаар 100 кг аас доош гэсэн шаардлага нь хүнийг биеийн жингээр ялгаварлах бус харин 100 кг аас дээш жинтэй хүнд түүний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажил олгогч суудлын нэмэлт бэхэлгээ хийж өгөхийг зааж өгсөн хүний эрхийг хамгаалсан заалт юмаа.

Иймд иргэн Ц.Чын МХХК-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Г.Мандах-Оргилын мэдүүлгийг сонсов.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаарддлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ц.Чнь хариуцагч О ХХК болон МХХК-д холбогдуулан МХХК-ийн Сос медика эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, О ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            О ХХК-ийн захирлын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар Компанийн дотоод журмын Иргэдийг авч ажиллуулах журам гэсэн 1 дүгээр хэсгийн Сонгон шалгаруулалтын ерөнхий зарчим гэсэн зүйлээс Ажилтны үүрэг хариуцлага хүртэлх зүйлүүдийг хүчингүй болгож, ХН-А2.1: Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын /тухай бодлого/ журам- ыг баталжээ./3-р хх-ийн 27-р хуудас/

            Хариуцагч О ХХК-ийн ХН-А2.1: Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам-ын

            4. Сонгон шалгаруулалт явуулах аргачлал гэсэн хэсэгт: Сул ажлын байранд шинээр ажилтан авахдаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын журмыг баримтлахыг зөвлөх ба онцгой тохиолдолд шууд томилж болно гэж,

            4.1. О ХХК дах дийлэнх нээлттэй ажлын байранд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үйл явцын дагуу ажилтан шалгаруулж авна.

            Сонгон шалгаруулалтыг тухайн ажлын байрны онцлог шаардлагад тохирсон байдлаар явуулах боловч дараах ерөнхий үйл явцыг баримтална. Үүнд

            а.ажлын байрыг нээлттэй зарлах /компани дотроо болон олон нийтэд эсвэл аль аль нь/

            б.өргөдлийн материал хүлээж авах

            в.өргөдөл гаргагчийг эхний байдлаар шигших

            г.сонгон шалгаруулалтын тохирох арга хэрэгслүүдийн тусламжтайгаар ажилд өрсөлдөгчийн давуу талыг олж тодорхойлох

            д.бусдаас давуу өрсөлдөгчийг сонгох

            е. Ажилд орохын өмнөх үзлэгт, шалгалтад хамруулах

            ё.албан ёсоор ажлын санал хүргүүлэх гэж,

            Мөн журмын 7.5. Ажилд авахын өмнөх үзлэг, шалгалтанд хамруулах хэсэгт: Ажилд авахын өмнөх шатны төрөл бүрийн үзлэг шалгалтыг /сэтгэн бодох чадварын шалгалт гэх мэт/ компанийн үнэлгээ хийх бодлогод заасны дагуу явуулна гэж,

            10.Ажилд авахын өмнөх үзлэг, магадлагаа хэсэгт: ... Тохиромжтой гэж үнэлэгдсэн ажилд өрсөлдөгч нь О ХХК-ийн одоогийн ажилтан биш, эсвэл ажилтан хэдий ч одоогийн ажлаасаа илэрхий ялгаатай албан тушаал, ажлын байршилд шилжихээр өргөдөл гаргасан бол бусад төрлийн шаардлагатай ажилд авахын өмнөх үзлэг, магадлагааг хийнэ. Тухайлбал уурхайн талбар дахь ажлын байранд томилох бол эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагатай байж болно гэж тус тус заажээ. / 2-р хх-ийн 166-187-р хуудас/

            Дээрх журамд Ажилд орохын өмнөх үзлэг шалгалтыг /сэтгэн бодох чадварын шалгалт гэх мэт/ компанийн үнэлгээ хийх бодлогод заасны дагуу явуулах, ажилд авахын өмнөх үзлэг, магадлагааг ажилтныг уурхайн талбар дахь ажлын байранд томилох бол эмнэлгийн үзлэгт хамруулах шаардлагатай байж болно гэснээс үзэхэд Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байран дахь ажилтанг 100% уурхайн талбарт ажиллах тул эрүүл мэндийн үзлэгээр тухайн ажилд тохирохгүй гэж дүгнэснийг ойлгох боломжгүй байна.

            Ажил олгогч О ХХК нь дээрх журамд заасны дагуу Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд нэг ажилтан шалгаруулж авах тухай зарыг нээлттэй зарлан, нийт 97 иргэний өргөдөл, материалыг хүлээн авч, эхний байдлаар шигшиж Э.Батмөнх, Ц.Ч, С.Эрдэнэбат, Э.Батцолмон, Б.Түвшинтулга, Б.Ариунбилэг, Ч.Ганболд, Д.Нямдаваа, Б.Энхболор нарын 9 хүн үлдсэнээс 1 нь өөрийн хүсэлтээр дараагийн шалгалтанд орохоос татгалзаж, үлдсэн 8 өрсөлдөгчийн давуу талыг олж тодорхойлох зорилгоор тэдний өөрсдийнх нь хийсэн танилцуулга, анимэйшн, мультмедиа зэрэг бүтээлийг шалгаруулахад Ц.Ч, Ч.Ганболд, Э.Батцолмон, Э.Батмөнх нарын 4 өрсөлдөгч үлдэн, дараагийн шалгаруулалт болох ярилцлагад оржээ./1-р хх-ийн 6, 3-р хх-ийн 1-18, 29, 30, 2-р хх-ийн 249, 250-р хуудас/

            Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажил горилогч Ц.Ч, Ч.Ганболд, Э.Батцолмон, Э.Батмөнх нарын 4 иргэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ярилцлагад орж Ц.Чнэгдүгээрт орсон байна.

            Ярилцлагад эхний байранд эрэмблэгдсэн ажил горилогчийг ажилд тохирох боломжтой ажилтан гэж үзэн ажилд орохын өмнөх эмчийн үзлэгт орохыг асууж болно гэжээ./2-р хх-ийн 249,250-р хуудас/

            Сонгон шалгаруулах хорооны гишүүн Ч.Наранцогт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус байгууллагын боловсон хүчин Л. Мөнх-Оргилд шалгаруулалтын явцыг мэдээлэхдээ: ... ярилцлагын дараа хүмүүсдээ тодорхой сэдвийн хүрээнд мультмедиа танилцуулга хийх даалгавар өгөх бөгөөд үр дүнд нь үндэслэн бид шийдвэрээ гаргана гэжээ. / 3-р хх-ийн 29-30-р хуудас/

            О ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтсийн менежер Л.Мөнх-Оргил 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр МХХК-ийн Сос медика эмнэлэгт Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч Ц.Чыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулах хүсэлтийг явуулж, маягтыг хавсралтаар хүргүүлжээ./3-р хх-ийн 31,32, 1-р хх-ийн137-145,159-170-р хуудас/

            Энэ бүхнээс дүгнэхэд хариуцагч О ХХК нь тус сонгон шалгаруулалтыг ХН-А2.1: Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам-ын дагуу явуулсан байх бөгөөд 97 ажил горилогчоос уг журмын 4.1-т заасан бүх шалгаруулалтыг явуулсаны эцэст эхний байранд Ц.Чорж цорын ганц ялагч болсон нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./ 1-р хх-ийн 6,137-145,159-170, 3-р хх-ийн 1-18, 29-32, 2-р хх-ийн 249, 250-р /

            О ХХК-ийн гадаргын талбай, оффисын ажилтны Эрүүл мэндийн суурь стандарт шаардлага 03-т ажилтны биеийн эрүүл мэндийн суурь шаардлагыг:

            -эрүүл мэндийн хувьд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой

            -хүнд машин механизм аюулгүй суух хязгаар < 120 кг

            -оффист ажиллах ажилтан аюулгүй суух хязгаар < 100 кг / эсвэл суудлын бэхэлгээ шаардлагатай/

            Зүрх судасны үйл ажиллагаа: Зүрх судасны ноцтой, тогтворгүй өөрчлөлт бий болоогүй байх гэжээ./1-р хх-ийн 111-р хуудас/

            МХХК-ийн Сос медика эмнэлэг нь маягтын дагуу Эрүүл мэндийн үзлэгийн анкет болон Эрхтний үйл ажиллагааны чадавхийн үнэлгээг бөглөж, аюулгүй суудлын хязгаар100 кг-аас бага байх /оффист суурилсан ажилд/, 3 минутын алхалтын тест Муу /120/ тул тухайн ажилд тохирохгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. /1-р хх-ийн166,170-р хуудас/

            Хариуцагч МХХК-ийн Сос медика эмнэлэг нь Ц.Чын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох үүрэгтэй боловч түүнийг тухайн ажилд тохирохгүй гэсэн дүгнэлтийг гаргах эрхгүй юм.

            О ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээний загвар, түүний хавсралт болох Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байрны тодорхойлолтод ажилтны эрүүл мэнд, бие бялдрын талаар тусгайлсан нөхцөл тусгагдаагүй байна./1-р хх-ийн 106-109, 2-р хх-ийн 163-165-р хуудас/

            Мөн О ХХК-иас зарласан Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байрны зард ажлын байрны үндсэн зорилго нь ажилтнуудад зориулсан сургалт явуулах, сургалтын багц материал төлөвлөн боловсруулах, төрөл бүрийн программ хангамж, ашиглан технологид суурилсан байдлаар сургалтуудыг дахин зохион байгуулахад тэргүүлэн оролцоход оршино гэсэн байх бөгөөд уг зард ажилтны эрүүл мэнд бие бялдарт тавигдах онцгой шаардлагын талаар тусгаагүй байхад иргэн Ц.Чын биеийн жин 125 кг, зүрхний цохилт 120, уг ажлын байранд тохирохгүй гэж дүгнэсэн эмнэлгийн дүгнэлт болон уг үзүүлэлтээр түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан нь ойлгомжгүй юм.

            Иймд О ХХК-ийн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт, Үйлдвэрлэл, үйл ажилланааны сургалтын хэлтэст Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авах тухай сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс эхний байранд шалгарсан цорын ганц ялагч Ц.Чыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр биеийн жин 125 кг, зүрхний цохилт 120 тул тухайн ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаснаар түүнийг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж үзэх үндэсгүй.

О ХХК нь өөрийн хүсэл зоригоо бодитойгоор хангалттай, тодорхой илэрхийлэн Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авах тухай зар гаргаж байгааг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.-т заасан гэрээ байгуулах санал гаргаж, гэрээ байгуулах саналд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-т заасан ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн зорилго, үүрэг даалгавар, тавигдах шаардлага зэргийг тусгасаныг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2.-д зааснаар гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан гэж үзнэ.

Мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.5.-д Гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ, эсхүл саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй гэсэн байх тул О ХХК нь гэрээ байгуулах саналаасаа татгалзах эрхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэжээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэжээ.

Иймд О ХХК-иас гаргасан гэрээ байгуулах саналын дагуу сонгон шалгаруулалтын цорын ганц ялагч Ц.Чад сонгон шалгаруулалтын 1 дүгээрт орсон тул эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийн хүсэлтийг МХХК-ийн Сос медика эмнэлэгт хүргүүлсэн өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр О ХХК болон Ц.Чнарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох үндэстэй.

Иймд Ц.Чыг О ХХК-ийн Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилох үндэстэй.

            Харин МХХК-ийн Сос медика эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь О ХХК-ийн Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамт шийдэгдэх асуудал байх тул тус эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэжээ. Иймд Ц.Чнь тухайн ажлын байранд томилогдож, ажил хөдөлмөр эрхэлсний дараа цалин олговор авах үндэстэй байх тул цалинтай тэнцэх нөхөн олговорт 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            О ХХК-ийн Ажил үүрэг гүйцэтгэхэд тавигдах үндсэн шаардлага, эрүүл мэндийн суурь стандарт 03 /Гадарга, ил уурхайн талбай оффисын ажилтан/ гэдэгт -эрүүл мэндийн хувьд ажил үүргээ хэвийг гүйцэтгэх боломжтой

            -хүнд машин механизм аюулгүй суух хязгаар < 120 кг

            -оффист ажиллах ажилтан аюулгүй суух хязгаар < 100 кг / эсвэл суудлын бэхэлгээ шаардлагатай/

Санамж: Ажлын байрны нөхцлийн дагуу машин төхөөрөмж жолоодох шаардлагатай бол нойргүйдэл, чихрийн шижин, таталт, зүрхний үйл ажиллагаа, жин гэх мэт үзүүлэлтийг шаардана. /хувийн машин эзэмшигчид тавигдах эрүүл мэндийн шаардлагын дагуу/... гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4.-т Монгол улсын иргэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй гэжээ.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын

            23 дугаар зүйлийн 1. Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй гэж ,

            2 дугаар зүйлд Хүн бүр энэ тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой гэж тус тус заажээ.

            Дээрх заалтаас үзэхэд хариуцагч О ХХК нь Эрүүл мэндийн суурь стандартад заасан /нэхэмжлэгчийн биеийн жин 125 кг байсан, зүрхний ачааллын сорилд зүрхний цохилт 120 байсан зэргийг/ нөхцлийг шалгуур болгосон нь Хүний эрхийн тунхаглалд заасан хүн бүр энэ тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг бусад байдлын ялгааг /биеийн жин зүрхний цохилтыг/ эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой гэснийг зөрчжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

            7.2.Хөдөлмөрийн харилцаанд ... давуу байдал тогтоохыг хориглоно.гэсэн байхад Хөдөлмөрийн харилцааны нэг тал болох ажил олгогч О ХХК нь давуу байдал тогтоосон гэж үзнэ.

Ялгаварлан гадуурхахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 1.1.-ийн

а.арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, ундэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх, эсхүл зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлан гадуурхах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг ялгаварлан гадуурхах гэсэн нэр томъёонд хамаарна гэж,

2 дугаар зүйлийн 2-ын

d.ажил олгогч аливаа хүний... ажлын нөхцлийг тодорхойлохдоо ялгаварлан гадуурхах аливаа үйлдлийг гаргахгүй буюу дэмжихгүй бөгөөд энэхүү зарчмыг хэрэгжүүлэхэд аливаа хүн, байгууллага ажил олгогчтой хамтран шууд болон шууд бусаар саад учруулах, эсхүл зөрчиж болохгүй гэж тус тус заажээ.

Иймд О ХХК-ийн баримталдаг Ажил үүрэг гүйцэтгэхэд тавигдах үндсэн шаардлага, эрүүл мэндийн суурь стандарт 03 -ыг хууль болон Олон улсын Конвенцийн зохих заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч О ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.,-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Ц.Чыг О ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилж, МХХК-ийн Сос медика эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

     1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ч-ыг О ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилохыг даалгаж, МХХК-ийн Сос медика эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО