Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 3854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Л.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Н.Т-д холбогдох,

“7,256,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.   

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Н.Т нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр миний бие Л.Гтай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн нотариатад зээлийн гэрээг бичгээр байгуулан дээрх мөнгийг зээлсэн. Уг гэрээний дагуу Н.Т нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Гэвч Н.Т нь гэрээгээр тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний 6 дахь хэсэгт “Зээлдэгч нь дээрх зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож” зээлдүүлэгчид төлөхөөр заасан ба хоногийн 0.5%-27,500 төгрөгийн алданги 2016 оны 04 дүгээр сарын байдлаар үндсэн зээл, хүү, алданги нийтдээ 8,250,000 төгрөг болсон бөгөөд 2015 оны 06 дугаар сард хариуцагч 1,000,000 төлсөн ингээд 7,250,000 төгрөг үлдсэн болов ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Миний бие хариуцагч Н.Тийг зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ төлөх, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар эцэстээ зээлээ буцаан төлөхгүй гэх болсон тул шүүхэд хандсан. Иймд хариуцагч Н.Таас үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, алданги 2,750,000 төгрөг, хариуцагчийн буруутай үйлдлээс улбаалан шүүхэд хандахад гарсан зардал буюу нотариатад төлсөн төлбөр 6,500 төгрөг нийт 7,256,500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү ...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч Н.Т нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Л.Гтай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан 5,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс зээлийн гэрээний үлдэгдэл болох 2,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн үүрэгт ногдох алданги 1,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 3,000,000 төгрөгийг бодитойгоор төлсөн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох болохоос гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгээс алданги тооцохгүй. Хүүгээс алданги тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн оролцогч нь өөрийн шаардлага тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлж баримтуудыг гаргаж өгч байгаа гэж ойлгож байна. Тиймээс хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас төлбөрийг шаардах эрхгүй, нотариатын зардал нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 10 хоногт 10 хувийн хүү тохирсон нь хэт өндөр байна. 4 хувь болгож бууруулж өгнө үү. Мөн алдангийн хэмжээ хэт өндөр байгаа тул бууруулж өгнө үү. Нэхэмжлэлээс 3,500,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

           

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г хариуцагч Н.Тд холбогдуулан “зээлд 5,000,000 төгрөг, хүүнд 500,000 төгрөг, алдангид 2,750,000 төгрөг, нотариатын зардалд 6,500 төгрөг, нийт 7,256,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “3,000,000 төгрөгийг төлсөн, хүү болон алданги хэт өндөр” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Г 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Н.Тд 5,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 10 хоногт 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох Л.Г зээлдэгч Н.Тд 2015.05.14-нд бэлнээр 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусахад үүрэг гүйцэтгэгч үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүүнд 500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 10 хоногт 10 хувийн хүү төлөхөөр тохирсон нь хэт өндөр буюу сараар бодвол 30 хувийн хүүтэй байна. Иймд 10 хоногт 4 хувь болгож хүүг бууруулж өгнө үү... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал эсэргүүцэж няцаасан тайлбар гаргаагүй байдал, иргэд хоорондын зээлийн гэрээний үргэлжилсэн хугацаа, алданги тооцсон зэрэг байдлыг харгалзан шүүх зээлийн хүүгийн хэмжээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт зааснаар багасгаж 10 хоногт 4 хувиар тооцох боломжтой гэж үзэв.

2015.07.08-нд 1,000,000 төгрөгийг Н.Т төлсөн болох нь төрийн банкны орлогын мэдүүлэг, Л.Ггийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч ... нэхэмжлэгчийн төлөөлөгч урд хуралдаан дээр бэлнээр 1,000,000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрсөн, 2015.07.08-нд Л.Ггийн төрийн банкны 343100142543 тоот дансанд 194,787.38 төгрөг, 805,216.62 төгрөгөөр нийт 1,000,000 төгрөг, 2015.07.08-нд төрийн банкны дансаар нь 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг төлсөн... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Н.Таас нэхэмжлэгч Л.Гд бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. 2015.07.08-нд Н.Таас Л.Ггийн дансанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг банк дансны бичилт хийхдээ Н.Таас орлого 194,787.38 төгрөг, 805,216.62 төгрөг гэсэн 2 бичилтээр салгаж бичсэн нь Л.Ггийн төрийн банкны дансны хуулга, төрийн банкны орлогын мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Дээрх баримтуудаас хариуцагч Н.Т нэхэмжлэгч Л.Гд 1 удаа 1,000,000 төгрөгийг банкаар шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Н.Т 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015.05.23-ны өдөр дуусахад зээлд 5,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4 хувиар тооцож 200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан байна.

Талууд алданги тооцохоор бичгээр тохиролцсон тул алдангийг гэрээний хугацаа дууссан 2015.05.24-нөөс 2015.07.08-нд хариуцагчаас 1,000,000 төгрөг төлөх хүртэл үндсэн үүрэг 5,000,000 төгрөгт хоногт 0.5 хувиар алданги тооцоход 25,000 төгрөгийг 2015.05.24-нөөс 2015.07.08 хүртэл 45 хоногт тооцвол 1,125,000 төгрөг болсон байна.

2015.07.08-нд төлсөн 1,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу төлөх хугацаа нь болсон үндсэн зээл 5,000,000 төгрөгөөс хасвал 2015.07.08-ны байдлаар үндсэн зээлд 4,000,000 төгрөг, хүүд 200,000 төгрөг, алдангид 1,125,000 төгрөг, нийт 5,325,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

Үндсэн зээл 4,000,000 төгрөгөөс хоногт 0.5 хувиар алданги тооцоход 20,000 төгрөг болох ба 2015 оны 07 дугаар сарын 9-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 795 хоногт тооцоход 15,900,000 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар үндсэн зээл 5,000,000 төгрөгийн 50 хувиар хязгаарлаж, алдангид нийт 2,500,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 Нэхэмжлэгч тал Н.Тыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатад 6,500 төгрөг төлсөн нь 000467 дугаартай нотариатын мөнгөний тасалбараар тогтоогдож байх тул уг хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас 6,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Алдангийн хэмжээг хэт өндөр гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул алдангийн хэмжээг бууруулах боломжгүй гэж үзэв.

Иймд 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлд 4,000,000 төгрөг, хүүнд 200,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, нотариатын зардалд 6,500 төгрөг, нийт 6,706,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Таас 6,706,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлээс 550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид 122,254 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ