Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 330

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/00330

 

 

Л.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03854 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Т-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 256 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билгүүн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Т- нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Л.Г-тай зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцон.

Гэвч Н.Т- нь гэрээгээр тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөөгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын байдлаар үндсэн зээл, хүү, алданги нийтдээ 8 250 000 төгрөг төлөх үүрэгтэй болсон.

2015 оны 06 дугаар сард хариуцагч 1 000 000 төлсөн ингээд 7 250 000 төгрөг үлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд хариуцагч Н.Т-аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нотариатын зардал 6 500 төгрөг нийт 7 256 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Т- нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Л.Г-тай зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан 5 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс зээлийн гэрээний үлдэгдэл болох 2 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн үүрэгт ногдох алданги 1 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох болохоос гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгээс алданги тооцохгүй. Хүүгээс алданги тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн алдангийн хэмжээ хэт өндөр байгаа тул бууруулж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т-аас 6 706 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгож, нэхэмжлэлээс 550 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 122 254 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, таамаглаж шийдвэрлэсний улмаас хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэн Н.Т- нь нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийг Л.Г-гаас зээлсэн. Уг зээлийн буцаан төлөлтөд 3 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх 1 000 000 төгрөгийг төлсөн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Н.Т-ын зүгээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөгийг, мөн тус өдөр 194 787 төгрөг, 805 216 төгрөгийг тус шилжүүлсэн байдаг. Мөн хариуцагчийн зүгээс бэлнээр 1 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болохыг хэлдэг. Нэхэмжлэгч тал ч үүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд өгсөн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн хариуцагч Н.Т-аас нэхэмжлэгч Л.Г-д бэлнээр 1 000 000 тегрег өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатын шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  Н.Т-аас Л.Г-гийн дансанд шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг банк дансны бичилт хийхдээ Н.Т-аас орлого 194 787 төгрөг, 805 216 төгрөг гэсэн 2 бичилтээр салгаж бичсэн нь Л.Г-гийн Төрийн банкны дансны хуулга, төрийн банкны орлогын мэдүүлэг, нэхэмжлэгчийн телөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгөх баримтаа эх хувиар өгөх эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх эсэх нь эрхийн асуудал юм. Гэтэл нэхэмжлэгч өөрийн эрхийг хэрэгжүүлсний төлөө гарсан зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт  "Хүүгээс анз тооцохгүй" гэж заасан байна. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үндсэн мөнгө 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн нэг дэх заалтад "6 706 500 төгрөг" гэснийг "3 200 000 төгрөг" гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Л.Г- нь хариуцагч Н.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 256 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Л.Г- 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Н.Т-д 5 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 10 хоногт 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг Н.Т- хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

            Гэрээг бичгээр байгуулж талууд зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусахад зээлдэгчийн үүрэг нь үндсэн зээлд 5 000 000 төгрөг, хүүнд 500 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөг төлөх үүрэгтэй болсон байна.

 

            Хариуцагч талын хүсэлтээр гаргуулсан Л.Г-гийн эзэмшлийн Төрийн банкны дансны хуулгыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэл зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Н.Т-аас 194 787,38 төгрөг, 805 216,62 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг төлсөн байна. /хх 37/

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 194 787,38 төгрөг, 805 216,62 төгрөг, 1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлснээр нийт 3 000 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

            Иймд хариуцагчийн төлсөн төлбөрийн хэмжээг 1 000 000 төгрөг гэж анхан шатны шүүх тогтоосон нь зөв болжээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримталж зээлийн хүүг сарын 4 хувиар тогтоож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 2 500 000 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч нь үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 200 000 төгрөг, алднги 2 500 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Түүнчлэн зээлдэгч Н.Т- нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох нотариатын зардалд 6 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх  хэсэгт заасантай нийцсэн.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 71 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА