Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00867

 

Л.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03854 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 330 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7 256 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Н.Т- нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Л.Г-тай зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцон. Гэвч Н.Т- нь гэрээгээр тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөөгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын байдлаар үндсэн зээл, хүү, алданги нийтдээ 8 250 000 төгрөг төлөх үүрэгтэй болсон. 2015 оны 06 дугаар сард хариуцагч 1 000 000 төлсөн ингээд 7 250 000 төгрөг үлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд хариуцагч Н.Т-аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нотариатын зардал 6 500 төгрөг нийт 7 256 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Н.Т- нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Л.Г-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан 5 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс зээлийн гэрээний үлдэгдэл болох 2 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн үүрэгт ногдох алданги 1 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох болохоос гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгээс алданги тооцохгүй. Хүүгээс алданги тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн алдангийн хэмжээ хэт өндөр байгаа тул бууруулж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03854 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т-аас 6 706 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгож, нэхэмжлэлээс 550 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 122 254 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 330 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 71 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хэргийг таамаглаж шийдвэрлэсний улмаас хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэгт хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчийн тайлбар бичмэл баримтыг нотлох баримтыг хэмжээнд үнэлэхээр заасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэгчид 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 194 787.38 төгрөг, 805 215.62 төгрөг, 1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлснээр нийт 3 000 000 төгрөгийг төлсөн гэх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч талаас гаргаж өгсөн төрийн банкны орлогын мэдүүлэг, нэхэмжлэгчийн дансны хуулга зэрэг баримтаар 2 000 000 төгрөгийг өгсөн болох нь нотлогдсон. Хариуцагчаас бэлнээр 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нийлбэр нь 1 000 000 төгрөг хүрч байвал бүгд нэг гүйлгээ мэтээр дүгнэж хариуцагчийн эрх ашиг сонирхлыг илэрхий хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгөх баримтаа эх хувиар өгөх эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Гэтэл нэхэмжлэгч өөрийн эрхийг хэрэгжүүлсний төлөө гарсан зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй” гэж заасан байна. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үлдэгдэл мөнгө 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд “6 706 500 төгрөг” гэснийг “3 200 000 төгрөг” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.Г- хариуцагч Н.Т-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нотариатын зардал 6 500 төгрөг нийт 7 256 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Н.Т- нь шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн, үндсэн зээл, хүү, алдангид 3 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн боловч нэхэмжлэлийг татгалзаж, алдангийн хэмжээг бууруулахыг хүсчээ.

 

Нэхэмжлэгч Л.Г- 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Н.Т-д 5 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 10 хоногт 10 хувийн хүүтэй зээлүүлж, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу мөнгийг Н.Т- хүлээн авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоосон байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагчийн төлсөн төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр тодорхойлж, зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээний хүүгийн хэмжээг багасган тооцсон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т заасан зохицуулалтад нийцжээ. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тул шүүх алдангийн хэмжээг 2 500 000 төгрөгөөр тогтоож, энэ талаарх шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03854 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 330 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН