Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 565

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Б.Сономжамц, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

иргэний хариуцагч Ц.Батмэнд,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Сономжамцын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Тт холбогдох 201715000071 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон дэгээ овгийн Бгийн Т, 1970 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нефть хангамж тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, “...” ХХК-ний хот хоорондын тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 8 сар хорих ялаар шийтгүүлж байсан;

Б.Т нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 40 минутын үед Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн шанаганы ар” гэх газарт “...” ХХК-ний эзэмшлийн “Kia Grandbird” загварын 09-90 УБВ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Д.Батчулууны жолоодож явсан “Nissan Tida” загварын 89-48 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Долгормаагийн амь насыг хохироож, зорчигч Б.Сономжамц, Г.Нэргүй нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Даваадолгорын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Батчулууны эрүүл мэндэд хөнгөн, “Nissan Tida” загварын 89-48 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Нэргүйд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон дэгээ овогт Бгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Тт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Тт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Нэргүй, Б.Даваадолгор нарын сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 15,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Тын иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн бичиг баримтууд шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэний нэхэмжлэгч Д.Батчулуун нэхэмжлэх зүйлгүй, Г.Нэргүй ажилгүй байсан хугацааны болон цаашид гарах эмчилгээний зардлын, Б.Даваадолгор эмчилгээтэй холбоотой бусад зардлын, Б.Сономжамц “МВО” гэмтэл, согогын эмнэлэгт хийлгэсэн удаа дараагийн мэс заслын болон цаашид хийгдэх мэс засал түүнтэй холбоотой гарах бусад зардлын, мөн хоол, хүнсний зүйлийн нэмэлт баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Сономжамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Б.Т болон иргэний хариуцагч “...” ХХК-иас гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол буюу эмчилгээний зардалд 46,523,033 төгрөг, хор уршигт гарсан зардалд 9,823,287 төгрөг, нийт 56,346,320 төгрөг нэхэмжилсэн. Хохиролд нэхэмжилсэн төлбөрт шүүгдэгчээс урьд өгсөн эмчилгээний зардлыг оруулахгүйгээр нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн Б.Таас 16,039,000 төгрөг гаргуулахаар гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэж, уг төлбөрийг төлсөн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу тогтоолын 23 дугаар хуудсанд "Харин “МВС” гэмтэл, согогын эмнэлэгт эмчлүүлсэн зардлын баримт гэж эмнэлгийн тэмдэгтэй албан бичгийн хавсралт, эмнэлгийн нэхэмжлэхийг дангаар нотлох баримтад тооцох нь хангалтгүй Тухайлбал: Эмчлүүлэгч талаас төлбөр төлсөн санхүүгийн баримтууд гэх зэргээр зардлын нэмэлт баримтууд шаардлагатай учраас дээрх зардалтай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзсэн” хэмээн дүгнэсэн байна. Миний бие “Эм Би Жи Мед” ХХК-ийн “Эм Би Жи” гэмтэл согогын эмнэлэгт нийт 31,759,465 төгрөгийн хагалгаа, эмчилгээ хийлгэж төлбөр төлөх нэхэмжлэхийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүний дараа шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ уг эмнэлэгт албан бичгээр хандахад хариу ирүүлснийг 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн. Уг албан бичиг болон хавсралтад дурдсанаар миний бие эмчилгээний төлбөрөөс зөвхөн 4,789,000 төгрөг төлсөн нь үнэн бөгөөд үлдэх төлбөрийг мөнгөтэй болсон үедээ цувуулж төлөхөөр тохирсон байсан. Тийм учраас дээрх төлбөрийг төлсөн баримт байхгүй, зөвхөн нэхэмжлэх байсныг шүүгдэгчийн өмгөөлөгч дахин баталгаажуулж өгсөн. Гэтэл шүүх “Эмчлүүлэгч талаас төлбөр төлсөн санхүүгийн баримтууд гэх зэргээр зардлын нэмэлт баримтууд шаардлагатай” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний хувьд уг ослын улмаас ажил хөдөлмөр хийж эмчилгээний төлбөрийг өөрөө төлж чадахгүйд хүрч, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжээр амьдарч байна. Тийм байтал заавал надаар эхэлж төлүүлэн дараа нь нэхэмжлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс надад олгуулахаар шийдвэрлэсэн хохирлын төлбөр 16 сая төгрөгийг эмчилгээ хийлгэсэн төлбөртөө өгч цаана нь дахин 10 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж байна. Мөн иргэний нэхэмжлэлээ шүүгдэгч Б.Т болон иргэний хариуцагч “...” ХХК-иас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу нэхэмжилсэн байтал зөвхөн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “...” ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэдэг нь тогтоогдсон байтал шүүх "шүүгдэгч Б.Т болон иргэний хариуцагч байгууллагын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.Т төлнө гэдэг асуудлаар санал нэгтэй байгаа, уг автобусыг тендерт оролцуулахын тулд “... ” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн, уг автобусны жинхэнэ өмчлөгч нь шүүгдэгч Б.Т гэдэг асуудлаар хоорондоо маргадаггүй” гэж дүгнэсэн байна. Хавтас хэрэгт өмнө нь шүүгдэгчийн нэр дээр байсан эсэх болон шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгчийн хооронд байгуулсан гэрээ зэрэг баримт байхгүй байтал ийнхүү дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эмчилгээний зардалд 47,749,033 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүх 16,039,000 төгрөгийг хангаж, “Эм Би Жи” эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний зардал 31,759.465 төгрөгийг хангахгүй орхисон. Иймээс тус мөнгийг шүүгдэгч Б.Т болон иргэний хариуцагч “...” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Сономжамцын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Сономжамц нь тус хувийн эмнэлэгтэй тохиролцож, 5 удаа хагалгаанд орсон юм. Түүнээс өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвд 7 удаа хагалгаанд орсон. Хувийн эмнэлэгт орсон 5 удаагийн хагалгаа нь нийтдээ 30 гаруй сая төгрөг болсон юм. Түүнээс 4.300.000 гаруй төгрөгийг өөрөө төлсөн. Анхан шатны шүүх 16.000.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Тухайн мөнгө нь “Эм Би Жи” эмнэлэгт хагалгаанд орохоос өмнөх бусад зардлууд юм. Үлдсэн хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн иргэний хариуцагч болон шүүгдэгчээс гаргуулахыг хүсэж байна. Хэдийгээр хувийн эмнэлгийн зардлуудыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй ч гэсэн шийдсэн 16.000.000 төгрөгийг үргэлжлүүлэн хувийн эмнэлэгтээ өгч байгаа. Тийм учраас үлдсэн 12.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний хариуцагч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “...” ХХК-ийг чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хавтас хэрэгт авагдсан Б.Ттай байгуулсан гэрээний дагуу тухайн автобус нь түүний хувийн өмчлөлийн автобус юм. Тухайн автобусыг хот хоорондын тээврийн үйлчилгээнд явуулахын тулд “...” ХХК-ний нэр дээр түр шилжүүлж, тендерт оролцон тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа юм. Тээврийн үйлчилгээ эрхэлж байх хугацаанд ямар нэгэн төлбөр аваагүй. Тээврийн үйлчилгээнд явуулсныхаа төлөө тодорхой хувийг авдаг. Б.Т ч гэсэн энэ талаар өөрөө мөн хүлээн зөвшөөрдөг юм. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтыг үнэлж хохирлыг тооцон шүүгдэгчээс гаргасан. Шүүхээс хохирогчийн цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хохирогчийн хувийн эмнэлгийн өвчний түүх болон хохирогчийн нэхэмжилж байгаа төлбөртэй хагалгааны талаар өвчний түүхэнд ямар нэгэн баримт байдаггүй. Б.Сономжамцын төлбөр төлсөн баримтад санхүүгийн баримтыг хавсаргаж өгөхийг шаардсан. Гэсэн ч санхүүгийн баримтыг үүнд хавсаргаагүй байдаг. Учир нь, тус хувийн эмнэлэг нь зарим хүмүүст мөнгөний нэхэмжлэхийг дур зоргоороо бичиж өгсөнтэй холбоотойгоор нэхсэн. Тиймээс анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд хохирлыг зөв үнэлсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад, цагдаагийн ажилтны шаардлагаар 25.250.000 төгрөг төлсөн. Үүнээс 9.800.000 төгрөгийг Б.Сономжамцад өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 16.000.000 төгрөг нэмж гарсан. Б.Т нь тухайн мөнгийг төлсөн. Нийт 25.800.000 төгрөгийг ямар ч нотлох баримтгүйгээр төлсөн. Б.Сономжамцад хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар хүнд гэмтэл тогтоогдоогүй. Яагаад гэвэл, хохирогчийн биед хүнд гэмтэл тогтоосон шинжээчийн хоёр дүгнэлтэд хохирогчийн биед үзлэг хийлгүйгээр гаргасан байдаг. Хувийн эмнэлгийн хоёр дүгнэлтэд хүнд гэмтэл гэсэн байдаг. Тус нотлох баримт нь хуурамч нотлох баримт юм. Анх Өвөрхангай аймгийн онош тогтоох төвийн эмнэлэгт хэвтэхдээ баруун хөл хугаралтай байна гэж үзсэн байдаг. Гэтэл Өвөрхангай аймгийн шинжээчийн дүгнэлтэд зүүн хөл нь гэмтсэн гэдэг. Гэсэн ч Б.Т нь хуулийг дээдэлж, төлбөрийг төлсөн. Б.Т нь баян чинээлэгтээ тус төлбөрийг төлөөгүй юм. 8.000.000 төгрөгийн тээврийн хэрэгслийг 12.500.000 төгрөгөөр төлсөн нь энэрэнгүй сэтгэлтэйг нь харуулж байгаа юм. Тухайн автобусыг жолоодон явж байх цаг хугацаанд Б.Тын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан. Ийм учраас “...” ХХК нь төлбөр хариуцахгүй гэдгийг хэлдэг. Тийм учраас анхан шатны шүүх “...” ХХК-иар төлүүлэх үндэслэлгүй гэж шийдвэр гаргасан. Яллах дүгнэлт гардаж аваагүйн хувьд гэвэл прокуророос удаа дараа дуудаагүй, нэг л удаа дуудсан. Яллах дүгнэлтээ гардаж ав гэхэд нь “Танилцъя” гээд танилцаад, “би тус хэргийг үйлдээгүй учраас яллах дүгнэлтийг гардаж авахгүй” гэж хэлээд аваагүй юм. Шүүхийн, прокурорын шатанд саад учруулах зорилгогүй юм.” гэв.

 

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

  Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг удааширсан шалтгаан нь шүүгдэгч хэргээ хүлээлгүй удсанаас юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтэл бус хүндэвтэр гэмтэл учрах ёстой гэснээс шалтгаалж дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргаж байсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалсан юм. Өөдөөс явж буй тээврийн хэрэгсэлд саад учруулахгүй байх буюу тээврийн хэрэгслийн хоорондын зайг тооцоолохгүй, мөн эсрэг урсгалд орсноор ямар эрсдэл учрахыг тооцоолоогүйгээс болж тухайн осол гарсан. Тиймээс замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүх хуралдаан үргэлжилсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохиролтой холбоотой асуудал бас яригдаж байсан. Б.Сономжамцын эмчилгээний болон бусад зардлыг анхан шатны шүүх гаргаж шийдвэрлэсэн. Хувийн эмнэлэгт удаа дараа мэс засалд орсон гэж нэхэмжлэх гаргаж өгсөн. 31.759.465 төгрөг баримт гаргаж өгсөн. Хохирогчийн хохирлын хэр хэмжээг харгалзан тухайн төлбөрийг гаргуулахаар анхан шатны шүүхэд санал тавьсан. Тухайн үед автобус нь “...” ХХК-ний нэр дээр байсан учраас хувь тэнцүүлэн гаргуулъя гэдэг саналыг мөн тавьсан. Гэвч анхан шатны шүүхээс бүх хохирлыг хангалгүй зарим хэсгийг хангасан. “...” ХХК-иас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Б.Тыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж энэхүү ослын улмаас Б.Долгормаагийн амь нас хохирч, зорчигч Б.Сономжамц, Г.Нэргүй нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Даваадолгорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Д.Батчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Nissan Tida” загварын 89-48 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Нэргүйн эд хөрөнгөд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Тыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч гэм буруугаа ойлгон, гэмшиж байгаагийн илэрхийлэл бол хохирогчид учирсан хохирол, гэм хорын төлбөрийг бүрэн арилгасан байх явдал юм. Гэтэл шүүгдэгч Б.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ тодорхой хэмжээнд авч хохирол төлбөрийг төлж байсан боловч бүрэн төлж, хор уршгийг арилгаагүй болох нь хохирогч Б.Сономжамц, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тодорхойлогдож байна.

 

Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хууль ёсны зарчмын үүднээс боломжтой хэдий ч гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан нөхцөл шаардлага бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх нь шүүхийн шийдвэр шударга ёсны зарчмыг хангах учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн хэрэгт зөвхөн хохирол төлбөрийг төлсөн гэх байдалд тулгуурлан шүүхийн шийдвэрээр шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзсэн атлаа “...хохирогч Б.Сономжамц удаа дараагийн мэс заслын болон цаашид хийгдэх мэс заслын холбогдох зардал, мөн хоол хүнсний зүйлийн нэмэлт баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй...” гэж харилцан уялдаагүй, ойлгомжгүй байдлаар дүгнэж, энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болон эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдлыг дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байна.

 

Мөн Автотээврийн тухай хууль болон Иргэний хуульд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлагын талаар “Осолгүй тээвэрлэх”, “Зөвхөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх”, “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх” зэрэг зохицуулалтуудыг нарийвчлан тусгасан байхад энэхүү асуудлын талаар хууль зүйн дүгнэлт зөв хийхгүйгээр зөвхөн “жолооч Б.Т хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг түүнээс жич нэхэмжил...” гэх байдлаар гэм хорын хохирлыг арилгахаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан, Монгол Улсын Олон Улсын гэрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.” гэсэн заалтыг үндэслэн хохирол арилгах тухай, мөн хохирол арилаагүй байхад эрүүгийн хариуцлага хөнгөдүүлсэн тухай хохирогч Б.Сономжамцын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Б.Тт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ