Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00868

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00625 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х-ид холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежид 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажлын байранд ажиллаж байсан. Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/177 дугаартай тушаал гаргаж, ажлаас халсан байна.

Ажлаас халах тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэж, Х-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлгүйгээр ажлаас халсан байна.

Ажлаас халах тушаал гаргахдаа сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч ямар зөрчлийг давтан гаргасан болох нь тодорхойгүй байна. Ажлаас халах тушаалд дурдагдсан, зөрчил гэсэн үйлдлүүд нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, зөрчилд тооцогдоогүй байна. Тушаалд дурдсан үйлдэл нь сахилгын зөрчил гэж үзнэ гэсэн зохицуулалт байхгүй. Намайг сахилгын зөрчил гаргасан, удаа дараа гаргасан гэх боловч үйлдэл тус бүрийг шалгаж, зөрчилд тооцсон эсэх нь тодорхойгүй, зөрчил гаргасан этгээдэд танилцуулаагүй, тайлбар тодруулга аваагүй, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох баримтыг бүрдүүлэлгүй үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас халсан байна.

Иймд Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заасан. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг байдаг. Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан байдаг. Хуулийн энэ заалтын дагуу Б.Ц-г Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын тушаал гарч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны хэрэгжүүлэх чиг үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч Б.Ц- нь хуулийн дээрх заалт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй Х-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, тухайн ажлын гүйцэтгүүлэх чиглэлээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00625 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х-ид холбогдох Х-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 717 338 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Ц- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

УДШ-ийн Иргэний хэргийн танхимын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүсэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 3.3-т “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг cap өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж тайлбарласан байдаг.

Хөгжил Политехникийн коллежийн захирлын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай хуралдаанаар Б.Ц- надад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жилийн төлөвлөгөөг үр дүнгийн гэрээтэй уялдуулан хийх үүрэг даалгасан байдаг ба уг үүргээ биелүүлээгүйн улмаас Х-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөөг батлуулаагүй гэсэн үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 75 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Үүнээс хойш ажил олгогчийн зүгээс дээрх ажлын төлөвлөгөөтэй холбоотой үүрэг даалгавар дахиж өгөөгүй байдаг. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай “сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалаас өмнө Б.Ц- би удаа дараа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг батлуулах гэсэн боловч ажил олгогч Т.Дэлгэрсайхан нь завгүй байна гэсэн шалтгаанаар удаа дараа хойшлуулж байсан.

Мөн Б.Ц- намайг үүрэгт ажилдаа тэнцэх эсэхийг шалгуулахаар Ховд аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг илгээж байсан. Б.Ц- намайг хувийн шалтгаанаар цалингийн зээл авах, цалингийн зээл дахин сунгах тус бүрт нь тухайн цалингийн зээлийн эргэн төлөлтийг өөрөө хариуцан гэсэн утга бүхий өргөдөл бичүүлэн зээлийн тодорхойлолтонд гарын үсэг зурж зөвшөөрөл олгодог байсан. Ажил олгогч Т.Дэлгэрсайхан нь байнга ажлаас хална, өөр ажлын байр хай гэж удаа дараа сүрдүүлдэг байсан. Дээрх 75 дугаартай тушаалын дараа буюу 5 сарын дундуур Т.Дэлгэрсайхан нь ажлаасаа халагдсан ба түүний дараа өмнөх ажил олгогч байсан Д.Баярмаа эргэн томилогдсон. Ажил олгогч Д.Баярмаа нь ажилдаа эргэн томилогдсоноос хойш 7 хоногийн дотор Б.Ц- миний Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн төлөвлөгөөг баталсан. 2017 оны 9-р сард Т.Дэлгэрсайхан нь дахин захирлаар томилогдсон ба ажил олгогч нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б/177 тоот тушаал гаргаж, Б.Ц- надад дахин сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн байна. Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар ажилтан Б.Ц-д даалгасан ажил үүргийн талаар авч хэлэлцсэн гэх боловч Б.Ц- надаас тайлбар аваагүй, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын коииссын ажлын төлөвлөгөө”-г батлуулсан эсэхийг тодруулаагүй, хэрэв батлуулаагүй шалтгааныг тодруулалгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Хэрэв тухайн үед Б.Ц- надад энэ талаар мэдсэн бол 2017 оны 06 сард төлөвлөгөө батлагдсан болохыг тайлбарлаж, сахилгын зөрчлийг үгүйсгэх боломжтой юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасан ба ажил олгогч нь Б.Ц- надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үүрэг даалгавар өгч, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Сануулах сахилгын шийтгэл оногдуулж, дахин 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж буй үйлдэл юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц- нь Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Хөгжил политехникийн коллеж шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилд хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан учир хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Б.Ц-г ажлаас халсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 43 дугаар зүйлийн 43.1.-д үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.

Ажил олгогч нэхэмжлэгч Б.Ц-г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна. 

Хариуцагч Хөгжил политехникийн коллеж нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Ц-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. Б.Ц-д сахилгын шийтгэл ногдуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсан хоёр тушаалд ажил олгогч нэхэмжлэгчийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж заасан боловч хэрэгт авагдсан баримтаар тэрээр ажлын төлөвлөгөө батлуулаагүй гэх зөрчлөөс өөр ямар зөрчил гаргасан болох нь тодорхой бус байна. Түүнчлэн, Б.Ц-гийн ажилласан 10 сарын хугацаанд коллежийн захирал  3 удаа солигдсон, нэхэмжлэгч ажлын төлөвлөгөөг өөр захирлын үед батлуулсан гэх байдлыг шүүх анхаараагүй байна. 

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн сахилгын давтан гаргасан зөрчил тогтоогдоогүй, сахилгын шийтгэлийн хэлбэр зөрчлийн хэмжээнд нийцсэн гэж үзэх хангалттай нотлогоо хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц- Хөгжил политехникийн коллежид 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажилласан гэх боловч түүнийг ямар албан тушаалд, хэзээ ажилд авсан болох нь тогтоогдоогүй, хэрэгт ажил олгогчийн тушаал байхгүй байна. Харин ажил олгогч түүнтэй 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн хугацаа, улмаар ажилтны гэрээгээр биелүүлэх үүргийн агуулга зэрэг нь тодорхой бус байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00625 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН