Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 07

 

                                 Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, 

Н.Гарамзагд нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох  даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ө.Халиунаа, прокурор Б.Ганбаатар, хохирогч Ж.Золзаяа, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Ариун-Эрдэнэ, шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд, тэдний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүгдэгч  Б.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүгдэгч Б.Мөнхдэлгэр, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Б.Содболд нарыг оролцуулан хийж Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Золзаяа, шүүгдэгч Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, шүүгдэгч Б.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын давж заалдах гомдлоор Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд нарт холбогдох 201607000143 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдөр шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суудаг, ял шийтгэлгүй, ДБ75102619 регистрын дугаартай, Тугчин овогт Ширхүүгийн Нохойцагаан,

Монгол Улсын иргэн, халх, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суудаг, ял шийтгэлгүй, ДБ98010116 регистрийн дугаартай, Тугчин овогт Нохойцагааны Гарамзагд,

Монгол Улсын иргэн, халх, 1979 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суудаг, ял шийтгэлгүй, ДБ79040811 регистрийн дугаартай, Тугчин овогт Баатарын Алтангэрэл,

Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суудаг, ял шийтгэлгүй, ДБ83012516 регистрийн дугаартай, Тугчин овогт Бямбацэрэнгийн Мөнхдэлгэр,

Шүүгдэгч Ш.Нохойцагаан нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Х.Мөнхбатыг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.Мөнхдэлгэртэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.Алтайбаатарыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн зодож танхайрсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй өөрийн хүүхэд Н.Гарамзагдад жолоогоо шилжүүлсний улмаас Н.Гарамзагд нь тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийх явцад иргэн Х.Мөнхбатын амь насыг хохироосон,

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.Мөнхбатыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэр нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.Нохойцагаантай бүлэглэн иргэн С.Алтайбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Н.Гарамзагд нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрийн гадаа өөрийн эцэг Ш.Нохойцагааны 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а-д заасан Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 7 дугаар бүлгийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөнөөс иргэн Х.Мөнхбатыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

 Анхан шатны шүүх шүүгдэгч Тугчин овогт Ширхүүгийн Нохойцагааныг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрахыг завдсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хүгацаагаар хасч, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн  хуулийн  57  дугаар  зүйлийн  57.1   дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ш.Нохойцагаанд  Эрүүгийн  хуулийн  60  дугаар  зүйлийн  60.3  дахь  хэсэгт  заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн  52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн   хуулийн   59   дүгээр   зүйлийн   59.1   дэх   хэсэгт   зааснаар   ялтан Ш.Нохойцагааны цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн   хуулийн   48  дугаар   зүйлийн   48.2  дахь   хэсэгт зааснаар   ялтан Ш.Нохойцагааны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Тугчин овогт Баатарын Алтангэрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн   хуулийн   59   дүгээр   зүйлийн   59.1   дэх   хэсэгт   зааснаар   ялтан Б.Алтангэрэлийн цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Тугчин овогт Бямбацэрэнгийн Мөнхдэлгэрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Тугчин овогт Нохойцагааны Гарамзагдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн   хуулийн   48  дугаар   зүйлийн   48.2  дахь   хэсэгт   зааснаар   ялтан Н.Гарамзагдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Гарамзагдаас оршуулгын зардал 7.802.700/долоон сая найман зуун хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Золзаяад олгож, хохирогч Ж.Золзаяагийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 61.099.831/жаран нэгэн сая ерөн есөн мянга найман зуун гучин нэг/төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ж.Золзаяа давж заалдах гомдол тайлбартаа: Миний бие 2017 оны 03 сарын 30 өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна.

2016 оны 09 сарын 22 өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт бусдын гарт миний нөхөр Х.Мөнхбат амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн үнэн мөн чанарыг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс үнэн мөнөөр шалгаж хэргийг эцэслэн шийдэж өгнө гэж найдаж байсан ч уг хүсэл минь талаар болсон. 

Тухайн өдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар нь эрднэт хүний амь нас хохирсон байхад үл оошоож өөрөө өөрсдийгөө өмгөөлж хамгаалж байсан. Ялтан Алтангэрэл нь миний нөхөрийг зодож уг маргаан эхлүүлсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Нохойцагаан Гарамзагд нар нь өөрийн машинаараа хүн дайрсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй бусадруу гүтгэж байгаа байдлаас үзэхэд энэ хүмүүс гэмшиж харамссан шинж огт байхгүй байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр хүмүүст тухайн төрлийн гэмт хэрэгт ононгдуулж болох хамгийн доогуур ял буюу 3 жилийн ял оногдуулсан нь ял шийтгэл хөнгөдсөн гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Холбогдогч нар ямар нэгэн байдлаар хохирол төлөх талаар ямар ч алхам хийгээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшээгүй байхад анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон болоод хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдож байна.

 

Анхан шатны шүүх хохирлын баримтуудаас 1.099.850 төгрөгийн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй, банкны зээлийн 59.999.980 төгрөг нийт 61.099.831 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүгдэгч Б.Алтангэрэл давж заалдах гомдол тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 22-нд хүргэн Э.Мөнхбаатартай адууны засаа идэхээр Х.Лхагвадорж эхнэрийн хамт, М.Баярмагнай эхнэрийн хамт, С.Алтайбаатар эхнэрийн хамт, талийгаач залуу нар ирсэн. Тэгэхэд талийгаач залуу наймайг чи кемп дээр 3000 төгрөг нэхээд яваад байсан залуу байна гээд байсан. Бид маргалдаад барилцаж аваад, бид 2 эвлэрээд талийгаач би хүн андуурсан байна гээд гар бариад салсан. Адууны засаа идээд манай гэрт орж цай, хоол идээд сууж байхад талийгаач дахиад чи 3000 төгрөг нэхээд яваад байсан залуу мөн байна гээд миний ам руу салаавч хийгээд бид босж ирээд намайг гэрээс аваад гарсан юм. Би талийгаачид амь насанд нь аюултай гэмтэл учруулахаар зодоон болоогүй, тухайн үедээ маргалдаж муудалцсан энэ миний буруу.

Миний бие ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. Тухайн үед манайд байсан бүгд хүмүүс архи уусан байсан. Ийм хэрэг гарсанд маш их харамсаж байгаа. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөөч гэв.

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэр давж заалдах гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүхээс надад 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн С.Алтайбаатарыг  зодож  хөнгөн   зэргийн   гэмтэл  учируулсан   гэм   буруутай   гэж  үзэж, Эрүүгийи хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. 181.2.5 дахь хэсэгт зааснаар  3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон.

Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа төдийгүй хүнд эрх чөлөө агаар ус мэт хэрэгтэй байдгийг ухамсарлан ойлгож байна. Би гэмээ ухаарч,  хохирогч С.Алтайбаатартай ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр хохиролд нийт 3.500.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Хохирогч С.Алтайбаатар ах хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй бид сайн дураар эвлэрсэн гэсэн өөрийн хүсэлтийг нотриатаар батлуулж өгсөн.

Цаашид  миний   бие дахин   гэмт хэрэгт  холбогдохгүй. Мөн гэр бүлтэй болоод удаагүй байсан. Айл гэрийн сайн хань, сайн аав байж чадна.  Хийсэн  үйлдэлдээ  маш   их гэмшиж байгаа. Миний эрхийг хязгаарлаж хорихгүйгээр нийгэмдээ төлөвшиж, хөмүүжих боломж олгож, надад оногдуулсан ял шийтгэлийг тэнсэн харгалзаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэв. 

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдол тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг бөгөөд хохирогч С.Алтайбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бодитоор учирсан гэм хорын хохиролын баримтыг гаргаж өгөөгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа Б.Мөнхдэлгэр болон түүний ар гэрийхэн хохирогч С.Алтайбаатартай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хохиролыг төлж барагдуулсан. Хохирогч С.Алтайбаатар нь хохирол төлөгдсөн. Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй бид сайн дураар эвлэрсэн гэсэн өөрийн хүсэлтийг нотриатиар батлуулж хийж өгсөн. Б.Мөнхдэлгэрийн хувьд төлөв даруу, нийтэч бусдад тусархаг, гэр бүлтэй болоод удаагүй, бага насны хүүхэдтэй залуу малчин иргэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй гэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн харгалзаж, нийгэмдээ төлөвшиж хөмүүжих боломжийг олгож, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв. 

Шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол тайлбартаа: Шийтгэх тогтоолд ...Ш.Нохойцагаан нь орж ирмэгцээ яахаараа та нар миний ахын гэрийг нураадаг юм гэж хэлээд талийгаач X.Мөнхбатыг нүүрэн тус газар нь 2 удаа мөргөсөн болох нь  тогтоогдсон гэж дүгнэжээ.

Гэтэл гэрч нарын мэдүүлэгт Ш.Нохойцагаан нь гаднаас орж ирмэгцээ “Яахаараа та нар миний ахын гэрийг нураадаг юм.” гэж хэлээд талийгаач X.Мөнхбатын нүүрэн тус газар нь 2 удаа мөргөж, хохирогч Алтайбаатарыг гэрээс дагуулан гарч зодож байгаа талаар огт дурдаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ш.Нохойцагаан нь Алтангэрэлээс ах болох нь тогтоогдсон бөгөөд Нохойцагаан нь дүү хүнийг миний ахын гэрт гэж хэлэх үндэслэлгүй юм. 

Тиймээс шийтгэх тогтоолын "...тогтоогдож байх тул догшин авирлаж танхайрсан гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь шүүх бүрэлдэхүүн гэрчийн мэдүүлгүүдийг 1 хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар үнэлэх биш өөрсдийн хийсвэр дүгнэлтэндээ үндэслэн Нохойцагааны үйлдэл холбогдлыг тогтоож гэм буруутайд үндэслэлгүйгээр тооцсон байгаа нь харагдаж байна.

Шийтгэх тогтоолд "Дээрхи маргаан зодоон болж байхад шүүгдэгч Ш. Нохойцагааны төрсөн хүүхдүүд болох Н.Гарамзагд , Н.Түвшинжаргал нар нь аавыгаа авах зорилгоор тухайн газар мотоцикль унаж ирсэн бөгөөд шүүгдэгч Н.Гарамзагд нь өөрийн төрсөн эцэг шүүгдэгч Ш.Нохойцагааныг авч явахдаа түүний унаж ирсэн 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож улмаар ухрах хөдөлгөөн хийх явцдаа талийгаач X.Мөнхбатын амь насыг хохироосон болох гэрч Д.Батцэнгэл, Б.Атарцэцэг, Э.Мөнхбаатар нарын мэдүүлгүүдээр батлагдаж байна гэжээ. 

Гэтэл тухайн үйлдлийг анх харсан гэрч Д.Батцэнгэлийн мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн Н.Гарамзагд нь ухрах үйлдэл хийхдээ талийгаач Мөнхбатыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт шууд нотлох баримтаар үнэлээд байгаа нь өөрөө хууль зөрчиж байна.

Учир нь: Б.Атарцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Гэрт Батцэнгэл бид 2 унь өлгөөд үлдсэн би гэрээс гархад, Нохойцагааны машины бөгсний гэрэл асаад явж байсан талаар мэдүүлдэг гэтэл Атарцэцэг Нохойцагааны машин хөдлөх үед Батцэнгэл гэрээс гараагүй гэрт байсныг гэрчлэхээс гадна гэрч Батцэнгэл нь мөрдөн байцаалтын шатанд хууль сануулсаар байхад худад мэдүүлэг өгч байгааг давхар нотолж байна.

Түүнээс гадна Нохойцагаантай хамт ирсэн гэх Эрдэнэбаатарын “Нохойцагааны машин хөдлөөд явсан. Гэрт ороход Батцэнгэл болон бусад хүмүүс гэрт байсан” гэсэн мэдүүлэг,

Мөнхбадрахын “Нохойцагааны машин хөдлөөд явахтай зэрэгцээд би гэрт ороход Батцэнгэл гэртээ байсан” талаарх мэдүүлэг зэргээр Батцэнгэл нь худал мэдүүлэг өгч бусдыг гэм буруутай болохыг гүтгэж байгаа нь нотлогдож байсан.

Э.Мөнхбаатар, Атарцэцэг нар нь “Нохойцагаан ухрахдаа талийгчийг дайрчаад явсан. Манай нөхөр буруугүй шүү дээ” гэж Батцэнгэл хэлсэн гэдэг болохоос Нохойцагааны машинд хүн дайруулж байхыг гэрчилж мэдүүлэг өгөөгүй, ямар үндэслэлээр батлаад байгаа нь тодорхойгүй байхад шүүх бүрэлдэхүүн батлагдаж байна гэж дүгнэсэн.

Мөн шийтгэх тогтоолд: ...Талийгаачийн өмдний тэлээний түдүүл тухайн үед тасарсан байх боломжтой байдал нь талийгаачийг анх олоход өмд нь шувтарсан, тэлээ нь тасарсан байсан гэсэн гэрчүүдийн мэдүүлэг, талийгаачийн хувцасанд хийсэн үзлэг зэрэг нь талийгаач Мөнхбат шүүгдэгч Н.Гарамзагдын жолоодож явсан 42-91 УНЕ улсын дугаартай нашинд дайрагдсан гэж үзэх үндэслэл болж байна” гэжээ.

Амь  хохирогчийн  өмдний тэлээний түдүүл, Нохойцагааны машины шаврын хаалтны тасархайг хэргийн газар нөхөн үзлэг хийх үед талийгаачийг олсон  газраас олсон гэж тусгасан гэтэл  анх удаа хэрэг гарсны маргааш хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургуудыг маш тодорхой харуулж үзлэг хийсэн байдаг төдийгүй гэрэл зураг дээр дугуйны мөр маш тод үлдсэн байгаа нь харагдаж байхад  мөр  илрүүлэх ажиллагааг  явуулаагүй. Ингэж  үзлэг хийх  явцад  гэрэл  зураг бэхжүүлэн авах явцад  хохирогчийн тэлээний түдүүл, Нохойцагааны тээврийн хэрэгслийн хойд талын шаврын хаалт яагаад олдоогүй дараа нь олдов гэдэг бас сэжиг бүхий эргэлзээ төрүүлж байсаар байхад үүнийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл болгон шийдвэр гаргаад байгаа нь өөрөө хэргийн үнэн зөвийг бүх талаас бодитоор тогтоогоогүй зөвхөн нэг талаас харж нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

Шийтгэх тогтоолд ...Насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргал нь шүүх хуралдаанд талийгаач X.Мөнхбатын анх хэвтэж байсан гэх газрыг бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс өөрөөр зааж тайлбарласан боловч энэ нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна" гэжээ.

Гэтэл хамгийн анхны хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зурагтай харьцуулж үзэхэд бүх гэрчийн мэдүүлгүүд зөрж байгаа бөгөөд зөвхөн насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргал, гэрч Ууганцэцэг нарын мэдүүлгүүд 8-р зурагт бэхжүүлэгдсэн зурагтай яг таарч байгаа. Насанд хүрээгүй гэрч Түвшинжаргалын мэдүүлэгт хэргийн газрын нөхөн үзлэгээр тээврийн хэрэгслүүдийг байрлуулахдаа талийгаачийн хэвтэж байсан газар биш байсан гэдгийг анхнаасаа мэдүүлж байснаар харагдаж нотлогдож байгаа. Шүүх бүрэлдэхүүн худлаа ярьж байгаа нь нотлогдож байгаа гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгож бодит үнэнийг ярьж байгаа гэрчийн мэдүүлгийг няцаан шийдвэрлэж байгаа нь харагдаж байна.

Мөн шийтгэх тогтоолын 18-р хуудсанд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Нохойцагааны гартаа барьж байсан гэх төмрийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаагүй боловч энэ нь шүүгдэгч Нохойцагааны хохирогч С.Алтайбаатарыг зодож танхайрсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Оюунтуяа, хохирогч Алтайбаатар нарын мэдүүлгүүдээр төмрөөр цохихыг завдсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүтнэсэн байна.

Гэвч хэдий гэрч Б.Оюунтуяа нар нь төмрөөр цохих гэж байхад нь салгасан гэж мэдүүлж байгаа ч хамт салгасан Э.Мөнхбаатар мэдүүлэхдээ Нохойцагааныг төмөр барьж байсан болон тэрхүү төмрийг нь Б.Оюунтуяаг салгаж авсан талаар мэдүүлдэггүй, мөн хохирогч Алтайбаатарыг машинд орох гэж байхад нь араас нь татаж унагаах үед хажууд нь байсан гэрч Оюунцэцэг нь Нохойцагааны гарт төмөр байгаагүй, төмөр авах сөхөө болоогүй талаар шүүх хурлын явцад мэдүүлж байснаас гадна хохирогч Алтайбаатар өөрөө гараараа цохьсон төмөр барьсан гэж манай эхнэр хэлсэн гэж мэдүүлдэг. Иймээс Нохойцагааны энэхүү төмрөөр цохихыг завдсан үйлдэл нь дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж өмгөөлөгч миний бие нь үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйл 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж бид үзэж байна. Иймээс:

1.  Үйл явдлыг анх харсан гэрч Д.Батцэнгэлийг Нохойцагааны машин ухарч байх үед гэрт байсныг мэдүүлээд байгаа Эрдэнэбаатар, Мөнхбадрах нарыг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэг авч үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгочихоод гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа нь Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 45 дугаар 45.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн

2. Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч М. Энхзаягййн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Д/39 дугаар бүхий хүсэлтийг 7 дахь хэсгийг 2016 оны 10-р сарын 05 -ны өдөр хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоолд хангаж шийдвэрлэчихээд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна.

Энэхүү 7 дахь хэсэгт дурдагдсан Бат гэх хүн нь 1-р хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргал, 1-р хавтаст хэргийн 249-250 хуудас Эрдэнэбаатарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 05 дугаар хуудас гэрч Мөнхбадрахыг 2-р удаа байцаасан тэмдэглэл зэрэгт дурдагдсан байдаг бөгөөд энэхүү гэрч эрүүл, согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх ач холбогдол бүхий гэрч учраас гэрчээр асуулгах зайлшгүй шаардлагатай байхад гэрчээр асуугаагүй.

3. Нохойцагаан нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад мөрдөн байцаагч Батмагнай нь талийгаачийн өмдний түдүүл, шаврын хаалт нарыг хэргийн газар дээрх их хэмжээний цус мэт зүйлийн хажууд байсан дүрс бүхий зургийг үзүүлчихээд Нохойцагаан наад зургийг чинь шалгуулна гэсэн цагаас хойш хавтаст хэргээс алга болсон талаар ярьж байсан гэтэл энэ талаар 2-р хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд Нохойцагааны эгч Бүдээхүү нь хяналтын прокурор Эрдэнэбатад гаргасан хүсэлтийн 9 дэхь хэсэгт дурдсан байдаг. Иймээс энэхүү эвлүүлэг бүхии Зураг яагаад хавтаст хэргээс алга болсон хавтаст хэрэгт байхгүй байгаа нь энэ хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэх, хэргийн бодит үнэнийг хэн дуртай нь гуйвуулж болдгийг харуулж байгаагийн илрэл тул энэ талаар тодруулах ажиллагаа хийх шаардлагатай байна.

4.  Иргэний нэхэмжлэл яригдаж байхад иргэний хариуцагчийг тогтоох ёстой гэтэл иргэний хариуцагчийг тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

5.  Улсын яллагчаас үйлдэж ирсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай   хуулийн   218   дугаар   зүйлд   заасан   шаардлагыг   хангаагүй   байхад   хэргийг шийдвэрлэсэн зэрэг үндэслэл байх тул энэ хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ тайлбартаа: Энэ хэргийн анхан шатны шүүх хурал бүтэн 2 өдөр үргэлжилсэн. Тэр шүүх хуралдаан дээр хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг авагдсан бүх гэрч өөрсдөө биечилж оролцсон. Хавтаст хэрэгт авагдаагүй, тусгагдаагүй зүйлүүд шүүх хуралдааны явцад бүгд тодорхой болсон. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцсон, хэргийн нөхцөл байдлын тухай маш тодорхой дүгнэлтээ тайлбарлаж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд ороход хохирогч болон хохирогчийн хоёр өмгөөлөгчийн байр суурь мөрдөн байцаалтад буцаах саналтай байсан. Гэтэл бүх гэрч, шинжээч шүүх хуралдаанд оролцоод эргэлзээтэй байсан зүйлүүд бүгд тодорхой болсон учраас бид нар хэргээ шийдвэрлүүлэх байр суурийг илэрхийлж оролцсон байгаа. Д.Бум-Аюуш өмгөөлөгчийн ярьж байгаа байдлууд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг уншиж танилцуулж байгаа болохоос мөрдөн байцаалтад тодроогүй асуудлууд шүүх хуралдаан дээр тодорхой болсон. Өнөөдөр 11 гэрч 11 өөр газар, өөр байрлалд байсан гэрч нар өөр өөрсдийнхөө мэдэх зүйлийг л тодорхой ярьсан. 11 гэрч өөр өөр газар болж байгаа үйл явдлыг бүгдийг харах боломжгүй. Өөрийн харсан зүйлийг ярьж байгаа болохоос яг нэг хүн шиг бүгдийг ярина гэдэг энэ хэрэгт боломжгүй. Тэр нөхцөл байдал шүүх хуралдааны явцаас ч харагдсан. Хэргийн газрын үзлэгээр цогцосны байрлал тогтоож чадаагүй гэж байна. Хавтаст хэргээс маш тодорхой харагдаж байгаа. Нөхөн хэргийн газрын үзлэгт миний бие өөрөө очиж оролцсон. Ингэж оролцоод явж байхад анхны хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн хэргийн газрын үзлэг дээр цогцосны байрлал 1 метрийн зайтай өөрчлөгдсөн байдаг. Машины шаврын хаалт, түдүүл олсон гэдэг газрыг гэрийн зүүн урд зүгээс олсон гэж байна. Хэргийн газрын үзлэгийг мөрдөн байцаагч хийсэн. Шаврын хаалт, түдүүл олсон үзлэгийг эрүүгийн төлөөлөгч очиж хийсэн. Цогцосны байгаа газрыг насанд хүрээгүй гэрч Н.Төвшинжаргалын мэдүүлгээр өгье гэдэг зүйлийг ярьж байсан. Н.Төвшинжаргал анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Энэ шүүх хуралдаанд оролцож байгаа Н.Гарамзагдын төрсөн дүү, Ш.Нохойцагааны төрсөн хүүхэд байгаа. Хэргийн газрын үзлэг болоод явахад хүн болгоны заасан зааварласнаар хэргийн газрын үзлэг хийгдсэн. Өөр эсрэг сонирхолтой хүмүүс эсрэг сонирхолоо илэрхийлсэн. Н.Төвшинжаргал бол цогцосыг хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон цэгээс наашлуулж гэрийн хажууд байгаа хөрний захад авчирхаар зүйл ярьдаг. Тэрний хооронд 1-2 метрийн зай яригдана. Хэргийн газрын үзлэгээр төмөр каркааз гэдэг зүйл яригддаг. Эхний хэргийн газрын үзлэгээр авахдаа тэр төмөр каркаазны урд өнцгөөр авдаг. Нөхөн хэргийн газрын үзлэгээр тэр төмөр каркаазны хойд талын өнцөгт авдаг ингэж өөрчлөгдсөн. Түүнээс баруун урд зүг, зүүн урд зүг болоод өөрчлөгдөөд байгаа зүйл байхгүй. Би хэргийн газрын үзлэгээс гэрч нарын мэдүүлээд байгаа ямааны цус гэж хэлэгдээд байгаа зургийг авхуулж байсан юм. Хамарнаас тэр их хэмжээний газрыг нь бүрхэхүйц хэмжээний цус гарах боломжгүй юм гэж шинжээч эмч тайлбарласан. Тэр нь гэрч нарын мэдүүлгээр ч нотлогдсон. Гэрч нар зарим нь боловсролтой, зарим нь боловсролгүй, зарим нь хүмүүстэй харьцаж үзээгүй янз бүрийн хүмүүс байгаа. Тодорхой хэмжээгээр өөрсдийн мэдэх зүйлүүдийг ярьж чаддаг нь яриад, ярьж чаддаггүй нь асуусан асуултад хариулаад энэ хэргийн нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдсон. 

Манай хохирогчийн байр суурь бол гэмт хэргээ хүлээн зөвшрөөхгүй, гэмшээгүй, хохирол нөхөн төлбөрөө төлөөгүй байгаа хүмүүст тухайн зүйл ангийн оногдуулах ёстой ялын хамгийн доогуур ялыг оногдуулсан, ял хөнгөдсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Энэ үнэхээр бас их сонин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд өнгөрөе гэсэн байдлаар хандах шиг болсон. Энд сууж байгаа ялтануудын байр суурь бол бүгд цагаатгах байр суурьтай орж ирсэн. Өнөөдөр харин зарим хүмүүс нь өөрсдийн гэм бурууг ойлгоод тэнсэн харгалзах саналт тавиад орж ирж байна. Эргэлзээтэй нөхцөл байдал энд байхгүй. Мөрдөн байцаалтад буцаагаад энэ нөхцөл байдалд өөрчлөлт орно гэж байхгүй. 11 гэрч дээр хоёр гэрч нэмэгдэж орж ирж 13 өөр зүйл ярьж орж ирэх байх. Урьд нь бид нар хохирогчийн амь насыг санаатай хохироосон гэдэг байр суурьтай байсан. Өнөөдөр бид хавтаст хэрэгт нотлогдсон хэмжээнд хэргийг шийдвэрлүүлье гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хохирогчийн хувьд хэн нэгэн хүн энд хэлмэгдээсэй, ял аваасай гэдэг байр суурьнаас хандаагүй. Хохирогч өнөөдөр өрх толгойлоод 3 өнчин хүүхэдтэй хоцорч байгаа. Анхан шатны шүүх хуралдааны дараа Б.Алтангэрэл гуай санаачлагаараа 1.000.000 төгрөг өгч өөрийн хэмжээний хохирлыг сэтгэлээрээ өглөө гэсэн байдаг. Бусад хүмүүс энэ тал дээр анхаарч хараагүй. Өөрсдийгөө цагаатгах байр суурьтай явж байгаа. Энэ хэргийг гэм буруутай хүмүүс нь сайн тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгохгүй байгаа учраас анхан шатны шүүхэд буцааж ял шийтгэлийг хүндрүүлэх байр суурьнаас оролцож байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогч бол анхан шатны шүүх хуралдаан дээр гомдолтой гэж хэлж шүүх хуралдаанд оролцсон, өнөөдөр ч гэсэн гомдолтой гэж шүүх хуралдаанд оролцож байна. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан хариуцлагатай сайн шүүх хурал болсон гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт эргэлзээтэй байсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжилж үзсэн. Хохирогчийн хувьд эрдэнэт хүний амь нас хохирсон учраас шүүгдэгч нар уучлал хүссэн эмгэнэл илэрхийлсэн асуудал байхгүй. Д.Ариун-Эрдэнэ өмгөөлөгч хэлсэнчлэн анхан шатны шүүх хуралдаанд хэргийг мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай байсан ч шүүх хуралдааны явцад эргэлзээ арилсан учраас эцэслэн шийдвэрлүүлэх байр суурьнаас оролцсон. 149 сая төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулая гэсэн санал гаргасан ч  хохирогчийн нэхэмжилсэн 7 сая гаран төгрөгийг хангасанд гомдолтой байгаа. Өмгөөлөгчийн зүгээс өмгөөөлөгч нарын гомдолтой холбогдуулаад анхаарах ёстой нотлох баримт гараад ирэх юм болов уу гээд анхаарал тавьж байсан. Д.Бум-Аюуш өмгөөлөчийн зүгээс мөрдөн байцаалтад буцаая гэж байна. Энэ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохоор гаргасан давж заалдах гомдол биш байна. Шинжээчийн дүгнэлтийг яаж үгүйсгэх гээд байгаа юм бэ. Эдгээрийг няцаах баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэргийг буцаах гэсэн байр суурьнаас хандаж, бодит дүгнэлт гаргахгүй зүйл ярьж байгаад харамсаж байна. Хохирогч маань ялын доод хэмжээгээр ял оногдуулж байгаад гомдолтой байгаа. Тиймээс анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж зохих ялыг нь оногдуулах нь зүйтэй байх гэж үзэж байна. Хохирогчийн нэхэмжилсэн хүүхдийн тэтгэмж, банкны зээлийн төлбөр нийт 149 сая төгрөгийг гаргуулахаар магадлал дээрээ зааж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч Ш.Нохойцагаан: Мөрдөн байцаагчийн буруу үйл ажиллагаанаас болж би энэ хэрэгт унаад байна. Би байцаагч, прокурорт дөрвөн хүсэлт тавьсан миний гаргасан хүсэлтийг хангаагүй. Тэр дөрвөн хүсэлт бол хэргийн газар анх очсон олон нийтийн байцаагч Мөнхөө, Эрдэнэбаатар, хэргийн газар эрүүл байсан Батцолмон нарын байцаах, хэргийн газар анх очиход Мөнхбаатар гэдэг залуу Б.Алтангэрэлд жиипний араас мөрөө хавчиж порол өгсөнийг шалгуулах гэж хоёр удаа хүсэлт тавиад ердөөсөө авч хэлэлцээгүй. Энэ хүний буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэгт ороод байна. Батмагнай байцаагч надад зураг үзүүлсэн эхний өдөр байхгүй байсан зүйлийг яахаараа Батцэнгэл зааж өгдөг юм бэ гэхэд цусны хажууд миний шаврын хаалтыг тавьсан зураг байсан. Энэ худлаа байна би наадхыг чинь шалгадаг газар нь шалгуулна гэсэн чинь алга болсон. Машины байрлал дээр манай хүү Н.Түвшинжаргал энэ юун тоо юм гээд асуухад дуугүй бай цаанаа байж бай гээд загнаад ойртуулаагүй байсан. Дараа нь Н.Түвшинжаргалаас мэдүүлэг авахад нь манай хүү сэргэлэн болохоор энэ тоо чинь юу юм гээд асуухад нь талийгаачийн байрлал гэхэд нь наадах чинь буруу шүү дээ энд байсан гэсэн чинь тухайн үед хэлэхгүй яасан юм бэ гэж хангинаж байсан гэсэн. Тэр газар дээр бол загинаад ойртуулаагүй, намайг ч гэсэн чи цаашаа бай гээд машин руу хөөгөөд оруулсан. Тэгээд хүчээр гарын үсэг авсан байцаагч хууль бус зүйл хийсэн. Шаврын хаалт өмгөөлөгч ярьсан энийг бол зохиомолоор авчирч тавьсан энийг би өөрөө баталсан. Анхан шатны хурал дээр бүгд байж байсан. Батцэнгэлээс асуухад шороонд булагдсан байсан гээд хэлж байсан. Мөнхбаатар гэдэг залуугаас гэрчээр асуусан чинь шороонд булагдаагүй байсан гэдэг. Арван гэрч орж ирээд аравуулаа унасан. Атарцэцэг Батцэнгэлийг гадаа ухаан алдаад унасан байсан би өөрөө чирч оруулж ирсэн гэсэн. Батцэнгэл би өөрөө гэрт ороод ухаан алдсан гэж байгаа. Атарцэцэг ичихгүй хүмүүсийн дунд хүн доромжилж байгаа юм шиг худлаа яриад зогсоод байгаа. Энэ цусыг тодорхойлж өгнө үү. Илт асгасан цус, газарт шингэсэнцус гэдэг чинь хоёр өөр зүйл байдаг юм шүү. Энэ бол яалтачгүй шингэсэн цус шүү. Малын цус 2 литр гардаг. Ил асгасан цус нилийгээд байж байдаг. Өмгөөлөгч ярьсан миний машин маш намхан, портероос ч намхан. Тэлээ тасарсан гээд байгаа. Тэлээний тасралтыг тодорхойлж өгнө үү. Тэлээ хэлний залгаас гогцоогоор тасардаг юм шүү. Дундуураа тасарсан тэлээ талийгаачтай орооцолдоод чирээд явсан бол нилээн баруун тийш нь аваачиж хаяна. Энэ бол ор үндэсгүй юм. Батцэнгэл чирэгдээд хөл нь яваад байсан гэж байгаа. Байцаагч нь цусны хажууд шаврын хаалт тавиад өөрсдийгөө бариад өгсөн. Ямаа алсан хүн нь хоёр болоод байгаа энийг сайн тогтоомоор байна. Миний подволк Б.Алтангэрэлийн машинд байсан. Өглөө нь оруулаад тавьсан бололтой байсан. Тэр портор чинь шөнө яваад байсан гэсэн. Тэгэхээр дээр нь хүн суугаад хавтайсан юм байх ёстой, тэгэхэд хөвсгөр байсан. Энэ подволкны зургийг олон авсан тэр зураг алга болсон. Би буруу зүйл хийсэн уучлалт гуйя. Энэ машиныг миний хүү бариагүй би өөрөө барьсан. Энэ миний хүүд ямар ч хамаагүй. Би өөрөө согтуу байсан учраас буруудах болов уу гэж бодсон. Энэ миний машин гөрдөгдөнө гэж бодоогүй. Эрхэм гурван шүүгч үнэн учрыг нь тунгааж өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч Н.Гарамзагд шүүх хуралдаанд: Эрхэм шүүгчдээ миний хувьд харамсалтай байна. Аав машин барьж явсан. Би машин барьж яваагүй. Аав согтуу машин барьсан болохоор хэрэг нь хүндрэх болов уу гээд би машин барьсан гэж хэлсэн гэв.

Шүүгдэгч Б.Алтангэрэлийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Алтангэрэлийн өмгөөлөгчөөр оролцож байна. Б.Алтангэрэл давж заалдах гомдлоо тайлбарласан байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч би орохдоо Б.Алтангэрэлийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох саналтай орж байсан. Яагаад гэхээр Б.Алтангэрэлийн үйлдэл холбогдлоос болоод хохирогчид ямар гэмтэл учирсан нь тодорхойгүй гэдэг байр суурьнаас оролцож байсан. Б.Алтангэрэл нь талийгаачтай маргалдсан гэдгийг гэрч нар хэлдэг. Энэ бол анх ирээд 3000 төгрөг нэхээд яваад байдаг залуу мөн байна гэдэг шалтгаанаар маргалдаад барилцаж аваад салсан байдаг. Тэрнээс хойш нилээн удаан хугацаа өнгөрөөд орой гэрт орж сууж байгаад талийгаач нь дахиж тэрийгээ хэлээд босч ирж Б.Алтангэрэлийн ам руу салаавч хийгээд гэрээс аваад гарсан байдаг. Эндээс харахад Б.Алтангэрэлийн үйлдэл холбогдлоос болж хохирогчид учирсан гэмтэл байхгүй гэдэг үүднээс анхан шатны шүүх хуралдаанд орж байсан. Б.Алтангэрэл өөрийн биеэр давж заалдах гомдлоо бичээд давж заалдах гомдлоо гаргасан. Тухайн үед бүх хүмүүс согтуу байсан архи ууснаас ийм хэрэг боллоо хохирогчтой би маргалдсаан гээд энэ хүн гэмшиж байгаагаа хэлсэн. Алтангэрэлийн холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон байдал, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг  харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, нэг удаа уучлал үзүүлээд тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс оруулж байгаа. 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд өмгөөлөгч миний бие хамт явсан. Н.Төшинжаргалыг дуугай цаашаа байж бай гээд ойртуулахгүй байсан асуудал байхгүй. Яагаад гэхээр машинаа байрлуулахад Ш.Нохойцагаан хоёр хүүхэдтэйгээ бид гурав санал өөр байна гээд дахиад өөр янзаар байрлуулж үзээд хавтаст хэрэгт өөр өөрсдийхөөрөө байрлуулсан тэмдэглэл дээр гарын үсэг зурсан байгаа. Ш.Нохойцагааныг хоёр хүүхэдтэй нь цааш нь харуулж суулгаж байгаад хэргийн газрын үзлэг хийсэн асуудал байхгүй юм. Энэ дээр тухайн үед байсан гэрч, бүх хүмүүс оролцсон. Энэ хэргийн газрын нөхөн үзлэг дээр худал үнэн зүйл яриад байх шаардлагагүй. Хавтаст хэргийн материалд бүгд үнэн зөв авагдсан байгаа. Оролцсон хүмүүс нь ч байгаа. Тэлээний түдүүл шаварын хаалт гэж яриад байна. Тухайн үед хэргийн газрын үзлэг хийгээд явсаны дараа гэр нүүлгэх гэж хүмүүс ирээд шаварын хаалтыг олж, тэрийг нь эрх бүхий этгээд нь бэхжүүлж авахад Нохойцагааны машины шаврын хаалт мөн гэдэг нь тогтоогдсон. 

Тэлээний түдүүл нь тасарсан байсан талаар бүх гэрч яридаг. Машины доод эд ангид үзлэг хийхэд арчигдсан байсан хаанаас хаана хүртлээ арчигдсан байсан нь тодорхой харагдаж байсан. Цогцосын байр өөрчлөөд мөрдөн байцаагч нэг талд үйлчлээд байсан зүйл байхгүй. Цус гарсан гэж яриад байгаа. Цус хог асгадаг газрын хажууд, бутны хажууд байсан байсан. Ямаа алсан хүн нэг л байгаа. Мөрдөн байцаалтад буцаах саналыг үгүйсгэж байна. 

Хэдийгээр Б.Алтангэрэлээс мөнгө гаргуулахаар шүүх тогтоолдоо заагаагүй ч талийгаачийнхаа оршуулганд хэрэглээсэй гэсэн үүднээс сэтгэл гаргаж хохирогчийн дансанд 1.000.000 төгрөг хийсэн байгаа” гэв. 

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Б.Содболд: Миний үйллүүлэгчийн давж заалдах гомдол, Ж.Дорждэрэм өмгөөөлгчийн гарсан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хуралдааны дараа Алтайбаатартай уулзаж гомдол саналгүй гэсэн бичиг авсан байгаа. Мөрдөн байцаалтад буцаах тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад өгнө үү гэсэн саналыг давхар гаргаж байна.

Прокурор Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор өөр газар руу шилжсэнтэй холбоотой. Прокуророор оролцож байна. Хэргийн материалтай танилцахад энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч 3 хүүхэд өнчирч хоцорсон тул эмгэнэл ирэлхийлж байна. Энэ хэрэгт өмгөөлөгчийн ярьж байгаа шиг тодорхойгүй байдал байхгүй. Бүх хүн яг адилхан зүйл ярих албагүй. Хохирогч Алтайбаатарыг машинд суух гэж байхад татаж аваад цохисон зүйл ярьсан. Өнөөдрийн шүүх хурал дээр яригдаад байгаа хүмүүсийн яриаг Ш.Нохойцагааны машины шаврын хаалтыг тасдаж аваад цогцосны хажууд тавьцан юм шиг зүйл яриад байгаа. Тийм зүйл хэн хийгээд явж байх вэ. Хэрэг учралын газарт анх үзлэг хийхэд л шаврын хаалт тухайн газарт байсан болох нь 5 ноймрын зурган дээрээс тодорхой харагдаж байгаа. 

Зодоон болсон хүн нас барсан гэсэн дуудлага ирээд хэрэгт ач холбогдолтой, ач холбогдолгүй янз бүрийн зүйл авагдсан байгаа. Энэ авто аваарын гэмт хэрэг байж магадгүй гээд маргааш нь очоод шалгасан. Хэдэн машин байсан нь тодорхой байгаа. Хохирогчийн гэмтлийг аваад үзэхээр аваарын гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл болсон байна гэж тогтоосон. Энд хохирогчийн олон тооны хавирга хугарч, дотор эрхтэнг гэмтээж үхэлд хүргэх хэмжээний зодоон болсон гэх байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгч нь өөр машины ард цогцосыг аваачаад тавьсан юм шиг зүйл яриад байна. Тухайн үед Нохойцагааны машин хөдөлсөн байгаа. Ланд 80 машин талийгаачийг хэвтэж байгааг олсны дараа гэрэл тусгах гэж дөхөж очсон байгаа. Энэ хэрэгт саахалт айлын гэртээ унтаж байсан хүнийг гэрчээр асуух шаардлага байхгүй. Ноохойцагааны машины шаврын хаалт тасарч унасан байгаа. Ухрах хөдөлгөөн хийх үед дугуйны ард гадны биед үйлчлээгүй байхад шаврын хаалтны суурь дугуйнд наалдана гэж байхгүй. Алтайбаатарыг төмрөөр цохих гэж байсныг эхнэр нь булааж авсан. Алтайбаатарыг хэн унагаасан талаар хэрэгт энэ хүмүүсийн яриад байгаа шиг эргэлзээтэй зүйл байхгүй. Батцэнгэлийг гэрээс гараагүй нам гэрт сууж байсан юм шиг юм яриад байна. Батцэнгэл гарч ороод байсан гэсэн зүйл ярьж байгаа. Батцэнгэлийг гэрт байсныг ч гадаа байсныг ч харсан хүн байгаа. Хоёр  гэрчийн мэдүүлэг ярьсан зүйлийг нь нотолсон байгаа. Батцэнгэлийг худлаа ярьж байна гэдгийг нотолсон нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй байна. Сэжигтнээр байцаагаад гэрчээр байцаагаагүй байна гэж ярьж байна. Энэ хоёр хүн сэжигтнээр байцаагдсан  тохиолдолд тэднийг дахин гэрчээр байцаах боломжгүй. Батцолмон гэдэг хүний талаар ярьж байна. Энэ хэрэг нэг хүрээнд болсон хэргийн нотолгооны асуудлыг бүх хуульч нар өөрийн дотоод итгэлээр өөр өөр дүгнэдэг. Заавал энэ хүнийг гэрчээр байцаах ёстой гэсэн зүйл яригдахгүй байна. Хэрэг нь тогтоогдоод ирэхээр янз бүрийн арга хэрэглэж байна. Эргэлзээтэй байгаа тохиолдолд бүгдийг нь байцаах ёстой. Тогтоогдсон тохиолдолд заавал хэргийн газар байсан хүмүүсийг байцаах алба байхгүй. Хавтаст хэргээс зураг алга болсон гэж байна. Авагдсан зураг бүгд угаагдана гэсэн ойлголт байхгүй. Хэргийн газар үзлэг хийсэн байцаагч, шинжээч нар үзээд сайн харагдаж байгааг нь хийх боломжтой. Бүгдийг нь хийнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Машины өндрийг ярьж байна. Хүн дайрах туршилт хийх боломжгүй. Хэдэн төгрөгний хохирол учирсан талаар хохирогч өөрөө нотлох баримтаа гаргаж өөрт учирсан хохиролоо шийдвэрлүүлдэг. 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс Ш.Нохойцагаан нь Н.Гарамзагдад үг зааж өгсөн гэдэг нь харагддаг. Өнөөдөр Ш.Нохойцагаан тэнд очиж дайрч давшлаагүй бол Н.Гарамзагд энд шүүгдэгчээр сууж байх байсан уу? үгүй юу? энэ хүн юу ч ярих эрхтэй. Гэхдээ тухайн шүүгдэгчийн ярьж байгаа зүйл нь түүний хувийн байдлыг харуулж байна. Ш.Нохойцагааны хүүхдийн ...цогцос байсан газрын талаар ярихад бусад өмгөөлөгч нарын хэлсэн үгээр үгүйсгэгдэж байна. Зодолдоогүй гэм буруугүй юм шиг зүйл ярьсан. Хувцасаа яагаад орхиод явсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Шинжээчийн дүгнэлт гэмтлийг ангилж өгсөн. Үйлдэл холбогдол нь тогтоогдсон хэрэгт холбогдсон хүмүүсийн ярьсан зүйлүүдээс үзээд ялыг тэнсэх дээр өмгөөлөгчөөс эсрэг байр суурьтай байна. Хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Цаашид учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэхийг нээлттэй орхисон байгаа. Б.Мөнхдэлгэр нь үйлдэл холбогдлоо хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо барагдуулсан учраас тусгайлан гарах санал байхгүй байна. Иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарт тухайн хуульд заасан ялын хэмжээгээр ялыг оногдуулсан байгаа учраас ялын тал дээр гаргаад байх санал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзээд 284 дүгээр зүйл 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх  хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ. 

Учир нь мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан нь анхан шатны шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

Тухайлбал Шүүгдэгч Нохойцагаан нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Би тухайн үед өөрийн авто машинаа жолоодож явсан. Согтуугаар авто машин жолоодсон гэхээр хүндрэх байх гээд би машин жолоодоогүй гэж хэлсэн юм” гэж тайлбарлаж байгаа бөгөөд шүүгдэгч Н.Гарамзагд нь шүүгдэгч Нохойцагааны дээрх тайлбарыг баталж “Би тухайн үед авто машин жолоодож яваагүй. Манай аав Нохойцагаан жолоодож явсан юм.” гэж тайлбарлаж байна. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Н.Гарамзагд нь 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож улмаар ухрах хөдөлгөөн хийх явцдаа талийгаач Мөнхбатын амь насыг хохироосон болох нь гэрч Д.Батцэнгэлийн: “Нохойцагааны давхар кабинтай ачааны машин нь ухарч байсан бөгөөд машины ар талд хүний хөл бөмбөрч байсан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Түвшинжаргалын: “Гарамзагд машин унаад явсан. Харин манай аав машины зүүн урд талын суудалд дээр суугаад явсан” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үнэлсэн байна.   

Мөн анхан шатны шүүх тухайн үйлдлийг анх харсан гэрч Д.Батцэнгэлийн мэдүүлэг нь гэрч Б.Атарцэцэг, Э.Мөнхбаатар нарын мэдүүлгээр батлагдаж байна гэж дүгнэжээ. 

Гэтэл мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Мөнхбаатар: “Хэрэг гарсны маргааш цагдаа нар ирээд Алтангэрэлийг барьж аваад явсан. Тэгэхэд Батцэнгэл уйлаад Алтангэрэл яагаа ч үгүй шүү дээ. Талийгаачийг Нохойцагаан /Нооёо/ машинтай ухарч байхдаа дайрчихсан юм гэж байсан“ гэж мэдүүлсэн байна. /Хэргийн 4 дүгээр хавтасны 59 дүгээр талд/ 

Гэрч Д.Цогбадрах шүүхийн хэлэлцүүлэгт: “Нооёо дайрчихаад яваад өглөө гэж Батцэнгэл хэлсэн” гэж мэдүүлсэн /хэргийн 4 дүгээр хавтасны 54 дүгээр талд/ ба хохирогчийг хэн дайрсан талаар өөрөөр хэлбэл тухайн үед авто машиныг хэн жолоодож явсан талаар тогтоол гаргахад чухал ач холбогдолтой энэхүү байдлыг бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ байдлыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар нөхөн тогтоох боломжгүй байна.  

Хэдийгээр насанд хүрээгүй гэрч Түвшинжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гарамзагд ухраад тэгээд урагшаа явсан” гэж /хэргийн 4 дүгээр хавтасны 99 дүгээр талд/  мэдүүлж байсан боловч насанд хүрээгүй гэрч Түвшинжаргал нь удаа дараа хэргийн талаар бусад гэрч нарын мэдүүлгээс эрс зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгийг өгч байсан тул зөвхөн түүний мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай юм.

Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч С.Батмагнай уг хэрэг учралын газарт дахин үзлэг хийх явцад талийгаачийн хэвтэж байсан гэх газрын ойролцоогоос олдсон урт нь 33 сантиметр, өргөн нь 21 сантиметрийн харьцаатай хар өнгийн шаврын хаалтны тасархай мэт зүйл нь Сэжигтэн Нохойцагааны 42-91 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээс унасан байх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтэст даалгасан байна.

Гэтэл шинжилгээг Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Назарбек шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158 дугаар зүйлд шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримталхаар заасан бөгөөд  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр хуваарилхаар заажээ.   

Уг шинжилгээ нь хэрэгт ач холбогдогдолтой боловч хуульд заасан журмын дагуу хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул энэ байдлыг тодруулах нь зүйтэй байна. 

 Мөн гэрч Н.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “Батцолмон Батцэнгэлийг ухаан алдаж унасан гэж хэлсэн” гэж мэдүүлсэн, Б.Мөнхбадрах мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө: “Батцолмон, Атарцэцэг нар Мөнхбаатар бид хоёрыг салгасан” гэж, Ч.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө: “Мөнхбадрах, Батаа хоёр хоорондоо ярихдаа Батаа, Мөнхөөтэй цохилцож авсан гэж ярьж байсан” гэсэн байх тул Батцолмон буюу Батаа гэгч нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатайг болохыг дурдах нь зүйтэй. 

Тиймээс дээрх байдлуудыг тодруулж, тогтоохын тулд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын өмгөөлөгч Д.Бум-Аюушийн давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбоотойгоор хохирогч Ж.Золзаяа, шүүгдэгч Б.Алтангэрэл, шүүгдэгч Б.Мөнхдэлгэр, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд, Б.Алтангэрэл нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Мөнхдэлгэрийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хувийн байдлыг харгалзан түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн бусдын хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр нарт холбогдох 201607000143 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж Шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд нарын өмгөөлөгч Д.Бум-Аюушийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Хохирогч Ж.Золзаяа, шүүгдэгч Б.Алтангэрэл, шүүгдэгч Б.Мөнхдэлгэр, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.2 дахь хэсэгт 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхдэлгэрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Нохойцагаан, Н.Гарамзагд, Б.Алтангэрэл нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.БАТТОГТОХ      

ШҮҮГЧИД                                                   Б.НАМХАЙДОРЖ

    Ч.ЭНХТӨР